Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 214/МА2019/00008

 

 

                              Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн

                          холбооны нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Хэргийн индекс 132/2019/00017

 Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн даргалж, шүүгч С.Уранчимэг, М.Хүрэлбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай шийдвэртэй,

Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлтэй, Т.Ц*******, Ц.Лхагвасүрэн нарт холбогдох, Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга, аж ахуй агуулахыг Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл нарын хууль  бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500 000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага бүхий иргэний хэргийг нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Б*******ы гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, шүүгч М.Хүрэлбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

   Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч                    Д.Б*******                                   

      Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч         Д.Очимэг

                                        Нарийн бичгийн дарга                                             Ж.Ариунжаргал нар оролцов.

Нэхэмжлэгч Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2018 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар сонгогдсон. Ажил хүлээлцэх явцад газрын гэрчилгээ, Улсын бүртгэлийн гэрчилгээ байхгүй байсан болохоор Ц******* гуайгаас та надад эх хувиар нь өгөх үү гэхэд өгнө гэсэн. 2018 оны 10 дугаар сард ломбарданд байна гэдгийг олж мэдсэн. Ц******* гуайг авч өг гэхэд ломбарданд 893 000 төгрөг төлөөд тэгээд танайх үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээгээ ав гэсэн шаардлага тавьсан. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны ерөнхий зөвлөлийн тогтоолыг гаргуулахдаа Ц******* гуай 1996 онд Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн дарга байсан Т Э даргыг Булган сумын дарга болсон хойгуур нь дэд дарга буюу нарийн бичгийн даргаар үлдэж байх хугацаандаа Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд цагаан байшин авья гэж хүсэлт хүргүүлсэн. Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоо хүсэлтийн дагуу тогтоол гаргасан боловч Аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбооны тэргүүлэгч нарын хурлаар хэлэлцэгдэж хамтын шийдвэр, тогтоол гараагүй байхад ганцаарчилж шийдсэн. Тэгээд улмаар өөрийнх нь гэр бүлийн хүн Д Бд 800 метр квадрат газар олгож байсан. Тиймээс уг тогтоол хүчин төгөлдөр бус Ч.О, О.Б  нарын нэрийн өмнөөс гарын үсэг зурж хуурамч тогтоол үйлдсэн. Үүнийг би нотлох баримтаар гаргаж өгсөн. Нөгөө талаар Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны үл хөдлөх хөрөнгө газрын асуудлыг Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны тэргүүлэгч нарын хурлаар хэлэлцээд шийдвэр гаргаад Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоонд хүргүүлэх ёстой байсан боловч хүргүүлээгүй. Ц******* гуай 54, 64 тоотуудыг Аймгийн газрын харилцаа, Барилга хот байгуулалтын газарт хүргүүлж өөртөө эзэмшлийн газар авсан. Аж ахуйн зориулалттай 375 метр квадрат газар дээр зуслангийн байшин байсныг буулгаад өөрөө дур зоргоороо газрыг нь авсан байсан. 375 метр квадрат газрыг Аймгийн Засаг даргын шийдвэрээр авсан байна. Ц******* гуай олгогдоогүй цалин дээрээсээ мөнгө төлнө гэсэн боловч цалинд тооцож газар өгсөн нь хууль, дүрэм зөрчсөн байна гэж үзэж байна. Үйлдвэрчний эвлэлүүдийн байгууллага анх 0,3 га газар байсан бол одоо 0,2 га газар нь хууль бус эзэмшилд шилжсэн байна. Ц******* тухайн үед нягтлан бодогч байсан Чулуунбат гэх хүн хоёр хууль бусаар газрыг эзэмшилдээ авсан. Үйлдвэрчний эвлэлүүдийн гишүүд Үйлдвэрчний эвлэлүүдийн газар, барилга бол хувьчлагдах, эзэмшлэгдэх, бусдад ашиглагдах ёсгүй гэсэн гишүүдийн гарын үсэг бүхий хүсэлт ирүүлсэн. Ц******* гуай барилгын үнийг төлөөгүй 1000000 төгрөг төлөх байсан боловч цалингаасаа суутгана гэсэн ч цалингаасаа суутгаагүй гэдгийг нягтлан Б.Саранцэцэг хэлсэн байгаа. Цалингаасаа суутгасан бол цалингийн зэсийг нь аваад ир гэхэд өгөөгүй. 2018 онд би Ц******* гуайд барилгын үнэ төл гэсэн тоот хүргүүлсэн. 2015 онд өөрөө миний цалингаас суутгаж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлсэн байсан ч төлөөгүй. Конторын барилга, газрын хувьд байгууллагын дарга Ц*******, нягтлан бодогч Чулуунбаатар нар нь дуудлага худалдаанд оруулалгүйгээр өөрсдийн хүсэл сонирхолд нийцүүлэн газрыг авсан. Ц******* гуайд Монголын Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооноос Үйлдвэрчин хороонд 2 өрөө байр өгсөн. Тиймээс Ц******* гуай агуулах, барилга зэргийг өгөх нь зөв гэж бодож байна.  Одоо Ц*******гийн Лхагвагэрэлийн нэр дээр байгаа 800 метр квадрат газар, аж ахуйн зориулалттай Ц******* гуайн өөрийнх нь эзэмшиж байгаа газар 375 метр квадрат газар, нийт 1175 метр квадрат газар, хурлын заалны барилга буюу цайны газрын барилга, агуулахын байр скалад, улсын бүртгэлийн хэлтсээс манайд торгууль тавигдах гэж байгаа 14 хоногийн дотор байгууллагын дарга өөрчлөгдсөн бол улсын бүртгэлийн гэрчилгээний ард тэмдэглэл хийгдэх ёстой байсан газрын гэрчилгээ зэргийг цаг хугацаа алдаж өгсөн учир ийм байдалд хүргэсэн гэж Ц******* гуайгаас торгуулийн 500000 төгрөгийг гаргуулах хүсэлтэй байна гэв.

Хариуцагч Т.Ц******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Булган аймгийн ҮЭ-ийн холбооны дарга Д.Б******* нь тус шүүхэд хандаж Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл бидэнд холбогдуулан нэхэмжлэл гаргажээ. Нэхэмжлэлийн шаардлага нь тодорхой бус ойлгомжгүй боловч бид дараах байдлаар ойлгож тайлбар гаргаж байна.

1. Аймгийн ҮЭ-ийн холбооны аж ахуйн зориулалтын шургааган шохойдож шавардсан шавар байшинг худал хуурмагаар 1998 оны 12-р сарын 22-ны өдрийн 54 тоот тодорхойлолтоор газрын албанаас 375м2 газрыг нь байшинтай нь хуурамчаар авсан гэжээ. Аймгуудын ҮЭ-ийн холбооны барилга, байшингууд нь бүгд МҮЭ-ийн төв зөвлөлийн өмч хөрөнгө байдаг байсан. Т.Ц******* миний бие Булган аймгийн ҮЭ-ийн холбоонд нарийн бичгийн даргаар ажиллаж байхдаа өмнө нь 1000000 төгрөгөөр худалдан борлуулах шийдвэр гарсан байсан клубын барилгыг надад цалингаас суутгал хийж тооцохоор өгөөч гэж хүсэлт тавьсны дагуу МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгчийн зөвлөлгөөний 1998 оны 02-р сарын 20 өдрийн 18-р тогтоолоор баталж тогтоосон үнээр надад өгөхөөр Булган аймгийн ҮЭ-ийн холбооны тэргүүлэгчдийн 1998 оны 04 дүгээр сарын 05 дугаар хурлын протоколоор шийдвэрлэсэн юм. Тэгээд эхнэр Д.Бгийн нэр дээр /эхнэр маань аймгийн ҮЭ-ийн холбоонд үйлчлэгч сахиулаар ажиллаж байсан юм/ газрыг эзэмшүүлэхээр 2003 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Булган сумын Засаг дарга, газрын асуудал эрхэлсэн ажилтан Д.Одонтунгалагтай гэрээ хийсэн. Энэ гэрээг Булган сумын Засаг даргын 1998 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 102 дугаартай захирамжийг үндэслэн хийсэн юм. Энэ 20x40=0,08га буюу 800 метр квадрат газрыг эзэмших гэрээ нь хуулийн дагуу хийгдсэн энэ эзэмшил газартай үргэлжлээд Т.Ц******* миний эзэмшлийн 375 метр квадрат газар байгаа энэ 375 метр квадрат газар нь хэний ч эзэмшилд байдаггүй тул Булган аймгийн Засаг даргын 2014 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн Б/166 дугаартай шийдвэрээр гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмших болсон. Хугацаа нь 13 жилийн хугацаатай. Ингээд 1175 метр квадрат газрыг гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар эзэмшиж байгаа учиртай. Гэр бүлийн хамтын хэрэщээний зориулалтаар эзэмшиж байгаа газар дээр аймгийн ҮЭ-ийн холбооны өмчлөлд байж байгаад блансаас хасагдсан ашиглалтын шаардлага хангахгүй болсон 1947 онд баригдсан нурж унах шахсан шавар агуулах байгаа.

2. 2017 онд "Энх-Мөнх" гэдэг ломбарднаас 5000000 төгрөг аваад ҮЭХ-ны байранд иж бүрэн засвар хийсэн. Энэ засварын ажлын гүйцэтгэлийн баримтууд нь санхүүгийн баримтанд байгаа. Энэ 5000000 төгрөг ҮЭ-ийн холбоонд төлсөн. Гэхдээ 500000 төгрөг дутуу төлсөн гээд Цагдаагийн газрын эдийн засгийн албаны ажилтан хүүтэй нь 891000 төгрөг төл гээд байхаар нь би хувиасаа төлсөн. Тэгээд тухайн үед гэрчилгээнүүд лобарданд тавьсныг мэдсэн. Дэслэгч Цогтбаяр гэдэг хүн нь намайг гэрчилгээг ав гэхээр нь Д.Б*******д өөрт нь өг гээд орхисон. Үүнээс болж улсын бүртгэлийн газарт гарын үсгийн баталгаа хийлгэх хугацаа хэтрүүлсэн гэж 500000 төгрөгөөр торгуульсанд би буруугүй, би байгууллагын засвар хийхэд зориулж ломбарднаас мөнгө авахад гэрээ хийгээгүй ня-бо Б.Саранцэцэг гарын үсэг зурсан гэсэн. Байгууллага энэ лобарднаас авсан мөнгийг төлөх ёстой байсан. Намайг цагдаагаар дарамтлуулж байгаад 500,000 төгрөгийг хүүтэй нь 891000 төгрөг болгож төлүүлсэн. Би гэрчилгээг барьцаанд тавьсныг мэдээгүй. Гэрчилгээ нь ня-бо Б.Саранцэцэгт байдаг байсан. Би ажлаа 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэн өгсөн. Гэтэл гэнэт 2018 оны 10 дугаар сард цагдаагаас дуудсан. Энэ хүртэл надад хэн ч юу ч хэлээгүй. Ялангуяа гэрчилгээний талаар би юу ч мэдээгүй, тийм ч учраас торгууль төлөх ёсгүй. Иймд нэхэмжлэлийг би бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ. 

   Булган аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 03 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаартай шийдвэрээр:

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1-д заасныг баримтлан хариуцагч Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл нарт холбогдох, Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга /хуучнаар улаан булан/, аж ахуй агуулах /шавар байшин/-ыг Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл нарын хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай  Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч нарын улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 85850 /наян таван мянга найман зуун тавь/ төгрөгийг Төрийн санд хэвээр үлдээж,

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг тайлбарлаж,

         4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

                 Нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч Д.Б******* давж заалдах гомдолдоо: "... Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны дүрмийн 37.4 дэх заалтыг зөрчин Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны Тэргүүлэгчдийн 2003 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдсэн гэх үндэслэлтэй байсныг анхан шатны шүүх анхаарч үзэлгүй шийдвэрлэсэнд гомдолтой байна. Нөгөө талаар шүүх Аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшлийн 1175 м2 газар, хурлын байр, агуулах зэргийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй тул манай байгууллагыг хохироосон гэж үзэж байна. Эдгээрийг тухайн үед даргаар ажиллаж байсан Т.Ц******* хувийн ашиг сонирхлын үүднээс хууль бусаар шийдвэр гаргуулж, аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбоог хохироосон гэх үндэслэлтэй. Энэ талаар анхан шатны шүүх бүрэн гүйцэт үнэлэлт, дүгнэлт хийлгүйгээр нэг талыг барьж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосныг хүлээн зөвшөөрөхгүй тул давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү... гэжээ.

                                                              ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 116 дугаар зүйлийн 116.1-т заасан шаардлагыг хангасан байна.

Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшлийн 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга, аж ахуйн агуулахыг Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл нарын хууль  бус эзэмшлээс чөлөөлүүлж, улсын бүртгэлийн хэлтэст төлбөл зохих торгуулийн төлбөр 500 000 төгрөгийг Т.Ц*******гоос гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч Т.Ц******* нэхэмжлэл үндэслэлгүй тул хүлээн зөвшөөрөх боломжгүй гэж маргажээ.

 Булган аймгийн газрын харилцаа, барилга хот байгуулалтын газрын 2018 оны 6 дугаар сарын 6-ны өдрийн 01/396 дугаар албан бичиг болон бусад нотлох баримтуудаас үзэхэд маргааны зүйл болох 1175 метр квадрат талбай бүхий газар, хурлын конторын барилга, аж ахуйн агуулах зэргийн хууль ёсны эзэмшигч, өмчлөгч нь Т.Ц*******, Ц.Лхагвагэрэл  болох нь нотлогдож, тогтоогдсон  анхан шатны шүүх зохигчдын хооронд үүссэн эрх зүйн маргааныг зөв тодорхойлсон, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хуулиар тогтоосон журмыг зөрчөөгүй байна. /х.х-ийн 5-7,18,20,89-94/

Нэхэмжлэгч Д.Б******* нь дээр дурьдсан Булган аймгийн Үйлдвэрчний эвлэлүүдийн холбооны эзэмшил газар болон үл хөдлөх эд хөрөнгийг тухайн үед даргаар нь ажиллаж байсан Т.Ц******* нь эзэмшилдээ авахдаа 2003 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 15 дугаар тогтоолыг хуурамчаар үйлдсэн, улсын бүртгэлийн хэлтэст төлөх  торгуулийн 500 000 төгрөгийг хариуцагчаар төлүүлнэ гэж маргаж мэтгэлцсэн байгаа боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан “..: тайлбар түүнтэй холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх”  үүргээ биелүүлээгүй байна.

Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хүлээн авах боломжгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.  

  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

            1.Булган аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 3 дугаар сарын 22-ны өдрийн 143 дугаар шийдвэрийг  хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдсан гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  58 дугаар зүйлийн 58.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Б*******аас улсын тэмдэгтийн хураамжинд 85850 /наян тавин мянга найман зуун тавь/  төгрөг гаргуулж төрийн санд оруулсугай.

        3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т заасан үндэслэлээр зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д  магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.           

 

           ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Ё.БЯМБАЦЭРЭН

                                                       ШҮҮГЧИД                              С.УРАНЧИМЭГ                        

                                                                                                                                                                                   М.ХҮРЭЛБААТАР