| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2503 00455 0737 |
| Дугаар | 2025/ДШМ/1329 |
| Огноо | 2025-11-25 |
| Зүйл хэсэг | 27.10.2.2., |
| Улсын яллагч | А.Марал |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 25 өдөр
Дугаар 2025/ДШМ/1329
2025 11 25 2025/ДШМ/1329
Б.Б-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Л.Дарьсүрэн даргалж, шүүгч П.Гандолгор, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор А.Марал,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-,
хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү,
шүүгдэгч Б.Б- /цахимаар/, түүний өмгөөлөгч Ц.Бат-Өлзий,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Б- даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2271 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Б.Бат-Өлзий, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдлуудад үндэслэн Б.Б-д холбогдох 2503 00455 0737 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт Б-ы Б-, .......... /РД: ......./,
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, гадаад хэргийн яамны баруун талын замд, "Toyota Agua" загварын .... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Тээврийн прокурорын газар: Б.Б-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч Б- овогт Б-ы Б-ыг "тээврийн хэрэгслийн жолооч, хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.Б-аас нийт 154,675,221 төгрөгийг гаргуулан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д 137,286,221 төгрөгийг олгох, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарын төрийн санд 17,389,000 төгрөгийг төлүүлэхийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцогдсон 1 ширхэг СД-ийг хэрэгт хавсаргахаар, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэг зааснаар шүүгдэгч Б.Б-д оногдуулсан 5 /тав/ жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг хорих ялыг эдлэж дууссаны дараа үеэс эхлэн тоолохыг, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс эхлэн тоолохыг...” тус тус дурдаж шийдвэрлэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Б.Б- үйлдсэн хэргийнхээ гэм бурууд маргахгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлын зарим хэсгийг нөхөн төлсөн, нөхөн төлөхөө илэрхийлж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дэмжлэг үзүүлэн оролцож байна. Б.Б- анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, хэргийн нөхцөл байдал, анхан шатны шүүхээс тогтоож өгсөн хохирлыг нөхөн төлж байгаа, давж заалдах шатны шүүх хуралдаан болохоос өмнө хохирлоосоо тодорхой хэсгийг нөхөн төлсөн, зэргийг харгалзан үзэж Б.Б-д оногдуулсан 1 жилийн хорих ялыг Зорчих эрх хязгаарлах ял, эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх албадлагын арга хэмжээгээр сольж өгнө үү. Б.Б- итгэл даах бүрэн чадвартай...” гэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие 2 үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан бөгөөд сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон хэсэгт холбогдуулж гаргасан гомдлоосоо татгалзаж байна. Шүгдэгчийн ар гэрийн зүгээс хохирогчийн эмчилгээ үйлчилгээний зардал болон сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол төлбөрт нийт 49.528.000 төгрөг төлсөн. Анхан шатны шүүхээс Б.Б-д 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих ангид ялыг эдлүүлэхээр тогтоосон нь тохироогүй, хүндэдсэн гэж үзэж байна. Б- нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлэхдээ буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч маргаагүй. Иймд анхан шатны шүүхээс оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж давж заалдах шатны шүүхийн танхимаас шүүгдэгчийг суллаж өгөхийг хүсэж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал тус шүүхэд гаргасан давж заалдах гомдолдоо: “...Авто тээврийн үндэсний төвийн Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 243 тоот шинжээчийн дүгнэлтээр автомашинд учирсан эвдэрлүүд нь шинэ гэмтэл байна. Хохирогч сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн 5-р зэрэглэлд хамаарна. Миний үйлчлүүлэгч А.А- нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ жолооч Б- нь нэг ч удаа надтай уулзаагүй биднээс нэг ч удаа уучлалт гуйгаагүй, шүүх хурал болохын урд орой 20 цаг өнгөрч байхад 4.500.000 төгрөгийг 2 хувааж миний данс руу шилжүүлсэн. Эмнэлэгт миний нөхрийг үхэл амьдралын заагт үнэхээр хэцүү байхад ирж уулзаагүй нэг ч төгрөгийн тусламж үзүүлээгүй" гэсэн. 2025 оны 8 дугаар сарын 14-ний өдөр Ц-г хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувиар 12 сараар тогтоогдсон бөгөөд 4 нас, 9 нас, 14 нас 17 настай 4 хүүхэдтэй, Дулааны 3-р цахилгаан станцад үнс зайлуулах төхөөрөмжийн машинчаар 3.200.000 төгрөгний цалинтай ажил эрхэлдэг, ар гэрээ тэжээдэг өрхийн тэргүүн юм. Одоо 70%-н хөдөлмөрийн чадвараа алдсан, өөрөө орноосоо өндийж босож чадахгүй, хүн босгоод суулгасан үед өөрөө буцаад хэвтэж чадахгүй, өтгөн шингэнээ хянаж чаддаггүйн улмаас байнгын памперстай, оюун санааны хувьд дэмийрэлийн байдалтай байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойрогийн шүүхийн 2025/ШЦТ/2271 шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэжээ.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Манай нөхрийг эмнэлэгт хэвтэж байхад ирээгүй. 3 дахь өдөр шүүх хуралдаан болох гэж байхад бүтэн сайн өдөр ирж надад хохирол төлбөр төлөөд анхан шатны шүүх хуралдаан болох өдрийн өглөө 08 цаг 29 минутад 4.750.000 төгрөгийг шилжүүлсэн буюу нийт 9.000.000 төгрөг төлсөн. Үүнээс хойш бага багаар төлөөд одоогийн байдлаар нийт 49.528.000 төгрөгийн хохирол барагдуулсан байгаа. Тухайн үед манай нөхрийг эргээгүй, надаас уучлалт гуйгаагүй учраас би гомдолтой байсан. Анхан шатны шүүх хуралдаан дууссанаас хойш эмээ, эцэг, эх нь ирээд “бид нар хохирлыг барагдуулна, танай хүнийг ингэж хаяхгүй, хамтдаа хөл дээр нь босгоно” гээд уучлалт гуйсан. Манай нөхрийн биеийн байдал сайн биш, хэвтэхээрээ босож чадахгүй, босохоороо сууж чадахгүй байнгын асаргаанд байдаг бөгөөд нурууны суулттай болсон учраас юм өргөх боломжгүй болж байгаа. Энэ хүнийг хорилоо гээд миний хань босоод ирэхгүй. Тиймээс өчигдөр өмгөөлөгч Я.Энхжаргалтай гомдлоосоо татгалзах талаар ярилцсан. Миний хувьд Б.Б-д оногдуулсан хорих ялыг өөрчилж тэнсэн харгалзах юм уу, ямар нэгэн байдлаар ял шийтгэлийг өөрчлөхөд санал нийлж байна...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Х.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Давж заалдах шатны шүүх хуралдаанд өөрийн үйлчлүүлэгчтэй байр сууриа нэгтгэж оролцож байгаа. Өмгөөлөгч Я.Энхжаргалын зүгээс эрүүгийн хариуцлагыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан боловч би болон манай үйлчлүүлэгч байр сууриа өөрчилсөн. Хохирол төлбөрийн хувьд тодорхой дурдсан. Тухайн үед шүүгдэгчийн зүгээс хохирогчтой уулзаж уучлалт гуйгаагүй байсан. Үүнээс хойш шүүгдэгчийн ар гэрээс хохирол төлбөр төлж, уучлалт гуйсан нөхцөл байдал байгаа. Миний үйлчлүүлэгчийн зүгээс давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлт гаргаж байна. Эрүүгийн хариуцлагын зорилго нь хохирлыг нөхөн төлүүлэх гэсэн үндсэн зорилттой. Тиймээс шүүгдэгчийг цагдан хоригдсон хугацаандаа тодорхой зүйл ойлгосон, мөн хохирол төлбөрөө гаргуулж авах үндэслэлээр түүнд хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү гэсэн байр суурийг миний үйлчлүүлэгч илэрхийлсэн. Өмгөөлөгчийн зүгээс энэ байр суурийг дэмжиж байна...” гэв.
Шүүгдэгч Б.Б- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө саналыг дэмжиж байна. Өөр хэлэх зүйл байхгүй...” гэв.
Прокурор А.Марал тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс шүүгдэгчид оногдуулсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэлээр Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.7, 7.1 дүгээр зүйлд заасан үндэслэлийг дурдаж гомдол гаргасан байна. Анхан шатны шүүхээс мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол нөхөн төлөгдсөн байдал, гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл, учирсан хохирол, хор уршиг зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийсэн тул шийтгэх тогтоол үндэслэлтэй гэж үзэж байгаа. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш хохирол төлбөр нөхөн төлөгдсөн хэдий ч хохирогчийн эрүүл мэндийн байдал дээрдээгүй, хохирол, хор уршгийн нийт гарсан зардлаас 49.528.000 төгрөгийг төлөгдсөн. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан гомдлуудыг хэрэгсэхгүй болгох саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Б.Б-д холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Б.Бат-Өлзий, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал нарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Шүүгдэгч Б.Б- нь 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Гадаад хэргийн яамны баруун талын замд, "Toyota Agua" загварын .... УБҮ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо, тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан "Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино", мөн дүрмийн 16.1-т заасан "Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө" гэх заалтуудыг тус тус зөрчсөний улмаас явган зорчигч Н.Ц-г мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан болох нь:
Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх-4/,
ТЦА, Замын цагдаагийн газар шуурхай зохицуулалтын хэлтэс, дуудлагын лавлагааны хуудас /1хх 5/,
хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /1хх 6-12/,
хохирогч А.А-гийн: “...манай нөхөр ослын улмаас гавал ясны чамархай ясны хугарал, хатуу хальсны урагдал, тархины цус хуралт, эдийн няцрал гэмтэл үүссэн. Ослын талаар ямар нэгэн зүйл хэлж чадахгүй байгаа. Асуухаар би мэдэхгүй байна гэж хэлдэг.Зарим нэг зүйлийг санахгүй, сайн ярьж чадахгүй. Юм асуугаад байхаар гацаж, ээрч ярьдаг болсон. Биеийн байдал нь эмнэлгээс гарсан үеийг бодвол арай дээрдэж өндийгөөд юм түшээд суудаг болсон. Ер нь бол байнгын хэвтрийн байдалтай байгаа...” /1хх 15/,
Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2025 оны 5 дугаар сарын 10-ны өдрийн 243 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Уг автотээврийн хэрэгсэл нь техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Уг автотээврийн хэрэгслийн баруун, зүүн ухрахын гэрэл асахгүй, бүртгэлийн дугаарын баруун гэрэл асахгүй, урд шил их хэмжээний цуурсан, урд гуперны түгжээ хугарсан, зүүн урд карлон хонхойж сэвтсэн, зүүн урд хаалга онгоохгүй гажсан, зүүн урд хаалга хонхойсон, зүүн талын гуперны гэрэл байхгүй. Уг автотээврийн хэрэгслийн урд шил их хэмжээний цуурсан, урд гуперны түгжээ хугарсан, зүүн урд карлон хонхойж сэвтсэн, зүүн урд хаалга онгоохгүй гажсан, зүүн урд хаалга хонхойсон нь шинээр үүссэн гэмтэл байх боломжтой. Уг автотээврийн хэрэгсэл нь шингэн дамжуулгатай тоормосны системтэй. Урд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 2,77кН, баруун талдаа 2,45кН, зөрүү нь 12% (стандарт <20%). хойд дугуйн тоормосны хүч зүүн талдаа 1,85кН, баруун талдаа 2,01 кН, зөрүү нь 8% (стандарт <30%) Зогсоолын тоормос хэвийн зогсож байгаан стандартын шаардлага хангаж байна. Шингэн дамжуулгын ABS бүхий тоормосны системтэй автотээврийн хувьд тоормос гишгэх үед ачсан ачаа, замын гадаргуу, тоормосны дөрөө дээр гишгэх хүч зэргээс шалтгаалж тоормосны мөр зам дээр үүснэ. Уг автотээврийн хэрэгслийн зүүн гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 90000cd, ойр дээрээ 15000cd (стандарт 10000-225000 cd), баруун гар талын их гэрлийн тусгалын чадал хол дээрээ 92500cd, ойр дээрээ 28100cd (стандарт 10000-225000 cd) буюу зүүн болон баруун гар талын ойр холын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангаж байна. Уг автотээврийн хэрэгсэл нь суудлын аюулгүй бүсээр бүрэн тоноглодсон. Аюулгүйн бүсний ажиллагаа хэвийн байна. Уг автотээврийн хэрэгсэл нь 2023 оны 8 дугаар сарын 13, 2024 оны 9 дүгээр сарын 4 техникийн хяналтын үзлэгт орж тэнцсэн дүгнэлт гарсан байна. 2025 оны 9 дүгээр сарын 4 техникийн хяналтын үзлэгийн хугацаа дуусаагүй байна...” /1хх 20-27/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 6-ны ЕГ0725/6305 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Н.Ц-гийн биед зулай ясны цөмөрсөн хугарал, суурь яс, чамархайн ясны хугарал, хатуу хальсны урагдал, тархины зүүн тал бөмбөлөгийн дух, зулайн хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, эдийн няцрал гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т, 4.1.3-д тус тус зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /1хх 33-34, 42-44/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 24-ний ЕГ0825/1880 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Н.Ц-гийн сэтгэцэд 2025 оны 05 сарын 01-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас F07.2 Тархины доргилтын дараах хам шинж илэрч байна. Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн тавдугаар зэрэглэлд хамаарна...” /1хх 36-37/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 5 дугаар сарын 6-ны ЕГ0325/3518 дугаар шинжээчийн дүгнэлт: “...Шинжилгээнд "Ц-" гэж хаяглан ирүүлсэн "003056738" хуруу шилний дугаартай цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. Ирүүлсэн цусны дээжээс 1.53 промилли спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.53 промилли спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно...” /1хх 49-51/,
Мөрдөгчийн 2025 оны 6 дугаар сарын 26-ны өдрийн 0000894 дугаар магадлагаа: “...Жолооч Б.Б- нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэх заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гарсан гэх үндэслэлтэй байна. Явган зорчигч Н.Ц- нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлгүй байна...” /1хх 55-58/,
камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 66-67/,
Б.Б-ын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт /1хх 68/, иргэний үнэмлэхийн хуулбар /1хх 69/, жолоочийн лавлагаа мэдээлэл /1хх 70/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /1хх 71/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /1хх 72/,
эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 74/,
Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл ...хохирогч Н.Ц- 17.389.000 төгрөгийн хөнгөлөлтөд хамрагдсан... /1хх 76/,
иргэний нэхэмжлэгч Д.Г-: “...Эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол болох 17.389.000 төгрөгийг гэм буруутай этгээд Б.Б-аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд /гүйлгээний утга: хохирогчийн овог, нэр, регистрийн дугаар, хэргийн дугаар/ нөхөн төлүүлж өгнө үү...” /1хх 79/,
Б.Б-ын: “...Би машинаа жолоодоод ганцаараа явж байсан, эсрэг урсгалд явж байсан машины гэрэл хурц тусаад мөн хар хувцастай хүн гарцаар гарч байгаа нь харагдаагүй юм, би их ойрхон зайнаас хараад тоормос гишгэсэн хэдий ч ойрхон байсан болохоор машинаа зогсоож чадалгүй явган зорчигчийг мөргөж осол гаргасан. Ослын дараа би машинаас буугаад түргэн тусламж дуудсан, дараа нь түргэний машин ирээд эмч нь машинд мөргүүлсэн хүнийг үзээд аваад явсан цагдаа нар хэмжилт үзлэг хийгээд явсан...” гэсэн мэдүүлэг /1хх 89/,
хөдөлмөрийн чадвар алдасны тэтгэвэр тогтоолтын хуудас, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /1хх 181-182/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Б.Б-д холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
Анхан шатны шүүхээс Б.Б-ын үйлдлийг “Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хэргийн бодит байдалтай нийцсэн, түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3 дахь заалтад зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий, О.Оюунчимэг нараас “...хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бодиттой тогтоох, боломжгүй бол иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгчид оногдуулсан хорих ялыг зорчих эрхийг хязгаарлах ялаар сольж өгнө үү. Эсвэл хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү...” гэсэн,
хохирогчийн хууль ёны төлөөлөгчийн өмгөөлөгч Я.Энхжаргал “...шүүгдэгчид оногдуулсан ял хөнгөдсөн байна...” гэсэн агуулга бүхий гомдлуудыг давж заалдах шатны шүүхэд тус тус гаргасан боловч хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-, түүний өмгөөлөгч Х.Даваахүү нар нь Я.Энхжаргал өмгөөлөгчтэй гомдлоосоо татгалзах талаар ярилцаж, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэлийг хөнгөрүүлэхэд татгалзах зүйлгүй гэх тайлбарыг гаргажээ.
Мөн шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Бат-Өлзий “хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөрийг бодиттой тогтоох, боломжгүй бол иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү” гэсэн гомдлоосоо татгалзаж, харин “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү...” гэх агуулгаар гомдол гаргажээ.
1. Шүүхээс гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангахуйц, мөн хуулиар тогтоосон төрөл, хэмжээний ялыг оногдуулах нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд нийцэх юм.
Ийнхүү ял оногдуулахдаа шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, гэмт үйлдэлдээ хандаж буй хандлага, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэж, оногдуулсан ял нь шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгт тохирч буйг тухайн хэргийн жинхэнэ байдалтай холбон шийдвэртээ бодитой, итгэл төрүүлэхүйц дүгнэх үүрэгтэй.
Анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Б-д эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарыг тал бүрээс нь харгалзан тухайн зүйл заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэснийг буруутгах хууль зүйн үндэслэл тогтоогдсонгүй.
Өөрөөр хэлбэл, Б.Б- нь явган хүний гарцан дээр явган зорчигчийг мөргөж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулснаас гадна тухайн зүйл заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулсан байна.
Иймд дээрх үндэслэлүүдээр шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Ц.Бат-Өлзий нарын “ял хөнгөрүүлэх” талаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Б- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.А-д нийт 49.528.000 төгрөг төлсөн болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Б.Б-ын 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 11 дүгээр сарын 25-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 55 /тавин тав/ хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 2025/ШЦТ/2271 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч О.Оюунчимэг, Ц.Бат-Өлзий нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Шүүгдэгч Б.Б-аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 49.528.000 төгрөг төлсөн болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ын шийтгэх тогтоол гарснаас энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДАРЬСҮРЭН
ШҮҮГЧ П.ГАНДОЛГОР
ШҮҮГЧ Н.БАЯРМАА