Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2025/ДШМ79

 

 

Г.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн хэргийн тухай

 

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч З.Төмөрхүү даргалж, шүүгч Б.Эрдэнэхишиг, ерөнхий шүүгч Ц.Амаржаргал нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

            Прокурор Г.Уянга

            Яллагдагч Г.Мөнх-Очирын өмгөөлөгч С.Тэгшжаргал /цахим/

            Хохирогч Г.Анхбаярын өмгөөлөгч П.Батжаргал       

Нарийн бичгийн дарга Н.Нинжбадгар нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Идэр даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/1316 дугаар “Прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч бичсэн прокурорын эсэргүүцлээр яллагдагч Г.Мөнх-Очирт холбогдох 2518003970564 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Ц.Амаржаргалын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй.

Яллагдагч Г.Мөнх-Очир нь 2025 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны ариун цэврийн өрөөнд Г.Анхбаярыг шаардлага эсэргүүцсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь чихний хэнгэргэн хальсан цоорол, хоёр бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Дархан-Уул аймгийн Прокурорын газраас Г.Мөнх-Очирын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх:

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг баримтлан яллагдагч Г.Мөнх-Очирт холбогдох эрүүгийн 2518003970564 дугаартай хэргийг Дархан-Уул аймгийн Прокурорын газарт буцааж,

-Хэргийг прокурорт очтол Г.Мөнх-Очирт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

-Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг дурдаж,

-Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.

Прокурор эсэргүүцэлдээ:

... Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс амбулаторийн эмчийн картаас хуулбарласан баримтыг хэрэгт хавсаргаж тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг карт нь “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг ‘Амбулаториор эмчлүүлэгчийн карт” гэж аль эмнэлгийн магадалгаа болох нь тогтоогдсон, уг картад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эмч С.Мээлэй үзлэг хийж картыг хөтөлсөн нь тодорхой байх тул эмчийн үзлэгийн эх сурвалж тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Мөн хавтаст хэрэгт хохирогчийн мэдүүлэгт “харшилтай тул цацлага авмаар байгаа талаараа хэлсэн” гэх зүйл дурдагдсанаас өөрөөр хохирогч харшлын улмаас хамар нь битүүрдэг, уг өвчин чихний үрэвсэл үүсгэн, хэнгэргэн хальс цоорол гэмтэл үүсгэсэн байж болзошгүй нөхцөл байдал огт тогтоогдоогүй атал анхан шатны шүүхээс хохирогчид учирсан гэмтэл өвчний улмаас бий болсон эсэх талаар таамаглалд тулгуурлаж нэмэлт ажиллагаа хийлгэхээр шийдвэрлэсэн гэж үзэхээр байна.

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Э.Баасанжавын 2025 оны 6 дугаар сарын 05-ны өдрийн ЕГ0725/7675 дугаартай хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээгээр хохирогчийг өөрийн биеэр болон түүнээс ирүүлсэн амбулаториор эмчлүүлэгчийн картыг үндэслэн дүгнэлт гаргасан байна.

Амбулаториор эмчлүүлэгчийн картад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч С.Мээлэй 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж “Чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол” гэх онош тавьж, холбогдох эмчилгээ бичсэнийг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан.

Иймд үзлэг хийсэн огноо, эмчийн нэр, гарын үсэг тодорхой тусгагдсан, мөн эмчийн үзлэгт “Чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол” гэж тусгагдаж шинжээч эмч “...хохирогчийн биед үүссэн зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугуйн үенд зулгаралт” гэмтлийг тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой...” гэж дүгнэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

Иймд Дархан-Уул аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/1316 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан улсын яллагчийн эсэргүүцэл бичив... гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Г.Уянга дүгнэлтдээ:

Мөрдөн шалгах ажиллагааны явцад мөрдөгчөөс амбулаторийн эмчийн картаас хуулбарласан баримтыг хэрэгт хавсаргаж тэмдэглэл үйлдсэн бөгөөд уг карт нь “Дархан-Уул аймгийн нэгдсэн эмнэлэг “Амбулаториор эмчлүүлэгчийн карт” гэж аль эмнэлгийн магадалгаа болох нь тогтоогдсон, уг картад 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эмч С.Мээлэй үзлэг хийж картыг хөтөлсөн нь тодорхой байх тул эмчийн үзлэгийн эх сурвалж тодорхойгүй гэж дүгнэх үндэслэлгүй байна.

Амбулаториор эмчлүүлэгчийн картад Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн чих, хамар, хоолойн эмч С.Мээлэй 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр үзлэг хийж “Чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол” гэх онош тавьж, холбогдох эмчилгээ бичсэнийг үндэслэн шинжээч эмч дүгнэлт гаргасан. Иймд үзлэг хийсэн огноо, эмчийн нэр, гарын үсэг тодорхой тусгагдсан мөн эмчийн үзлэгт чихний хэнгэргэн хальсны шинэ цоорол гэж тусгагдаж шинжээч эмч хохирогчийн биед үүссэн зүүн чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугуйн үенд зулгаралт гэмтлийг тухайн хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой гэж дүгнэсэн байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтийг эргэлзээтэй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх бөгөөд шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй байна гэж үзэж байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон яллагдагчийн өмгөөлөгч С.Тэгшжаргал саналдаа:

Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж үндэслэлтэй. Шүүх шинжилгээний байгууллагын дүгнэлтээр зүүн чихний хэнгэрэгт цоорол үүссэн, хоёр гарын бугуйн орчимд зулгаралт үүссэн байна гэж дүгнэсэн боловч энэ хоёр гэмтэл нь хоёулаа нийлээд хөнгөн зэрэгт хамаарч байна уу? тус тусдаа юу гэдэг нь тодорхойгүй байна. Гэмтлийн шинж нь юунаас шалтгаалсан нь тодорхойгүй. 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хэрэг гарсан атал 35 хоногийн дараа буюу 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр  шинжээчийн дүгнэлт гарсан. Гэтэл 35 хоногийн дараа тухайн хэрэг болсон өдөр хохирогчид гэмтэл үүссэн байж болох талаар дүгнэх боломжгүй. Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн дагуу С.Мээлэйг гэрчээр асуух, шинжээчийн дүгнэлтийн эргэлзээтэй байгаа асуудлуудыг тодруулах, хохирогчийн амбулаториор үйлчлүүлэгчийн картыг эх хувиар гаргуулах нь зүйтэй гэж үзэж байна. Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/1316 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч П.Батжаргал саналдаа:

Хэрэг болсон өдрөөс хойш 8 хоногийн дараа буюу 05 дугаар сарын 09-ны өдөр эмчид үзүүлсэн. Хохирогч эмчид үзүүлэхдээ өөрийн зовуурийг зүүн чих шуугина, толгой дүүрнэ, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр зүүн чих рүүгээ цохиулсан гэж хэлсэн нь тэмдэглэгдсэн. Үзлэгийн хэсэгт шинэ цоорол үүссэн гэж бичигдсэн байгаагаас харахад хохирогч өөрийн биеэр очиж үзүүлсэн болох нь нотлогдож байна гэж үзэж байна. Мөн хавтаст хэргийн 37-38 дугаар талд авагдсан хохирогчийн мэдүүлэг, гэрч н.Эрдэнэбилэгийн мэдүүлгээр давхар нотлогдож байна.  Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийн агуулга нь хохирогчийн мэдүүлэгт эргэлзэж байна гэдэг юм. Мөрдөгч хууль сануулж авсан мэдүүлэг нь нотлох баримтын шаардлага хангана. Иймд хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Хэргийг прокурорт буцаалгүй, анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой учраас шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатын шүүхэд буцааж өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх прокурорын эсэргүүцлийг үндэслэн яллагдагч Г.Мөнх-Очирт холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар давж заалдах эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа болон шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Прокуророос яллагдагч Г.Мөнх-Очирыг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22.00 цагийн үед Дархан-Уул аймгийн Дархан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байрны ариун цэврийн өрөөнд Г.Анхбаярыг шаардлага эсэргүүцсэн гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь чихний хэнгэргэн хальсны цоорол, хоёр бугуйн үенд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Яллагдагч Г.Мөнх-Очирын өмгөөлөгч С.Тэгшжаргал анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай хүсэлт гаргасныг үндэслэн шүүх урьдчилсан хэлэлцүүлэг явуулах тухай №1268 дугаар захирамжийг 2025 оны 10 дугаар сарын 01-ний өдөр гаргасан байна.

Уг захирамжийн дагуу хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцээд, хэрэгт хамааралтай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтыг хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай эсэхийг бүхэлд нь үнэлж, хэрэгт нотолбол зохих байдал бүрэн нотлогдоогүй, шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх шаардлагатай гэж хэрэгт авагдсан эмчилгээний бичиг, чихний хэнгэрэг орчмын дүрсийг харуулсан зураг нь аль эмнэлгийн эмчийн магадалгаагаар хэний чихэнд үүссэн гэмтлийг тодорхойлсон нь тодорхойгүй тул Г.Анхбаярын эмчилгээний картыг эх хувиар авч хэрэгт хавсаргах, Г.Анхбаярын чихэнд учирсан гэмтэл өөр шалтгаанаар үүсэж болох эсэх талаар их эмч С.Мээлэйгээс гэрчийн мэдүүлэг авах, Г.Анхбаяр урьд нь чихний гэмтэлтэй холбоотой үзлэг, тусламж үйлчилгээ авч байсан эсэх лавлагааг гаргуулж хэрэгт хавсаргах, түүний биед учирсан гэмтлийн талаар бүрэлдэхүүнтэй дахин шинжилгээ хийлгэх... гэсэн үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянан үзэж тухайн хэрэг учрал болж өнгөрсөн цаг хугацаа, үйл баримтыг сэргээн дүрслэх замаар хэргийн бодит байдлыг тогтоосноор шүүгдэж буй этгээдийн гэм бурууг үгүйсгэх, эсхүл гэм буруутай эсэх болон хэргийн зүйлчлэл, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлуудын талаар хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийснээр шүүхээс гарч буй шийдвэр нь хууль ёсны ба үндэслэл бүхий болдог.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6-д зааснаар урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.1-ээс 6.17-д заасан асуудлуудын талаар талуудын санал хүсэлтийг сонсож яллагдагчийг шүүхэд шилжүүлэх, хэргийг прокурорт буцаах, хэргийг түдгэлзүүлэх зэрэг асуудлуудыг шийдвэрлэхээр хуульчилсан.

Өөрөөр хэлбэл дээрх хуулинд заасан мөрдөн шалгах ажиллагааны шатанд гарсан алдаа, зөрчил, хэргийн оролцогчдыг солих, хэргийн тов тогтоох, шүүх хуралдаанд оролцогчдыг тогтоох, шүүх хуралдааныг нээлттэй, хаалттай явуулах эсэх, нотлох баримтыг цуглуулахдаа хуульд заасан журам зөрчигдсөн талаарх гомдол, хохирол нөхөн төлүүлэх, хялбаршуулсан журмаар хэргийг хэлэлцэх, мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэх зэрэг хүсэлтүүдийг хэлэлцэж хэрхэх талаар шийдвэрлэх хуулийн зохицуулалт юм.

Гэтэл дээрх шүүгчийн захирамжаар хэрэгт авагдсан нотлох баримтуудын агуулгыг шүүгч үнэлж дүгнэн хэрэгт нэмэлт мөрдөн шалгах ажиллагааг хийлгэхээр буцаах шийдвэр гаргаж байгаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн агуулгад нийцээгүй зөрчилтэй байдлыг бий болгожээ. 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11-д “Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр яллагдагчийн гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг хэлэлцэхгүй” гэж заасан ба шүүх гэм буруугийн шүүх хуралдааныг зарлаж, шинжээч эмчийг шүүх хуралдаанд оролцуулан, хэрэгт авагдсан нотлох баримтуудаа хэлэлцүүлэн,  талуудын мэтгэлцээн дээр үндэслэн шүүгдэгчийг гэм буруутайд тооцож шийдвэрлэх боломжгүй хохирогчийн өвчний түүхийг авах, дахин дүгнэлт гаргуулахаар эргэлзээтэй байдал тогтоогдвол хэргийг мөн хуулийн 34.16 дугаар зүйлийн 5-д заасны дагуу шүүх хуралдааныг 60 хоногоор хойшлуулж, зохих шаардлагатай ажиллагааг явуулахыг прокурорт даалгаж шийдвэрлэх боломжийг олгосон байна.

Өөрөөр хэлбэл нотлох баримтыг үнэлэх эсэх асуудлыг гэм буруугийн шүүх хуралдаанаар хэлэлцэх бөгөөд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нотлох баримтын талаар урьдчилсан дүгнэлт хийх нь буруу юм.

Иймд анхан шатны шүүхийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авлаа.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

              1.Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/1316 дугаар шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

2. Хэргийг анхан шатны шүүхээр хэлэлцтэл яллагдагч Г.Мөнх-Очирт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 З.ТӨМӨРХҮҮ

          ШҮҮГЧ                                                         Б.ЭРДЭНЭХИШИГ

                      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      Ц.АМАРЖАРГАЛ