| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батаагийн Гэрэлмаа |
| Хэргийн индекс | 162/2018/0112/Э |
| Дугаар | 2018/ШЦТ/131 |
| Огноо | 2018-06-11 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | В.Дэлгэрмаа |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2018 оны 06 сарын 11 өдөр
Дугаар 2018/ШЦТ/131
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Гэрэлмаа даргалж,
Улсын яллагч В.Дэлгэрмаа,
Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* од холбогдох 1814000950098 дугаартай эрүүгийн хэргийг 2018 оны 05 сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалт :
Монгол Улсын иргэн, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, гуталчин мэргэжилтэй, улсаас авсан гавъяа шагналгүй, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт *******,
Холбогдсон хэргийн талаар :
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны үзүүрээс зүс үл таних жолоочтой хар өнгийн автотээврийн хэрэгсэлд суун зорчихдоо*******гийн 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Политехникийн коллежийн урдаас цагаан өнгийн автотээврийн хэрэгсэлд суун Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлэг дээр хүргүүлэх замдаа гээгдүүлсэн Huawai маркийн гар утасыг буюу гээгдэл эд хөрөнгийг бусдын өмчлөл, эзэмшлийнхийг мэдсээр байж завшиж бусдад 380.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь :
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судлахад:
Шүүгдэгч ******* нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Угалз 4 дүгээр багийн 11 дүгээр гудамжны үзүүрээс зүс таних жолоочтой автомашинд суун зорчихдоо*******гийн гээгдүүлсэн 380.000 төгрөгийн үнэлгээтэй Huawai маркийн гар утсыг завшсан болох нь ...
Хохирогч******* гийн ... Би 2018 оны 02 дугаар сарын 22-ны өдөр 11 цагийн үед МСҮТ-өөс эмнэлгийн 103 харалдаа цагаан өнгийн машинаас буухдаа Hawea-v5 маркийн гар утсаа гээгдүүлсэн. Миний утас бол өнгийн 2018 оны 01 сард мобикомоос 4006000 төгрөгөөр худалдаж авсан шинэвтэр утас байгаа ... 380.000 төгрөгөөр үнэлснийг нь хүлээн зөвшөөрч байна ...гэсэн мэдүүлэг /хх-ийн 27-32/,
Гэрч *******гийн ... ******* нь манай ээж байгаа юм ... 2018 оны 04 сард би яг өдрийг нь санахгүй байна. Улаанбаатар хотод ирсэн байхад би цүнхийг нь үзэж байсан чинь бор шаргал өнгөтэй, андройд монголоор хэлбэл хавай гэсэн бичигтэй гар утас байхаар нь би энэ утсанд чинь сим картаа хийгээд барьчихъя гээд авсан. Тэгээд би тэр утсанд 99445595 гэсэн дугаарыг хийж ашигласан ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 33-35/,
Шүүгдэгч *******ийн ... 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр байсан. Энэ өдрийг яагаад сайн санаж байгаа бэ гэвэл тухайн өдөр манай хүүхдийн хичээл тарж улирлын амралт нь эхэлсэн. Би таксинд 4-11 дүгээр гудамжны үзүүрээс суусан юм. Тухайн тээврийн хэрэгсэл нь хар өнгөтэй байсан. Би тус тээврийн хэрэгслийн хойд талын суудал дээр ганцаараа суусан юм. Тэгсэн чинь тээврийн хэрэгслийн шалны резин дээр шаргал өнгийн гар утас хэвтэж байсан. Би тухайн үед жолоочид гар утас хэвтэж байгаа талаар хэлээгүй юм. Тэгээд аваад цүнхэндээ хийсэн юм ... Би ганцаараа явж байсан юм. Намайг хамгийн анх олоход сим картгүй, унтраалттай гар утас байсан. Би олчихоод цүнхэндээ байлгаж байгаад хот руу 2018 оны 03 дугаар сарын 24-ний өдөр явсан юм. Явах замдаа тухайн гар утсанд өөрийнхөө сим картыг хийхэд асахгүй байхаар буцаагаад цүнхэндээ хийсэн юм. Тэгээд хотод байхад манай банди ******* миний цүнхэнд байсан гар утсыг үзчихээд энэ ямар учиртай утас бэ гэхэд ээж нь олсон юм, асдаггүй юм байна лээ гэж хэлсэн юм. Тэгээд манай банди хэзээ асаасан эсэхийх мэдэхгүй байна. Манай банди тухайн үед надад та ийм гар утас асааж чадлаа юу гээд шоолоод байсан. Тэгээд сүүлд манай банди над руу залгаад та энэ гар утсыг хаанаас олсон бэ цагдаагаас залгаж асууж байна гэж хэлсэн ... гэсэн мэдүүлэг /хх-ийн 52-53/,
Баянхонгор аймгийн Засаг даргын Тамгын газрын дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын шинжээчийн дүгнэлт /хх-ийн 46-47/,
Хохирогч******* д Huawai маркийн гар утасыг хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хх-ийн 13/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Хохирогч******* нь гээгдүүлсэн эд хөрөнгө болох Huawai маркийн гар утсыг бүрэн бүтэн хүлээн авсан болох нь хэргийн 13 дугаар талд авагдсан эд зүйл хүлээлгэн өгсөн мөрдөгчийн тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Шүүгдэгч ******* ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр зэргийг харгалзан торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй тул хохирол нөхөн төлүүлэх зорилгоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгож, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.
Шүүгдэгч нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 3-д зааснаар өөрийгөө өмгөөлөх эрхтэй ба энэ эрхийн дагуу өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь :
1. Шүүгдэгч ******* овогт ******* ийг гээгдэл эд хөрөнгийг бусдын эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******од 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч ******* ийн цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 2 сарын хугацаатайгаар хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******од мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд хөрөнгө битүүмжлэх тогтоолоор битүүмжлэгдсэн шүүгдэгч *******ийн эзэмшлийн гар утсыг түүнд буцаан олгож эд хөрөнгө битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.
6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч ******* од авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА