Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2017 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 001/ХТ2017/00445

 

                                                Ц.Баасансүрэнгийн нэхэмжлэлтэй,

                                                             иргэний хэргийн тухай

Монгол Улсын Дээд шүүхийн Танхимын тэргүүн Х.Сонинбаяр даргалж, шүүгч  Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Г.Цагаанцоож нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 345 дугаар магадлал,

Нэхэмжлэгч : Ц.Баасансүрэн

Хариуцагч : Налайх дүүргийн Эрүүл мэндийн төв

Нэхэмжлэлийн шаардлага : Ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны олговор  гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай

Хариуцагчийн төлөөлөгчийн гаргасан гомдлоор

Шүүгч Б.Ундрахын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тайванхүү,  нарийн бичгийн дарга Ш.Мөнхжаргал  нар оролцов.

 Нэхэмжлэгч шүүхэд гаргасан гомдолдоо: 2016.7.07-ны өдөр эвлэрлийн гэрээгээр ажилд эгүүлэн томилогдсон. 2016.7.22-ны өдрөөс 2016.9.11-ний өдрийг хүртэл өвчтэй байсан, 2016.9.09-ний өдөр ажлаасаа чөлөөлөгдлөө. 2016.5.16-ны өдрөөс 2016.7.07-ны өдрийн цалин олгоогүйн улмаас өвчтэй байсны учир мөнгө бодогдох боломжгүй болж хохирлоо. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 3.658.353 төгрөг гаргуулахыг шаардаж байна гэжээ. /хх 1/

 Хариуцагч шүүхэд гаргасан тайлбартаа: Ц.Баасансүрэнг 2016.9.09-ний өдөр халсан байхад 2016.5.16-ны өдрөөс хойшх цалингаа нэхэмжилж байна. Өмнө нь 2016.4.22-ны өдөр хүний нөөцийн ажлаас чөлөөлсөн, 2016.5.16-ны өдөр ажлаас халсан асуудлаар Ц.Баасансүрэн шүүхэд хандсаны дагуу бид зөвшөөрч буцаагаад ажилд нь томилж, зөрүү мөнгийг өгсөн. Гэтэл тэр хугацааныхаа цалинг нэхэмжлээд байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Одоо менежерийн ажилд авах боломжгүй. Харин хүний нөөцийн ажилтнаар авч болно.  Шүүх ажилд нь эгүүлэн томилсон боловч ажилдаа очоогүй. Ц.Баасансүрэн өөрөө ажилдаа ирээгүй бөгөөд ямар шалтгаантай гэдгээ байгууллагын удирдлагадаа мэдэгдэх ёстой байтал мэдэгдээгүй. 2016.7.09-ний өдрөөс хойш нэг ч удаа ажилдаа ирээгүй. Удирдлагын зөвлөлийн хурлаар Ц.Баасансүрэнгийн асуудлыг авч хэлэлцсэн ба тэмдэглэлийг шүүхэд нотлох баримтаар өгсөн. Гэтэл сүүлд ирэхдээ акт авч ирсэн ба актуудыг шаардлага хангахгүй гэж үзэж байгаа. 2015.02.18-ны өдрийн журмын  шаардлага хангаагүй. Ц.Баасансүрэнгээс ажилдаа ирэхгүй байсан шалтгаан зэргийг асуухад юу ч дуугараагүй. Тус хурал дээр Ц.Баасансүрэнг ажил олгогчийн санаачилгаар ажлаас чөлөөлж байгаагаа хэлээд тушаалыг нь гардуулж өгсөн. Нэхэмжлэгчийн ахар сүүл гэмтсэн нь үнэн. Эхний 2016.7.22-ны өдрөөс 2016.8.03-ны өдрийн актны мөнгийг ажилласан цалинтай нь олгосон. Түүнээс хойш өгсөн акт нь ойлгомжгүй байгаа. Тушаал гарснаас хойш авчирсан акт зурагдаагүй байгаа. Нийгмийн даатгалын тухай хуульд эхлээд 14 хоногийн акт авч болно, дахин акт авахдаа нийгмийн даатгалын шимтгэлийг 3 сараас дээш хугацаанд төлсөн байх ёстой гэж байдаг, ажиллаж байсан танил талаараа авсан тул хүчингүй. Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн байгууллагын дотоод журмын 5.3, 6.3 дахь заалт, ажил олгогчоос Ц.Баасансүрэнтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээний 2.2.1, 2.2.4, 2.2.7, 3.1 дэх хэсэгт заасныг тус тус зөрчсөн. 2016.8.29-ний өдөр удирдлагын зөвлөлийн хурлын дараа эрүүл мэндийн төвийн дотор, мэдрэл, мэс засал, амбулаторийн тасгийн эрхлэгч нартай ярьж Ц.Баасансүрэнг ойрын өдрүүдэд үзүүлж акт авсан эсэхийг лавлахад тэд энэ 7 хоногт акт аваагүй гэж хэлсэн юм. Урьд нь Ц.Баасансүрэн 2016.8.03-ны өдрийн Б/216 дугаар тушаалаар "сануулах", сахилгын шийтгэл хүлээлгэсэн. Тушаалыг өөрт нь гардуулсан боловч, тухайн үедээ гомдол гаргаагүй. Ц.Баасансүрэн Улаанбаатар хотод эмчлүүлсэн өвчний акттай гэдэг боловч акт баримтаа авчирч өгөхгүй, алга болж, 2016.8.22-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл хүндэтгэн үзэх шалтгаангүй тасалж, ажилдаа ирээгүй. Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 2-оос дээш өдөр ажил тасалсан тул  дотоод журмын 2.2.3, 4.5.2-т заасныг баримтлан  халсан.  Нэхэмжлэлийг  зөвшөөрөхгүй гэжээ.

Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэр гаргаж, Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2-т заасныг баримтлан Ц.Баасансүрэнг Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвийн хүний нөөцийн менежерийн ажил, албан тушаалд эгүүлэн тогтоож, Хөдөлмөрийн тухай хуулийн 64 дүгээр зүйлийн 64.1, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагчаас 2.485.983 төгрөг гаргуулан Ц.Баасансүрэнд олгож, нэхэмжлэлээс 2.391.333 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, нийгмийн  даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийхийг  даалгаж, улсын тэмдэгтийн хураамж нэхэмжлэгч төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 124.926 төгрөг  гаргуулан улсын орлогод  оруулахаар шийдвэрлэсэн байна. 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 345 дугаар магадлал гаргаж, Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэрийг хэвээр үлдээжээ.

Хариуцагчийн төлөөлөгч хяналтын шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 1. Давж заалдах шатны шүүхийн магадлалд "...эмнэлгийн хуудас бичих журмыг зөрчсөн, 07778363 дугаар хуудаст ерөнхий эмч, эмнэлгийн даргын гарын үсэг зурагдаагүй тамга тэмдэг дарагдаагүй гэх боловч эмнэлгийн хуудсыг олгох журмыг мөрдөөгүй нь өвчтөнийг буруутгах үндэслэл болохгүйгээс гадна нэгэнт эмчлэгч эмчээс хуудас олгосон байхад ажил олгогч эмнэлгийн хуудасны ажил олгогчийн баталгаажуулах хэсгийг бөглөж хаагаагүй нь нэхэмжлэгчийг буруутгах үндэслэл болохгүй гэж дүгнэжээ. МУ-ын ХНХСайдын 2014.02.18-ны өдрийн А/30 дугаар тушаалаар батлагдсан "эмнэлгийн хуудас олгох тухай" журмын заалтыг зөрчиж, олон удаа эмнэлгийн хуудас бичүүлж авсан тухай дурьдаж ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан /2016.9.07-ны өдөр/ Ц.Баасансүрэнтэй эмнэлгийн дарга Б.Эрдэнэбат, ЭЭОДарга Д.Бадамсайхан, ХНМенежер Р.Тунгалагтоль нарын хамт уулзаж ярилцаад, яагаад ажилдаа ирэхгүй байгаа юм бэ? гэж асуухад юу ч дууграагүй, эмнэлгийн хуудас авах талаараа яриагүй атлаа тушаал гаргаснаас 4 хоногийн дараа буюу /2016.9.11/-ний өдөр хүнээр 07778363 дугаар эмнэлгийн хуудсыг ХНМенежерт хүргүүлснийг, ерөнхий эмч, ХНМенежер, эмнэлгийн дарга нар гарыг үсэг зурж албажуулаагүй байхад ажил олгогчийн санаачилгаар ажлаас халсан гэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй юм. Өвчтөн 14 хоногоос илүү хугацаагаар өвчилсөн тохиолдолд нэгдсэн эмнэлгийн эмнэлэг хөдөлмөр магадлах комиссын хурлаар хэлэлцүүлж актыг сунгах асуудлыг шийдүүлэх тухай дээрх хууль тогтоомжийн заалтыг зөрчиж Ц.Баасансүрэн эмнэлэгт ХМенежерээр ажилладаг, эмч нарыг ажилд томилох тушаал гаргадаг эрхтэйгээрээ түрий барьж тасгуудаас 7-14 хоногийн хугацаагаар 3-4 удаа эмнэлгийн хуудас бичүүлж авч хууль тогтоомж зөрчсөн тухай хариуцагчийн зүгээс тайлбарлаж хууль тогтоомжийн эх сурвалжийг нь зааж өгсөөр байхад анхан болон давж заалдах шатны шүүх хууль буруу хэрэглэсэн бөгөөд давж заалдах шатны шүүхийн анхан шатны шүүхийн шийдвэр хөдөлмөрийн тухай хуулийн 46.2, 64.1, 69.1 хэсэгт заасанд нийцсэн гэж дүгнэснийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Иймд шийдвэр, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Ц.Баасансүрэн нь Налайх дүүргийн Эрүүл мэндийн төвд холбогдуулан “...хүний нөөцийн менежерийн ажилд эгүүлэн тогтоолгох... 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдрөөс 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр хүртэл хугацааны цалин нийт 4.877.316 төгрөг гаргуулах... нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт зохих бичилт хийлгэхийг даалгах...” шаардлага гаргажээ. Хариуцагч нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй байна.

Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Хөдөлмөрийн тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, өөрчлөлт оруулах боломжгүй тул шийдвэр, магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаана.

Ажилтан шүүхэд нэхэмжлэл гаргахдаа үндэслэлээ “...ажил тасалсан гэх хугацаанд өвчтэй байсан...” гэж, харин хариуцагч “...заасан хугацаанд өвчтэй байсан гэх боловч энэ тухайгаа зохих журмын дагуу ажил олгогчид мэдэгдээгүй тул ажил тасалсан гэж халсан...”  тухай тайлбар өгсөн байхад шүүх энэ нөхцөл байдлыг зааглан ялгаагүйгээс ажил олгогчийн тушаалын үндэслэлийн талаар хяналтын шатны шүүхээс дүгнэлт хийх, улмаар хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжгүй байна.

Түүнчлэн, шүүх Ц.Баасансүрэнд ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговор гаргуулсан үндэслэл тодорхойгүй байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.2-г зөрчжээ. Ажилтан өвчтэй байсны улмаас ажлаа хийгээгүй талаараа тайлбарлаж байхад шүүх түүнийг ажил олгогчийн буруугаас ажилгүй байсан мэт дүгнэлт хийж хариуцагчаас олговор гаргуулсан гэж үзэхээр байна.  

Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нотлох баримтын тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой талаас нь үнэлэх зэрэг ажиллагааг хийсний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2-т заасан шийдвэрийн аль нэгийг гаргавал зохино.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.5 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ :

 1. Багахангай, Налайх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн 104/ШШ2016/00575 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2017 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 345 дугаар магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай. 

2. Хариуцагч хяналтын шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөөгүй болохыг дурдсугай.

                                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                           Х.СОНИНБАЯР

                                       ШҮҮГЧ                                                     Б.УНДРАХ