| Шүүх | Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | С.Уранчимэг |
| Хэргийн индекс | 312/2025/0396/Э |
| Дугаар | 2025/ДШМ/66 |
| Огноо | 2025-12-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Л |
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 04 өдөр
Дугаар 2025/ДШМ/66
2025 12 04 2025/ДШМ/66
Э.Бад холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Орхон аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч З.Хосбаяр даргалж, шүүгч С.Уранчимэг, Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч Б.Сосорбарам нарын бүрэлдэхүүнтэй тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Прокурор Ц.Л
Шүүгдэгч Э.Б
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М, Э.Г /цахимаар/
Хохирогч Э.М
Хохирогчийн өмгөөлөгч Б.Д
Нарийн бичгийн дарга Б.Маралмаа нарыг оролцуулан
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 435 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч гаргасан шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлоор Э.Бад холбогдох эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч, шүүгч С.Уранчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Ш овогт Э-ны Б, Монгол Улсын иргэн,
Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын багийн тоот өөрийн гэртээ иргэн Э.М-н зүүн чих рүү алгадаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Орхон аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос: Э.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:
Шүүгдэгч Ш овогт Э-ны Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Быг 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бад шүүхээс оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, ялтан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Энэ хэрэгт шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бад авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Э.Баас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,382,661 төгрөг, эмчилгээ оношилгооны зардалд 2,200,000 төгрөгийг тус тус гаргуулж, хохирогч Э.М-т олгож, хохирогчийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээ, оношлогооны зардал 4,800,000 төгрөгийг нотлох баримт хангалтгүй үндэслэлээр хэлэлцэхгүй орхиж, хохирогч Э.М нь эмчилгээтэй холбоотой нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж,
шүүгдэгч Э.Баас эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан хоёр ширхэг бичлэг бүхий сидиг хэргийн хадгалах хугацаанд хэрэгт хадгалж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Э.Б давж заалдах гомдолдоо:
“... Хэргийн бодит байдал буруу тогтоогдсон. Гэртээ орж ирэхэд миний нөхөр болон тухайн эмэгтэй хамт байсан бөгөөд согтуу эмэгтэй хүн доогуураа нүцгэн хүүхдийн маань унтдаг орон дээр нялх хүүхдийн минь өлгийг бөгсөн биеэрээ ороосон байдалтай байсан нь бичлэг, гэрэл зураг зэрэг баримтаар нотлогддог. Энэ байдал нь миний сэтгэл санаанд маш их дарамт, цочрол үзүүлж үүнээс болж 2 сартай хүүхэд маань зулбаж, хоёр хүүхэд маань өнчирч гэр бүл минь салсан. Намайг ямар байдалд орсныг шүүгч ойлгохгүй байсанд маш их гомдолтой байна. Шүүх намайг хохирогчийн эсрэг зүй бус үйлдэл хийсэн гэж буруугаар дүгнэсэн. Би тухайн үед сэтгэл хөдлөлдөө автсан байсан боловч хохирогчийг цохих, бие махбодид гэмтэл учруулах ямар нэгэн санаатай үйлдэл хийгээгүй.
Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно. Шүүх нэг талыг баримталсан шийдвэр гаргасан. Шүүх хуралдааны явцад миний тайлбар, нотлох баримтыг бүрэн дүүрэн авч үзээгүй, зөвхөн нөгөө талын мэдүүлгийг үндэслэн шийдвэр гаргасан нь шударга ёсны зарчимд нийцэхгүй байна. Иймд Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцэх буюу намайг буруутайгаар тогтоосон хэсгийг хүчингүй болгох, миний гаргасан гомдлыг хүлээн авч, нотлох баримтуудыг дахин нягтлан үзэж шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсэж байна ... ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Мөнхнаран давж заалдах гомдолдоо:
“ ... Шүүх шүүгдэгчийн гэм бурууг дан ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэж хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт тогтвортой мэдүүлсэн тул шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байна гэж дүгнэсэн.
Гэтэл шүүхийн хэлэлцүүлэгт өмгөөлөгч миний зүгээс хохирогч Э.М-с та өмнө нь чихний гэмтэл авч байсан уу гэж асуухад өмнө нь гэмтэл авч байгаагүй гэж хариулсан /хх тал/, гэтэл хууль сануулж үнэн зөв мэдүүлэх талаар үүрэг хүлээсэн хохирогч өмнө нь чихний хууч өвчин эмгэг гэмтэл байгаагүй мэтээр шүүхэд зөрүүтэй мэдүүлж байгаа болох нь 1 дүгээр хавтаст хэргийн талд авагдсан эмнэлгийн баримтаар үзлэг оношилгоо эмчилгээг хийлгэсэн баримтаар тогтоогдож байна.
Мөн шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч гэм буруугийн дүгнэлтээ танилцуулахдаа шүүгдэгч хохирогчийн дэргэд зогсож байгаа болох нь бичлэгээс харагдаж байна, ийм учраас цохисон байх боломжтой гэж санал дүгнэлтдээ тусгасан. Гэтэл таамагт суурилж хүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоож болохгүй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т өмгөөлөгчийн саналын үндэслэл болгосон баримтыг няцаан үгүйсгэсэн үндэслэлийг тусгахаар хуульчилсан. Гэтэл өмгөөлөгч миний дүгнэлтэд дурьдсан хохирогчийн хуучин гэмтлийн талаархи дүгнэлт болон үндэслэсэн чих хамар хоолойн эмчийн үзлэг эмчилгээ оношилгоог нотолсон баримтыг шүүх хэрхэн няцаан үгүйсгэсэн, энэ нь хэрэгт хамааралгүй үнэлэх боломжгүй талаар дүгнэлтийг шийтгэх тогтоолд тусгаагүй тул энэ хуулийн шаардлага хангагдахгүй байна. Мөн тухайн хэрэг учрал болох үед хамт байсан гэрч Э.Б-ы мэдүүлэгт “манай эхнэр над руу орилоод байсан, би эхнэрээ нөгөө эмэгтэй рүү ойртуулахгүй гээд орц руу түлхэж гаргасан” гэж мэдүүлсэн бөгөөд харин эсрэгээрээ цохисон, алгадсан гэдэг үйл баримт няцаагдаж байгаа бөгөөд шүүх энэхүү дүгнэлтийг хэрхэн үнэлээгүй талаар дүгнэлтийг шийтгэх тогтоолдоо тусгаагүй.
Хохирол төлбөрийн тухайд: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт иргэний нэхэмжлэлийг түүний үндэслэл хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан бүгдийг нь, эсхүл хэсэгчлэн хангах, эсхүл хэрэгсэхгүй болгоно гэж заасан.
Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогчийн гар дээр авдаг цалин хөлсийг тодорхойлсон баримт бичиг, мөн ажилдаа хэд хоног яваагүй талаархи цагийн бүртгэл болон ажлын газрын тодорхойлолт зэргийг өгөөгүй буюу ажилгүй байсан хугацаагаа тодорхойлсон баримтыг нотлох баримтаар өгөөгүй. Мөн листний зөрүү авсан гэж аман байдлаар тайлбарлаж байгаа боловч үүнийгээ нотлох эрх бүхий байгууллагын тодорхойлолт болон листний зөрүү мөнгө авсан гэх дансны хуулга байхгүй хэрэгт авагдаагүй нотлогдохгүй байхад шүүх шийдвэрлэсэн нь илтэд үндэслэлгүй байна.
Учир нь ажилдаа очоогүй хугацааны цалин хөлс, олох байсан орлогыг нэхэмжлэхдээ 20 хоногт эмнэлэгт хэвтсэн гэж тодорхойлдог бөгөөд 20 хоног эмнэлэгт хэвтээгүй болох нь өвчний түүх болон бусад баримтанд тусгаснаас зөрүүтэй, засвартай, хохирогчоос шүүхийн хэлэлцүүлэгт асуухад мэдэхгүй байх зэргээр эргэлзээ бий болсон байхад шүүх бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Хэрвээ хохирогч 20 хоног биш 10 хоног эмнэлэгт хэвтсэн бол цалингийн зөрүү болох 4.382.661 төгрөгөөс зөрүү 10 хоногийн цалин хөлс хасагдана, ийм учраас ажилдаа хэд хоног очоогүй талаархи баримтыг ажлын газраас нь гаргасан тодорхойлолт баримтыг авалгүйгээр шийдвэрлэх боломжгүй байхад шүүх хангаж шийдвэрлэсэн нь иргэний нэхэмжлэлийн нотлогдсон байх хуулийн шаардлагад нийцэхгүй байна.
Мөн хохирогч “О” эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх боловч чихний гэмтэлтэй холбоотой эмчилгээ үйлчилгээ хийлгэсэн эсэх нь тодорхойгүй, эргэлзээтэй нөхцөл байдлыг өмгөөлөгчийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт дүгнэлтдээ тусгасан. Сэтгэцэд учирсан хор уршгийн тухайд шүүх хохирогчийн зүүн чихний хэнгэргэн хальс цоорсон нь гэмт хэргийн хохирол гэж дүгнэсэн атлаа уг хохирол буюу гэмтэлтэй холбоотойгоор бий болсон хор уршгийг мөнгөн дүнгээр тодорхойлолгүйгээр өөр асуудлаар буюу олон нийтийн сүлжээнд тавигдсан бичлэгээс болж сэтгэл санааны хамралд орсон асуудлын улмаас үүссэн хямралыг гэмт хэргийн хор уршигт тооцож шийдвэрлэсэн гэж дүгнэжээ.
Чих рүү цохих болон сошиал орчинд бичлэг байршуулах хоёр үйлдэл нь өөр хоорондоо цаг хугацааны хувьд болон хийгдэх үйлдэл хэлбэрийн хувьд тус тусдаа байх боломжтой үйлдэл байхад шүүх нэг нь нэгнээсээ хамаатай салшгүй нэг асуудал мэт дүгнэж сэтгэцэд учирсан гэм хорын хохирол мөн гаргуулж шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Иймд дээрхи байдлаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан дүгнэлт нь хэрэгт авагдсан хэргийн бодит байдалтай нийцэхүй байгаа бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцсэн нотлох баримтаар нотлогдохгүй байгаа тул Орхон аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/435 дугаартай шийтгэх тогтоолыг хянаж өгнө үү ... ” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г тайлбартаа:
“ ... Хохирогч Э.М-н мэдүүлэг (хх 24-26)-т ... Б гэх залуу 08 дугаар сарын 27-ны өдөр над руу “уулзах уу” гэсэн мессеж бичсэн. Би дотроо үнэхээр л энэ хүн надтай танилцах гээд байгаа юм байна, би энэ хүнд таалагдсан юм байна гэж бодоод “Б” төвд уулзахаар очсон ... гэдэг ... өглөө миний чих рүү нэг хүн алгадаад би сэрсэн, сэрээд харахад нэг эмэгтэй хүн байсан ... миний хамарнаас цус гараад би гутлаа өмсөөд гарсан гэдэг ... тэр үед бид хоёр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ... сууж байсан газар шөнийн 02 цагт хаасан ....
“Манай гэрт очиж сууя” гэж хэлээд гэр лүү нь хамт явсан ... гэрт ороод 4 ширхэг лаазтай пиво авахаар Б захиалга өгсөн. Шөнийн 04 цагийн үед би сууж байсан газраа унтсан байсан ... гэжээ. Энэхүү мэдүүлэг нь хохирогч болон гэрч Б нарын дотно харьцаа, ойлголцол санаа зорилгыг нотолсон байхад прокурор “Б нь буйдан дээр эмэгтэй хүн унтаж байсан тул нөхөртэйгөө хардаж хөнгөн хохирол учруулсан” гэж яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдсэн нь хэргийн жинхэнэ байдалтай нийцээгүйг шүүх анхаарч шийдвэрлээгүй болно.
Шүүгдэгч Э.Бын мэдүүлгээр (хх - 71) ...Тэр үед (гэртээ ороход гэж ойлгогдож байна) манай гэрт байсан эмэгтэй 6 сартай хүүхдийн орон дээр хүүхдийн маань өлгийг бөгсөн хэсгээрээ ороочихсон байсан ... гэжээ.
яллагдагч Э.Бын (хх - 27) мэдүүлэгт ... 08 цагийн үед гэртээ орж ирэхэд манай гэрийн үүднээс гэрт эмх замбараагүй, архи согтууруулах ундааны пивоны лааз, бэлэн хоолны сав, ундуй сундуй байдалтай байсан. Манай нөхөр гэртээ нэг үл таних эмэгтэйн хамт байсан. Би нөхцөл байдлыг харж цочролд орж ... уйлж ... Б нөгөө эмэгтэй болох М-т хандаж хурдан хувцсаа өмсөөд явчих гэж хэлсэн ... гэрт ороод нөхцөл байдлыг харахад ... том өрөөний буйдангийн толгой хэсэгт задлаад хэрэглэсэн бэлгэвч байсан ... гэжээ.
Үүнээс үнэлж дүгнэхэд Э. Б нь 2025 оны 08 дугаар сарын 28-ны өглөө 08 цагт гэртээ ирэхэд түүний нөхөр Болдсайхан нь өөрийн танилцаж хамт бааранд болон гэртээ архи согтууруулах ундаа уусан хохирогч М-н хамт байсан, М нь том өрөөнд 6 сартай хүүхдийн унтдаг диван орон дээр, хүүхдийн өлгийгөөр бөгсөн биеэ ороосон унтаж байсныг, түүнчлэн пивоны лааз энд тэнд, хэрэглэсэн бэлгэвч буйдангийн толгой хэсэгт байсныг хараад “сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан” байдалд орсон болох нь нотлогдож байхад шүүх хэргийн жинхэнэ байдлыг бодитой зөв үнэлж шийдвэрлээгүй байна. “Сэтгэл санаа нь гэнэт хүчтэй цочрон давчдсан” гэдэг нь хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж, сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, өөрийн үйл хөдлөлийг удирдаж жолоодох, өөртөө хяналт тавих чадваргүй болсон байдлыг хэлнэ.
Санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах урьдал нөхцөл нь хохирогчийн зүгээс хүндээр доромжлох хууль бус, зүй бус үйлдлийн хариу болж үүсдэг бөгөөд цочрон давчидах шалтгаан нь үүнтэй шууд холбоотойгоор түрхэн зуур болдог онцлогтой.
Э.Бын хувьд гэртээ зөвхөн нөхрийгөө амарч байгаа гэж бодон хаалгаа тогшилгүй түлхүүрээрээ онгойлгож орж ирэхэд гадна хаалгатай шууд харьцдаг том өрөөнд байрлах 6 сартай болон 1 нас 8 сартай хүүхдээ унтуулдаг (хамт унтдаг) дэлгэгдэж өргөн ор болдог буйдан дээр хүүхдийнх нь өлгийгөөр бөгсөн биеэ хучсан, гадуур хувцасгүй, доогуураа бандааштай эмэгтэй хэвтэж, буйдангийн дээр толгой хэсэгт задлаад хэрэглэсэн бэлгэвч байхыг хараад гэнэт сэтгэл санаа нь хүчтэй цочрон давчдал үүссэн байх нөхцөл эргэлзээгүй тогтоогдсон байгаа.
Э.Б нь шинжээчийн анхны дүгнэлт гарсаны дараа л хохирогчийн биед хөнгөн гэмтэл учирсныг мэдсэн. Өөрөөр хэлбэл гэмтэл учруулсан үйлдэл хийснээ дүгнэлт танилцуулахад л мэджээ. Энэ нь сэтгэл санаа хүчтэй цочирдож энэ явцдаа өөрийгөө жолоодох, хянах чадваргүй болсоныг нотолж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг үндэслэн шүүгдэгчид ашигтай шийдвэрлэх зарчмыг шүүх онцгой анхаарч шийдвэрлээгүй байна.
Шинжилгээний дүгнэлтийн талаар: Хохирогч Э.М-н биед учирсан эрүүл мэндийн хохирлын зэрэг тогтоосон 769 дугаартай дүгнэлт (1хх -38)-д ... зүүн талын хэнгэргэн хальсны цооролт нь хэзээ үүссэн болохыг нарийн тогтоох боломжгүй гэсэн нь 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр үзэхэд шинэ биш байсныг нотолжээ. Хэрэв хэнгэргэн хальс 2025 оны 08 дугаар сарын 28-ны өглөө хагарч цоорсон бол 2025 оны 08 дугаар сарын 30-ны өдөр улайсан, цус гарсан, зах ирмэг шинэ урагдалтын байдал илтэд харагдах ёстой. Ийм шинж байхгүй байсан тул шинжээч “хэзээ үүссэн нь нарийн тогтоох боломжгүй” гэсэн нь хуучин цооролт гэдгийг нотолсон дүгнэлт гаргажээ.
Үүнийг нотолсон гол баримт бол “Э” чих хамар хоолойн эмнэлгийн хэзээ үзлэг хийсэн он, сар, өдөргүй үзлэг хийсэн тодорхойлолтод (1 хх-85)-д: хэнгэргэн хальсны шинэ цооролтын шинж огт тэмдэглэгдээгүй, зүүн чихэнд төвийн хэсэгт наалттай, сувагт эмгэг ялгадас үгүй, хэнгэргийн хөндийн салст цайвар гэжээ.
Мөн 1 хх - 86 дахь талд он, сар, өдөргүй “Э” чих хамар хоолойн хувийн эмнэлгийн давтан үзлэгийн тэмдэглэл нотлох баримтаар авсан бөгөөд Отоскопид (чихийг дурандаж харахад гэсэн үг): АS (зүүн чих буюу Аuris sinister) чихний хэнгэрэг бүтэн, таних тэмдэг тод, гэрлийн урвалттай наалтыг авав гэжээ.
Дээрх 2 үзлэгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй атал уг баримтад үндэслэн дахин дүгнэлт гаргуулж (шинжээчийн 1107 дугаартай хх-93-96) шинжээчид “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол нь хэрэг болсон гэх хугацаанд учирсан байх боломжтой” гэсэн нь үндэслэлгүй дүгнэлт болохыг шүүх зөв үнэлж чадаагүйг харуулж байна.
Иймд Э.Бад холбогдох үйлдэл холбогдол нь Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжгүй буюу сэтгэл санаа хүчтэй цочрон давчидсан төдийгүй хохирогчийн зүүн чихний хэнгэрэгт 2025 оны 08 дугаар сарын 28-ны өдөр шинээр цооролт гэмтэл учирсан нь эргэлзээгүйгээр тогтоогдоогүй байх тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү ...” гэжээ.
Хохирогч Э.М тайлбартаа:
“ ... Шүүгдэгч Э.Б нь миний зүүн чих рүү алгадаж хэнгэрэг хальсны цоорол гэмтэл үүссэн. Олон нийтийн цахим сүлжээнд зураг бичлэгийг минь тавьж гүтгэн доромжилж, улмаар сэтгэл санааны цочролд орж сэтгэлийн хор уршгийг 3 дугаар зэргээр тогтоогдож хүндэвтэр дүгнэлт гарсан. Шүүх Э.Быг гэм буруугийн хувьд санаатай хүний халдашгүй эрхийг зөрчсөн Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Э.Баас хохиролд нийт 16.482.661 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэснийг зөвшөөрч байгаа Э.Б нь гаргасан гомдол үндэслэлгүй байна ... ” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Э.Б тайлбартаа: ... Хэргийн бодит байдлыг зөв үнэлж дүгнэж шийдвэрлэж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.М тайлбартаа: ... Хохирогчид үүссэн гэмтэл нь хуучин гэмтэл байсан гэдэг эргэлзээ төрж байна ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г тайлбартаа: ... Хохирогчийн биед учирсан гэмтлийн асуудлыг авч үзээд зөрүүтэй байдлыг арилгах байдлаар нотлох баримтад бодитой дүгнэлт хийгээгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогч Э.М тайлбартаа: ... Айл гэр үймүүлж байсан удаа надад байхгүй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Д тайлбартаа: ... анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй ... гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Л дүгнэлтдээ: ... Оногдуулсан ял шийтгэл үндэслэлтэй ... гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж гомдлыг тус тус хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Э.Бад холбогдох эрүүгийн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Шүүгдэгч Э.Б нь 2024 оны 08 дугаар сарын 28-ны өдөр аймгийн сумын багийн тоотод байрлах өөрийн гэртээ иргэн Э.М-н зүүн чих рүү алгадаж, эрүүл мэндэд нь “зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий” хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан тухайн хэрэгт хамааралтай бөгөөд ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдож тогтоогдсон байна.
Хэргийн бүх ажиллагааг хянавал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Э.Б нь “... би тухайн үед хохирогчийг цохих, бие махбодид гэмтэл учруулах ямар нэгэн санаатай үйлдэл хийгээгүй. Энэ нь гэрчийн мэдүүлгээр нотлогдоно ... зөвшөөрөхгүй байна ... ” гэсэн,
түүний өмгөөлөгч Н.М нь “ ... анхан шатны шүүх дан ганц хохирогчийн мэдүүлгийг үндэслэж шүүгдэгчийн гэм буруу нотлогдож байна гэж дүгнэсэн нь үндэслэлгүй ...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд гаргасан байх боловч дээрх гомдлууд нь
хэрэгт авагдсан Яаралтай тусламжийн 17711 дугаартай хуудасны дүгнэлт хэсэгт бичигдсэн “... биеийн ерөнхий үзлэгт дунд , зүүн чихний хэнгэрэг гэмтсэн цус хуралттай тул эмийн эмчилгээний зөвлөгөө өгч, чих хамар хоолой болон өрхийн эмчийн давтан үзлэг зөвлөн буцаахаар шийдвэрлэв ...” гэсэн баримт /хх 92, 162-164/,
Компьютерт томограф тодосгогчгүй чамархайн зурагт “...хэнгэргэн хальс төв хэсгээр цоорсон байж болохоор харагдана ... ” гэсэн тэмдэглэлүүд /хх 90, 183/,
“Э” эмнэлгийн эмч буюу гэрч Д.Э-н “...чихний гадна тал хаван, хавдар, эмзэглэл байхгүй, үзэхэд төвийн байрлалтай хэнгэргийн шинэ цоорол байсан, зах ирмэгээрээ шархтай ... сонсгол буурсан дуу хоолой гадагшлахгүй, чих шуугисан зовиуртай байсан, би асуумж болон бодит үзлэг шинж тэмдгийг үндэслэн онош тавьсан ... 72 цагийн доторхыг шинэ гэмтэл гэж үзэж байна ... хуучин гэмтэл байсан бол энэ эмчилгээг хийж болохгүй, учир нь хэнгэрэг цоорсноос хойш 72 цаг дотор наадаг, хэрвээ хуучин гэмтэлд наасан бол одоо М чих үрэвсээд цоорлын хэмжээ томорсон байх ёстой ... ” гэсэн мэдүүлэг,
шинжээчийн 769 дугаартай “...Э.М-н биед ... зүүн талын хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... ” гэсэн дүгнэлт /хх 38-39/,
шинжээч Ч.Б-н “... М-н эмнэлгийн бичиг баримтууд болон өөрийн үзлэгт тулгуурлан дүгнэлтээ гаргасан ... хэнгэргэн хальсны цооролт нь дангаараа хөнгөн хохиролд орно ... ” гэсэн мэдүүлэг /хх 42-43/,
хохирогч Э.М-н “... өглөөний 08 цагийн үед миний зүүн талын чих рүү хүн алгадсан. Тэгээд сэрээд хартал танихгүй эмэгтэй байсан ... тэр үед намайг цохисон эмэгтэй нь миний өөдөөс хараад гар утсаар бичлэг хийгээд байж байсан ... миний зүүн талын чих рүү алгадсаны улмаас миний сонсгол муу байна ...” гэсэн мэдүүлэг / хх 58-59/,
дахин өгсөн “... Б гэх эмэгтэй намайг унтаж байхад миний зүүн талын чих рүү алгадаж сэрээсэн, тэрнээс болоод миний хэнгэрэг цоорсон ... ямар шалтгааны улмаас миний зүүн талын чих рүү алгадах болсныг би мэдэхгүй байна ... би тухайн эмэгтэйгээс “чи яагаад намайг алгадаж байгаа юм бэ” гэж асуусан ... Миний хоёр чих хоёулаа дүнгэнээд байсан ... “ гэсэн мэдүүлэг /хх 62-64/ ,
Шүүх эмнэлгийн 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 14 дугаартай “...Э.М-н биед ... зүүн талын хэнгэргэн хальсны цооролт гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... зүүн талын хэнгэргэн хальсны цооролт нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна ... 769 дугаартай дүгнэлт үндэслэлтэй байна ...” гэсэн дахин дүгнэлт /хх 78-79/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй 1107 дугаартай “...Э.М-н биед зүүн талын хэнгэргэн хальсны цоорол ... гэмтэл тогтоогдлоо ... дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул ... хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо ... зүүн талын хэнгэргэн хальсны цоорол нь хэрэг болсон гэх цаг хугацаанд учирсан байх боломжтой ...” гэсэн дахин дүгнэлт /хх 93-97/,
Эмчийн үзлэгийн 2024 оны 079 дүгээр сарын 17-ны өдрийн “... хэнгэргэн хальсны адрын цооролт ... хэнгэргэн хальсан дээд хэсэгт цагаан өнгийн наалттай...“ гэсэн хуудасны хуулбар /хх 155/ болон бусад нотлох баримтуудаар няцаан үгүйсгэгдэж байна.
Түүнээс гадна тухайн үед Э.Бын гар утсаараа хийсэн гэх бичлэг буюу хатуу дискинд үзлэг хийсэн тухай тэмдэглэлд ... Э.М нь буйдан дээр баруун талаараа унтаж байгаа ..., Э.М сэрээд буйдан дээр сууж байхдаа “... яалаа гэж чи намайг алгадаж байгаа юм бэ” гэж хэлж байгаа ... зэрэг нь бичигдсэн байх бөгөөд
гэрч буюу Э.Бын нөхөр Г.Б “ ... би тухайн үед 00-д биеэ засаад байж байсан, харин манай эхнэр гаднаас гэрт ороод ирсэн, бичлэг хийгээд байж байсан. Би яг чих рүү нь алгадаж сэрээсэн талаар сайн хараагүй ... ” гэжээ /хх 70/.
Тодруулбал: Гэрч Г.Б нь тухайн үйл баримт болох үед шүүгдэгч, хохирогч нарыг хараагүй /жижиг өрөөний орон дээр унтаж байгаа талаар дискэнд бичигдсэн, мөн гэрч нь өөрөө ариун цэврийн өрөөнөөс гарч ирсэн гэж мэдүүлсэн/ болох нь тогтоогддог бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны явцад удаа дараа өгсөн хохирогч Э.М-н мэдүүлгүүд нь хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогддог.
Өөрөөр хэлбэл тухайн цаг хугацаанд хохирогчийн эрүүл мэндэд учирсан “...зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол ...” гэмтэл нь Хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдаж хохирогчийг унтаж байхад алгадсан шүүгдэгч Э.Бын гэм буруутай үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой нь тогтоогдож байна.
Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд Э.Бын гэм бурууг хянан хэлэлцэж, хэрэгт авагдсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээч нарын дүгнэлтүүд, хохирогчийн эрүүл мэндийн талаарх нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр түүний үйлдсэн хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн үйлдсэн хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжид хамаарч байгааг зөв тайлбарлан зүйлчилжээ.
Мөн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ зэргийг харгалзан шүүгдэгчид хуульд заасан төрөл хэмжээгээр 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, уг ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоохдоо Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг, түүний гэм бурууд тохирсон байна.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Г нь “шүүгдэгчийг санаа сэтгэл хүчтэй цочрон давчдаж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан” гэх агуулга бүхий тайлбарыг гаргасан байх ба хэрэгт авагдсан баримтаар шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд Эрүүгийн хуульд нэрлэн заасан санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэмт хэргийн шинж, түүний ойлголт, шалгуурыг хангахгүй байна.
Тодруулбал, санаа сэтгэл хүчтэй цочрон давчдах гэдэг нь хохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны хүчтэй, гэнэтийн цочролоос шалтгаалан хүний сэтгэхүйн хэвийн байдал алдагдаж, хувийн болон зан үйлийн хариу үйлдлээ хянах, өөртөө хяналт тавих чадваргүй буюу өөрийн үйл ажиллагааг удирдан жолоодох, үйлдлийнхээ үр дагаврыг ойлгохгүйн улмаас хоромхон зуур илрэн хариу үйлдэл гаргаж бусдад хохирол учруулдаг шинжээрээ хүний эрүүл мэндэд хохирол санаатай учруулах гэмт хэргээс ялгагдана.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судалж үзвэл шүүгдэгч Э.Б нь өөрийн гэртээ орж ирмэгцээ гар утсаараа унтаж байгаа хүмүүс болон гэртээ байсан эд зүйлсийн талаар дэлгэрэнгүй бичлэг хийж байх явцдаа хохирогчийг алгадаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн шууд санаатай хэлбэрийг агуулсан байна.
Шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар нь гэмт хэрэг гаргахад хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн гэж тайлбарлаж байх боловч үүний улмаас шүүгдэгчийн сэтгэл санаа хүчтэй цочролд орсон, сэтгэцийн хэвийн байдлыг нь илтэд алдагдсан гэж үзэх үйл баримт хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул өмгөөлөгч Э.Г-н тайлбарыг хүлээж авах үндэслэлгүй гэж үзлээ.
Гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол, хор уршгийн тухайд: Хохирогч нь эмчилгээ, шинжилгээ хийлгэсэн зардал 7.000.000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр 14.850.000 төгрөг, цалингийн зөрүү 4.387.000 төгрөг, нийт 26.237.661 төгрөг нэхэмжилжээ.
Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилсан.
Уг хуулийг дагалдуулан Монгол Улсын Шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.
“Сэтгэцэд учирсан хор уршиг” гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.
Хавтаст хэрэгт “Э.М-н сэтгэцэд гэмтлийн дараах стресс үзүүлэх хариу урвалын шинжүүд хүндэвтэр түвшинд илэрч байгаа, ... хор уршгийн гуравдугаар зэрэглэлд хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт авагдсан байх бөгөөд анхан шатны шүүх хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, гэмтлийн улмаас учирсан зовуурь, шаналал, сөрөг үр дагавар зэргийг харгалзан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлж тооцсоныг буруутгах үндэслэл тогтоогдохгүй байна.
Харин анхан шатны шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 150 дахин нэмэгдүүлж 99.000.000 төгрөгийн 10 хувиар тооцож 9.900.000 төгрөг гаргуулахаар тогтоосон нь буруу байх тул давж заалдах шатны шүүх нөхөн төлбөр тооцох жижиг аргачлалд заасны дагуу зөвтгөн, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 660.000 төгрөгийг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх буюу 6.660.000 төгрөг гаргуулахаар өөрчлөх нь зүйтэй гэж үзлээ.
Мөн хохирогч нь “... би 24 хоног ажилдаа яваагүй О эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн ... ” гэж /хх 62/ мэдүүлсэн боловч тэрээр нойргүйдэл, айдастай, сэтгэл гутралтай гэсэн зовиураар 2024 оны 09 дүгээр сарын 02-ны өдрөөс 09 дүгээр сарын 22-ны өдрийг хүртэл 20 хоног эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх эмнэлгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангахгүй буюу хуулбарласан, засварласан баримт /хх 123-135/ байна.
Түүнчлэн ... Гэмтлийн эмчийн үзлэгт Акт 29-03-нд сунгав ... Акт 3-6нд сунгав ... Эмнэлэгт хэвтсэн тул листийг хаав ... гэсэн /хх 188-189 ар тал/ баримтуудаар хохирогч Э.М-н эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн гэх хоног зөрүүтэй, хохирогч нь дээрх гэмтлийн улмаас хэд хоног өвчтэй байсан, өвчний улмаас хэд хоног ажлаасаа чөлөөлөгдсөн, лист буюу хөдөлмөрийн чадвар түр алдсаны тэтгэмж хэдэн төгрөг авсан зэргийг нотолсон баримт байхгүй байна.
Хэдийгээр хохирогч Э.М-н нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, цалингийн тодорхойлолт хэрэгт авагдсан байх боловч дээрх баримтуудаар түүний дутуу авсан цалин хөлсийг шууд тооцон гаргах боломжгүй тул шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлын “... хохирлыг буруу тооцсон ...” гэх хэсгийг хүлээн авах үндэслэлтэй.
Иймд хохирогч нь ажилгүй байсан хугацааны буюу 2024 оны 8, 9 сард аваагүй гэх цалингийн зөрүүтэй холбоотой нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхтэйг дурьдах нь зүйтэй.
Мөн анхан шатны шүүх хохирогч Э.М-н 2024 оны 08 дугаар сарын 29-ны өдөр толгойн компьютерт томографт харуулсан 200.000 төгрөгийг давхардуулан тооцож гаргуулсан, хэрэгт авагдсан 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн Амьдарлоги мэдрэмж - Боловсролын бусад төрлийн сургалтын үйлчилгээ 350.000 төгрөг гэх баримтад хохирогчийн нэр бичигдээгүй, ямар төрлийн сургалтад хэн хамрагдсан нь тодорхойгүй байх тул дээрх 550.000 төгрөгийг эмчилгээ, оношилгооны зардал 2.200.000 төгрөгөөс хасч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж зөвтгөхөөр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 435 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтын
“ ... хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 9,900,000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү 4,382,661 төгрөг, эмчилгээ оношилгооны зардалд 2,200,000 төгрөгийг тус тус ... ” гэснийг “ ... хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигт 6.600,000 төгрөг, эмчилгээ оношилгооны зардалд 1.650.000 төгрөгийг тус тус ... ” гэж,
“...эмчилгээ, оношлогооны зардал 4,800,000 төгрөгийг...” гэснийг “...эмчилгээ, оношлогооны зардал болон ажилгүй байсан хугацааны цалингийн зөрүү зэргийг тус тус ...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2.Шүүгдэгч Э.Б, түүний өмгөөлөгч Н.М нарын давж заалдах гомдлын “... хохирлыг буруу тооцсон ... ” гэх хэсгийг хүлээн авч, бусад хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
3.Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ З.ХОСБАЯР
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.СОСОРБАРАМ
ШҮҮГЧ С.УРАНЧИМЭГ