Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00138

 

 

 

 

2019 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 210/МА2019/00138

 

 

 

Д.Сын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, шүүгч Д.Цогтсайхан, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийж,

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02414 дугаар шийдвэртэй, Д.Сын нэхэмжлэлтэй, хариуцагч “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Өнарт холбогдох “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, “БА” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг,

нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Н, хариуцагч Э.Т,  нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Г, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхгэрэл нар оролцов.

 

Нэхэмжлэгч тал шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Д.С нь ЗСБНХУ-ын Баку хотын Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн техникумыг 1994 онд хүнд үйлдвэрийн тоног төхөөрөмжийн инженер мэргэжлээр, Санхүү эдийн засгийн дээд сургуулийг 2002 онд нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр тус тус төгссөн.

Инженер, эдийн засагч мэргэжилтэй. “ӨБХ” ХХК нь барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Салбар компани болох “БА” ХХК нь “ӨБХ” ХХК-ийн барилгын ашиглалтын үйлчилгээг хариуцан ажилладаг компани. “БА” ХХК-ийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч нь “ӨБХ” ХХК юм.

Миний бие “ӨБХ” ХХК-д 2005 оны 10 дугаар сарын 01-ний өдөр нягтлан бодогчоор ажилд орж, улмаар 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр “БА” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилогдон ажиллаж 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Ө нарын тогтоолоор ажлаас чөлөөлөгдөх хүртлээ ажилласан.

“ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлаар 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн №18/02 тоот тогтоолоор намайг ажлаас чөлөөлснийг 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр надад мэдэгдсэн боловч ямар үндэслэл, шалтгаанаар ажлаас чөлөөлсөн нь одоо хүртэл тодорхойгүй байна.

“ӨБХ” ХХК-ийн төлөөлөн удирдах зөвлөлд ажлаас чөлөөлж буй үндэслэл, шалтгааныг тодруулахаар 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр миний бие бичгээр хүсэлт гаргасан боловч надад албан ёсны хариу компанийн удирдлагын зүгээс өгөөгүй. Мөн өдөр ажил олгогч “Ажил хүлээлцэх акт”-аар миний хариуцаж байсан албан тушаалын ажлыг хүлээн авсан.

2005 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрийг хүртэл тус компанид ажиллах хугацаандаа ажлын хариуцлага алдаж байсан удаагүй, компанийн өдөр тутмын үйл ажиллагааг хэвийн явуулах, өргөжүүлэх чиглэлээр идэвхи санаачлагатай ажиллаж ирсэн бөгөөд тус компанид 13 жил үр бүтээлтэй ажилласан.

2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолоор Гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлөхдөө дараах үндэслэлээр зохих хууль журмыг зөрчсөн гэж үзэж байна. Үүнд, ажил олгогчийн санаачилгаар ажилтны хөдөлмөрийн гэрээг цуцалж, ажлаас чөлөөлж байгаа тохиолдолд Хөдөлмөрийн тухай хуулийн ямар заалт, ямар үндэслэлээр ажлаас чөлөөлж байгааг ажлаас чөлөөлж байгаа тогтоолд заавал заах учиртай.

Ажлаас чөлөөлөх үндэслэл, шалтгааныг зааж өгөөгүй тул энэ шийдвэр хууль бус болсон гэж үзэж байна. ”ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолд “ӨБХ” ХХК-ийн дүрэмд заасныг үндэслэсэн гэх боловч дүрмийн ямар заалтыг үндэслэл болгосон нь тодорхойгүй байна. Түүнчлэн тогтоолын 1 дэх заалтаар 18/02 тоот протоколыг үндэслэж Д.Сыг үүрэгт ажлаас нь чөлөөлсүгэй гэж заасан боловч ямар протокол, түүний үндэслэл мөн тодорхой биш байгаа тул тогтоол хууль зүйн үндэслэлгүй байна.

 ”ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолоор ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг ажил олгогч цуцалсан бол Хөдөлмөрийн тухай хуулийн 43 дугаар зүйлийн 43.1 дэх хэсэгт зааснаар ажилтныг ажлаа хүлээлгэн өгөх хугацааг тогтоож, энэ талаар шийдвэрт тодорхой зааж өгөх үүрэгтэй. Энэ хуулийн шаардлагыг хариуцагч байгууллага зөрчсөн байна.

 Хөдөлмөрийн тухай хуульд ажил олгогч нь ажилтантай байгуулсан хөдөлмөрийн гэрээг цуцлах тухайгаа ажилтанд нэг сарын өмнө мэдэгдэх хуулийн шаардлага байдаг боловч ажил олгогч намайг ажлаас чөлөөлөх тухайгаа урьдчилан мэдэгдээгүй нь хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. 

Хувьцаа эзэмшигчдийн хурлын 18/02 тоот тогтоол нь 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэх боловч энэ талаар мэдэгдээгүй. 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөнийг мэдэгдэж, ажил хүлээж авах хүртэл би үүрэгт ажлаа гүйцэтгэсээр байсан.

Дээрх тодорхойгүй үндэслэлүүдээр нэхэмжлэгч Д.С намайг “БА” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас хууль зүйн үндэслэлгүй чөлөөлсөн гэж үзэж дараах нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. ”ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, Д.Сыг БА ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох

Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйл, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасны дагуу ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг нэг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны 4 509 090 төгрөг гаргуулах, мөн эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалга нэхэмжлэлийн шаардлагыг анх шүүхэд гаргасан боловч нэхэмжлэлийн шаардлагаа 2018 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс хойш мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин олговорт 9 920 040 төгрөг гаргуулахаар тооцон нэмэгдүүлж, нийтдээ цалин олговорт 14 429 130 төгрөг гаргуулж өгнө үү. 

Хариуцагч талаас “ӨБХ” ХХК-ийг төлөөлөх эрхгүй этгээд төлөөлөн шийдвэр гаргасан мэт тайлбарласан. Хэрэв энэ үнэн бол төлөөлөх эрхгүй этгээд яагаад ажлаас халах тогтоол гаргаж байгаа нь ойлгомжгүй. Мөн хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгчийн захирамжаар хөөн хэлэлцэх хугацаа тасарсан боловч захирамжаар үргэлжлээд явдаг учраас бид шүүхэд хандаад явж байна гэжээ.

 

Хариуцагч Ц.Аын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ц.А нь “ӨБХ” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолд санаандгүй гарын үсэг зурсан байдаг.

Учир нь “ӨБХ” ХХК-ийн хуулийн зөвлөх нь төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг Ц.Ад тусгайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулсан.

Ц.Аын хувьд Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх үндэслэл байгаагүй гэж үзэж байна. Учир нь Д.С нь үүрэгт ажил, албан тушаалаа хууль буюу гэрээнд заасны дагуу зохих ёсоор гүйцэтгэж байсан гэж үзэж байгаа тул түүний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна.

Иймд нэхэмжлэгчийг ажилд нь эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны 2018 оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цалин олговорт нэхэмжилсэн 14 429 130 төгрөгийг олгох үндэстэй гэж үзэж зөвшөөрч байна. Энэ хэргийн хариуцагч Н.Ө, Э.Т нараас “БА” ХХК-ийн гаргаж өгсөн аудитын тайланг энэ хэргийг хэлэлцэхэд нотлох баримтаар авч хэлэлцэх шаардлагагүй гэж үзэж байна.

Д.Сыг ажлаас халах хувьцаа эзэмшигчдийн хурал 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдөр огт болоогүй.

Ц.А нь 2018 оны 3 дугаар сарын 23-ны өдөр Замын-Үүд боомтоор гарсан бөгөөд 2018 оны 4 дүгээр сарын 09-ний өдөр тус боомтоор орж ирсэн штамптай гадаад паспортын хуулбарыг шүүхэд баримтаар хавсаргасан. “ӨБХ” ХХК-ийн хуулийн зөвлөх нь Төлөөлөн удирдах зөвлөлөөс Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлсөн 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолыг Ц.Ад тухайлан танилцуулаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулсан тухайгаа өмнөх тайлбартаа дурдсан гэжээ.

 

Хариуцагч Э.Т, Н.Ө нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Сын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй.

Тодруулбал, Д.Сыг “Б.А” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас чөлөөлсөн нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрхийн асуудал бөгөөд энэ тухай Компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн 59 дүгээр зүйлд заасан.

Мөн Компанийн эрх зүйн байдлын тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгохоор зааснаар гүйцэтгэх удирдлага болон түүний эрхийг дуусгавар болгох эсэх нь гагцхүү хувьцаа эзэмшигчдэд хуулиар олгосон бүрэн эрх бөгөөд Д.Сыг цаашид компанийн үйл ажиллагааг удирдан явуулах боломжгүй гэж үзсэн тул түүнийг гүйцэтгэх удирдлагаас чөлөөлсөн.

Д.С нь гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа олон удаа ажлын алдаа дутагдал гаргаж байсан энэ талаар нотлох баримтууд байгаа. Нэхэмжлэгч нь нэр бүхий 3 иргэнд холбогдуулан нэхэмжлэлийг гаргасан тул тус хэргийн хариуцагч болж чадахгүй. Миний бие төлөөлөх эрхийн тайлбарлаагүй. Төлөөлөн удирдах зөвлөл нь Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т заасныг баримтлан Д.Сыг халсан нь үндэслэлтэй гэж үзэж байна.

Хөдөлмөрийн тухай хуулийг заавал баримтлах ёсгүй. Энэ хэргийн жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд болохоос гурван хувь хүн хариуцагч болж чадахгүй. Нэхэмжлэгч Хөдөлмөрийн тухай хуульд заасан хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлэн шүүхэд нэхэмжлэл гаргасан гэж үзэж байна. Хөөн хэлэлцэх хугацааг сэргээлгэсэн талаар баримт хэрэгт байхгүй байдаг тул эдгээр үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож өгөхийг хүсч байна гэжээ.

 

Шүүх: Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1, 46 дугаар зүйлийн 46.2-т заасныг баримтлан хариуцагч Э.Т, Ц.А, Н.Өнарт холбогдуулан гаргасан, нэхэмжлэгч Д.Сыг “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар нэхэмжлэгч улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж шийдвэрлэжээ.

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Нинжбат давж заалдах журмаар гаргасан гомдолдоо: Шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсэгт “...Д.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлын шаардлагаа хариуцагч “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Өнарт холбогдуулан гаргасан болохоос биш хуулийн этгээд болох “ӨБХ” ХХК-д холбогдуулан гаргаагүй байх тул түүний нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй ...” гэж дүгнэжээ.

Нэхэмжлэгчийг “БА” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолоор гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас нь чөлөөлсөн үйл баримтын талаар талууд маргадаггүй.

Гагцхүү “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 18/02 тоот тогтоолд Д.Сыг ямар үндэслэлээр үүрэгт ажлаас нь чөлөөлсөн талаар маргаан бий.

Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т /хувьцаа эзэмшигчдийн хурлаар дараах асуудлыг хэлэлцэж шийдвэрлэнэ/ “компанийн гүйцэтгэх захирал болон гүйцэтгэх удирдлагын багийн гишүүдийг сонгох, тэдгээрийн бүрэн эрхийг тогтоох, бүрэн эрхийг нь хугацаанаас өмнө дуусгавар болгох” гэж зааснаас үзэхэд хувьцаа эзэмшигчид компанийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрхтэй байгаа бөгөөд гүйцэтгэх захирлын хувьд “ажил олгогч нь болж байна”.

Учир нь Хөдөлмөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1-д ажил олгогч гэж хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажилтай авч ажиллуулж байгаа этгээдийг, 3.1.2-д ажилтан гэж ажил олгогчтой хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж байгаа иргэнийг хэлнэ гэж тус тус хуульчилсан.

Компанийн тухай хуулийн 84 дүгээр зүйлийн 84.1 дэх хэсэгт ...гүйцэтгэх захирал... зэрэг компанийн албан ёсны шийдвэрийг гаргахад болон гэрээ, хэлцэл хийхэд шууд болон шууд бусаар оролцдог этгээдийг компанийн эрх бүхий албан тушаалтанд тооцно гэж, 84 дүгээр зүйлийн 84.5 дахь хэсэгт компанийн эрх бүхий албан тушаалтан компанитай байгуулсан хөдөлмөрийн гэрээнд өөрөөр заагаагүй бол... гэсэн заалтуудаар Д.Сыг компанийн хувьцаа эзэмшигчдийн шийдвэрээр хугацаагүй хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажиллаж байсан ажилтан гэж үзнэ.

Д.Сыг ажилд томилох, чөлөөлөх эсэхийг Компанийн тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.2.3-т зааснаар хувьцаа эзэмшигчдийн хурлаар хувьцаа эзэмшигчид шийдвэрлэж байгаа тул хувьцаа эзэмшигчид нь Д.Сын хувьд ажил олгогч юм. Иймд нэхэмжлэгч тал Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийг үндэслэж ажлаас халагдсан шаардлага гаргасан.

“ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоол нь “БА” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалаас Д.Сыг чөлөөлсөн, түүний хөдөлмөрлөх эрхэд үндэслэлгүйгээр халдсан хууль зүйн фактыг гэрчлэх гол нотлох баримт юм. Үр дүн нь нэхэмжлэгч Д.С ажилгүй болсон.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт “хариуцагч гэж нэхэмжлэгчийн эрх, эрх чөлөө хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд хохирол учруулсан буюу үүргээ биелүүлээгүй, эсхүл зохих ёсоор биелүүлээгүй гэж нэхэмжлэлд дурдсан этгээдийг хэлнэ” гэсэн байх тул нэхэмжлэгч Д.С хариуцагчаар “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Өнарыг татаж шүүхэд гомдол гаргасан.

 

Шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримт зэрэгт үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй тул шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байх тул шүүхийн шийдвэрийг өөрчилж, нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Анхан шатны шүүхийн шийдвэр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2 дах хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагад нийцээгүй байна.

 

Нэхэмжлэгч Д.С нь хариуцагч “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Н.Ө, Ц.Адъяаням нарт холбогдуулан “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгож, “БА” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг хариуцагчид даалгах тухай шаардлага гаргасныг хариуцагч Ц.Адъяаням хүлээн зөвшөөрч, Н.Ө, Э.Т нар эс зөвшөөрч маргажээ.

 

Нэхэмжлэгч Д.С 2010 оны 7 дугаар сарын 27-ны өдөр гэсэн огноотой “Булнайн- Ар” ХХК-ийн тэмдэг дарагдсан ТУЗ-ын дарга Н.Төмөрхүү гарын үсэг зурсан 10/03 дугаартай “Ажилд томилох тушаал”-ын дагуу “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын албан тушаалд томилогдсон байна./хх6/

 

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ өөрийг нь “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын үүрэгт ажлаас чөлөөлсүгэй гэсэн “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот тогтоолд гарын үсэг зурсан Э.Т, Ц.А, Н.Ө нарыг хариуцагчаар татсан. /хх46/

 

Хариуцагч нар шүүхэд болон шүүх хуралдааны явцад гаргасан хариу тайлбарууд хоорондоо харилцан адилгүй байна. Тодруулбал, Ц.Адъяанямын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Алтанцэцэг нь “...дээрх 18/02 тогтоолтой тухайлан танилцаагүй, олон бичиг баримт дунд оруулж ирүүлэн гарын үсэг зуруулсан байна. Д.Сыг гүйцэтгэх захирлын ажлаас чөлөөлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна...” гэж харин Н.Ө, Э.Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Гэрэл-Очирын зүгээс “...Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй. Компанийн эрх зүйн байдлын тухай хуульд заасны дагуу гүйцэтгэх удирдлага болон нэхэмжлэгч Д.Сыг ажлаас чөлөөлөх эрх нь хувьцаа эзэмшигчдийн бүрэн эрх бөгөөд цаашид компанийн үйл ажиллагааг удирдан явуулах боломжгүй гэж үзсэн тул түүнийг ажлаас чөлөөлсөн... мөн энэхүү хэргийн хариуцагч нь хуулийн этгээд байх ёстой...” гэж тус тус тайлбарлажээ. /хх34-35,90,92/ 

 

Анхан шатны шүүх “...нэхэмжлэгч Д.С нь ажлаас үндэслэлгүй халагдсан талаархи гомдлын шаардлагаа хариуцагч “ӨБХ” ХХК-ийн хувьцаа эзэмшигч Э.Т, Ц.А, Н.Өнарт холбогдуулан гаргасан болохоос биш хуулийн этгээд болох “ӨБХ” ХХК-д холбогдулууан гаргаагүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй...” гэж шийдвэрлэсэн нь буруу болжээ. Учир нь

 

Учир нь, нэхэмжлэгч нэгдүгээрт “ӨБХ” ХХК-ийн үүсгэн байгуулагч, хувьцаа эзэмшигчдийн хурлын 2018 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 18/02 тоот хууль зөрчиж гаргасан тогтоолыг хүчингүй болгох, хоёрдугаарт, “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны нөхөх олговрыг сарын дундаж цалин 2 480 000 төгрөгөөр тооцож, 2018 оны 4 дүгээр сарын 18-ны өдрөөс мөн оны 10 дугаар сарын 15-ны өдрийг хүртэл хугацааны цалин 14 429 130 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэхийг даалгах гэсэн шаардлага тус тус гаргасан.

 

Дээрх 18/02 дугаартай тогтоолыг хүчингүй болгох гэсэн шаардлагын хувьд тогтоолд гарын үсэг зурсан Ц.Адъяаням, Н.Ө, Э.Т нар хариуцагч байж болох боловч ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор нөхөн гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт бичилт хийлгэх гэсэн шаардлагын хувьд хариуцагч нар нь хувь хүнийхээ хувьд хариуцах этгээдүүд мөн эсэх гэдгийг тодруулах нь зүйтэй.

 

Энэ талаар хариуцагч Н.Ө, Э.Т нар нь жинхэнэ хариуцагч нь хуулийн этгээд байна гэсэн тайлбар гаргасан бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1 дэх хэсэгт ...эсхүл хариуцагч уг нэхэмжлэлийн жинхэнэ хариуцагч биш болох нь нотлох баримтаар тогтоогдвол шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр эсхүл түүний зөвшөөрснөөр хариуцагч биш этгээдийг жинхэнэ хариуцагчаар сольж болно гэж заасан.

 

Хэрэгт хөдөлмөрийн эрх зүйн харилцаатай холбоотой “Булнайн-Ар” ХХК-ийн гүйцэтгэх захирлыг томилох, чөлөөлөх эрх бүхий этгээдүүд хэн болох талаар нотлох баримт хангалттай бүрдээгүй, хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрүүтэй байна. “БА” ХХК-тай хамааралтай нотлох баримтууд бүрдсэн тохиолдолд жинхэнэ хариуцагч хэн байх нь тодорхой болж, тухайн хариуцагчийг нэхэмжлэгч зөвшөөрөх эсэх нь шийдвэрлэгдэнэ.

 

Шүүх тодруулбал зохих зүйлсийг тодруулснаар хэргийн оролцогчийн бүрэлдэхүүн буюу хариуцагчийг зөв тодорхойлох, үүнтэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хэн хариуцах талаар шийдвэрлэх боломжтой болно.

 

Дээрх ажиллагааг давж заалдах шатны шүүх нөхөн гүйцэтгэж, дурдсан зөрчлийг залруулан хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд эрх зүйн дүгнэлт хийх боломжгүй тул анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 168 дугаар зүйлийн 168.1.3 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 181/ШШ2018/02414 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин шийдвэрлүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар  зааснаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд энэ өдрөөс тооцон 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах, энэхүү үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй ба магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Ж.ОЮУНТУНГАЛАГ

                                                           

            ШҮҮГЧИД                                                       Д.ЦОГТСАЙХАН

 

                                                                                    А.МӨНХЗУЛ