| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Зундуйн Хосбаяр |
| Хэргийн индекс | 312/2025/0366/Э/Н |
| Дугаар | 2025/ДШМ/65 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.4.2.1., 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/65
2025 12 04 2025/ДШМ/65
Р.У, Р.М нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.У даргалж, ерөнхий шүүгч З.Хосбаяр, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Р.М, Р.У
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б
Хохирогч Т.А
Хохирогчийн өмгөөлөгч Х.О
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ц.Алтангадас даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн Р.М, Р.У нарт холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч З.Хосбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х овогт Р-н М, Монгол Улсын иргэн,
Х овогт Р-н У, Монгол Улсын иргэн,
Р.М нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх “О” эмнэлгийн ойролцоо хамтран амьдарч байсан Т.Аг “мөнгө нэхлээ, бусадтай хардлаа” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь цохих, хөлийн шилбэ рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,
Р.М, Р.У нар бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн газрын зүүн талын авто зогсоол дээр хохирогч Т.Атай маргалдан хохирогчийн шилбэ рүү өшиглөх, толгой руу цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь баруун талын 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Р.Мын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Р.Уийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тус тус зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Р.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Р.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бүлэглэж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч Р.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялаар, шүүгдэгч Р.Уийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Мд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял дээр нэмж нэгтгэн нийт ялыг 1 жил 9 сарын хугацаагаар Орхон аймгийн Баян-Өндөр сумын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож, зорчих эрх хязгаарлах ялар тогтоож,
Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Р.М, Р.У нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.М оногдуулсан 1 жил 9 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, шүүгдэгч Р.Ут оногдуулсан 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Орхон аймаг дахь Шийдвэр гүйцэтгэх газар, 437-р нээлттэй хорих ангид даалгаж, шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын нэг хоногийн хорих ялын нэг хоногоор тооцон сольж, хорих ял оногдуулахыг анхааруулж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Маас 3.321.060 төгрөг гаргуулан хохирогч Т.Ад, шүүгдэгч Р.Уээс 3.321.060 төгрөг гаргуулан хохирогч Т.Ад тус тус олгож,
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн Т.Агийн эмнэлгийн карт болон эмнэлгийн бичиг баримтыг хэргийн хадгалах хугацаа дуустал хавсарган үлдээж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдоогүй, хохирогч, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Р.М, Р.У нар давж заалдах гомдолдоо:
“ ... Нэг: Шүүхийн тогтоолд заасан дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй тухай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1.2. “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан бол” гэх үндэслэлийн тухай:
Анхан шатны шүүх рентген зураг эмчийн дүгнэлт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаад шүүгдэгч нарыг Т.Агийн биед хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэм буруутайд тооцсон. Гэтэл шүүхийн нотлох баримт болгож дүгнээд байгаа рентген зураг нь нотлох баримтын шаардлага хангахгүй хэний хэзээ авахуулсан зураг гэдэг нь тодорхойгүй, нэр огноо байхгүй зураг байхад тэр зургийг Т.Агийн цээжний зураг гэж хэрхэн дүгнээд гэм буруутайд тооцож байгаа нь тодорхойгүй байна.
Ер нь бол хавтаст хэрэгт авагдсан Т.Агийн шилбэний гэрэл зураг шиг нэртэй, он сар өдөртэй хэний зураг хэзээ авахуулсан, юуны зураг гэдэг нь тодорхой гарах ёстой байтал 2023 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр авахуулсан гэх рентген зураг нь ямар нэгэн бичиглэл байхгүй байгаа нь эргэлзээтэй байдлыг бий болгосон бөгөөд анхан шатны шүүх бодит байдалд нийцсэн дүгнэлтийг хийж чадаагүй гэж үзэж байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 1. “Мөрдөгч, прокурор нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шалгаж хянасны үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоох үүрэгтэй.” 2. “Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно.”, 3. “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэх зарчим алдагдсан гэж би үзэж байна.
Бид хоёрын хувьд Т.Аг огт цохиж зодоогүй бөгөөд энэ талаар мэдүүлэг өгөх болон нэмэлт ажиллагаа хийлгэхээр хүсэлт гаргаж байсан. Тодруулбал бид нар цагдаагийн газрын гадна байхад 2 цагдаа байсан бөгөөд бид нарыг Т.Аг зодоогүй гэдгийг гэрчлэх хүмүүс байсан боловч тэдгээр гэрчийг олох ажиллагааг огт хийгээгүй.
Хоёр: Хохирлыг буруу тооцоолж, хуулийг буруу хэрэглэсэн гэх үндэслэлийн талаар.
Анхан шатны шүүх бид нарыг гэм буруутайд тооцож хохирлыг гаргахдаа үндэслэлгүй дүгнэлт хийж хохирогчид 1,692,120 төгрөгний эмчилгээний зардал баримтаар нотлогдон тогтоогдсон гэж үзэж бид нараас гаргуулахаар шийдвэрлэсэн.
Гэтэл Т.А 2022 оны 04 дүгээр сарын 28, 29-ний өдрүүдэд эмнэлэгт үзүүлсэн баримт, е-баримтаар гарсан зардлыг яагаад бид хоёр хариуцах ёстой гэж. Хэрэг учрал 2023 оны 11 дүгээр сард болсон. Гэтэл 1 жилийн урд эмчид үзүүлсэн зардал эрүүгийн хэрэгт ямар хамааралтай вэ. Түүнчлэн 2023 оны 11 дүгээр сард үнэхээр хавиргаа хугалсан юм бол тухайн үеийн е-баримт эмчилгээний зардал яагаад байхгүй байгаа юм бэ. 2024 оны 12 дугаар сарын 02, 07, 23, 2025 оны 01 дүгээр сарын 05, 06, 07, 22, 2025 оны 04 дүгээр сарын 02, 03, 29, 2025 оны 05 дугаар сарын 03, 09, 17, 21, 22, 31-ний өдрүүдийн е-баримтыг хохиролд тооцож болох уу. 2023 оны 11 дүгээр сард хавирга нь хугарсан юм бол зүрхний, харшлын эм ямар хамааралтэй вэ, яагаад 1 жилийн дараа, 2 жилийн дараа эм авсан баримтыг хохиролд үнэлж байна вэ гэх мэт асуултууд гарч ирж байна. Иймд бид нар хохирлыг буруу тооцоолсон гэж үзэж байна.
Гурав. Ял шийтгэл оногдуулсан талаар.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх талаар тусгасан байдаг. Р.М миний хувьд 2025 оны 05 сарын 08-ны өдөр Т.Аг цохисон талаар үйлдлээ хүлээн зөвшөөрч гэм буруу дээр маргаагүй. Гэтэл Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хамгийн хүнд ялыг буюу 3 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Нэгэнт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирол барагдуулсан / 200,000 төгрөг өгсөн/ тохиолдолд 450,000-1,350,000 төгрөгийн хооронд торгох ял шийтгэж болох байсан. Түүнчлэн анхан шатны шүүх хохирлыг зөв тооцоолж, бодит хохирлыг гаргасан бол бид хоёр хохирлоо барагдуулж болох байсан.
Мөн бид хоёрт Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна. Зорчих эрхийг хязгаарлах ял нь бид нарын хувьд хүндрэлтэй байна. Р.У би бага насны өвчтэй хүүхэдтэй бөгөөд байнга Улаанбаатар хот руу явж үзүүлдэг, эмчийн хяналтад байдаг бөгөөд хүүхдийн эрх ашиг, эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэхээр шийдвэр гарсан гэж үзэж байна. Мөн бид нарын аав ээж нар Ж суманд амьдардаг бөгөөд аав ээж дээрээ ч очих боломжгүй болсон. Бид хоёрын хувьд торгуулийн ялыг бүрэн төлчих боломжтой хүмүүс юм.
Иймд Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 сарын 29-ны өдрийн 2025/ШЦТ/401 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү ... гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.М тайлбартаа: ... 2022 онд эмчийн үзлэгт орсон баримтаа хавтаст хэрэгт оруулаад гүтгээд байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Р.У тайлбартаа: ... Рентген зургийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч нарын өмгөөлөгч Б.Б тайлбартаа: ... анхан шатны шүүхийн 2025 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн 401 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү … гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Т.А тайлбартаа: ... хувийн эмнэлэгт үзүүлсэн. Одоо хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа. 1 жил 9 сар болж байна. Би гомдолтой байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Х.О тайлбартаа: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлтэй байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Р.У, Р.М нарын давж заалдах гомдлыг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаж үзэв.
Шүүгдэгч Р.М, Р.У нар нь бүлэглэн 2023 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх Цагдаагийн газрын зүүн талын авто зогсоол дээр хохирогч Т.Атай маргалдан, хохирогчийн шилбэ рүү өшиглөх, толгой руу цохих зэргээр зодож, эрүүл мэндэд нь “ ... баруун талын 9, 10 дугаар хавирганы хугарал бүхий ... ” хүндэвтэр хохирол санаатай учруулсан,
шүүгдэгч Р.М нь 2025 оны 05 дугаар сарын 28-ны өдөр 16 цагийн орчимд аймгийн сумын багийн нутаг дэвсгэрт байх “О” эмнэлгийн ойролцоо хамтран амьдарч байсан Т.Аг “мөнгө нэхлээ, бусадтай хардлаа” гэсэн шалтгаанаар нүүр лүү нь цохих, хөлийн шилбэ рүү нь өшиглөх зэргээр зодож, эрүүл мэндэд нь “зүүн нүдний зовхи, баруун, зүүн шуу, баруун гуя, зүүн шилбэнд цус хуралт баруун шилбэнд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон анхан шатны шүүхийн шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулан бэхжүүлэгдэж, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон яллах болон өмгөөлөх талуудын тайлбар, дүгнэлт, бусад нотлох баримтыг үндэслэж, хийсэн хууль зүйн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзлээ.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх явцад хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг ноцтой зөрчсөн зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Р.М, Р.У нар нь “ … рентген зураг нь ямар нэгэн бичиглэл байхгүй байгаа нь эргэлзээтэй ... хохирлыг буруу тооцоолсон ... зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсэнд гомдолтой байна ...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт хавсаргагдсан хохирогч Т.Агийн амбулаториор эмчлүүлэгсдийн картанд “... 11 дүгээр сарын 09. ...11 дүгээр сарын 05-ны шөнө нөхрийн дүү нарт зодуулсан. Зовиур: Цээжээр их өвдөнө. Цээжний биеийн хажуу хэсгээр эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал байна. Зүүн хөлийн шилбэний гадна хажуу хэсэгт цус хуралт хөхөлбөр өнгөтэй, хавдартай, эмзэглэлтэй байна ...” гэж бичигдсэн байхаас гадна,
дээрх үзлэгийг хийсэн эмч Г.Г нь “ ... Өвчтөний карт дээрх тэмдэглэгээг би бичсэн. Өвчтөний карт дээрх сар өдрийг харахад 11 сарын 09-нд гэж бичсэн байна. Би өөрийн ажил болох УБТЗамын Төв эмнэлгийн 323 тоот өрөөнд үзсэн. Тухайн үед цээжээр өвдөнө, амьсгалахад, найтаахад ханиахад гэсэн зовиуртай ирсэн. Үзэхэд цээжний баруун хажуу хэсгээр эмзэглэл ихтэй, хөдөлгөөн хязгаарлагдмал байсан. Мөн зүүн шилбэний гадна хажуу хэсэгт цус хурж, хөхөлбөр өнгөтэй болсон байсан ... тухайн өвчтөн цээжээ гэмтээсэн гэж хандаж, зовиур хэлсэн. Тэгэхээр нь би цээжний хавирганы зураг авахуулаар рентгенд илгээсэн. Компьютерээр илгээдэг. Тухайн рентген зураг надад ирэхгүй. Компьютерээр тухайн зурагны хариу ирдэг. Тухайн хариу баруун талд суганы урд шугамаар 9, 10-р хавирга бага зэргийн зөрөөтэй хугарсан гэсэн хариу ирсний дагуу хавирганы хугарал онош тавигдсан ... " гэсэн мэдүүлэг,
Орхон аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 364 дугаартай “Т.Агийн биед баруун талын есдүгээр, аравдугаар хавиргануудын хуучин хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу зүйлийн цохих, цохигдох хүчний үйлчлэлээр нэг ба түүнээс олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна" гэсэн дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар рентген зураг нь хохирогч Т.Агийнх биш гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Мөн хохирогч Т.Агийн гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой холбоотой гэх баримтууд нь хавтаст хэргийн 105, 107 - 136, 164-165 талд авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх дээрх баримтуудыг шинжлэн судалж, тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан шаардлага хангасан буюу нотлох баримтаар тогтоогдсон гэж дүгнэж, эмчилгээний зардал 1.692.120 төгрөгийг шүүгдэгч нараас хуваан гаргуулж хохирогчид олгохоор шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Хохирогчийн гаргаж өгсөн хохиролтой холбоотой зарим баримтууд нь дээрх гэмт хэрэг үйлдэгдэхээс өмнө буюу 2022 онд эм, эмчилгээний бусад хэрэгсэл авсан баримтууд байх ба энэ талаар хохирогч Т.А нь ... тухайн үед шүүгдэгч Р.Мтай хамт амьдарч байх үед зодуулж бие өвдөж, эмчилгээ үйлчилгээ авч байсан баримтууд ... гэж тайлбарласан бөгөөд Р.Мыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүн болох хамтран амьдрагч Т.Азззаяаг зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэх хохирогчийн гомдлыг шалгаж прокуророос хэрэгсэхгүй болгосон тогтоол хавтаст хэрэгт авагдсан боловч хохирогчийн эмийн үйлчилгээ авч байсан цаг хугацаанд шүүгдэгч Р.М, хохирогч Т.А нар хамт амьдарч байсан болох нь тогтоогддог ба уг хохирлыг гаргуулж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг буруутгах эсхүл үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнээс гадна анхан шатны шүүх шүүгдэгч Р.М, Р.У нарт эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан шүүгдэгч нарт зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг буруутгах эсхүл хөнгөрүүлэн өөрчлөх үндэслэл тогтоогдохгүй байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт оногдуулсан эрүүгийн хариуцлага нь тэдний гэм буруу болон хувийн байдалд тохирсон байна.
Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 401 дүгээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР