Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/0584/З |
Дугаар | 260 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 260
П.Б-гийн нэхэмжлэлтэй, Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: М.Батсуурь,
Нэхэмжлэлийн шаардлага: Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн алба хаагчдын албан тушаалаас чөлөөлөх тухай Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох,
Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0107 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр магадлалтай,
Нэхэмжлэгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 128/ШШ2020/0107 дугаар шийдвэрээр: Цэргийн алба хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1, 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 132 дугаар зүйлийн 132.1, 135 дугаар зүйлийн 135.2, 137 дугаар зүйлийн 137.2-д заасныг баримтлан П.Б-гийн нэхэмжлэлээр Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргад холбогдуулан гаргаснаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2019 оны 4 дүгээр сарын 10-ны өдрийн Б/477 дугаар тушаалын зарим хэсэг хууль бус байх бөгөөд тус тушаалын 2 дугаар заалтаар ажилласан жилийг дутуу тооцсон, 3 дугаар заалтаар тэтгэмжийг олгохдоо ажилласан жил дутуу тооцсонтой холбоотойгоор 36 сарын тэтгэмжийг дутуу олгосон гэж үзэж байгаа тул уг заалтуудыг хүчингүй болгуулах, мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн алба хаагчдын албан тушаалаас чөлөөлөх тухай Б/550 дугаар тушаалыг илт хууль болохыг тогтоолгох-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 107 дугаар шийдвэрийн 1 дэх заалтыг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2 дахь заалт, 2 дахь хэсэг, 19 дүгээр зүйлийн 19.1 ...” гэснийг “Цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1, 8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 2, 19 дүгээр зүйлийн 1” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгч П.Б хяналтын журмаар гаргасан гомдолдоо: “... Хариуцагч нь 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар “Алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” тушаалаа Иргэний цэргийн үүргийн болон цэргийн албан хаагчийн эрх зүйн байдлын тухай /1992 оны/ хуулийн 19 дүгээр зүйлийн 5 дахь заалтыг үндэслэн нэр бүхий албан хаагчдын хамт нэхэмжлэгч намайг 2002 оны 09 дүгээр сарын 19-ний өдрөөр тасалбар болгон бэлтгэл офицероор чөлөөлсөн нь Дотоодын цэргийн тухай /1995 оны/ хуулийн 13 дугаар зүйлд “Монгол Улсын цэргийн тангарагийг өргөж, дотоодын цэргийн аль нэг байгууллагад алба хааж, суралцаж байгаа Монгол Улсын иргэнийг дотоодын цэргийн алба хаагч гэнэ” гэж, 14 дүгээр зүйлийн 2-т “Дотоодын цэргийн алба хаагчийн эрх зүйн байдлыг хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд Монгол Улсын зэвсэгт хүчний дагаж мөрддөг хууль тогтоомж, цэргийн дүрмүүдээр зохицуулна” гэж зохицуулсан нь тусгайлсан зохицуулалт болох Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 135 зүйлийн 135.2-т "Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь дотоодын цэргийн цол, дүрэмт хувцастай байна” гэж тус тус заасныг зөрчсөн байна. Мөн тушаалын хууль зүйн үндэслэл нь нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд халдах хууль зүйн үндэслэлгүй, хуулиар эрх олгоогүй, албан тушаалаас болон бэлтгэл офицероор чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй байхад чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.3, 47.1.7-д тус тус зөрчсөн илт хууль бус акт гэж үзэх үндэслэл байхад хуулийг буруу хэрэглэж тус нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосон гэж үзэж байна.
4. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ нэхэмжлэгч нь цолгүй буюу энгийнээр ажилласан, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 137 зүйлийн 137.3-т “...шийдвэр гүйцэтгэгч 137.2-т /...цэргийн цол, зэрэг, дэвийн нэмэгдэл олгох/ зааснаас бусад баталгааг эдэлнэ гэж тус тус заажээ” гэж заасныг буруу тайлбарлаж, хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Тухайн нэмэгдэл нь үндсэн цалингаас гадна хоригдолтой ажилласны, төрийн алба хаасан хугацааны, цэргийн цол, зэрэг дэв зэргийн мөнгөн нэмэгдлийг Засгийн газар тогтоохоор зохицуулсан хэм хэмжээ тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай /2002 оны/ хуулийн 132 дугаар зүйлийн 132.1-д “Шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан нь шийдвэр гүйцэтгэгч болон хорих байгууллагын албан хаагчаас бүрдэнэ” гэж, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын албан хаагч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байна" гэж тус тус заасны дагуу шийдвэр гүйцэтгэгч нь цэргийн цол, дүрэмт хувцастай байхаар зохицуулсныг үгүйсгэх зохицуулалт биш юм.
5. Иймд цэргийн албан хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 1 болон дээр дурьдсан үндэслэлээр шийдвэр, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
6. Шүүхүүдийн шийдэл зөв, хууль хэрэглээний өөрчлөлт оруулсан давж заалдах шатны шүүхийн магадлал үндэслэл бүхий байх тул нэхэмжлэгчийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхив.
7. 2002 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Шүүхийн шийдвэр биелүүлэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн Б/550 дугаар тушаалаар нэр бүхий албан хаагчдыг бэлтгэл офицероор чөлөөлсний дотор нэхэмжлэгч П.Б- багтсан; мөн даргын 2002 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн Б/563 дугаар тушаалаар Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны 65 дугаар тойрогт шийдвэр гүйцэтгэгчээр томилон ажиллуулсан бол 2007 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн Б/884 дүгээр тушаалаар ахлах дэслэгч цолыг сэргээн олгосон; нэхэмжлэгч, хариуцагч нараас маргаж буй гол үндэслэл бол дээрх нийт 5 жил 2 сарын хугацааг “энгийн шийдвэр гүйцэтгэгч”-ээр ажилласан гэж тооцох эсэх талаар буюу хууль хэрэглээний асуудлаар маргаж байна.
8. Цэргийн алба хаагчийн тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 1 дүгээр зүйлд “Энэ хуулийн зорилт нь Зэвсэгт хүчин, хилийн ба дотоодын цэрэг, тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын генерал, офицер, ахлагч, түрүүч, байлдагч, цэрэг, цагдаагийн сургуулийн сонсогч /энэ хуульд цаашид "цэргийн алба хаагч" гэх/ нарт тэтгэвэр, тэтгэмж тогтоож, олгохтой холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 6 дугаар зүйлийн 1-д “Цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд цэргийн жинхэнэ алба болон тагнуул, цагдаа, шүүхийн шинжилгээний болон авлигатай тэмцэх, онцгой байдлын асуудал эрхэлсэн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцно”, 18 дугаар зүйлийн 1-д “цэргийн алба хаагч нас барах, тэтгэвэрт гарах, орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр болон цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд нэг удаагийн тэтгэмж олгоно”, 19 дүгээр зүйлийн 1-д “цэргийн алба хаагч эрэгтэй 25-аас доошгүй, эмэгтэй 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаасны тэтгэвэрт гарахад түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно”, мөн зүйлийн 2-т “Цэргийн алба хаагч орон тоо, зохион байгуулалтын өөрчлөлт, биеийн эрүүл мэндээр, түүнчлэн цэргийн алба хаах нас хэтэрч халагдвал түүнд 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг нэг удаа олгоно” гэж тус тус зохицуулсан байна.
9. Энэхүү зохицуулалтаас үзэхэд, цэргийн тэтгэвэр, тэтгэмж тогтооход баримтлах хугацаанд шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад алба хаасан нийт хугацааг тооцох бөгөөд ийнхүү хугацаа тооцоход эмэгтэй бол 20-оос доошгүй жил алба хаагаад цэргийн алба хаах нас хэтэрч халагдах тохиолдолд түүнд 36 сарын цалин хөлстэй тэнцэх, харин уг хугацаа хүрэхгүй бол 18 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний нэг удаагийн тэтгэмжийг олгохоор; ингэхдээ гагцхүү тухайн албанд цэргийн цолтой (“генерал, офицер, ахлагч, түрүүч гэх мэт) алба хаасан бол цэргийн албан хаагч гэж үзэж, уг хугацааг алба хаасан нийт хугацаанд оруулж тооцохоор хууль тогтоогч тусгайлан заажээ.
10. Нэхэмжлэгчийн хувьд, маргаж буй 5 жил 2 сарын хугацаанд цэргийн цолгүй буюу энгийнээр нийгмийн даатгалын шимтгэл төлж шийдвэр гүйцэтгэгчээр ажилласан тул уг хугацааг цэргийн алба хаасан хугацаанд хамруулж, улмаар 36 сарын цалин хөлстэй тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгох боломжгүй, энэ талаар шүүхүүд зөв дүгнэжээ.
11. Мөн 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулиар шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтныг шийдвэр гүйцэтгэгч, хорих байгууллагын албан хаагч нараас бүрдэхээр, үүнтэй холбоотойгоор эрх зүйн баталгаа нь харилцан адилгүй байхаар зохицуулсантай холбогдуулж Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын даргын 2002 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн “Алба хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай” Б/550 дугаар тушаал гарсан, өөрөөр хэлбэл, хууль хэрэгжүүлэх зорилгоор гарсан энэхүү тушаал нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлд заасан захиргааны акт “илт хууль бус байх” аль ч шинжийг агуулаагүй тул нэмэгдүүлсэн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, нэхэмжлэгчийн “... хуулиар эрх олгоогүй, албан тушаалаас болон бэлтгэл офицероор чөлөөлөгдөх ямар нэгэн хүсэлт, санал гаргаагүй байхад чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 47 дугаар зүйлийн 47.1.6, 47.1.3, 47.1.7-д тус тус зөрчсөн илт хууль бус акт ...” гэсэн гомдол няцаагдаж байна.
12. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн 291 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч П.Б-гийн хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ