Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 09 өдөр

Дугаар 2025/ДШМ/1392

 

2025           12            09                                                                                        2025/ДШМ/1392

 

   Ж.О-д холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор О.Даваахүү,

шүүгдэгч Ж.О-, түүний өмгөөлөгч Д.Ганбаатар,   

нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2363 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Ж.О-д холбогдох 2509 01703 0915 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Б- овогт Ж-ийн О-, ..........,

урьд: - Архангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийн 123 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн. /РД: ....../,

 

Шүүгдэгч Ж.О- нь 2025 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 30 минутын үед Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Тээврийн цагдаагийн албаны урд талын зам дээр өөрийн эзэмшлийн .... УКК улсын дугаартай "Тоёота приус 51" загварын тээврийн хэрэгсэлтэйгээ явж байх үедээ хохирогч З.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Сүхбаатар дүүргийн прокурорын газар: Ж.О-ийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: “…шүүгдэгч Б- овогт Ж-ийн О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан "хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийг 800 /найман зуун/ нэгж буюу 800.000 /найман зуун мянган/ төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ийн торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй тогох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдаж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.О-ээс нийт 40.000 /дөчин мянган төгрөгийг гаргуулан, хохирогч З.А- /РД: ...../-д олгож, 1 /нэг/ сарын хугацаанд уг хохирлыг төлж барагдуулахаар тогтоож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хохирогч З.А- нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхгийг хэрэгт үлдээхээр...” шийдвэрлэжээ.

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатар давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д "гэмт хэргийн шинжгүй" үндэслэлээр шүүхээс хэрэгсэхгүй болгох нотлох баримтыг харгалзан үзээгүйд гомдолтой байна.

Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн А/225, А/153, A/85 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан "Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 2 дугаар зүйлд Шинжилгээ хийх зарчимыг тусгасан байх бөгөөд 2.3 болон 2.4-д "Эмнэлэгийн баримт бичиг нь эх хувь, эсхүл баталгаажсан хуулбар байна", "Эмнэлгийн баримт бичигт гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан, эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг, тэдгээрийг агуулсан тусгай тээгч байна" гэж заасан.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч О.Ариунзулын 2025 оны 04 дүгээр сарын 07-ны 07-н өдөр үйлдсэн ЕГО725/4977 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"- ийн "Зовиур" хэсэгт "толгой өвдөнө, зүүн нүд хатгаад байна" гэх боловч "Үзлэг" хэсэгт ямар нэг сөрөг шинж тэмдэг илрээгүй байдаг.

Харин "Хэсэг газрын үзлэг" хэсэгт "Зүүн нүдний алимны салст тархмал улайлттай, 12-5 цагийн түвшинд илүүтэй улайсан. Зүүн нүдний дээд доод зовхийг хамарсан 4*3 см талбайд хавдсан, эмзэглэлтэй, цус хуралт үгүй, Артерийн даралт 137/88мммубь судасны цохилт 80 удаа" гэх боловч энэ нь хохирогч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр буюу хэрэг учрал болсон өдрөөс хойш даруй 3 хоногийн дараа Sasureа гэх эмнэлэгт үзүүлж "Нүдний битүү гэмтэл, салст бүрхэвчийн улайлт гэх эмч Ж.Март гэх хүний оношид үндэслэсэн байдаг.

Хохирогч Sasurea гэх эмнэлэгт үзүүлсэн баримт болох эмнэлэгийн баримт бичиг болох гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн баталгаажсан өвчтөний тусгагдсан, эмчийн гарын түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг зэрэг баримтууд хавтаст хэрэгт огт авагдаагүй байх бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч нарын зүгээс цагаатгах байр суурьнаас мэтгэлцэх боломжгүй нөхцөл байдлыг үүсгэсэн.

Учир нь хэдийгээр хавтаст хэрэгт авагдсан гэрч, хохирогч нарын зүгээс шүүгдэгч Ж.О- хохирогчийг унатал нь цохьсон гэх боловч дээрх үйл баримтыг шүүгдэгч үгүйсгэдэг.

Тодруулбал, шүүгдэгч Ж.О- хохирогчийн унатал цохьсон гэх үйл баримтад шүүгдэгчийн гар атгалтын хүрээ /том байдал/ хохирогчийн нүдэнд үүссэн гэх гэмтэлтэй таарч тохирох эсэх нь эргэлзээтэй,

Хоёрдугаарт, хавтаст хэрэгт авагдсан цагдаагийн албан хаагчийн энгэрийн камерийн бичлэгт хохирогч бусдад цохиулсны дараах үйл баримт гэх боловч хохирогчийн байгаа байдал нь нүүр хэсэг, тэр дундаа нүдэндээ унаталаа цохиулсан хүний шинжгүй, гараа халаасандаа хийсэн байдалтай зогсож байдаг. Өөрөөр хэлбэл хэрэг учрал болсон гэх цаг мөчид хохирогчийн эрүүл мэнд сарнисан байх нөхцөл байдал тогтоогдоогүй байтал шүүхээс хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн.

"Хүний эрүүл мэндэд учруулсан хохирлын зэрэг тогтоох журам"-ын 1.4-д хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэглэлийг тогтооход харгалзах шинжүүдийг тогтоосон.

Үүнд:Амь насанд аюултай эсэх; Эрүүл мэнд сарниулах хугацаа;Гэмтлээс үүссэн үлдэц уршиг, Хөдөлмөрийн чадвар алдалт. Уг журмын 3.1.1-д "гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямрал нь эрүүл мэндийг дөрвөн долоо хоногоос доош буюу түр хугацаагаар сарниулсан. 3.1.2-д "ерөнхий хөдөлмөрийн чадвар бага хэмжээгээр буюу 5-10%- аар тогтонги алдагдсан" зэрэг нөхцөл байдлуудыг тогтоосон байхыг шаардаж байна.

Гэтэл шүүх эмнэлэгийн 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ЕГО725/4977 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-д гэмтэл, түүнээс үүссэн эд эрхтний бүтэц, үйл ажиллагааны хямралын талаар огт дурдаагүйгээс гадна, хөдөлмөрийн чадвар алдалтын зэргийг огт харгалзаагүй байдаг.

Иймд анхан шатны тойргийн шүүхээс шүүх эмнэлэгийн 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГО725/4977 дугаартай "Шинжээчийн дүгнэлт"-ийг нотлох баримтаар үнэлж шүүгдэгч Ж.О-ийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулсан тул Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2363 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүйд тооцож шүүгдэгч Ж.О-ийг цагаатгаж өгнө үү.

Шүүгдэгч Ж.О- болон хохирогч 3.А- нарын хооронд үүссэн маргааныг Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу шалгаж холбогдох этгээдэд зөрчлийн шийтгэл оногдуулах нь хуульд нийцнэ гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байна...” гэв.

 

Шүүгдэгч Ж.О- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Би хохирогч З.А-ыг цохиогүй, хохирогч “миний нүүр лүү 3 удаа нулимсан” тухайн үеийн бичлэгийг тээврийн хэрэгслийн камерын бичлэгээс хуулж авах талаар мөрдөгчид хэлсэн. Энэ талаарх мөрдөн шалгах ажиллагаа явуулаагүй, мөрдөгч намайг дуудаж мэдүүлэг авсны дараа прокуророос яллах дүгнэлт үйлдсэн. Тухайн хэрэг 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдөр болсон. Прокурор О.Даваахүү “Ж.О- шүүхээр явахад хэцүү шүү, чи хийсэн хэргээ хүлээн зөвшөөрчих, чамд аль болох бага ял оногдуулах боломжтой” гэж хэлсэн. Би 4 хүүхэдтэй, элгэний хавдартай, таксинд явж мөнгө олж гэр бүлээ тэжээдэг. Прокурорын хэлснээр хүлээн зөвшөөрсөн нөхцөлд би хохирогчийн нүдэнд цохисон больчих гээд байсан. Би үндэсний бөхөөр барилддаг сумын заан цолтой хүн хохирогчийг цохисон нөхцөлд хохирогчийн дотор талд гэмтэл учруулахаас илүүтэй хохирогчийн гадна талд их хэмжээний хохирол учруулах боломжтой. Гэрчээр мэдүүлэг өгсөн хүн миний тээврийн хэрэгслийн араас мөргөсөн согтуу эмэгтэй байсан. Гэтэл надтай хамт тухайн үед явсан миний ахыг гэрчээр дуудаж мэдүүлэг аваагүй, хохирогч З.А- “prius унасан гуйлгачин минь гээд 3 удаа миний нүүр лүү нулимсан”. Прокурор “хүний нүүр лүү нулимахад ял байдаггүй” гэж хэлсэн. Одоо би хүнтэй маргалдсан үедээ нүүр лүү нь нулимаад явж байх ёстой юм байна гэж ойлгосон. Би энэ талаар гомдол гаргахад зөрчлийн хэрэг ч нээж шалгаагүй, би цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Дуудлагаар ирсэн цагдаа тухайн зам тээврийн осолд намайг буруутгаж “Ж.О- чиний буруу” гээд байсан, тухайн асуудлыг давж заалдах шатны шүүх хүртэл хүндрүүлж байгаа хүн тухайн хэргийн газар ирсэн цагдаа юм. Тухайн цагдаагийн талаар би байгууллагын даргад нь гомдол гаргаж, хэргийн газрын бичлэгийг үзүүлсэн. Гэтэл дарга нь тухай цагдааг дууж уулзсан. Гэтэл миний зөв болж таарсан. Тухайн хохирогчтой маргалдаж би түлхэж унагаасан. Харин цохисон үйлдэл байхгүй, хохирогч намайг удаа дараа дарамталсан “3,300,000 төгрөг өг” гэж хэлсэн. Надад өмгөөлөгчийн мөнгө байхгүй учраас улсаас үнэгүй өмгөөлөгч авсан. Хохирогч З.А- хуульч хүн байсан цагдаагийн хажууд “би хуульч хүний хувьд чамайг гөлөг болгоно” гэж хэлсэн. Би “халхын нутагт чамд доромжлуулахгүй шүү” гэж хэлсэн. Эцсийн бүлэгт согтуу эмэгтэй миний тээврийн хэрэгслийг мөргөчихөд ахыгаа авч ирчихэд мөнгө нэхсэн. Гэтэл прокурор хохирогчийн “нэхсэн мөнгийг өгч болохгүй” гэж хэлсэн. Монгол улсын шүүхийг би шударга гэж бодож явдаг. Хохирогчийн нэхсэн 3,300,000 төгрөгийг өгөх боломж надад байхгүй. Мөрдөгч “Ж.О- та хүн зодсон гэдгээ хүлээн зөвшөөрчих хохирогчийг газар унагаад дэвсэж байсан бичлэг надад байна” гэж хэлсэн. Би “тухай бичлэгийг үзье” гэхэд мөрдөгч “үгүй” таныг “гарын үсэг зурсны дараа бичлэгийг үзүүлнэ” гэж хэлсэн...” гэв.

 

Прокурор О.Даваахүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Ж.О-д холбогдох хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад авагдсан баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийг зөрчөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу нотлох баримт цугларсан. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татаж, үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг тогтоохоор шүүхэд шилжүүлсэн. Прокуророос Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 04 дүгээр сарын 17-ны өдрийн 4977 дугаартай шинжээчийн дүгнэлт, шүүхийн шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 1 дэх заалтад “хохирогч З.А-ын зүүн нүдний салсад улайлт, зүүн нүдний зовхины дээд, доод хэсэгт зөөлөн эдийн гэмтэл” тогтоогддог. Дээрх гэмтэл нэг удаагийн үйлдлээр мохоо зүйлээр үүсэх боломжтой. Мөн хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах учраас хохирлын хөнгөн зэрэг тогтоогдсон талаарх шинжээчийн дүгнэлт гарсан. Шүүгдэгчээс “хохирогч З.А-ыг эмчид үзүүлсэн эргэлзээтэй нотлох баримт хэрэгт авагдсан” гэж байна. Хохирогч 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр эмнэлэгт үзүүлсэн талаарх 40,000 төгрөг төлсөн баримт гаргаж өгсөн. Дээрх баримт анхан шатны шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан. Ж.О-ийг 2025 оны 06 дугаар сарын 04-ний өдөр прокурорын тогтоол танилцуулахаар дуудан ирүүлсэн. Гэтэл яллагдагч Ж.О- “тогтоолтой танилцаж гарын үсэг зурахгүй мэдүүлэг, тайлбар, өгөхөөс” татгалзсан. Тухайн өдөр олон нийтийн мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгсөн. Тухайн ярилцлагын дараа прокурортой биечлэн ирж уулзсан. Прокуророос яллагдагч Ж.О-д “үйлдсэн гэмт хэргийн гэм бурууг хүлээн зөвшөөрөх нь таны эрхийн асуудал, харин хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хохирол төлбөрөө төлсөн байх шаардлагатай талаар” танилцуулсан. Энэ асуудлыг шүүгдэгч Ж.О-ийн зүгээс “прокурор надад хэрэг тулгасан” гэх байдлаар давж заалдах шатны шүүхийн хэлэлцүүлэгт дурдаж байна. Энэ талаар нотлох баримт прокурорын газрын серверт хадгалагдсан учраас шаардлагатай үед нотлох баримтыг гаргуулан авч холбогдох байгууллагад шалгуулах эрх нь нээлттэй. Энэ нөхцөл байдлаас бусдаар Ж.О-т хэрэг тулгасан нөхцөл байдал байхгүй. Иймд шүүгдэгч Ж.О-, түүний өмгөөлөгчийн Д.Ганбаатар нарын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар Ж.О-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.

Прокуророос Ж.О-ийг 2025 оны 3 дугаар сарын 28-нд 14 цаг 30 минутын үед хохирогч З.А-ын эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгон яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хүлээн авч, 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд 2025/ШЦТ/2363 дугаар шийтгэх тогтоолоор Ж.О-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцож ял шийтгэсэнийг давж заалдах шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “шүүхийн тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй;”, мөн хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “дүгнэлтэд ноцтойгоор нөлөөлж болох нөхцөл байдлыг шүүх анхаарч үзэлгүй орхигдуулсан;” гэснийг баримтлан шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Учир нь, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатараас “...шинжээч гэмтлийн зэрэг тогтоосон дүгнэлт гаргахдаа ямар бичиг баримтыг үндэслэсэн бэ? энэ талаарх бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байна...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.

Хэргээс үзэхэд, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн ЕГ0725/4977 дугаар шинжээчийн дүгнэлтээр “...3.А-ын биед зүүн нүдний салстын улайлт, зүүн нүдний дээд доод зовхины зөөлөн эдийн гэмтэл тогтоогдож, уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Мөн уг гэмтэл нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” /хх 33-34/ гэжээ.

Энэхүү шинжээчийн дүгнэлтэд “Sasurea эмнэлэг 2025/03/31-ны нүдний эмчийн үзлэг: ...онош: нүдний битүү гэмтэл, салст бүрхэвчийн улайлт... эмч: Ж.Март” гэж тэмдэглэсэн атлаа уг үзлэгийн баримт бичиг хэрэгт хавсаргагдаагүй байна.

Тодруулбал, Эрүүл мэндийн сайд, Хууль зүй, дотоод хэргийн сайд, Улсын Ерөнхий прокурорын хамтарсан 2024 оны 5 дугаар сарын 21-ний өдрийн А/225/А/153/А/85 дугаар тушаалаар баталсан “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоох журам”-ын 2.4-т “Эмнэлгийн баримт бичигт гэмтлийн шинж, эмнэл зүйн явц, шинжилгээний үр дүн, онош бүрэн тусгагдсан, эмчийн гарын үсэг, тэмдгээр баталгаажсан өвчтөний түүх, амбулаториор эмчлүүлэгсдийн карт, хяналтын карт, яаралтай тусламжийн хуудас, лабораторийн болон багажийн шинжилгээний зураг, бичлэг, тэдгээрийг агуулсан тусгай тээгч байна” гэж журамласан байхад хохирогч З.А-ын “Sasurea” эмнэлэгт үзүүлсэн гэсэн үзлэгийн хуудас болон ямар нэгэн баримт, бичиг хэрэгт хавсаргагдаагүй байна.

Өөрөөр хэлбэл, шинжээчийн дүгнэлтийг гаргахад үндэслэл болсон бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй нөхцөл байдал нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болж байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “...эсхүл энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13-т “нотлох баримт цуглуулж, бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн талаар гаргасан гомдол”-ыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэж хуульчилсан болохыг дурдаж байна.

Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэв.

Ийнхүү шийтгэх тогтоолыг хүчингүй болгосонтой холбогдуулан шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

  1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 2025/ШЦТ/2363 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
  2. Шүүгдэгч Ж.О-ийн өмгөөлөгч Д.Ганбаатарын гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авсугай.
  3. Шүүгдэгч Ж.О-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
  4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Т.АЛТАНТУЯА

ШҮҮГЧ                                                            Б.БАТЗОРИГ

ШҮҮГЧ                                                           Н.БАЯРМАА