| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/10172/И |
| Дугаар | 192/ШШ2026/01398 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/01398
Зохигч талуудын эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг би,
Нэхэмжлэгч: П ХХК /**************************** оршин байх, РД ****************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: А ХХК /*******************************оршин байх, РД **************/-д холбогдох,
23,585,100 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хүлээн авч хянаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч П ХХК нь хариуцагч А ХХК-д холбогдуулан 23,585,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хэрэг үүсгэснээс хойш нэхэмжлэгч П ХХК-ийн 23,585,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11,792,550 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11,792,550 төгрөгийг тус тус төлөхөөр зохигч эвлэрсэн болох нь хавтас хэрэгт авагдсан зохигчийн шүүхэд бичгээр гаргасан тайлбаруудаар тогтоогдож байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд зохигч эвлэрсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ, 74.2-т Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай захирамж гаргана гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М, хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т нарын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул шүүх зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж байгаа тул улсын тэмдэгтийн хураамжийн хэмжээг тал хувиар бууруулж тогтоолоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Нэхэмжлэгч П ХХК-ийн 23,585,100 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А ХХК-ийн гүйцэтгэх захирал Т нь төлөхийг хүлээн зөвшөөрч, 2026 оны 3 дугаар сарын 10-ны өдөр 11,792,550 төгрөг,
2026 оны 4 дүгээр сарын 10-ны өдөр 11,792,550 төгрөгийг тус тус төлөхөөр эвлэрсэн, зохигч талуудын эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 275,875 төгрөгийн 50 хувь болох 137,937.5 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, үлдэх 137,937.5 төгрөгийг Төрийн сангийн *************** тоот данснаас, хариуцагч А ХХК улсын тэмдэгтийн хураамжид 137,937.5 төгрөгийг тус тус гаргуулан нэхэмжлэгч П ХХК-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар шүүгчийн захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг, мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар шүүгчийн захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг тус тус дурдсугай.
ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ