| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0171/Э |
| Дугаар | 214 |
| Огноо | 2018-03-26 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 214
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар Т.Солонго,
улсын яллагч Д.Энх-Оргил,
шүүгдэгч Б.Г, түүний өмгөөлөгч Б.Бат-Ерөөлт /№1954/,
хохирогч З.Эрдэнэбат, түүний өмгөөлөгч Н.Нарантуяа /№1292/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Тайж овогт Бйн Г-т холбогдох 1811001730098 тоот эрүүгийн хэргийг 2017 оны 02 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1993 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр Булган аймгийн Булган суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эгч, 2 дүүгийн хамт амьдардаг, ...................оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь 2009 оны 07 дугаар сарын 30-ны өдөр Орхон аймгийн Сум дундын шүүхийн №131 дүгээр шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2 дахь хэсэгт зааснаар ял сонсож, Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7.7.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон, хэрэг хариуцах чадвартай, Тайж овогт Бийн Г /РД- /
Холбогдсон хэргийн талаар: Б.Гт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Г нь 2018 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Чингэлтэйн-14” дүгээр гудамжинд хохирогч З.Эрдэнэбаттай хэрүүл маргаан үүсгэн, улмаар зодож, түүний биед эрүүний зүүн салааны сэртэн дайрсан зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, духанд зулгаралт бүхий гэмтэл учруулан эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
хохирогч З.Эрдэнэбатын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...дээрх гэмтлүүдийг Доржоо ахын хашааг машинаараа мөргөсөн залуу учруулсан. Эхлээд над руу хүрч ирээд миний эрүүний баруун тал руу нэг удаа гараараа цохьсон. Дараа нь намайг унагаж байгаад эрүүний зүүн талын хэсэгт нэг удаа хөлөөрөө өшиглөсөн. Намайг замын хажуу талын эрэг рүү чирч оруулахад миний духанд гэмтэл үүссэн байх.., ..архи уучихсан байсан. Угаасаа гэрийн ойр орчмоор орилоод байсан. Нилээн согтуу байх шиг байсан. Тэгээд хэсэг байж байгаад зугтаад явчихсан.., ..эмчилгээний зардлаа нэхэмжилнэ, би гомдолтой байна..." гэх мэдүүлэг /хх-ийн 10-11х/,
гэрч М.Ганбаярын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... /Гэсэр/ айлын хашаа мөргөчихсөн чинь 4-5 залуу шаваад байхаар нь нэгийг нь цохиод нэгийг нь хавирч унагаагаад зугтаасан гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17х/,
гэрч Д.Анхцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг гарахад манай нөхрийг цохичихсон байсан. Эрүүгээ барьчихсан зогсож байсан. Тэгээд манай хашааны гадна талд ирчихээд чамайг ална гичий минь гээд орилоод байсан. Манай нөхрийг цагдаад дуудлага өгөөд зогсож байхад нь утастай хамт хавсраад цохичихсон байсан. Дараа нь унагаагад өшиглөсөн гэсэн.., ..манай нөхрийг цохисон залуу нилээн согтолттой байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18-19х/,
Өсвөр насны гэрч Д.Дэлгэрдалайгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2018 оны 01 дүгээр сарын 07-08-нд шилжих шөнө 01 цаг өнгөрч байхад би хүргэн ах Эрдэнэбатын хамтаар шатар тоглоод гэрт байж байсан юм. Тэгсэн чинь хашааны гадна талд түр тар хийгээд хүчтэй чимээ гарсан. Тэгээд Эрдэнэбат ах бид хоёр гараад харсан чинь зэргэлдээх айлын хашааг нэг согтуу ах мөргөчихсөн байсан. Тэгээд гараад байж байсан чинь машины жолооч тохирчихьё гээд хашааны эзэнтэй яриад байж байсан. Тэгээд манай хүргэн ах хөөе болиоч наадахыг чинь шийдэх ёстой газар гэж байдаг юм хөгшин хүмүүсийг болиоч гэж хэлсэн. Хашааг нь мөргөсөн согтуу жолооч мөргөсөн хашааны эзэнтэй ярилцаж байгаад бид хоёр дээр хүрээд ирсэн. Хүргэн ах утсаа гаргаж ирээд 102 дугаар руу залгасан чинь чи муу ямар овоо юм бэ гэж нүүр рүү нь гараараа цохьсон. Манай хүргэн ахыг жалга руу чирч оруулаад дээрээс нь өшиглөсөн. Тэгээд байж байхад эгч Д.Анхцэцэг гэрээс гараад ирсэн...” гэх мэдүүлэг. /хх-ийн 20х/,
гэрч Б.Түвдэрдоржийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: " Эрдэнэбат гарч ирээд яагаад хашаа дайрсан юу болсон гэж асуусан чинь манай хашааг мөргөсөн машины жолооч Эрдэнэбатыг нэг их хүчтэй цохиод авсан Эрдэнэбатыг зодчихоод л согтуу жолооч удаа ч үгүй зугтаагаад алга болсон.." гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 1213 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...З.Эрдэнэбатын биед эрүүний зүүн салааны сэртэн дайрсан зөрөөтэй далд хугарал, тархи доргилт, духанд зулгаралт, гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд, хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Б.Гийг хохирогч З.Эрдэнэбаттай хувийн таарамжгүй харьцааны улмаас хоорондоо маргалдаж улмаар түүнийг зодож, түүний эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэмт буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Мөрдөн шалгах ажиллагааны үед хавтас хэрэгт авагдсан хохиролын баримт, шүүхийн хэлэлцүүлэгийн үед хохирогчийн зүгээс хохиролын талаар гаргаж өгсөн баримтууд, шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч, шүүгдэгч нарын талаас хохиролын талаар тооцоо нийлсэн байдал, шүүгдэгч хохиролын нийт үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн, нөхөн төлөхөө илэрхийлсэн зэргийг үндэслэн шүүгдэгч Б.Гээс нийт 2.548.634 төгрөгийг гаргуулж, хохирогч З.Эрдэнэбатад олгуулах нь зүйтэй гэж үзэн шүүгдэгчийн саналыг харгалзан уг хохиролыг 1 сарын хугацаанд төлж барагдуулахаар шүүхээс тогтоож шийдвэрлэв. Харин хохирогч З.Эрдэнэбат нь шүүхээс гаргуулсан хохиролын баримтад дурдагдаагүй энэ гэмт хэргийн улмаас учирсан бусад хохиролын зардал, цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээв.
Шүүгдэгч Б.Гт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг, хэр хэмжээ, учруулсан хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хувийн байдлыг нь харгалзан түүнд тохирох ял шийтгэлийг оногдуулав.