| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжавын Баярмаа |
| Хэргийн индекс | 2408 00022 1325 |
| Дугаар | 2025/ДШМ/1393 |
| Огноо | 2025-12-09 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 2025/ДШМ/1393
2025 12 09 2025/ДШМ/1393
А.Г-од холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Батзориг, шүүгч Н.Баярмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Ж.Цээрүүгүндүү,
шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн,
нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Д.Мөнхтуяа даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2369 дүгээр шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч хохирогч Б.О-ын гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч А.Г-од холбогдох 2408 00022 1325 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баярмаа илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овогт А-ийн Г-, ..........,
урьд: - Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдэж, 2021 оны 10 дугаар сарын 9-нд дуусгавар болсон,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 9 дүгээр сарын 17-ны өдрийн 649 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хэргийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял шийтгэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас биелүүлээгүй үлдсэн 648 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг 1 хоногоор тооцож, нэмж нэгтгэн нийт 1 жил 81 хоног хорих ял шийтгэж, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн магадлалаар Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.1 дүгээр зүйлд зааснаар оногдуулсан 1 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 8 сар 28 хоног хорих ялыг 268 хоног зорчих эрх хязгаарлах ялаар сольж, Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 39 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 720 цагаас эдлээгүй үлдсэн 648 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг тус тусад нь эдлүүлэхээр өөрчилж, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 4 дүгээр сарын 20-ны өдрийн 1210 дугаар захирамжаар зорчих эрхийг хязгаарлах ялыг 24 хоног хорих ялаар сольж, 2023 оны 5 дугаар сарын 14-ний өдөр хугацаа дуусч суллагдсан,
- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ны өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сар хорих ял шийтгүүлсэн, /РД:......./
Шүүгдэгч А.Г- нь:
“...1. 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин агуулах худалдаа"-ны төвд иргэн Д. Э-гийн нь Samsung А33 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 629,970 төгрөгийн хохирол учруулсан,
2. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2023 оны 11 дүгээр сарын 29-ны өдрийн иргэн Б.С- нь Samsung А90 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан,
3. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн орчим 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн О.Э-гийн халааснаас Samsung Эс21 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 825,000 төгрөгийн хохирол учруулсан,
4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн Бокс молл худалдааны төвд 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр хохирогч Ж.О-ийн эзэмшлийн Samsung С24 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан,
5. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Идэр заан дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т.Т-гийн эзэмшлийн Samsung А13 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 325,000 төгрөгийн хохирол учруулсан,
6. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, “U kombini” үйлчилгээний төвийн орчим 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.О-ын эзэмшлийн Samsung А53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 973,600 төгрөгийн хохирол учруулсан,
7. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн орчим 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Х.Э-гийн эзэмшлийн Samsung А53 загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан...” гэмт хэрэгт холбогджээ.
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газар: А.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Хохирогч Б.О- давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: “...Миний бие анхан шатны шүүх хуралдаанд оролцоогүй бөгөөд шийтгэх тогтоолд "Сонгинохайрхан дүүргийн 29 дүгээр хороо, “U kombini” үйлчилгээний төвийн орчим 2023 оны 6 дугаар сарын 03-өдөр иргэн Д.О-ын эзэмшлийн Самсунг А53 маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 973.600 төгрөгийн хохирол учруулсан" гэж миний овог болон гар утсаа алдсан дүүргийг буруу бичсэн. Тиймээс шийтгэх тогтоолд Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо "U combine" дэлгүүр гэж, Б- овогтой О- гэж зөвтгүүлж бичүүлэх хүсэлтэй байна. Мөн хохиролын үнэлгээг багаар тогтоосонд гомдолтой байна. Би Самсунг А53 маркийн гар утсыг Сайн электроникс дэлгүүрээс лизингээр аваад 3 сар болж байсан. Тиймээс өөрөө барьж эдлээгүй, хэрэглээгүй тул тухайн үеийн авсан үнийн дүнгээр нь А.Г-оос гаргуулах хүсэлтэй байна. Иймд миний гаргасан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү...” гэжээ.
Шүүгдэгч А.Г- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Дахин гэм хэрэг үйлдэхгүй, үйлдсэн хэрэгтээ гэмшиж байна...” гэв.
Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваасүрэн тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...шийтгэх тогтоолоор оногдуулсан хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлж байна. Шүүгдэгч А.Г-ын нөхөр нас барсан, бага насны 3 хүүхэдтэй, өндөр настай эцэг, эхийн хамт амьдардаг. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.
Прокурор Ж.Цээрүүгүндүү тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирлын үнэлгээг гаргуулсан. Хохирогч Д.О-т учирсан хохирлын үнэлгээг 973,000 төгрөгөөр тогтоосон. Мөрдөн шалгах ажиллагааны явцад шинжээчийн дүгнэлттэй холбоотой хохирогчоос хүсэлт гаргаж байгаагүй, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа хохирогч Д.О- “хохирлыг хүлээн зөвшөөрөхгүй” гэж давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан хууль зүйн үндэслэлгүй. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн овгийг буруу бичсэн техникийн шинжтэй алдаа учраас зөвтгөх боломжтой. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд хохирогч Д.О-ыг овгийг солих өөрчлөлт оруулах хууль зүйн үндэслэлтэй. Харин хохирогчийн үнэлгээтэй холбоотой асуудлыг хэвээр үлдээх саналтай байна...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх А.Г-од холбогдох эрүүгийн хэргийг хэлэлцэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсгүүдэд зааснаар хэргийн шийдвэр, ажиллагааг хохирогчийн гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
1. Шүүгдэгч А.Г- нь:
1.1 2023 оны 11 дүгээр сарын 01-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Номин агуулах худалдаа"-ны төвд иргэн Д.Э-гийн нь “Samsung А33” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 629,970 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын хуудас /1хх 13, 16/,
- хохирогч Д.Э-гийн: “...би Samsung A33 загварын гар утсаа 2022 оны 12 дугаар сарын 15-нд 1.239.000 төгрөгөөр авсан...” /2хх 22-23/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 37-38/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “...Samsung А33 загварын, 2022 оны 6 сард худалдан авсан гар утас 629.970 төгрөг...” /2хх 49-52/,
- шүүгдэгч А.Г-ын: “...2023 оны 11 дүгээр сарын 12-ны Номин худалдааны төв рүү орсон тухайн үед үйлчлүүлж байсан эмэгтэй хүний халааснаас Samsung A- 33 загварын гар утас хулгайлсан тухайн гар утсаа гадуур явж байгаад танихгүй хүнд худалдан борлуулсан....” /1хх 61-62, 2хх 34, 77-78/ зэрэг нотлох баримтуудаар,
1.2. Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 21 дүгээр хорооллын автобусны буудал дээр 2023 оны 11 дүгээр сарын 29-нд иргэн Б.С- нь “Samsung А90” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч 400,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын хуудас /2хх 134, 136/,
- хохирогч Б.С-гийн: “...би Samsung A90 загварын гар утсаа 2023 оны 11 дүгээр сарын 15-нд 800.000 төгрөгөөр авч байсан...” /2хх 140-141/,
- “Тэнцвэр Эстимэйт” ХХК-ийн 2023 оны 12 дугаар сарын 3-ны өдрийн дүгнэлт: “...samsung A90 загварын 5g гар утас 400.000 төгрөг...” /2хх 149-150/,
- камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 155-158/,
- шүүгдэгч А.Г-ын: “...2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 19 дүгээр хороо 21-р хорооллын автобусны буудал дээр эмэгтэй хүний халааснаас Samsung G90 5g загварын гар утас хулгайлан аваад тухайн гар утсаа хулгайлсан өдрөө 100.000 төгрөгөөр танихгүй хүнд худалдан борлуулсан...” /1хх 61-62, 2хх 145, 173/ зэрэг нотлох баримтуудаар,
1.3. Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн орчим 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн О.Э-гийн халааснаас “Samsung S21” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч 825,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 209/,
- насанд хүрээгүй хохирогч О.Э-гийн: “...би Samsung S21 загварын гар утсаа алдасан...” /2хх 214/,
- хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн: “...алдсан гар утсаа 900.000 төгрөгөөр үнэлж байна...” /2хх 218-219/,
- “Дамно” ХХК-ийн 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...samsung s21 загварын 2023 оны 9 сард худалдаж авч байсан гар утас 825.000 төгрөг...” /2хх 227-228/,
- хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /2хх 231-234/,
- шүүгдэгч А.Г-ын: “...2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баянгол 08 дугаар хороо 54 Ерөнхий боловсролын 54 дүгээр сургуулийн гадаа нэг эмэгтэй хүүхдээс Samsung S21 загварын гар утас хулгайлан авсан тухайн гар утсаа өөртөө байлгаж байгаад гадуур явж байгаад танихгүй хүнд худалдан борлуулсан. 400.000 төгрөгөөр зарсан...” /1хх 61-62, 223, 2хх 249/ зэрэг нотлох баримтуудаар,
1.4. Чингэлтэй дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Бөмбөгөр худалдааны төвийн Бокс молл худалдааны төвд 2024 оны 8 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Ж.О-ийн эзэмшлийн “Samsung S24 ultra” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 2,800,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын хуудас /3хх 72-73/,
- хохирогч Ж.О-ийн: “...би өөрийн “Samsung S24 ultra” загварын гар утсаа алдсан. 2024 оны 6 дугаар сарын 18-нд 5.159.000 төгрөгөөр худалдаж авсан. Зах зээлийн ханшаар үнэлнэ...” /3хх 77-78/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 9-ний өдрийн шинжээчийн дүгнэлт: “...“Samsung S24 ultra” загварын 512gb багтаамжтай 2024 оны 6 дугаар сард худалдаж авсан гар утас 2.800.000 төгрөг...” /3хх 86-89/
- шүүгдэгч А.Г-ын: “...2024 оны 8 дугаар сарын 9-ний өдөр Чингэлтэй дүүргийн 2 дугаар хороо Бөмбөгөр худалдааны төвийн Бокс Молл худалдааны төв орох замдаа 40 гаран насны эмэгтэй хүний халааснаас Samsung S24 ultra загварын гар утас хулгайлан авсан. Тухайн гар утсыг удахгүй авчирч өгөөд хохирлоо барагдуулна...”/1хх 61-62, 3хх 82, 103/ зэрэг нотлох баримтуудаар,
1.5. Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Идэр заан дэлгүүрт 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдөр иргэн Т.Т-гийн эзэмшлийн “Samsung A13” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 325,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 245/,
- хохирогч Т.Т-гийн: “...би samsung A13 загварын гар утсаа 2023 оны 3 дугаар сарын 8-нд 530.000 төгрөгөөр авч байсан. 500.000 төгрөгөөр үнэлнэ.../1хх 250, 2хх 01, 3хх 9-10/, /нас барсан/
- таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл /3хх 16-22/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх 23-25/,
- “Дамно” ХХК-ийн шинжээчийн дүгнэлт: “...Samsung A13 загварын 2023 оны 3 дугаар сард худалдаж авсан гар утас 325.000 төгрөг...” /3хх 26-27/,
- шүүгдэгч А.Г-ын: “...надад хэлэх тайлбар байхгүй...” /3хх 61-62/ зэрэг нотлох баримтуудаар,
1.6. Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо, “U kombini” үйлчилгээний төвийн орчим 2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр иргэн Б.О-ын эзэмшлийн “Samsung А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсны улмаас хохирогчид 973,600 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1хх 49/,
- хохирогч Б.О-ын: “...би “Samsung A-53” загварын гар утсаа Сайн интернэшнэл ХХК-иас 2022 оны 12 дугаар сард 2.200.000 төгрөгийн зээлээр авч байсан. Зах зээлийн ханш буюу 2.200.000 төгрөгөөр үнэлүүлнэ...” /1хх 53-54/,
- Damno ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн дүгнэлт ...samsung А53 загварын хэрэглэж байсан, үзүүлэлт тодорхойгүй гар утас 973.600 төгрөг... /1хх 70-71/,
- камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /1хх 72/,
- шүүгдэгч А.Г-ын: “...2023 оны 6 дугаар сарын 3-ны өдөр Баянзүрх дүүрэг 29 дүгээр хорооны Нутаг дэвсгэрт нэг эмэгтэй хүний саарал хүрэмний баруун халааснаас Samsung A-53 загварын гар утас хулгайлан авсан. Би өөрөө нэг бөөргүй мөнгө олох боломж хэцүү мөн айлын хашаа түрээслэн амьдардаг байсан тиймээс мөнгөний хэрэг гардаг байсан, тухайн үедээ хүүхдээ өөрөө ганцаараа өсгөж байсан.../1хх 61-62/ ...350.000 төгрөгөөр худалдан борлуулсан.../1хх 97/ зэрэг нотлох баримтуудаар,
1.7. Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх худалдааны төвийн орчим 2024 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр иргэн Х.Э-гийн эзэмшлийн “samsung А53” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 525,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
- гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, дуудлагын хуудас /1хх 116-117/,
- хохирогч Х.Э-гийн: “...цэнхэр өнгөтэй Samsung А53 загварын гар утсаа алдсан. 2022 оны 12 дугаар сард 1.600.000 төгрөгөөр худалдаж авч байсан...” /1хх 120/,
- “Дамно” ХХК-ийн 2024 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн шинжээчийн дүгнэлт: “...samsung A53 загварын хуучин 128gb багтаамжтай сэв зураасгүй гар утас 525.000 төгрөг...” /1хх 130-133/,
- хяналтын камерт үзлэг хийсэн тухай тэмдэглэл /1хх 146-148/,
- шүүгдэгч А.Г-ын: “...Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх зах дотор явж байсан бөгөөд энэ өдөр би хоол зүйл цуглуулаад явж байсан харин нэг эмэгтэй хүн хажууд зогсож байхад халааснаас нь А-53 загварын гар утас хулгайлсан. Би тэр хүний гар утсыг тухайн хүнд нь буцаагаад өгсөн санагдаж байна. Гэхдээ би сайн санахгүй байна.../1хх 124/ ...200.000 төгрөгөөр худалдан борлуулсан... /1хх 163/ зэрэг нотлох баримтуудаар болон шүүгдэгчийн хувийн мэдээллүүд /1хх 187-198/, эрүүгийн хариуцлага хүлээж байгаа болон хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1хх 200/, урьд ял шийтгүүлж байсан шийтгэх тогтоолууд /1хх 202-206, 207-216/ хорих ял эдэлж байгаа ялтныг шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих тухай шүүгчийн 2025 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 2338 дугаартай захирамж /3хх 189-190/ зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд А.Г-од холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх бөгөөд хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь гэмт хэргийн үйл баримтыг бүрэн тогтоосон, хоорондоо эргэлзээ үүсгээгүй байх ба тэдгээрийг хууль бус гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
3. Анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудад хууль зүйн дүгнэлт хийн шүүгдэгч А.Г-ыг үргэлжилсэн үйлдлээр бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Шүүгдэгч А.Г-ыг хохирогч Д.Э-, Б.С-, О.Э-, Ж.О-, Т.Т-, Б.О-, Х.Э- нарын гар утсыг хууль бусаар хулгайлан авч, нийт 6.478.570 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.
Шүүгдэгч А.Г-, түүний өмгөөлөгч Х.Даваасүрэн нар гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийн асуудлаар маргаагүй болно.
4. Анхан шатны шүүх А.Г-од ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-д "энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн"-ийг хүндрүүлэх нөхцөлд тооцон, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, урьд нь энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж ял шийтгэл эдэлж байсан, ухамсарлаж өөртөө дүгнэлт хийгээгүй, шүүгдэгчийн хувийн байдал, учруулсан хохирол нөхөн төлөгдөөгүй, хор уршгийн шинж чанар зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино" заасан зорилгыг хангаж шүүгдэгч А.Г-од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн ангийн 1 дэх хэсгийг баримтлан Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 1010 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жил 6 сар хорих ялаас эдлээгүй үлдсэн 6 сар 23 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн А.Г-ын нийт эдлэх ялыг 1 жил 23 хоногийн хугацаагаар хорих ял шийтгэснийг буруутгах хууль зүйн үндэслэлгүй байна.
5. Хохирогч Б.О-аас: “...шийтгэх тогтоолд миний овог болон гар утас алдсан дүүргийг буруу бичсэн тул зөвтгүүлэх, мөн Samsung А53 загварын гар утсаа “Сайн электроникс”-оос лизингээр аваад 3 сар болж байсан. Утсаа барьж хэрэглээгүй тул тухайн үеийн авсан үнийн дүнгээр хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэсэн агуулга бүхий гомдлыг давж заалдах шатны шүүхэд гаргажээ.
Хэрэгт, хохирогч Б.О-ын “...2023 оны 6 дугаар сарын 23-нд Баянзүрх дүүргийн 29 дүгээр хороо “U kombini” үйлчилгээний төв дотор гар утсаа хулгайд алдсан. Би гар утсаа 2.200.000 төгрөгөөр үнэлнэ...” гэсэн мэдүүлэг, “Дамно” ХХК-ийн 2023 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн шинжээчийн ...samsung A53 загварын хэрэглэж байсан, үзүүлэлт тодорхойгүй гар утас 973.600 төгрөг...гэсэн дүгнэлт зэрэг баримт авагджээ.
Хохирогч Б.О- хулгайд алдсан гар утсаа 2.200.000 төгрөгийн лизингээр худалдан авсан гэх боловч энэ талаарх бичиг баримт хэрэгт авагдаагүй, мөн өөрийн гар утасны багтаамж буюу үзүүлэлтийн талаар тодорхой мэдүүлээгүй байна.
Харин шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд хохирогч Б.О-ын алдсан ...samsung A53 загварын хэрэглэж байсан, үзүүлэлт тодорхойгүй гар утсыг 973.600 төгрөгөөр...үнэлсэнийг үндэслэлгүй, эсхүл эргэлзээтэй, гэж үзэхгүй юм.
Өөрөөр хэлбэл, шинжлэх ухаан, техникийн зэрэг тусгай мэдлэгийг эзэмшсэн хүн нотлох баримтын эх сурвалжаас хэрэгт ач холбогдол бүхий мэдээллийг тусгай арга хэрэгслийг ашиглан олж авснаа бичгээр тайлбарлаж байгаа нотлох баримтын нэгэн төрлийг шинжээчийн дүгнэлт гэх бөгөөд шинжилгээний үр дүн буюу шинжлэх ухааны арга зүйд тулгуурласан шинжилгээ, туршилтын үр дүнд нотлогдсон зүйлд шүүгч, прокурор, мөрдөгч нар эргэлзэх учиргүй болно.
Мөн хохирогч гар утсаа лизингээр худалдаж аваад 3 сар болсон, хэрэглээгүй гэх боловч үүнийг нотлох бичиг баримт хэрэгт хавсаргагдаагүй байгааг дурдаж байна.
Иймд хохирогч Б.О-ын...гар утас худалдан авсан үеийн ханшаар хохирлоо барагдуулж авах талаар... гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
B/ Сонгинохайрхан дүүргийн прокурорын 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн 1316 дугаар яллах дүгнэлт болон шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт хохирогч Б.О-ын овгийг “Д.О-” гэж, мөн шийтгэх тогтоолын удиртгал хэсэгт гэмт хэрэг үйлдэгдсэн нутаг дэвсгэрийг “Сонгинохайрхан дүүрэг” гэж тус тус алдаатай бичжээ.
Гэхдээ шүүгдэгч А.Г- нь 2023 оны 6 дугаар сарын 3-наас 2024 оны 8 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл хугацаанд 8 удаагийн үйлдлээр хулгайлах гэмт хэргийг үйлдсэн бөгөөд түүний сүүлийн үйлдэл нь 2024 оны 8 дугаар сарын 9-н буюу Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйлдэгдсэн байх тул анхан шатны шүүх шүүхийн харъяалал зөрчөөгүй байна гэж үзлээ.
Мөн шүүгдэгч А.Г- нь 2011 оны 4 дүгээр сарын 29-нд төрсөн охин Д-ын У-, 2012 оны 11 дүгээр сарын 16-нд төрсөн хүү Г-ын О-, 2016 оны 6 дугаар сарын 17-нд төрсөн хүү Г-ын Т- нарын хамт амьдардаг бөгөөд хүүхдүүд ерөнхий боловсролын сургуульд суралцдаг талаарх баримт хэрэгт авагдсан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна” гэж хуульчилсаны дагуу шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт зохих өөрчлөлтийг оруулах нь гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Дээрх үндэслэлүүдээр хохирогч Б.О-ын давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдлын заримыг хүлээн авч, шийтгэх тогтоолд зохих өөрчлөлт оруулж, шүүгдэгч А.Г-ын шийтгэх тогтоол гарснаас хойш энэ өдрийг хүртэл цагдан хоригдсон 56 хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулж тооцохоор шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/2369 дүгээр шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
5 дахь заалт: “...Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын хүүхдүүдэд асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэснийг “...Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.8, 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт зааснаар Б- овогт Г-ын О- рд:......, ...... овогт Д-ын У- рд:......, Б- овогт Г-ын Т- рд:...... нарт асран хамгаалагч, харгалзан дэмжигч томилохыг Сүхбаатар дүүргийн Засаг даргад даалгасугай...” гэж,
7 дахь заалт: “...хохирогч Д.О-т 973,600 төгрөг...” гэснийг “...хохирогч Б.О-т 973,600 төгрөг...” гэж тус тус өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Хохирогч Б.О-ын гаргасан давж заалдах гомдлын заримыг хүлээн авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Г-ын 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 9-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 56 /тавин зургаа/ хоногийг тус тусын ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТ-
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ
ШҮҮГЧ Н.БАЯРМАА