| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0608/э |
| Дугаар | 653 |
| Огноо | 2017-09-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 653
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, улсын яллагч Б.Мөнгөншагай, шүүгдэгч Ц.Т, түүний өмгөөлөгч Г.Баярмаа, хохирогчийн өмгөөлөгч Б.Сарнай нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д“ танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Цэцэгмаагийн Тэмүүжинд холбогдох эрүүгийн “1811005440277” дугаартай, 186/2018/0608/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 07-ны өдөр шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн,1991 оны 05 дугаар сарын 19-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 27 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, эгч нарын хамт Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол, 32-9а тоотод оршин суух бүртгэлтэй, урьд 2010 оны 04 дүгээр сарын 14-ний өдрийн 95 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 6 сар баривчлах, 2014 оны 01 дүгээр сарын 21-нд Дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 134 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 115.1, 192.1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, Боржигон овогт Цэцэгмаагийн Тэмүүжин /РД:ШУ91051911/,
Холбогдсон хэргийн талаар:
Ц.Т нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн орой 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо, Улсын их дэлгүүрийн урд замд Тоёота приүс маркийн 53-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Баяр-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч Ц.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...Миний бие мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлгээ үнэн зөв өгсөн тул мэдүүлэг өгөхгүй гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Ч.Баяр-Эрдэнийн:...2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Их дэлгүүрийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээс урдаасаа хойшоо чиглэлд явган хүн гарах зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан, тухайн үед миний урдхан талд 2-3 хүн, араас хэдэн хүн явсаныг мэдэхгүй байна, цуваад гарч явсан хүмүүсийн араас зам хөндлөн гүйгээд гарч байтал эхний замаа дууссан, дараагийн замыг дуусч байтал хажуу талаас зогсож байсан машинуудын хажуугаар зогсоол дээгүүр дамнаад суудлын машин орж ирээд намайг мөргөөд унагаасан, би зам гарч байхад машинууд явган хүмүүст зам тавьж өгөөд зогсож байсан, Тэр машин намайг мөргөхөөс өмнө би ерөөсөө хараагүй. Ослын дараа машинд мөргүүлээд газарт хэвтэж байхад машинаас жолооч залуу бууж ирсэн, бас түүнтэй хамт явсан 3-5 залуучууд бууж ирээд "машин эвдчихлээ, машин ирээд мөргөчихлөө" гэх шиг янз бүрийн сонин сонин юм яриад байсан, би тэр залуучуудад хандаж "103 дуудаад өгөөч" гэхэд үл ойшоосон, тэр үед хөндлөнгийн явж байсан нэг эрэгтэй хүн 102, 103-д залгаж өгсөн, мөн өөрөө өөрийнхөө утаснаас 102-т залгаж ослын талаар мэдэгдсэн, удаагүй цагдаа нар ирсэн, араас 103 эмч ирээд миний мултарсан мөрийг оруулж өгөөд явсан. Би цагдаад хаана мөргүүлээд, хаана унасан газраа зааж өгсөн гэх мэдүүлэг. /хх-30/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Ц.Т гэрчээр мэдүүлэхдээ:...2018 оны 02 дугаар сарын 02-ны орой найз Баярпүрэвийн эгч Наранзулын эзэмшлийн 53-50 УБП улсын дугартай Тоёота приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баярпүрэвтэй хамт таньдаг ах Билгүүний 2 хүүхдийг Баянмонгол хороолол руу хүргэж өгөөд буцаад 10 дугаар хороолол орох гээд 23 цагийн орчим Улсын их дэлгүүрийн урд явж байхдаа зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөж гэмтээсэн. Би УИД-ийн урд талын замын нэгдүгээр эгнээнд улаан гэрэл ассан байхаар нь ногоон гэрэл асаад хөдлөхөд замын урд талаас явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр даруй тормоз гишгэхэд тэр эрэгтэй хүн автомашины зүүн урд гупер хэсгийг мөргөөд газар унасан. Би автомашинаас буугаад бие нь яаж байна гэж асуухад мөр мултарчихлаа гэж хэлээд эмнэлэг, цагдааг тэр хүн өөрөө дуудсан. Би хүлээж байгаад цагдаа ирэхээр нь хэмжилт хийлгээд автомашинаа журмын хашаанд журамлуулсан. Тэр ахыг эмнэлэг явах уу гэсэн чинь юм ярилгүй, такси бариад яваад өгсөн. Маргааш нь Чингэлтэй дүүрэг дэх замын цагдаагийн хэлтэс дээр очоорой гэж хэлсэн боловч би гэр бүлийн асуудлаас болоод хөдөө Төв аймаг руу явсан гэх мэдүүлэг. /хх-44/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч З.Баярпүрэвийн:...Тухайн үед Тэмүүжинтэй ойрхон хувийн ажилд хотын төвөөр явж байсан тэгтэл Тэмүүжин машинаа бариулаач гэж гуйсан, тэгэхээр нь түүгээр машинаа бариулаад явж байсан, мөн тухайн үед зам дагуу 3 залуу гараа өргөхөөр нь дөхүүлж буулгах гээд таксидаад явж байсан, осол болохоос өмнө Тэмүүжин машин бариад явж байсан, харин би хажууд нь суугаад явж байсан, тэгтэл улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гэрлэн дохио дээр улаан гэрэл асаад зогссон, тэгээд дөнгөж машин явах ногоон гэрэл астал Тэмүүжин машиныг хөдөлгөөнд урагшаа явтал хүн урд гарч ирээд л мөргүүлсэн гэх мэдүүлэг. /хх-49/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ж.Гэрэлийн:..Ц.Т нь Баянгол дүүргийн нутаг 25-р эмийн сангийн арын байранд байдаг хаягийг нь цээжээр мэдэхгүй байна, тэрээр эмээ, эгчийн хамт амьдардаг, гэрийнх нь намайг найз охин нь гэдгийг мэднэ, мөн манай гэрийнхэн Тэмүүжинг манай найз залуу гэдгийг мэднэ гэх мэдүүлэг. \хх-50/,
2.5. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч И.Алимаагийн:...Тэмүүжин нь миний төрсөн дүү Сосорбарамын Цэцэгмаагийн төрсөн хүү юм. Цэцэгмаа 2 охинтой байж байгаад сүүлд Ц.Намхай гэдэг хүнтэй сууж Тэмүүжинг төрүүлсэн, миний төрсөн дүү Цэцэгмаа нь 2005 онд гэнэт цус харваад нас барсан түүнээс хойш эцэг Намхай нь архи уусаар байгаад 2008 онд нас барсан, Цэцэгмааг нас барахад л Тэмүүжин манайд ирсэн би арай хийж 8-р анги төгсгөсөн гэх мэдүүлэг. \хх-52/,
2.6. Шүүхийн шинжигээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2238 тоот актын:
1. Ч.Баяр-Эрдэнийн биед баруун дал, мөрний үений дээд, доод дотор холбоосын суналт, сэлтэрэл, баруун мөр, дал, нурууны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх шинэ гэмтэл байна.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.
4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй гэх ахлах зэргийн шинжээч эмч Ө.Сарангэрэл гэх дүгнэлт. /хх-26/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд
3.1. Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд /хх 4-7/, хохирлын баримт /хх 27-39/, хөрөнгийн үнэлгээний тайлан /хх 55-59/, шүүгдэгчийн урьд шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-78/,оршин суугаа хорооны засаг даргын тодорхойлолт /хх 80/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-81/, шүүхийн шийтгэх тогтоолын хуулбарууд /хх 85-93/ зэрэг бичгийн бусад баримтуудыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараахи үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Ц.Т нь 2018 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн оройн 23 цагийн орчимд Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороо Улсын их дэлгүүрийн урд замд Тоёота приүс маркийн 53-30 УБП улсын дугаартай автомашиныг жолоодон явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасан "Зөвшөөрсөн гэрэл дохио асах үед жолооч явган хүний гарцыг нэвтрэхдээ зорчих хэсгийг хөндлөн гарч амжаагүй яваа (аюулгүйн зурвастай тохиолдолд түүнийг өнгөрч яваа буюу түүнд хүрээгүй яваа) явган зорчигчид зам тавьж өгнө" гэснийг зөрчсөний улмаас явган зорчигч Ч.Баяр-Эрдэнийг мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь гэмт хэргийг үйлдсэн болох нь хохирогч Ч.Баяр-Эрдэнийн.... 2018 оны 02 дугаар сарын 02-ны шөнө 23 цагийн үед Их дэлгүүрийн явган хүний гарцаар ертөнцийн зүгээс урдаасаа хойшоо чиглэлд явган хүн гарах зөвшөөрсөн ногоон гэрлээр зам хөндлөн гарч байсан, тухайн үед миний урдхан талд 2-3 хүн, араас хэдэн хүн явсаныг мэдэхгүй байна, цуваад гарч явсан хүмүүсийн араас зам хөндлөн гүйгээд гарч байтал эхний замаа дууссан, дараагийн замыг дуусч байтал хажуу талаас зогсож байсан машинуудын хажуугаар зогсоол дээгүүр дамнаад суудлын машин орж ирээд намайг мөргөөд унагаасан... мэдүүлэг, гэрч З.Баярпүрэвийн:...тухайн үед Тэмүүжинтэй ойрхон хувийн ажилд хотын төвөөр явж байсан тэгтэл Тэмүүжин машинаа бариулаач гэж гуйсан, тэгэхээр нь түүгээр машинаа бариулаад явж байсан, мөн тухайн үед зам дагуу 3 залуу гараа өргөхөөр нь дөхүүлж буулгах гээд таксидаад явж байсан, осол болохоос өмнө Тэмүүжин машин бариад явж байсан, харин би хажууд нь суугаад явж байсан, тэгтэл улсын их дэлгүүрийн урд талын явган хүний гэрлэн дохио дээр улаан гэрэл асаад зогссон, тэгээд дөнгөж машин явах ногоон гэрэл астал Тэмүүжин машиныг хөдөлгөөд урагшаа явтал хүн урд гарч ирээд л мөргүүлсэн гэх мэдүүлэг, шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2238 тоот дүгнэлт, Ц.Тгийн гэрчээр мэдүүлсэн... 2018 оны 02 дугаар сарын 02-ны орой найз Баярпүрэвийн эгч Наранзулын эзэмшлийн 53-50 УБП улсын дугаартай Тоёота приүс-10 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон Баярпүрэвтэй хамт таньдаг ах Билгүүний 2 хүүхдийг Баянмонгол хороолол руу хүргэж өгөөд буцаад 10 дугаар хороолол орох гээд 23 цагийн орчим Улсын их дэлгүүрийн урд явж байхдаа зам хөндлөн гарч байсан хүнийг мөргөж гэмтээсэн. Би УИД-ийн урд талын замын нэгдүгээр эгнээнд улаан гэрэл ассан байхаар нь ногоон гэрэл асаад хөдлөхөд замын урд талаас явган хүний гарцаар нэг эрэгтэй хүн гүйгээд гараад ирсэн. Би тэр даруй тормоз гишгэхэд тэр эрэгтэй хүн автомашины зүүн урд гупер хэсгийг мөргөөд газар унасан...гэх мэдүүлэг болон хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Ц.Тг Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч Ц.Тгийн гэм буруутай үйлдлээс хохирогч Ч.Баяр-Эрдэнийн хүндэвтэр гэмтлийг эмчлүүлэхэд гарсан зардал 1.713.400 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Наранзулын тээврийн хэрэгслийн гэмтлийг засуулахад гарах зардал 510.000 төгрөг, нийт 2.223.400 төгрөгийг шүүгдэгч Ц.Тгээс гаргуулж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт олгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ц.Тгийн цагдан хоригдсон 69 /жаран есөн/ хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох, иргэний иргэний нэхэмжлэгч С.Наранзулын өмчлөлд бүртгэлтэй Тоёото приус маркийн 53-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч С.Наранзулд олгохоор шийдвэрлэлээ.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ц.Тэмүүжин Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Ц.Тг 400 /дөрвөн зуун/ цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Тгийн цагдан хоригдсон 69 хоногийг эдлэх ялд оруулан тооцсугай.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг дурьдсугай.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар Иргэний хариуцагч С.Наранзулын өмчлөлд бүртгэлтэй “Тоёото приус” маркийн 53-30 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжлэлээс чөлөөлж, эзэмшигч С.Наранзулд №01448091 дугаартай тээврийн хэрэгслийн гэрчилгээний хамт олгосугай.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ц.Тгээс нийт 2.223.400 төгрөгийг гаргуулж 1.713.400 /нэг сая долоон зуун арван гурван мянга дөрвөн зуун/ төгрөгийг хохирогч Ч.Баяр-Эрдэнэд, 510.000 /таван зуун тавин мянган/ төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч С.Наранзул нарт тус тус олгосугай.
7. Хохирогч Ч.Баяр-Эрдэнэ цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нотлох баримтаа бүрдүүлж жич нэхэмлэх эрхтэйг дурдсугай.
8. Шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох ба гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Турьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
9. Шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ