| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2410051260507 |
| Дугаар | 2025/ДШМ/1362 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Х.Анхцэцэг |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1362
2025 12 02 2025/ДШМ/1362
Б.Б-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЦТ/5997 дугаар шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Ц.Төгөлдөрийн бичсэн 2025 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 33 дугаар эсэргүүцлээр яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 2410051260507 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн Б-гийн Б- /РД: ......./, ..........,
Урьд, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн 288 дугаар шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн
хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хорих ялаар,
Шүүгдэгч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед иргэн Б.Т- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхоны орчим Голомт банканд эзэмшдэг ....... дугаартай данстай холбосон виза картаа гээгдүүлснийг олж, 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа, дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, тус картаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. /прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: Б.Б-ий үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг 60 хүртэлх хоногийн хугацаагаар хойшлуулж шийдвэрлэх боломжгүй. Тухайлбал, хуулийн дээрх зохицуулалтад мөрдөн шалгах ажиллагаанд цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримт хуульд заасан журмыг зөрчсөн, эсхүл хэргийн оролцогчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрхийг хязгаарласан, түүнчлэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэх бол гэж хуульчилсан ба шүүх мөрдөх ажиллагаа явуулахгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлд заасантай нийцэхгүй. Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-д зааснаар яллаж байгаа гэмт хэрэг үйлдсэн газар, цаг хугацаа зэргийг яллах дүгнэлтэд тусгах бөгөөд шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн яллах дүгнэлтэд “...2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа, дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, тус картаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” дурдсанаар гэмт хэргийн цаг хугацааг ойлгомжгүй, яллах дүгнэлт нь хуульд заасан шаардлагыг хангаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн гэж үзнэ. Өөрөөр хэлбэл, хэргийн үйл баримтыг прокуророос яллах дүгнэлтдээ тодорхойлсон нь хэргийн үйл баримт, хэрэг үйлдэгдсэн цаг хугацаа болон логик дарааллын хувьд зөв тодорхойлоогүй, тодорхойгүй байх тул үүнд хууль зүйн дүгнэлт хийх зэрэг дурдсан ажиллагааг нэмж гүйцэтгэх шаардлагатай байна. Түүнчлэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлд зааснаар хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахаар хуульчилсан ба Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 575 дугаартай шийтгэх тогтоолоор яллагдагч Б.Б- нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн бөгөөд энэ талаарх ялыг биелүүлсэн эсэх баримт хавтас хэрэгт авагдаагүй, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны албан бичигт “...2025 оны 04 дүгээр сарын 11-ний өдрийн байдлаар тус албаны цахим санд бүртгэлгүй байна...” гэж авагдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд гэмт хэргийг илрүүлэх, хэргийн бодит байдлыг тогтооход мөрдөгч, прокурор нотлох үүрэг хүлээж, хуульд заасан бүх арга хэмжээг авч, мөн хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүх талуудын мэтгэлцээний үндсэн дээр хэргийн бодит байдлыг тогтоодог тул хуулийн дээрх зохицуулалтаар мөрдөн шалгах ажиллагааг нөхөн гүйцэтгэх боломжгүй юм... Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг нэг мөр шалгах нь хэргийн бодит байдлыг тогтооход ач холбогдолтой, хамааралтай бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд нийцүүлэн явуулах, хэрэгжүүлэх шаардлагад нийцүүлэн шүүх хуралдааны явцад нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах нэмэлт ажиллагааг хийлгэхээр яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 2410051260507 дугаартай хэргийг Нийслэлийн Хан-Уул дүүргийн Прокурорын газарт буцааж, яллагдагчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан компакт дискийг хэргийн хамт буцааж, эсэргүүцэл болон гомдол гаргах журмыг тайлбарлаж шийдвэрлэжээ.
прокурор Ц.Төгөлдөр эсэргүүцэлдээ: “...Прокуророос яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн 2410051260507 дугаартай хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, 2024 онд болсон үйл баримтыг 2025 гэж бичсэн байна. Гэвч эрүүгийн 2410051260507 дугаартай хэрэгт яллагдагч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед иргэн Б.Т- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхоны орчим “Голомт” банканд эзэмшдэг ....... дугаартай данстай холбосон виза картаа гээгдүүлснийг олж, 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа, дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, тус картаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг гарсан байдлыг хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт хэргийг 2024 оны 11 дүгээр сард болсон гэдгийг тогтоож, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулж, зөвтгөн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байтал прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан огноог үндэслэж хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй байна. Тодруулбал, хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн гэмт хэрэг нь 2024 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн болох нь тогтоогдсон, харин прокурорт яллах дүгнэлтэд цаг тооны бичгээр болоогүй цаг хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх боломжтой юм. Шүүгчийн захирамжид яллагдагч Б.Б- нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд энэ талаар ял биелүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй гэж дурдсан байна. Гэтэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас яллагдагч Б.Б- нь дээрх ялыг эдэлсэн эсэх талаар лавлагаа авахад тус албанаас цахимд санд бүртгэлгүй байна гэсэн албан бичгийн хариуг өгсөн бөгөөд дээрх албан бичиг хэрэгт хавсаргагдсан. Өөрөөр хэлбэл Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэдээллийн санд Б.Б-ий талаарх мэдээлэл байхгүй байгаа нь Б.Б- нь ял эдлээгүйг нотолсон баримт бөгөөд харин шүүхээс тухайн ялыг эдлүүлэх талаар хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг холбогдох шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй гэж үзэж байна. Иймд яллагдагч Б.Б-ий ял эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд бүртгэлгүй байгаа нь яллагдагч Б.Б- уг ялыг эдлээгүй, дахин Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас дээрх агуулга бүхий мэдээлэл гарах тул дээрх ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй юм. Миний бие 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүх дээр 10 цаг 30 минутаас яллагдагч Б.А-т холбогдох хэргийн шүүх хурал зарлагдсан, мөн Б.Б-д холбогдох хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр 11 цаг 30 минутад тус тус зарлагдсан хуралтай байсан. Дээрх хоёр хуралд газар зүй, цаг хугацааны байдлаас шалтгаалж амжиж орох боломжгүй тул эхэлж зарласан 10 цаг 30 минутын шүүх хуралдаанд оролцохоор болж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/4708 дугаар албан бичгээр хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Дүүргийн эрүү, иргэний хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүх хуралдааны зар нь https://scp-court.mn веб хуудсанд нийтэд нээлттэй мэдээлэгддэг тул албан байгууллагын хэвлэмэл хуудас дээр, байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэйгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Гэвч шүүгч захирамждаа хяналтын прокурор шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчмыг зөрчиж, миний эзгүйд хийж, шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. ...” гэжээ.
Прокурор Х.Анхцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг 3 үндэслэлээр эс зөвшөөрч прокурорын эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт, яллагдагч Б.Б-д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэхдээ техникийн шинжтэй алдаа гаргаж, 2024 онд болсон үйл баримтыг 2025 гэж бичсэн. Гэвч эрүүгийн 2410051260507 дугаартай хэрэгт яллагдагч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр 18 цагийн үед иргэн Б.Т- нь Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхоны орчим “Голомт” банканд эзэмшдэг дугаар данстай холбосон виза картаа гээгдүүлснийг олж, 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж, тус картаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “Шүүх хэргийн бодит байдлыг мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан баримтуудаар гэмт хэрэг гарсан байдлыг хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад хэргийн бодит байдлыг тогтоож, гэмт хэргийг 2024 оны 11 дүгээр сард болсон гэдгийг тогтоож, энэ талаар шүүх хуралдааны тэмдэглэлд тусгуулан зөвтгөн хэргийг шийдвэрлэх боломжтой гэж үзэж байна. Гэтэл шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтоохоор хуульчилсан байтал прокурорын яллах дүгнэлтэд дурдагдсан огноог үндэслэн хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоогоогүй гэж дүгнэж хэргийг прокурорт буцаасан нь үндэслэлгүй. Тодруулбал, хэрэгт авагдсан үйл баримтаар тухайн гэмт хэрэг нь 2024 оны 11 дүгээр сард үйлдэгдсэн болох нь тогтоогдсон. Харин прокурорт яллах дүгнэлтэд цаг тооны бичгээр болоогүй цаг хугацаа буюу 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр гэж бичиж, техникийн шинжтэй алдаа гаргасныг зөвтгөж шийдвэрлэх боломжтой юм. Хоёрдугаарт, шүүгчийн захирамжид яллагдагч Б.Б- нь Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор 400 цагийн нийтэд тусгай ажил хийлгэх ялаар шийтгэгдсэн бөгөөд энэ талаар ял биелүүлсэн эсэх баримт хэрэгт авагдаагүй гэж дурдсан байна. Гэтэл Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас яллагдагч Б.Б- нь дээрх ялыг эдэлсэн эсэх талаар лавлагаа авахад тус албанаас цахимд санд бүртгэлгүй байна гэсэн албан бичгийн хариуг ирүүлсэн бөгөөд дээрх албан бичиг хэрэгт хавсаргагдсан. Өөрөөр хэлбэл, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албаны мэдээллийн санд Б.Б-ий 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын талаарх мэдээлэл байхгүй байгаа нь Б.Б- уг ял эдлээгүйг нотолсон баримт бөгөөд харин шүүхээс тухайн ялыг эдлүүлэх талаар хүчин төгөлдөр болсон шийтгэх тогтоолыг холбогдох шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлээгүй гэж үзэж байна. Иймд яллагдагч Б.Б-ий ял эдэлсэн талаарх мэдээлэл тус албаны цахим санд бүртгэлгүй байгаа нь яллагдагч Б.Б- уг ялыг эдлээгүй, дахин Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас дээрх агуулга бүхий мэдээлэл гарах тул дээрх ажиллагааг дахин хийж гүйцэтгэх шаардлагагүй юм. Гуравдугаарт, хяналтын прокурор Ц.Төгөлдөр нь 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдөр Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхэд 10 цаг 30 минутаас яллагдагч Б.А-т холбогдох хэргийн шүүх хурал зарлагдсан, мөн Б.Б-д холбогдох хурал Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх дээр 11 цаг 30 минутад тус тус зарлагдсан хуралтай байсан. Дээрх хоёр хуралд газар зүй, цаг хугацааны байдлаас шалтгаалж амжиж орох боломжгүй тул эхэлж зарласан 10 цаг 30 минутын шүүх хуралдаанд оролцохоор болж, Хан-Уул дүүргийн прокурорын газраас 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/4708 дугаар албан бичгээр хурал давхацсан тул хуралдааныг хойшлуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны тойргийн шүүхийн шүүх хуралдааны зар нь https://scp-court.mn веб хуудсанд нийтэд нээлттэй мэдээлэгддэг тул албан байгууллагын хэвлэмэл хуудас дээр, байгууллагыг төлөөлөх бүрэн эрхтэй Ерөнхий прокурорын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн гарын үсэгтэйгээр шүүх хуралдааныг хойшлуулах тухай албан бичгийг хүргүүлсэн. Гэвч шүүгч захирамждаа хяналтын прокурор шүүхийн хэлэлцүүлэгт хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй гэж дүгнэн, шүүхийн хэлэлцүүлгийг талуудын эрх тэгш, мэтгэлцээний үндсэн дээр явагдах зарчмыг зөрчиж, хяналтын прокурорын эзгүйд шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулсан нь шүүх хуралдаанд оролцож, дүгнэлт гаргах эрхийг хязгаарласан гэж үзэж байна. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу прокурорын эсэргүүцэл бичсэн. Анхан шатны шүүх прокурорын байгууллагын албан бичгийг үнэлэлгүйгээр хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй гэх үндэслэлгүй дүгнэлтийг хийж прокурорыг прокурорыг урьдчилсан хэлэлцүүлэгт оролцож хүсэлт гаргах эрхийг хязгаарласан гэдгийг нэмж хэлмээр байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4 дэх заалтад заасан яллах дүгнэлт гаргасан гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацааг 2024 оныг 2025 он гэсэн техникийн шинжтэйг алдааг засварлуулах тухай хүсэлтийг гаргах боломжийг буюу эрхийг хязгаарласан. Мөн яллагдагч урьдчилсан хэлэлцүүлэгт “би уг ялыг эдлээгүйн улмаас хорих ялаар сольж хоригдсон” гэх мэдүүлэг өгсөн талаар шүүгчийн захирамжид дурдсан. Яллагдагчийн мэдүүлэг болон бусад баримтаар давхар нотлогдож байгаа тохиолдолд нотлох баримтын хэмжээнд үнэлэгдэх, тийм нөхцөл байдал байгаа тохиолдолд энэ талаар дахин ажиллагааг явуулах гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцаах нь зүйтэй байсан болов уу. Түүнээс яллагдагч Б.Б-д урьд оногдуулсан 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялын талаарх лавлагааг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Хорихоос өөр төрлийн ял эдлүүлэх албанаас гаргуулахад уг ял бүртгэлгүй байгаа нь яллагдагч Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт хүргэгдээгүй байна гэсэн дүгнэлтийг хийх боломжтой. Иймд прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээж авна уу гэсэн саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Яллагдагч Б.Б- нь 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 18 цагийн үед хохирогч Б.Т- Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Гэрэлт” хотхоны орчим Голомт банкны картаа гээгдүүлснийг олж, 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж тус картнаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэж үзэн, прокуророос Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх “...яллах дүгнэлтэд 2025 оны 11 дүгээр сарын 19, 20-ны өдрүүдэд удаа дараагийн үйлдлээр хүнсний дэлгүүрүүдэд уншуулж тус картаас 800,913 төгрөгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж дурдсанаар гэмт хэрэг гарсан цаг хугацааг ойлгомжгүй, яллах дүгнэлт хуульд заасан шаардлагыг хангаагүй нь яллагдагч нь ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх эрхийг зөрчсөн... гэмт хэрэг үйлдсэн цаг хугацаа, хэргийн үйл баримтыг логик дарааллын зөв тодорхойлоогүй, тодорхойгүй байх тул хууль зүйн дүгнэлт хийх ажиллагааг нэмж хийх... Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 2022/ШЦТ/575 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн бөгөөд энэ ялыг биелүүлсэн эсэх нь баримт хэрэгт авагдаагүй...” гэсэн агуулгатай үндэслэл зааж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүх хуралдаан болон шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжтой нэмэлт ажиллагааг хийлгэхээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна гэж давж заалдах шатны шүүх үзлээ.
Учир нь, хэрэгт авагдсан нотлох баримттай танилцахад, Хан-Уул дүүргийн прокурорын газрын 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2/4708 дугаартай тоотыг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Улсын яллагч өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд оролцох боломжгүй бол энэ тухай шүүхэд урьдчилан бичгээр мэдэгдэнэ. Улсын яллагч, өмгөөлөгч, иргэдийн төлөөлөгч шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй тохиолдолд шүүх хуралдааныг хойшлуулна” гэсэн зарчимд нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасныг үндэслэн хэлэлцэн шийдвэрлэх, захирамжид заасан үйл баримтад ажиллагаа шаардлагатай байсныг тодруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсгийн 6.4-т яллах дүгнэлтэд гарсан үг, үсэг, тоо, тооцооны зэрэг техникийн шинжтэй алдааг шүүх өөрийн санаачилгаар болон талуудын хүсэлтээр урьдчилсан хэлэлцүүлэг хийн засварлаж болохоор хуульчилсан. Яллагдагч Б.Б-д холбогдох хэргийн хувьд прокурор яллах дүгнэлт үйлдэхдээ гэмт хэрэг гарсан цаг хугацааг алдаатай байдлаар бичсэнийг уг зохицуулалтын дагуу хэргийг прокурорт буцаахгүйгээр шүүх засварлах хууль зүйн боломжтой юм.
Түүнчлэн, Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 575 дугаар шийтгэх тогтоолоор яллагдагч Б.Б- нь 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэгдсэн боловч уг ялыг биелүүлсэн эсэхийг тодруулах ажиллагааг шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаарх зүйлийн 5 дахь хэсэгт заасан “...энэ хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6.13, 6.14-т заасан гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна...” гэсэн эрх хэмжээнийхээ хүрээнд шийдвэрлэх нь зүйтэй.
Иймд дээрх үндэслэлээр давж заалдах шатны шүүх прокурорын бичсэн эсэргүүцлийг хүлээн авч, Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/5997 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож шийдвэрлэв.
Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалт, 39.9 дүгээр зүйлийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 2025/ШЗ/5997 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцлийг хүлээн авсугай.
2. Яллагдагч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ С.БОЛОРТУЯА
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА