| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0007/Э |
| Дугаар | 165 |
| Огноо | 2018-03-01 |
| Зүйл хэсэг | 17.3.2.2., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 01 өдөр
Дугаар 165
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар С.Сүхжаргал,
улсын яллагч Э.Бадрал,
шүүгдэгч Ө.Э, түүний өмгөөлөгч Н.Энхбаяр /№1269/,
хохирогч Ц.Амармэнд,
хохирогч Ш.Батжаргал, Ш.Энхмэнд, тэдний өмгөлөөгч Ж.Батбаяр /№1886/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаан овогт Ө-ны Э-т холбогдох 201625031972 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1991 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Өмнөговь аймгийн Даланзадгад суманд төрсөн, 26 настай, эрэгтэй, дээд боловсролтой, Уул уурхайн инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Улаанбаатар хот .... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, Цагаан овогт Ө-ны Э /РД: /
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Шүүгдэгч Ө.Э нь бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах аргаар бусдад их хэмжээний хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Ө.Э нь -хохирогч Ц.Амарболдоос 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар хотын банкны 1 давхарын Нотариатын газарт "30.000 ам долларыг 2 сарын хугацаатай, сарын 1.6 хувийн хүүтэй буцааж өгнө барьцаанд Өмнөговь аймагт байрлалтай хоосон хашааг Ц.Амарболдын нэр дээр шилжүүлэн" гэж итгүүлэн гэрээ байгуулан залилсан,
мөн 2015 оны 8 дугаар сард хохирогч Ц.Амарболдоос "зээлсэн 30.000 ам долларыг буцааж өгье, данснаас мөнгө татаж авахад татвар болох 8.000.000 сая төгрөгийг төлвөл мөнгө данснаас гарах гээд байна" хэмээн итгүүлэн залилан нийт 61.760.000 төгрийн хохирол учруулсан,
-хохирогч Ш.Энхмэндэд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкны салбарт "Америтрейд брокерын компанид хамтран ажиллая, мөнгийг чинь өсгөж өгнө" гэж итгүүлэн 2016 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 2700 доллар буюу 6.430.455 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 900 доллар буюу 2.156.517 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1200 доллар буюу 2.895.696 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20.000 доллар буюу 48.561.600 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр 3400 доллар буюу 8.318.304 төгрөгийг, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 5.100 доллар буюу 12.470.979 төгрөгийг, 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 1000 доллар буюу 2.488.170 төгрөгийг, 2017 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр 973 доллар буюу 2.424.550 төгрөгийг залилан нийт 85.746.271 төгрөгийн хохирол учруулсан,
-хохирогч Ш.Батжаргалд Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах худалдаа хөгжлийн банкны салбар дотор "Америтрейд брокерын компанид хамтран ажиллая, мөнгийг өсгөж өгнө" хэмээн итгүүлэн 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 30.000 доллар буюу 74.208.900 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ө.Э мэдүүлэхдээ: Анх би хувьцаа худалдаж авах гэж мөнгө авсан. Тэгээд гэрээ хэлэлцээ хийж мөнгө авсан байгаа. Би хувьцаанд мөнгө оруулаад нөгөө брокер компани нь миний мөнгөнөөс таталт аваад байсан. Амарболдтой арилжаа хийж байх үед би нэг дансанд мөнгө хийгээд нөгөө дансруу зөөж хийж байдаг байсан. Би Амарболдод арилжаа муу байгаа тул би чамд хохиролыг чинь өгье гээд өгч эхэлсэн. Тэгээд өрөнд орсон тул Өмнөговь аймагт байдаг газрыг зараад Ц.Амарболдод газраа зараад 10.000.000 сая төгрөг өгч байсан. Анх Ш.Батжаргалтай ажилд нь орох гэж байгаад танилцаж байсан. Гадаад зах зээл дээр арилжаа хийх саналтай байгаагаа Ш.Батжаргалтай ярилцаж санал нэгдсэн. Тэгээд Ш.Батжаргалд би 30 компаний хувьцаа судлаад арилжаа хийх санал тавихад дэмжигдсэн. Тэгээд 2700 долларыг аваад 2016 оны 11 дүгээр сараас хойш арилжаагаа хийж эхлэсэн. Миний арилжааны дансны худалдан авалт хийчээд буцаагаад нэг хоногийн дараа зардаг тул хугацааны хувьд ашиггүй болоод байсан. Тэгээд 2700 доллараар арилжаа хийхээр бага ашиг аваад байна вэ гэхээр нь 25.000 доллараас дээш худалдан авалт хийх тохиолдолд арилжаанд оруулсан мөнгө шууд хувьцаа болдог гэдгийг тайлбарлаж хэлээд мөнгө авч байсан. Миний жинхэнэ алдсан мөнгөн дүн мөрдөн байцаалтын шатанд авсан нотлох баримтын дунд байхгүй байгаа. Миний дэд данс толгой данс руу хийсэн гүйлгээ болон хоорондоо шилжүүлэг хийж болдог тул миний зөвхөн нэг дансны орлого зарлагыг харсанаас бодит хохирлын үнэлгээ гарахгүй байна. Би Ц.Амарболдын мөнгийг хувьдаа ашигласан юм бол байхгүй. Би 25.000 доллараас дээш мөнгөтэй гүйлгээ хийвэл гэрээ хийгдэггүй мөнгө нь хураагдаггүй юм. Тиймээс би ямар нэгэн мөнгө өөртөө татаж аваагүй харин брокер компанид алдсан л зүйл байгааг нөгөө данснаас харж болох байтал мөрдөн байцаагч нөгөө дансыг минь ердөөсөө шалгаагүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амарболд мэдүүлэхдээ: Анх 2009 онд найзлаад тэгээд 2013 онд арилжаа хийдэг гэдгээ хэлж байсан. Тэгээд би шүүгдэгчид 2013 онд 30.000 долларыг Өмнөговь аймгийн газрыг нь барьцаалаад аваад зээлж байсан. Тэгээд хэсэг хугацааны дараа мөнгөө буцаагаад авъя гэтэл татвар өгөх ёстой юм байна тэгж байж мөнгө чинь гарч ирнэ гэхэд нь 2015 оны 8 сард 8 сая төгрөг бэлнээр нь өгч байсан. 2016 оны 2 сард мөнгө нэхээд очиход би чамруу хуурамч майл явуулдаг байсан гэдгээ хэлж байсан. Тэгээд 2016 оны 9 сард Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст өргөдөл өгсөн. 300 метр квадрат газрыг зараад надаа 9.000.000 сая төгрөг өгч байсан дараа нь мөрдөн байцаалтын явцад 20.000.000 төгрөг буюу Энхмэндийн мөнгийг надаа өгсөн юм байна гэж би ойлголоо. Тэгээд 2018 оны 02 дугаар сарын 6-ны өдөр нэг машин байгаа тэрийг ав гэж Даваажав өмгөөлөгч нь хэлэхэд нь явж очсон. Даваажав 0561 гэсэн дугаартай Батчулуун гэдэн хүний нэр дээрх портер машиныг өөрт чинь өгнө гэж байсан. Тэгээд зах зээлийн үнэ болох 7.000.000 төгрөгт бодоод авъя гээд нотариат орж гэрчилгээг өөр дээрээ шилжүүлсэн. Тэгээд энэ машиныг өөр дээрээ шилжүүлж авсан. Гэтэл Батчулуун гэх хүн манай гэрт ирээд машинаа буцааж авна гэж байсан. Ямар учраас ингэж байгаа вэ гэхэд. Буцаагаад авах хэрэгтэй байна гээд байхаар нь өөрийн мөнгөндөө Ө.Этэй тохиролцоод машиныг нь шилжүүлж авч байсан. Тэгээд сүүлд намайг иргэний хэргийн шүүхэд өгсөн гэж сонссон. Ийм л зүйл болсон гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Энхмэнд мэдүүлэхдээ: Анх манай ажил дээр хүрч ирээд ажилд ормоор байна гэсэн. Тэр үедээ би дүлийрсэн, байрны 8 хувийн зээлтэй тул ажилд аваад өгөөч гэж байсан. Тэгээд 2016 оны 11 сарын 1-нд надаас 2700 доллар аваад арилжаа хийсэн. Тэгээд дахиад 900 долларыг аваад хэсэг хугацааны дараа 25.000 доллар хийхгүй л бол ашиг олохгүй байна гэж хэлээд авч байсан. Дараа нь ашиг нь 85.000 доллар болсон 68.000 доллар татсан гэж хэлж байсан. Тэгхээр нь за алив мөнгөө авья гэж хэлэхэд маргааш авч өгье гээд байсан. Тэгээд нэхээд тулахад манай улсын цагаан сар болсон тул мөнгө тань буцаад явчихсан гэж байсан. Нийт шүүгдэгч нь 55.000 доллар авсан байдаг. Зээлийн гэрээ гэдэг нь нийт 170.000.000 сая төгрөгний гэрээ хийж байсан. Мөн би бизнэсийн хохирол, сэтгэл санааны хохирол нэмнэ гэж бодож байна гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ш.Батжаргал мэдүүлэхдээ: 2016 оны 4 сард манай ажил дээр ирээд гадаад арилжаа хийдэг, олон жилийн туршлагатай тухай яриад ажилд орьё гэж байсан. Би ирээдүйн тооцоо судалгаа хийж чаддаг гэж ирж бид нарт итгэл үнэмшил үзүүлсэн. 2016 оны 11 сараас манай ажил дээр ирж мөнгө төгрөг асуугаад арилжаа хийдэг болоё гэж хэлээд 2700 ам доллар оруулсан байдаг. Эрдэнэбилэгтэй ямар нэгэн байдлаар хамтарч ажиллаагүй. Би одоогийн байдлаар 30.000 ам долларыг нэхэмжилж байна гэв.
шүүгдэгч Ө.Эийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би 2014 оны 4 дүгээр сарын сүүлээр яг өдрийг нь мэдэхгүй байна Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Амарболдын гэрт нь очоод хувьцааны бизнес хийе хамтарч ажиллая гэсэн санал тавьсан чинь ямар журмаар яаж хийдэг талаар ярь гэж хэлсэн тэгээд Амарболдод хувьцааны бизнесийн талаар тайлбарлаж хэлсэн мөн эрсдэлийг нь хэлж өгсөн. Тэгсэн би хэд хоног судалж үзээд хариу хэлье гэж хэлсэн. Тэгээд судалж үзээд надад хөрөнгө оруулалт хийхээр болоод маргааш нь буюу 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүрэг 4 дүгээр хороо Улаанбаатар банкинд байрлах нотариатын газар орж зээлийн гэрээг 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрөөс 2014 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн хооронд 2 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэй зээлийн гэрээ байгуулсан юм. Хэдийгээр бид хоёр 2 сарын хугацаатай зээлийн гэрээ байгуулсан боловч 2-3 жилийн хугацаанд урт хугацаагаар хамтарч ажиллах аман гэрээ хийсэн. Зээлийн гэрээ байгуулсан учир нь гарах эрсдэлийг Эрдэнэбилэг өөрөө хариуцах учраас гэрээ байгуулсан юм. 2014 оны 5 дугаар сарын 01-ний өдөр Амарболд миний худалдаа хөгжлийн 499221133 тоот дансанд байршуулаад тэр өдөртөө Америкийн нэгдсэн улсын арилжааны брокерын 16424641 тоот дансанд худалдаа хөгжлийн банкаар шилжүүлсэн. Тэгээд арилжаагаа эхлүүлээд брокерын банкны данснаасаа Америкийн нэгдсэн улсын "Нью-Йоркийн" хөрөнгийн биржээс худалдан авалт хийсэн арилжаа хийж байгаа талаараа Амарболдод хэлж танилцуулж байсан тэгээд бид хоёр ашиг гарахыг нь хүлээсэн түүнээс хойш 1 жил 4 сарын дараа худалдаж авсан хувьцаагаа зарахаар болсон энэ хувьцааны үнэ нь хуваагдаад ямар ч үнэгүй болсон. Хувьцаагаа зарах гэсэн чинь шимтгэл нэхсэн учраас Амарболдод учир байдлыг нь хэлж 2015 оны 8 дугаар сарын 31-ний өдөр Худалдаа хөгжлийн банкаар брокерын 4223214561 тоот дансанд 8.000.000 төгрөг шилжүүлсэн. Уг данс нь брокерын мөнгө хүлээж авдаг данс байгаа юм. Тэгээд би татвар шимтгэлээ төлөөд хувьцаагаа буцааж зарах гээд сар гаруй хүлээсэн боловч хувьцаа маань авах боломжгүй учраас миний хувьцаа хасагдаад ямар ч мөнгөтэй үлдээгүй үүнээс болоод Амарболдод худлаа хэлж данснаас мөнгө төгрөг орж ирэх гэж байна гээд хэлдэг мөн худлаа и-мейл хаяг хүртэл явуулж эхэлсэн юм. Түүнээс хойш сүүлдээ болохоо байгаад ирэхээр нь 2016 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Амарболдод үнэн учир байдлаа хэлсэн чинь Амарболд надаас авсан 30.000 ам доллараа ямар нэгэн байдлаар гаргаж өгөхийг шаардсан үүнээс хойш 2016 оны 01 дүгээр сарын дундуур бэлнээр 1.000.000 сая төгрөг, 2016 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр 4 сая төгрөг Амарболдын хаан банкны 5007749514 тоот дансанд шилжүүлсэн, үүний дараа 3 дугаар сарын 30-ны өдөр 5.000.000 сая төгрөг шилжүүлсэн.” гэх мэдүүлэг /1хх-ийн 24-25х/
хохирогч Ц.Амарболдын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Улаанбаатар банкны нотариатын газраар орж 30.000 ам долларыг 2 сарын хугацаатай сарын 1,6 хувийн хүүтэй буцааж өгнө гэж хуурамч гэрээ байгуулсан. Яагаад залилан мэхэлсэн гэвэл 2014 оноос эхэлж миний итгэлийг олж хуурамч зүйл хийгдэж байгаагаа надад үнэн мэтээр итгүүлж байсан өөрийнх нь хэлсэнээр Америкийн нэгдсэн улсын хөрөнгийн бирж дээр хувьцаа авч зарна гэж надад итгүүлсэн. Бид хоёрын дунд ямар ч хамтарч ажиллах бичгээр болон амаар ярьсан зүйл байхгүй болно харин надаас 2 сарын хугацаатай 1,6 хувийн хүүтэй авсан. Улмаар би Эрдэнэбилэгт 2 сарын хугацаатай мөнгө өгсөн бөгөөд Өмнөговь аймагт байрлалтай хоосон хашааг надад барьцаанд өгөхдөө газрын гэрчилгээг өгч удахгүй бүх бичиг баримтыг нь чам дээр шилжүүлж өгнө гэж бас залилан мэхэлсэн байдаг. Одоо Өмнөговь аймагт байдаг гэх газар нь Эрдэнэбилэгийг нэр дээр биш байх анхнаасаа бүх зүйлийг судалж үзээд зээлийн гэрээ хийх нь энэ хүний хувьд зүгээр цаас гэдгийг мэдэж байсны үндсэн дээр миний итгэлийг олох аргаар намайг залилан мэхэлсэн байдаг. Эрдэнэбилэг нь 2014 оны сүүлээс эхэлж өөрийнхөө хуурамчаар зохиосон и-мейл хаягнаасаа надруу хуурамч и-мейл хаяг бичдэг байсан нь тогтоогдсон үүнийгээ 2016 оны 02 дугаар сард өөрөө хүлээн зөвшөөрсөн байдаг тэр хуурамчаар бичсэн и-мейл хаягууд нь надад баримттайгаа байгаа болно. 2015 онд намайг хуурч мэхэлж авахдаа 8 дугаар сард одоо л чиний 30.000 ам долларыг буцааж өгөх гээд байна 8.000.000 сая төгрөг байвал чамаас авсан бүх мөнгөө аваад чиний мөнгийг буцааж өгнө гэж өөрт нь итгэсэн итгэлийг ашиглаж мөн миний итгэлийг эвдэж, 2015 оны 8 дугаар сард дахин надаас 8.000.000 сая төгрөг авч залилан мэхэлсэн байдаг. Энэ мөнгийг Америкт байгаа мөнгөө авахын тулд татвар төлнө гэж надад итгүүлэх арга замаар авсан байдаг. Мөн ингэж итгүүлэхдээ хуурамч и-мейл хаягнаасаа өөрийнхөө и-мейл хаягруу англи хэлээр бичсэн и-мейл хаягийг надад харуулж итгүүлэх аргаар энэхүү 8 сая төгрөгийг дахин залилан мэхэлсэн байна.” гэх мэдүүлэг /1хх-ийн 11-12х/,
хохирогч Ш.Энхмэндийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Би Өлзийсайхан овогтой Эрдэнэбилэг гэх хүнийг 2016 оны 4 дүгээр сараас эхэлж манай ажил дээр ирээд би өөрөө Америкийн нэгдсэн улсын Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр гэрээ худалдаж авдаг гэж хэлсэн. Тухайн үед нь таньж мэдэхгүй хүнд учраас Ө.Эийг бизнес төлөвлөгөө шаардахад 2016 оны 4, 5, 6, 7, 8, 9, 10 cap хүртэл судалгаанууд бэлдэж ирдэг байсан. Энэ судалгааг бэлдэж ирэх бүрдээ яаралтай хөрөнгө оруулалтаа хийгээч Нью-Йоркийн хөрөнгийн бирж дээр арилжаагаа хиймээр байна гэсэн. Тэгээд эхний ээлжинд 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Худалдаа хөгжлийн банкаар дамжуулж Ө.Эийн Нью-Йоркийн Теди Амери трейдинг компани харилцах дансанд 2700 доллар шилжүүлсэн. Тэр өдрөө "Жон дер" компани хувьцааг худалдаж аваад маргааш нь зарсан тэгэхэд 2700 доллар маань 3050 хавьцаа доллар болсон тэрийг нь манайх хянаад шалгаж байсан.
- 2016 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр 1200 доллар
- 2016 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр 900 доллар
- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр 20.000 доллар энэ мөнгийг хийсэн шалтгаан нь Ө.Э 20.000 доллартай байхгүй бол болохгүй байна өмнөх мөнгөө авч чадахгүй байна гэсэн учраас 20.000 долларыг хийсэн байгаа. Ингээд нийтдээ 35.000 доллар оруулчихаад, 35.000 доллараа 68.000 доллар болготол өсгөсөн тэгээд Ө.Эт энэ мөнгөө татах хэрэгтэй байна гэсэн чинь ганц боломж олгооч би өөрөө байрны зээлтэй зээлээ төлөх хэрэгтэй байна та надад 14 хоногийн хугацаа олгооч би таны мөнгийг өсгөж өгчихөөд буцаагаад өгнө гэж хэлсэн хэрэв мөнгө алдах юм бол өөрөө хариуцлагаа хүлээнэ гээд боломжийг нь олгосон. Тэгээд Ө.Э өсгөсөн мөнгөө 18.000 доллар хүртэл алдсан байсан энийг нь бид нарын зүгээс мэдсэн.
- 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр 5100 доллар
- 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 1122 доллар
- 2016 оны 12 дугаар сарын 12-ны өдөр 1000 доллар
- 2016 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 38.000 доллар шилжүүлсэн ингээд нийтдээ 110.000 ам доллар шилжүүлсэн байгаа.” гэх мэдүүлэг /1хх-ийн 156-157х/,
хохирогч Ш.Батжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Занабазарын худалдаа хөгжлийн банкин дотор Ө.Эт 30.000 долларыг өгсөн, өгөх болсон шалтгаан гэвэл өмнө нь Ө.Этэй 2016 оны 11 сараас хойш хугацаанд манай төрсөн эгч Ш.Энхмэнд нь бага багаар мөнгө өгч арилжаа хийлгэдэг болохыг мэддэг мэдээлэлтэй байсан юм. Намайг мөнгө өгөхөөс өмнө эгч Ш.Энхмэнд тодорхой хэмжээний мөнгө өгчихсөн байсан бөгөөд тэгээд тэр мөнгөнүүдийг татаж авсан одоо арилжаа хийхэд мөнгөгүй байна гэсний дагуу арилжаа хийлгэхээр 30.000 ам долларыг өгөх болсон юм. 2016 оны 11 дүгээр сараас 2017 оны 4 дүгээр сарын 01-ний хооронд Ш.Энхмэнд бид хоёрт өгч байсан мэдээлэл нь бүгд худлаа байсан үүнийгээ өөрөө ч хүлээн зөвшөөрсөн байдаг. Анх Ө.Э бид хоёрын тохиролцсоноор зөвхөн миний зөвшөөрлөөр арилжаанд оролцож явна гэсэн байдаг гэтэл Ө.Э нь шунахайн сэдэлтээр бид нараас нууцаар бид нарын өгсөн мөнгийг захиран зарцуулж байсан...” гэх мэдүүлэг /2хх-ийн 96-97х/,
гэрч Б.Мөнхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... Манай найз Идэрээ 2013 онд Испаниас амралтаар ирсэн байсан юм. Тэр үед надтай Ө.Э гэх залууг танилцуулсан юм. Ө.Эрдэнбилэг нь надад хэлэхдээ хөрөнгийн бирж дээр окшин гэрээний арилжаа хийдэг энэ нь хугацаатай тэр хооронд нь арилжаа хийдэг уналт болон өсөлтөөс ашиг олдог талаар хэлж байсан. Тэрнээс хойш надаас салахгүй байнга ирдэг болсон юм. Тухайн үед надад хөрөнгө оруулаач гэсэн саналыг тавьдаг байсан. Би ч түүнд туслах бодолтой байсан учир нь би өмнө бас л бизнес хийх гээд олон хүнээс мөнгө төгрөг асуугаад зээлээд явж байсан удаа олон л байдаг учраас түүнийг дэмжихийг хүссэн. Ингээд 2013 оноос хойш хугацаанд надаас зогсоо зайгүй гуйж гувшсаар байгаад миний хувьд 25.000 долларын хөрөнгө оруулалт хийж арилжаанд оролцуулж олсон ашгаа хөрөнгө оруулагч тал буюу би 70 хувийг харин Эрдэнэбилэг 30 хувийг авахаар тохиролцсон байдаг. Ө.Эт залилуулсан гэх нэр бүхий хүмүүс миний утсаар холбогдож Ө.Эийн талаар тодруулж байсан тэгээд надтай хүртэл ирж уулзсан байдаг...” гэх мэдүүлэг /2хх-ийн 101-102х/,
"Амери Трейд" ХХК-ийн шүүгдэгч Ө.Эийн харилцах дансанд үзлэг хийсэн тухай тэмдэглэл /2хх-ийн 62-64х/, Ц.Амарболд, Ө.Э нарын хооронд хийсэн барьцааны гэрээ, зээлийн гэрээ /хх-ийн 32, 33х/, “ХААН” банкны Ө.Өлзийсайханы харилцах депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 77-100х/, Шүүх сэтгэц эмгэг судлалын №370 тоот дүгнэлт /2хх-ийн 7х/, Монгол банкны ханшны лавлагаа /2-р хх-ийн 45-53х/, эд мөрийн баримаар хураагдсан СиДи 1 ширхэг болон бусад хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Ө.Э нь их сургуулийн нэг ангийн оюутан найз болох хохирогч Ц.Амарболдыг урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж “брокерийн арилжаа хийж мөнгө өсгөнө, хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй, мөнгө хүүтэй зээлээч, барьцаанд нь Өмнөговь аймагт байрлалтай хоосон хашаа нэр дээр чинь шилжүүлнэ, ... чамаас зээлсэн мөнгөө буцааж өгөх гээд байна, татварт 8 сая төгрөг төлвөл мөнгө орж ирэх гээд байна...” гэх мэтээр хуурч, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж хохирогч Ц.Амарболдод өөрийн зохиосон хуурамч цахим захидал явуулах зэргээр залилан их хэмжээний хохирол учруулсан, мөн хохирогч Ш.Энхмэнд, Ш.Батжаргал нарт “”Амери трейд” брокерийн компанид хамтран ажиллаж, компаний хувьцаа, гэрээ зэргийг худалдан авч бирж дээр арилжан мөнгийг чинь өсгөж өгье” гэж хуурч бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулан хэд хэдэн гэрээ, хувьцаа худалдан авсан мөнгө чинь өсөж байгаа мэтээр итгүүлэн залилан их хэмжээний хохирол учруулсан гэмт үйлдэлд нь Чингэлтэй дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ө.Эт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч Ц.Амарболдоос шүүгдэгч Ө.Э нь нийт 61.760.000 төгрөг хуурч, залилан авсан болох нь тогтоогдож байх ба үүнээс нийт 30.000.000 төгрөгийг нь буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ц.Амарболдын өгсөн мэдүүлэг, хавтас хэрэгт авагдсан баримтуудаар /1хх-ийн 39-43х/ тогтоогдож байна. Иймд одоо хохирогч Ц.Амарболдод шүүгдэгч нь нийт 31.760.000 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй байна.
Хохирогч Ш.Энхмэндээс шүүгдэгч Ө.Э нь нийт 85.746.271 төгрөгийг залилан авсан болох нь тогтоогдож байх ба үүнээс 700 ам доллар буюу 1.762.500 төгрөгийг буцаан өгсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хохирогчийн өгсөн мэдүүлгээр тогтоогдож байна. Иймд одоо хохирогч Ш.Энхмэндэд шүүгдэгч Ө.Э нь нийт 83.983.771 төгрөгийн төлбөртэй байна.
Харин хохирогч Ш.Батжаргалаас шүүгдэгч Ө.Э нь нийт 74.208.900 төгрөгийг хуурч, залилан авсан болох нь тогтоогдсон бөгөөд үүнээс буцаан төлсөн төлбөргүй байна.
Шүүх дээрхи байдлаас дүгнэж үзээд: шүүгдэгч Ө.Эээс нийт 188.221.571 төгрөгийг гаргуулж, хохирогч Ц.Амарболд, Ш.Энхмэнд, Ш.Батжаргал нарт оногдох хувиар нь олгуулах нь зүйтэй гэж шүүх үзэв.
Хохирогч нарт учирсан хохиролын хэмжээг тогтоохдоо Ө.Эийн хохирогч нараас ам доллар авсан үеийн Монгол банкны ханшаар /хавтас хэрэгт баримтаар авагдсан байгаа/ тооцсон байх ба шүүхийн хэлэлцүүлэгт хохиролын хэмжээтэй хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн болно.
Шүүгдэгч Ө.Эт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, учруусан хор уршигийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохиролын заримыг төлж барагдуулсан, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч буй байдал, хувийн байдал зэргийг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулав.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэг нь хэрэгт ач холбогдол бүхий баримт байх тул хэрэгт нь үлдээхээр шийдвэрлэв.