Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00585

 

 

2020 оны 03 сарын 17 өдөр

Дугаар 210/МА2020/00585

 

 

 

Хас банк ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Энхтөр даргалж, шүүгч Т.Туяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00033 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн хариуцагч Б.Баатархүү, С.Байгальмаа нарт холбогдуулан 19 112 604.54 төгрөг гаргуулах хэргийг хариуцагч Б.Баатархүүгийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

  Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Хариуцагч Б.Баатархүү, С.Байгальмаа нар Хас банк ХХК-тай 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийг жилийн 16.80 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, өрхийн хэрэглээний зориулалтаар зээлдэн авсан. Гэрээний хүгацаанд зээлдэгч нар үндсэн зээлд 9 000 000 төгрөг, зээлийн хүүд 5 214 460.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд --- төгрөг төлсөн. Гэвч Б.Баатархүү, С.Байгальмаа нар гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж 2019 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс хойш эргэн төлөлт хийгээгүй ба шүүхэд нэхэмжлэл гаргасан 2019 оны 10 дугаар сарын 23-ны өдрөөр тооцоход нийт 103 хоногийн хугацааг хэтрүүлсэн. Манай банкны зүгээс удаа дараа зээлээ эргэн төлөхийг сануулж, мэдэгдэж байсан боловч зээлдэгч нар арга хэмжээ авсангүй. Иймд зээлийн гэрээний 5.1 дэх хэсэгт заасны дагуу гэрээг цуцалж, Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.3, 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 1470011532 дугаартай зээлийн гэрээг тус тус үндэслэн төлөгдөөгүй үлдсэн үндсэн зээлийн үлдэгдэлд 18 000 000 төгрөг, үндсэн хүү 2019 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн байдлаар 1 100 956.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 651 төгрөг, нийт 19 112 604.54 төгрөг хариуцагч Б.Баатархүү, С.Байгальмаа нараас гаргуулж өгнө үү гэжээ.

  Хариуцагчийн тайлбарт: 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 27 000 000 төгрөгийг тухайн үед ажиллаж байсан Hyundai elevator Mongol ХХК-тай банкны байгуулсан гэрээний нөхцөлөөр 4 жилийн хугацаатай зээлдэн авсан. Тус компаниас 2018 оны 11 дүгээр сард гарсан хэдий ч гэрээний үүргээ биелүүлж ирсэн. Харин 2019 оны 8 дугаар сард Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2006 онд гарсан гэр бүл цуцлуулах шийдвэрийн дагуу банкны дансуудыг битүүмжилж ашиглах боломжгүй болсноор тус гэрээний заалт 2019 оны 9 дүгээр сараас биелэгдээгүй. Бид өөрсдийн эзэмшилд байдаг орон сууц болон зуслангийн байрыг борлуулахаар зуучлалын байгууллагад хандсан. Мөн өмнө төлсөн төлбөрийг нотолж, банкны дансуудаа нээхээр ажиллаж байна. Авсан зээл, хүү, нэмэгдүүлсэн хүүг зөвшөөрч байгаа бөгөөд тодорхой хугацаа шаардлагатай байна. 2019 оны 12 сард багтааж үндсэн зээлийн 70 хувийг хүүгийн хамт төлж барагдуулан зээлийг хэвийн графикт оруулна. Үүний тулд дээр дурдсан 2 обьектийн асуудал болон дансаа нээлгэх шаардлагатай байна гэжээ.

Шүүх:    Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан хариуцагч Б.Баатархүү, С.Байгалмаа нараас 19 112 604.54 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн нийт 253 513.03 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Б.Баатархүү, С.Байгалмаа нараас 253 513.03 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-д олгож шийдвэрлэжээ.

Хариуцагч С.Баатархүүгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Хүндэтгэх шалтгааны улмаас 3-4 сарын хугацаанд зээлийн хуваарьт төлөлтийг төлж барагдуулаагүй нь гэрээг цуцлах нөхцөл болохгүй гэж үзсэн анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад гэрээг цуцалж үлдэгдэл төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэсэн хэсгийг үл зөвшөөрч байна. Дээрхи хугацааны гэрээний үүргээ гүйцэтгээгүй нь шалтгаантай байсан. 2008 онд гэр бүл цуцлуулах шүүхийн шийдвэрийн дагуу Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанаас иргэн Б.Баатархүүгийн дансыг 2019 оны 1 дүгээр сараас битүүмжилсэн боловч гэрээний үүргээ биелүүлсээр ирсэн. Дээрхи шүүхийн шийдвэрийн дагуу төлөгдсөн төлбөрийг нотлохыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанаас шаардсан бөгөөд дээрхи төлбөрийн нотолгоог гаргаж өгснөөр данс нээгдэж зээлдэгчийн төлбөрийг саадгүй гүйцэтгэх боломжтой болж байгаа юм. Хэрэв энэхүү шийдвэр нь цуцлагдвал хариуцагчийн зүгээс өнөөдрийг хүртэл хуримтлагдсан үндсэн зээл болон хүү, нэмэгдүүлсэн хүүний төлбөрийг бүрэн барагдуулж цаашид гэрээг хэвийн үргэлжлүүлэх боломжтой гэжээ.

ХЯНАВАЛ:т

Шүүх талуудын хоорондын маргааныг шийдвэрлэхдээ хэргийн үйл баримтын талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж, нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж, хэрэглэвэл зохих хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байх тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болжээ.

 

Хариуцагч Б.Баатархүү, С.Байгалмаа нараас зээл 18 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 1 100 956.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 11 651 төгрөг, нийт 19 112 604.54 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хангаж шийдвэрлэснийг буруутгах хуулийн үндэслэл тогтоогдсонгүй.

Хариуцагч Б.Баатархүү, С.Байгальмаа нар 2018 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр нэхэмжлэгч Хас банк ХХК-аас өрхийн хэрэглээний зориулалтаар Б.Баатархүүгийн цалингийн орлогыг барьцаалан 27 000 000 төгрөг, жилийн 16.8 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлдэн авчээ. Талуудын хооронд хийгдсэн гэрээ Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгт нийцсэн байна. /хх9-11, 13/

Иргэний хуулийн 208 дугаар зүйлийн 208.1 дэх хэсэг, зээлийн гэрээний 3.2.1-д зааснаар хариуцагч тал зээлийн гэрээний хугацаанд зээл 27 000 000 төгрөг, зээлийн хүү 9 342 554.79 төгрөг, нийт 36 342 554.79 төгрөг төлөх үүргээ бүрэн гүйцэт биелүүлээгүй байх тул нэхэмжлэгчид Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар шаардах эрх үүснэ.

Зээлдэгч нь 2018 оны 03 дугаар сарын 05-ны өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл зээл 9 000 000 төгрөг, хүүд 5 214 460.23 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 11 199.56 төгрөг, нийт 14 225 659 төгрөг төлсөн, үүргийн зөрчил 2019 оны 07 дугаар сарын 05-ны өдрөөс үүссэн нь хэргийн 12-13 дугаар талд авагдсан зээл эргэн төлөх хуваарь, зээлдэгчийн дансны хуулга, талуудын тайлбараар тогтоогдож байна.

Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагч талд гэрээний үүргээ биелүүлэхийг мэдэгдэж, боломжит хугацаа олгосон боловч үүргээ биелүүлээгүй тул гэрээг цуцласан гэж тайлбарласныг хариуцагч баримтаар үгүйсгээгүй тул Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1 дэх хэсэгт заасан журмын дагуу гэрээг цуцлагдсан гэж үзнэ.

Иймээс Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэг, гэрээний 4.1-д зааснаар зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй байна.

Шүүх нотлох баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2-т заасны дагуу үнэлж холбогдох хуулийн зохицуулалтыг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Хариуцагч Б.Баатархүүд холбогдох шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа нь түүний банкнаас авсан зээлийн өр төлбөрөө тогтоосон хуваарийн дагуу барагдуулах үүрэгт хамааралгүй байхын зэрэгцээ зээлдэгчийн Хас банк дахь дансыг битүүмжилсэн гэх баримт хэрэгт авагдаагүй тул гомдлыг хангахгүй орхив.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Баатархүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 102/ШШ2020/00033 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагч Б.Баатархүүгийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 257 000 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Т.ТУЯА

 

А.МӨНХЗУЛ