Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 254

 

Б.Т, Г.А нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай   

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Д.Ганзориг, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 259 дүгээр магадлалтай, Б.Т, Г.А нарт холбогдох 1908006520080 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 4-ний өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

1.Монгол Улсын иргэн, 1990 оны 5 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Толгойт овогт Бн Т,

2.Монгол Улсын иргэн, 1987 оны 4 дүгээр сарын 6-ны өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Шарнууд овогт Гын А нар нь Эрүүгийн хуулийн 22.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх шүүгдэгч Б.Т, Г.А нарыг нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.А нарыг тус бүр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч Б.Тгийн цагдан хоригдсон 56 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгоос 22.100.000, шүүгдэгч Г.Аээс 18.100.000 төгрөг тус тус гаргуулж, нийт 40.200.000 төгрөгийг улсын орлого болгох, шүүгдэгч Г.Аээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад шилжүүлэхийг даалгаж шийдвэрлэсэн байна.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Д.Өлзийхишиг нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Б.Т гаргасан гомдолдоо: “Би ирвэсний арьсыг Баянхонгор аймагт оршин суух Х.Цгоос авсан нь үнэн. Энэ тухай гэрчлэх гэрч байгаа. Анхан шатны шүүх хуралд Х.Цгоос ирвэсний арьс авсан гэдгээ хэлье гэхэд миний өмгөөлөгч Баатардорж нь энэ тухай хэлбэл 6 жил чанга дэглэмтэй хорих ял авна гэж надад итгүүлсэн. Учир нь өмгөөлөгч Баатардорж нь Х.Цтой тохиролцож, Х.Цолмонгоос 5 сая төгрөг дансаар авч, надтай хийсэн өмгөөлөх гэрээгээ зөрчиж хуулийн мэдлэггүйг минь далимдуулж эрх зүйн байдлыг минь дордуулсанд гомдолтой байна. Өмгөөлөгч Баатардорж нь Х.Цгоос 5 сая төгрөг авсан нь үнэн. Анхан шатны шүүх хуралд гэрчтэй оролцох хүсэлт гаргасан боловч шүүх хүлээн зөвшөөрөөгүй. Давж заалдах шатны шүүх хуралд online хэлбэрээр оролцох хүсэлт өгсөн боловч шүүх хурлын товыг надад хэлээгүй, мөн online шүүх хуралд оролцуулаагүй, ирж гарын үсэг зуруулаагүй. Өмгөөлөгчийн ёс зүйгүй ажиллагаанаас болж ийм байдалд орсонд маш их харамсалтай байна. Иймд гомдлыг минь хүлээн авч, надад оногдуулсан хорих ялыг цагаатгаж, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, миний эрх зүйн байдлыг дээрдүүлж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа гаргасан гомдол болон шүүх хуралдаанд хэлсэн саналдаа: ...Анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг  дордуулсан, хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй байна гэж үзэж байна. Шүүгдэгч Г.А нь анх удаа тохиолдлын чанартай гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос өөрт оногдох хэсгээс шүүхийн шатанд буюу 2019 оны 12 дугаар сарын 26-нд 4.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх хохирлыг төлөхөө илэрхийлсэн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-д “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна гэж хууль ёсны, шударга ёсны зарчмыг тодорхойлон хуульчилсан байна.

Гэтэл анхан болон давж заалдах шатны шүүх нь шүүгдэгч Б.Т болон Г.А нарт ял оногдуулахдаа тэдний гэмт хэрэгт оролцсон оролцоо, хэргийн бодит байдалд тулгуурласан дүгнэлт өгөлгүй ялыг ялгамжтай оногдуулаагүй бөгөөд, адилхан ял оногдуулсан нь шүүгдэгч Г.Аийн эрх зүйн байдлыг дордуулсан байна. Мөн Г.Аийн автомашиныг улсын орлого болгохдоо мөн гэмт хэрэг үйлдсэн Б.Тд улсын орлогыг хувааж төлөх хариуцлагыг оногдуулаагүй байна. Шүүгдэгч Г.А нь анх удаа тохиолдлын шинжтэй гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлоос зарим хэсгийг төлсөн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа зэргийг нь харгалзан үзэж Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоол, Нийлэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 259 дүгээр магадлалд өөрчлөлт оруулж, Г.Аэд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэв.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор Д.Дамдинсүрэн хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Б.Т, Г.А нар нэн ховор амьтан болох ирвэсний 2 ширхэг арьсыг хадгалсан, тээвэрлэсэн гэмт хэргийг үйлдсэн болох нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон, анхан шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, цугларсан нотлох баримтуудыг үнэлэн Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 жил 1 сарын хорих ял оногдуулсан нь эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байна. Хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулсан, бэхжүүлсэн нотлох баримтуудаас үзэхэд Б.Т нь ирвэсний арьсыг Баянхонгор аймгийн Баянлиг сумаас тээвэрлэж авчирсан, хадгалсан, Г.А нь цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг хадгалсан, зарах гэж тээвэрлэж яваад баригдсан тул төгссөн гэмт хэрэг гэж үзэж анхан шатны шүүхээс шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан нь хэргийн бодит байдалд нийцжээ. Анхан шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул шийтгэх тогтоол, магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэсэн хууль зүйн дүгнэлтийг хийж байна” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын гаргасан гомдлыг үндэслэн Б.Т, Г.А нарт холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.

Анхан болон давж заалдах шатны шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм бурууг хянан хэлэлцэж, шүүгдэгч Б.Т нь 2018 оны 11 дүгээр сараас 2019 оны 1 дүгээр сарын 1-ний хооронд Монгол Улсын нэн ховор амьтны жагсаалтад багтсан цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг Баянхонгор аймгийн Баянлиг сумын 4 дүгээр баг, Их баян гэх газраас Улаанбаатар хотод тээвэрлэн авчирч, Сонгинохайрхан дүүргийн 26 дугаар хороо, Баянголын 4 дүгээр гудамжны 45 тоотод 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг хүртэл хадгалсан,

шүүгдэгч Г.А нь 2019 оны 1 дүгээр сарын 31-ний өдрөөс 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл нэн ховор амьтан болох цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг Б.Тгоос худалдан борлуулах зорилгоор авч хадгалж байгаад, 2019 оны 2 дугаар сарын 1-ний өдөр Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт Тоёота Королла загварын 59-20 УБЧ улсын дугаартай автомашинаар цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг тээвэрлэсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн болох нь хуульд заасан журмын дагуу бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тогтоогдсон талаар үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.

Хэрэгт хураагдсан цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг Өмнөговь аймгийн Гурвантэс суманд оршин суух Н.Х гэх хүнээс авсан талаар шүүгдэгч Б.Т, гэрч Х.Ц нарын өгсөн мэдүүлгийг үгүйсгэх нөхцөл байдал тогтоогдоогүйгээс гадна тухайн ирвэсийг агнасан гэх Н.Х нь 2019 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр нас барсан /хх-108/ байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1.3-т зааснаар нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан хэргийг мөрдөн шалгах ажиллагаа явуулах боломжгүй нөхцөл байдал үүсчээ.  

Цоохор ирвэс нь Амьтны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт зааснаар нэн ховор амьтанд хамаарах бөгөөд хэрэгт хураагдсан цоохор ирвэсний 2 ширхэг арьс нь 4 настай бие гүйцсэн эм, мөн 2 настай эм төл бодгалийнх болохыг Шинжлэх ухааны академийн ерөнхий болон сорилын биологийн хүрээлэнгийн 2019 оны 2 дугаар сарын 21-ний өдрийн шинжээчийн дүгнэлтээр тогтоож, Засгийн газрын 2011 оны 23 дугаар тогтоолоор баталсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г үндэслэн нас бие гүйцсэн эм ирвэсийг 13.000.000 төгрөгөөр, 2 настай эм төлийг нас бие гүйцсэн эм ирвэсний 70 хувиар буюу 9.100.000 төгрөгөөр тус тус үнэлсэн нь зөв байна.

Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн Б.Т, Г.А нарыг нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн 24.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Т, Г.А нарт тус бүр 2 жил 1 сар хорих ял шийтгэж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, хохирлын шинж чанар, шүүгдэгч нарын гэм бурууд тохирсон гэж дүгнэв.

Түүнчлэн 2 ширхэг цоохор ирвэсний арьсыг хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч Г.Аээс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 13.000.000 төгрөгийг гаргуулж улсын орлого болгож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн шаардлагад нийцжээ.

Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.2 дахь хэсэгт “Амьтны аймагт учирсан хохирлын нөхөн төлбөрийн хэмжээг Засгийн газраас тогтоосон амьтны экологи-эдийн засгийн үнэлгээг хоёр дахин өсгөж тогтооно.” гэж хуульчилсан нь байгаль орчинд хохирол учруулсан гэм буруутай этгээдээр амьтны экологи-эдийн засгийн үнэлгээнээс гадна тухайн ан амьтныг өсгөж, үржүүлж, хамгаалахтай холбоотой гарах зардал буюу хор уршгийг давхар нөхөн төлүүлэх агуулгыг илэрхийлнэ.

Нэн ховор амьтны түүхий эдийг тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн шүүгдэгч Б.Т, Г.А нарын хувьд өөрсдөө цоохор ирвэсийг агнаж, байгаль орчинд шууд хохирол учруулсан болох нь тогтоогдоогүй, харин хэрэгт хураагдсан цоохор ирвэсний 2 ширхэг арьсыг Б.Т нь Н.Х гэх хүнээс авсан гэж мэдүүлснийг үгүйсгэх баримт байхгүй байхад анхан шатны шүүх 2 ширхэг цоохор ирвэсний экологи эдийн засгийн үнэлгээ болох 22.100.000 төгрөгийг 2 дахин өсгөн нэмэгдүүлж, нийт 44.200.000 төгрөгийг шүүгдэгч Б.Т, Г.А нараар нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн нь буруу байна.

Иймд Амьтны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.3 дахь хэсэгт “...амьтан, тэдгээрийн гаралтай түүхий эдийг цуглуулсан, худалдсан... этгээдийг тухайн зүйл ан амьтныг агнасан, барьсантай адилтган үзэж, нөхөн төлбөр ногдуулна...” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Б.Т, Г.А нараас цоохор ирвэсний үнийг хувь тэнцүүлэн гаргуулж, энэ талаар шийтгэх тогтоол, магадлалд өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж хяналтын шатны шүүх бүрэлдэхүүн шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Тгийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хянаж үзэхэд энэ хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн Х.Ц нь ирвэсний арьсыг Х.Тд өгсөн гэх нөхцөл байдал нотлох баримтаар тогтоогдоогүйгээс гадна Б.Т нь нэн ховор амьтны түүхий эдийг тусгай зөвшөөрөлгүйгээр тээвэрлэсэн, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хөдөлбөргүй тогтоогдсон тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгах хууль зүйн үндэслэлгүй гэж үзлээ.

Түүнчлэн шүүхээс гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч нарт хуульд заасан хорих ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн байх тул шүүгдэгч Г.Аэд оногдуулсан ялыг хөнгөрүүлэх талаар өмгөөлөгч Ю.Сэвлэгмаагийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.4 дэх хэсэгт заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 22 дугаар шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 5 дахь заалтыг “Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Тгоос 11.050.000 төгрөг, шүүгдэгч Г.Аээс 7.050.000 төгрөг тус тус гаргуулж, улсын төсөвт шилжүүлсүгэй” гэж өөрчилж, шийтгэх тогтоол болон Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдрийн 259 дүгээр магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Т, шүүгдэгч Г.Аийн өмгөөлөгч Ю.Сэвлэгмаа нарын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

 

                                             ДАРГАЛАГЧ                                                Б.ЦОГТ

                                             ШҮҮГЧ                                                         Б.АМАРБАЯСГАЛАН

                                                                                                                  Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                  Д.ГАНЗОРИГ

                                                                                                                  Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН