Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 08 сарын 30 өдөр

Дугаар 642

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Ш.Хосбаяр,

  шүүгдэгч Н.Н, түүний өмгөөлөгч М.Алтанцэцэг,

  шүүгдэгч Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Б овгийн Н.Н, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн Т овгийн Б.Х нарт холбогдох эрүүгийн 1711004240378 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

    1. Б овогт Н.Н, яс үндэс халх, 1984 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Дархан хотод төрсөн, 34 настай эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг, Нарантуул-2 хүнсний зах дээр мах худалдаалдаг ажилтай гэх, Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 16 дугаар гудамжны 739г тоотод оршин суух хаягтай, регистрийн дугаар

2. Т овогт Б.Х, яс үндэс дөрвөд, 1999 оны 9 дүгээр сарын 7-ны өдөр Эрдэнэт хотод төрсөн, 18 настай настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Кино урлагийн дээд сургуулийн дууны найруулагчийн 1 дүгээр дамжааны оюутан, ам бүл 4 эцэг, ах, эгч нарын хамт амьдардаг, Улаанбаатар хотын Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 6 дугаар гудамжны 396 тоотод, оршин суух хаягтай, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Олон нуур үйлчилгээний төвийн хажууд согтуурсан үедээ Б.Хишигсүрэнтэй маргалдсаны улмаас толгой тус газар шилээр цохиж, эрүүл мэндэд нь гавлын ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагз хэсгийн хуйхны няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Олон нуур үйлчилгээний төвийн хажууд согтуурсан үедээ Н.Н, С.Мөнх-Оргил нартай маргалдсаны улмаас Н.Н-н нүүрэн тус газар нь чулуугаар цохиж түүний биед зүүн нэгдүгээр шүдний мултрал, С.Мөнх-Оргилын биед зүүн хацарт сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.   

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч, хохирогч Н.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Хишигсүрэн нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017оны 6 дугаар сарын 18-ны шилжих шөнө би найз Эрдэнэбаяртай манай гэрийн ойролцоо буюу дэнжийн 1000 орчим уулзаад орой Олон нуур караокед Чангаабаатар гэх зүс таних ахтай уулзахаар очсон. Тэнд ороход Чангаабаатар ах Бямба-очир ах нар байж байсан.Эрдэнэбаяр бид хоёр хамт сууж тэд нартай хоёр хоёр пиво уусан. Тэгээд тэндээс харих гээд шөнө 01 цагийн орчим бөөнөөрөө гараад явж байхад замын эсрэг талд 2 ах согтуу орилоод нааш ир пиздаануудаа гээд байсан. Тухай үед Эрдэнэбаяр бие засч байсан. Би хажууд нь байсан юм. Би түүний хажууд байж байхад Чангаа,Бямба-Очир нар тэр хоёр хүн дээр очиж байсан. Эрдэнэбаяр бид 2 араас нь очсон чинь нэг ах Чангаабаатарыг түлхсэн тэгэнгүүт би очоод нүүрлүү нь түлхсэн. Хажууд зогсож байсан намхан биерхүү/Нямгэрэл/ намайг зуураад авахад нь би ам руу нь цохисон. Тэгтэл миний толгойг доош нь тонгойлгож дараад юмаар цохисон...” гэжээ /хх-78-79х/. 

Хохирогч Н.Нямгэрэл нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 10-ны орой Олон нуур гэдэг пабд найз Мөнх-Оргилын хамт тус бүр 2шил пиво уусан. Тэндээс шөнө 00 цагийн орчим цуг гарсан. Гараад замын ар талаас такси барих гээд зогсож байсан. Тэгтэл замын урд пабны үүд орчмоос 4 залуу орилолдоод гарч ирсэн. Орилолдоод байхаар нь би дуугүй байцгаагаач гэсэн чинь өөдөөс та хоёрт ямар хамаатай юм бэ гэсэн. Тэгснээ чулуу нүүлгээд байсан. Миний урд талын үүдэн шүдийг цохичихсон юм…” гэжээ /хх-33-35х/.

Хохирогч С.Мөнх-Оргил нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 8 дугаар сарын 10-ны орой Олон Нуур гэдэг пабад найз Нямгэрэлтэй хамт тус бүр хоёр шил пиво уусан. Тэндээсээ шөнө 00 цагийн орчим хаах үед нь цуг гарсан. Тэндээс гараад такси барих гээд зогсож байсан юм. Тэгтэл замын эсрэг талаас хэдэн залуучууд орилолдоод гараад ирсэн юм. Тэгэхэд нь Нямгэрэл дуугүй болцгоо гээд хэлчихсэн юм. Тэгтэл тэр залуучууд чи дуу хорьдог хэн бэ гээд чулуу шидлээд дайраад эхэлсэн. Тэгээд дайраад зууралдаад эхлэхэд Нямгэрэл нэг залууг хавсарч унагасан. Тэгээд дахиад чулуу шидлээд салцгаасан. Тэгээд салахад Нямгэрэлийн үүдэн шүд унасан, миний хацар язарсан байсан. Тэгээд тэр залуучууд зугтаагаад явчихсан юм...” гэжээ /хх-40-41х/. 

 Гэрч У.Чангаабаатар мэдүүлэхдээ: “...2017 оны 8 сарын 10 ны өдрийн 22 цагийн өнгөрөөд олон нуурт орж ирээд бид 4 хамт суугаад 4 пиво захиалаад дуулж байгаад хаалга барилаа гэхээр нь 23:10 минутын үед гараад харих гээд дээшээ өгсөөд цагдаагийн хэсгийн уулзвар дээр явж байтал замын зүүн талаас 2 ах дуудаад гал байна уу гэхээр нь би байхгүй гэж хэлсэн, тэгсэн чинь Бямба-Очир надад байна гээд галаа өгөхөд намхан нуруутай саравчтай хөх малгаатай 40 гаран насны ах бид нар луу ахыгаа дэнжийн мянгад мэдэх үү? Ах нь та нарыг яавал ч яана, гучгар гэж таних уу гэсэн тэгэхээр нь зүгээр бай ах, би тэр гучгарыг мэдэн гэхэд бид нар луу намхан ах үгийн зөрөөгүй томроод байсан би тэр 2 ахыг хаячих гээд цээж рүү нь гараараа түлхэхэд өндөр нуруутай ах нь намайг цохих гээд далайхад би ухрахад намхан нуруутай ах нь газар уначихсан байсан архины эсхүл пивоны шилээр Хишигээгийн дагз хэсэг рүү унатал нь цохисон...” гэжээ /хх-49-50х/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №10517 дугаар дүгнэлтэд: 

“1. Б.Хишигсүрэнгийн биед гавлын дагз ясны цөмөрсөн ил хугарал, хатуу халсны дээрх цусан хураа, дагз хэсгийн хуйхны няцарсан шарх гэмтлүүд учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтлүүд нь хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэжээ /хх-61х/. 

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5356 дугаар дүгнэлтэд: 

“1. С.Мөнх-Оргил биед зүүн хацарт сорви гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгт тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ /хх-62х/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5358 дугаар дүгнэлтэд: 

“1. Н.Нямгэрэлийн биед зүүн 1 дүгээр шүдний мултрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг уярал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар хүний эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.  

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 5% нөлөөлнө” гэжээ /хх-63х/. 

Шүүгдэгч нарын урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-87, 91/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-81-82, 85, 86/,

Чингэлтэй дүүргийн прокурорын газарт Н.Нямгэрэл, Б.Хишигсүрэн нарын гаргасан “...гомдол, санал, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай...” хүсэлт /хх-142, 147х/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Н.Н нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Олон нуур үйлчилгээний төвийн хажууд согтуурсан үедээ Б.Х-тэй маргалдсаны улмаас толгой тус газар шилээр цохиж, эрүүл мэндэд нь гавлын ясны цөмөрсөн ил хугарал, хатуу хальсан дээрх цусан хураа, дагз хэсгийн хуйхны няцарсан шарх бүхий хүнд хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.Х нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороонд байрлах Олон нуур үйлчилгээний төвийн хажууд согтуурсан үедээ Н.Н, С.Мөнх-Оргил нартай маргалдсаны улмаас Н.Н-н нүүрэн тус газар нь чулуугаар цохиж түүний биед зүүн нэгдүгээр шүдний мултрал, С.Мөнх-Оргилын биед зүүн хацарт сорви бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч, гэрч нарын  мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдрийн №10517дугаар, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5356 дугаар, 2018 оны 4 дүгээр сарын 25-ны өдрийн №5358 дугаар дүгнэлтүүд зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.   

Иймд шүүгдэгч Н.Н-г хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан, шүүгдэгч Б.Хишигсүрэнг хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зохих ял шийтгэх хууль зүйн үндэслэлтэй байна.   

Шүүх, шүүгдэгч Н.Н-д ял шийтгэхдээ улсын яллагчийн гаргасан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 10.000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Шүүгдэгч Н.Н-н цалин, орлого олох боломж болон хувийн байдлыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчинтэй болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Харин шүүгдэгч Б.Х-н үйлдсэн гэмт хэрэг нь 2017 оны 8 дугаар сарын 10-наас 11-ний шилжих шөнө үйлдэгдсэн бөгөөд үүнээс хойш 1 /нэг/ жил буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2-т заасан хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн байх тул Б.Хишигсүрэнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.    

Хохирогч Н.Нямгэрэл, Б.Хишигсүрэн, С.Мөнх-Оргил нар нь “...ямар нэгэн гомдол санал байхгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэснийг дурьдаж, шүүгдэгч нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 1, 8,9 дэх хэсэг, 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалт, 1.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, мөн хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овгийн Н.Н-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн,

- Шүүгдэгч Т овгийн Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шүүгдэгч Б.Х-д холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгсэхгүй болгосугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-г 10.000 /арван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н-н торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс 3 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Н нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

6. Шүүгдэгч Н.Н, Б.Х нар нь бусдад төлөх төлбөргүй бөгөөд цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Н, Б.Х нарт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН