Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 08 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2018/0468

 

Г.А-ны нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

                         

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батбаатар даргалж, шүүгч Г.Билгүүн, шүүгч Э.Зоригтбаатар нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Өнө-Эрдэнэ, нэхэмжлэгч Г.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Ө нарыг оролцуулан хийж, Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн гаргасан давж заалдах гомдлоор, Г.А-ны нэхэмжлэлтэй, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст холбогдох захиргааны хэргийг, шүүгч Э.Зоригтбаатарын илтгэснээр хянан хэлэлцээд, 

ТОДОРХОЙЛОХ нь:

Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэрээр: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг, 6 дугаар зүйлд заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Г.А-ны нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, “Өндөр насны тэтгэвэр тогтоохгүй байгаа Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, өндөр насны тэтгэвэр тогтоон олгохыг хариуцагчид даалгаж, тэтгэврийг 2018 оны 02 дугаар сарын 06-ны өдрөөс нөхөн гаргуулахаар шийдвэрлэжээ.

Хариуцагч давж заалдах гомдолдоо: “...Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/ 0013 дугаар шийдвэрийг давж заалдаж байна.

Уг шүүхийн шийдвэрийг бүхэлд нь зөвшөөрөхгүй байгаа болно.

Гомдлын шаардлага нь: Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай нийцээгүй бөгөөд эрх зүйн зохицуулалт нь тэтгэвэр тогтоох нөхцөл журмыг хангаагүй байхад тэтгэвэр тогтоож тус сангаас хөрөнгө гаргах шийдвэр гаргаж байгаа нь хуульд нийцэхгүй байна. Иймд уг шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү.

Тайлбар: Уг хэргийн талаар нэхэмжлэгч тал эрх зүйг хэрэгжүүлэгч шат шатны эрх бүхий субъектүүдэд хандсан бөгөөд бүх шийдвэр, хууль эрх зүйд нийцээгүй тул тэтгэвэр тогтоох боломжгүй гэж хариу өгөгдсөн байх ба хууль, удирдах дээд байгууллага Нийгмийн даатгалын ерөнхий газраас өгөгдсөн чиглэл, зөвлөмж бусад шийдвэрүүдийг танилцуулсаар байхад Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3, 6 дахь хэсэг буюу хүнд нөхцөлийн болон, уг хуулийн 6 дугаар зүйл буюу урлагийн байгууллагын ажил мэргэжлийн заалтаар тэтгэвэр тогтоох, нөхөн олгох шийдвэр гаргаж байгаа нь нийгмийн даатгалын хуулийн зохих заалттай нийцэхгүй байх тул захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэрийг зөвшөөрөхгүй байгаа болно” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг хариуцагчийн давж заалдах гомдлын хүрээнд хянаад хэвээр үлдээж шийдвэрлэлээ.

Анхан шатны шүүх нотлох баримтыг бүрэн цуглуулж, Прокурорын тухай хууль, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн холбогдох зүйл, заалтыг зөв тайлбарлан хэрэглэн үндэслэл бүхий дүгнэлт хийж хэргийг хянан шийдвэрлэсэн байна.

Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3-д “Прокурорын тэтгэвэрт гарах насны дээд хязгаар нь 60 нас байх ба 50 насанд хүрсэн эмэгтэй, 55 насанд хүрсэн эрэгтэй, эсхүл нас харгалзахгүйгээр прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгож болно” гэж заасан атлаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар уг асуудлыг нарийвчлан зохицуулаагүйгээс уг маргаан үүсчээ.

Прокурорын тухай хууль нь прокурорын эрх зүйн байдлыг нарийвчлан зохицуулсан материаллаг хууль бөгөөд уг хуулиар “...прокуророор 25 жил ажилласан прокурор өөрөө хүсвэл өндөр насны тэтгэврээ тогтоолгох” субьектив эрхийг баталгаажуулсан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хууль нь иргэний тэтгэвэр, тэтгэмж авах болзол, нөхцөл, олгох журмыг хуульчилсан процессийн шинжтэй хууль бөгөөд уг хуулиар өндөр насны тэтгэвэр тогтоолгох насны ерөнхий босгыг “60 нас”-аар, зарим тохиолдолд иргэн өөрөө хүсвэл “50 нас”, “55 нас”-наас өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрх үүсэхээр хуульчилжээ.

Тухайлбал, уг хуулийн 4 дүгээр зүйлийн 2-т “төрүүлсэн болон З хүртэл настайд нь үрчлэн авсан дөрөв, түүнээс дээш хүүхдээ 6 настай болтол өсгөсөн эх 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн, 50 нас хүрсэн бол өөрийн хүсэлтээр...”, 3-т “газрын дор болон хөдөлмөрийн халуун нөхцөлд ажилласан даатгуулагч ... /нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь газрын дор ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол, … нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 10-аас доошгүй жил нь хөдөлмөрийн халуун нөхцөлд ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн, түүнчлэн нийтдээ 20-иос доошгүй жил, үүнээс 7 жил 6 сараас доошгүй хугацаагаар мөн нөхцөлд ажиллаж тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эмэгтэй 50 нас хүрсэн бол/ ... тэтгэвэр тогтоолгох авах”-аар, 6-д “…гоцлол дуучин, бүжигчин … хөгжимчнөөр 20-оос доошгүй жил ажилласан, эсхүл нийтдээ 25-аас доошгүй жил, үүнээс 15-аас доошгүй жил дурьдсан мэргэжлээр ажиллаж, тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн иргэн, мөн 25-аас доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлж төмөр замын цэрэгжүүлсэн хамгаалалтын албанд ажилласан даатгуулагч өөрөө хүсвэл нас харгалзахгүйгээр өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах”-аар тус тус заасан байна.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 1-д заасан “...60 нас хүрсэн бол” гэх нөхцөл нь хуульд заасан зарим тохиолдолд “өөр байж болох”-оор заасан, даатгуулагч “өөрөө хүссэн” тохиолдолд “50 нас”, “55 нас”-наас эсхүл нас харгалзахгүй өндөр насны тэтгэвэр тогтоох хуулийн заалтын агуулга нь даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байх тул материаллаг бусад хуулиар эрх нь нээгдсэн даатгуулагчийн “өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгох” эрхийг Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулиар “хориглогдсон” гэж үзэхгүй, өндөр насны тэтгэвэр тогтоох харилцаа, үйл ажиллагааг журамласан процессийн хуулиар материаллаг хуулиар иргэнд олгогдсон эрхийг үгүйсгэх боломжгүй юм.

Иймд, иргэний эрхийг дордуулсан хуулийн заалтыг хэрэглэхгүй, нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт, шийдэл зөв бөгөөд хариуцагчийн давж заалдах журмаар гаргасан “...Прокурорын тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.3 дахь заалт нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуультай нийцээгүй” гэх гомдол үндэслэлгүй.

Өөрөөр хэлбэл, Сүхбаатар аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нэхэмжлэгч Г.А-ны өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрхийг “...Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмж олгох хуульд тусгагдаагүй” гэх үндэслэлээр эдлүүлэхээс татгалзах биш, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3-т заасан “... /онцгой тохиолдолд/ нийтдээ 20-иос доошгүй жил ...тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн эрэгтэй 55 нас хүрсэн бол /өндөр насны тэтгэвэр тогтоолгох авах эрхтэй/” гэж заасныг баримтлан өндөр насны тэтгэвэрийг тогтоон олгох боломжтой, энэ нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон “иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

Эдгээр болон бусад үндэслэлээр анхан шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийсэн байх тул шийдвэрийг хэвээр үлдээв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсгийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сүхбаатар аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 122/ШШ2018/0013 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, хууль буруу хэрэглэсэн гэж нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                               ЕРӨНХИЙ  ШҮҮГЧ                                                 Д.БАТБААТАР

                               ШҮҮГЧ                                                                    Г.БИЛГҮҮН

                               ШҮҮГЧ                                                                    Э.ЗОРИГТБААТАР