| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Сэлэнгийн Батгэрэл |
| Хэргийн индекс | 186/2018/0179/Э |
| Дугаар | 237 |
| Огноо | 2018-04-04 |
| Зүйл хэсэг | 11.7.2.1., 17.4.1., |
| Улсын яллагч | Д.Энх-Оргил |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 237
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж,
нарийн бичгийн даргаар О.Отгонцэцэг,
улсын яллагч Д.Энх-Оргил,
хохирогч Д.Ганцэцэг, С.Сумъяа, Б.Хашмаргад,
шүүгдэгч Э.Ш, түүний өмгөөлөгч Г.Баярмаа /№1814/ нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Э.ийн Ш.т холбогдох 1711005030335 тоот эрүүгийн хэргийг 2018 оны 3 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч шүүн хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1997 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 20 настай, эрэгтэй, боловсролгүй, авто цахилгаанчин мэргэжилтэй гэх, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт амьдардаг, . тоотод оршин суудаг, улсаас авсан гавъяа шагналгүй, урд нь 2017 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Дорноговь аймгийн Замын Үүд сум дахь Сум дундын шүүхийн №189 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял сонсож, ял биелэгдээгүй байгаа болно, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Боржигон овогт Э.гийн Ш. /РД: ./
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/: Э.Ш нь гэр бүлийн хамаарал бүхий хүмүүсийг зодсон, харгис хэрцгий харьцсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ш хэргээ хүлээн мэдүүлэхдээ: Мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг үнэн зөв тул дахин мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.Сумъяагийн өгсөн: ...2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр машиныхаа гуперыг янзлуулахаар дүү Билгүүнд машинаа өгсөн. 3 хоногийн дараа манай дүү залгаж Ширмэнбаатар таны машиныг авч яваад алга болсон олдохгүй байна гэж залгасан. Тэгээд бид нар хайгаад олдохгүй болохоор нь цагдаагийн байгууллагад мэдэгдэж 1 сарын дараа миний машиныг журмын хашаанд байгаа талаар хэлсэн. Яагаад тэнд байсан талаар асуухад Шар хадны эцэст эзэнгүй машин байна гэж тэнд байсан хүмүүс цагдаагийн байгууллагад мэдэгдэж цагдаагийн байгууллага журмын хашаанд тавьсан байсан. Тухайн үед машинаа авах гэсэн боловч мөнгөгүй байсан учир авч чадалгүй хэсэг хугацааны дараа 300.000 төгрөг төлж журмын хашаанаас машинаа авсан гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Хашмаргадын өгсөн: ... 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө найз Билгүүний машин угаалгын газар очсон. Билгүүн бид хоёр нэг шил архи хувааж уусан. Архи уухаасаа өмнө Хатантөмөрт картаа өгч архи авхуулахаар дэлгүүр явуулсан. Эргэж ирээд бид нар архиа хувааж ууж байх үед Сумъяа ах ирсэн байсан. Би хэсэг байж байгаад өөрийнхөө машинд орж унтсан тэр хооронд Ш. миний машины түлхүүр, карт, mp тоглуулагч зэргийг авч явсан байсан. Өглөө сэрээд утсаа үзтэл миний картнаас зарлага гарсан байсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Д.Ганцэцэгийн өгсөн: ...Тухайн өдөр Ширмэнбаатар бид 2 маргалдаж би аавынхаа гэрлүү явсан. Тэгээд би цагдаагийн байгууллагад мэдэгдсэн гэв.
Шүүгдэгч Э.Ш нь -2015, 2016 он болон 2017 оны 8 дугаар сарын 16-ны өдөр Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Хайлаастын 20-696 тоот өөрийн гэртээ өөрийн бага насны хүүхэд хохирогч Г.Анударь /2 настай/ болон хамтран амьдрагч хохирогч Д.Ганцэцэгийг байнга зодож "гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг,
- 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газраас хохирогч С.Сумъяагийн янзлуулахаар Э.Шт итгэмжлэн хариуцуулан өгсөн 45-85 УНМ улсын дугаартай "Тоёота Приус-11" маркийн нийт 6.000.000 /зургаан сая/ төгрөгийн үнэлгээ бүхий тээврийн хэрэгслийг авч яваад завшсан,
- 2017 оны 12 дугаар сарын 22-23-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах авто угаалгын газраас машинд байсан хохирогч Б.Хашмаргадын эзэмшлийн виза картаар “ХААН банкны” 5760017900 дугаарын данснаас 183.800 /нэг зуун наян гурван мянга найман зуу/ төгрөгийг авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутай болох нь
Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтад хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд,
хохирогч Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...намайг зодохдоо үсдэж нүүр амруу гараараа цохиж, хөл гарлуу цохиж, гарт таарсан эд зүйлээ шиддэг. Мөн охин Анударийг нүүрийг нь алгадаж түлхэж, айлган сүрдүүлдэг. Хамгийн сүүлд л гэхэд намайг ширээгээр шилбэрүү цохиж, үснээс зулгааж толгой руу цохиж зодсон, харин охиноо бас түлхэж унагаасан уурлахаараа хутга барьж ална, гичий янхан гэх зэргээр харааж зоддог..” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20х/,
Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн: “...одоогоос 1 жилийн өмнө намайг Ширмэнбаатар бусадтай хардаад хутгаар баруун гар талын шууг зүсэж гэмтээж байсан. Ер нь бол байнгын хутга шөвөг барьж айлган сүрдүүлдэг байсан.., ..тэрээр охин Анударийн нуруун тус газар энткатар гэсэн цахилгаан шалгадаг багажаар зүсэж гэмтээж байсан, одоо сорви нь байдаг. Манай охин одоо гэнэт чангаар уйлаад байдаг...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/,
Д.Ганцэцэгийн мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогчоор дахин өгсөн “...би уг хэрэгт Э.Штай учир зүйгээ олсон одоо надад гомдол санал байхгүй. Э.Шт хөнгөн шийтгэл оногдуулж өгөхийг хүсч байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 91-93х/,
гэрч Д.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрөө такси бариад өөрийн дүү Ганцэцэгийн гэрт яваад очтол манай дүү Д.Ганцэцэг өөрийн хоёр хүүхэд болон нэг найзынхаа хамтаар гэрийнхээ гадаа бороо орж байхад норсон байдалтай байж байсан.., ..ахаа одоо болъё би одоо дахиж Ганцэцэгт гар хүрч байхгүй, одоо цагдаа руу явахгүй гээд хэлэхээр нь би одоо шийдцэг газраар нь шийдүүлнэ гэж хэлээд гарыг нь хүлээд цагдаа дээр авчирсан юм.., ..миний сонссоноор бол урд өмнө Э.Ш нь Д.Ганцэцэгийг зодож хэл амаар доромжилж, үр хүүхдүүдээ зодож цохиж байсан гэж манай дүү Гантулгыг байхад ийм явдал болсон гэж надад хэлж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13х/,
гэрч П.Гандигийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгсэн чинь Э.Ш шаагаад бай пизда минь янхан минь гээд Д.Ганцэцэгийн гар утсыг авч шидээд гараараа Д.Ганцэцэгийн гар болон хөл рүү нь цохисон тэгээд том охин нь тоглож байгаад санаандгүй юу гэж хэлсэн үгүйг нь мэдэхгүй тэгсэн чинь Э.Ш том охиноо гичий минь амаа татаарай би чиний үеийн хүн юм уу гээд хэлсэн тэгсэн чинь Д.Ганцэцэг хүүхдээ өмөөрөөд чи хүүхэдтэй яаж харьцаад байгаан гэсэн чинь энэ гичийгийнхээ амыг тат гэсэн бага охин нь уйлаад байсан чинь Э.Ш дандаа гонгинож байдаг юм гичий чинь гээд үүд рүү түлхээд унагаасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15х/
гэрч Э.Болор-Эрдэнийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн нүдээр харж байгаагүй ч эхнэрээс нь Ширмэнбаатар зодлоо гэр орондоо тогтохгүй байна гэж сонсож байсан. Намайг 2016 оны 05 сард цэргээс халагдаж ирээд удаагүй байхад эхнэр Ганцэцэг нь залгаад Ширмэнбаатар хүүхдээ хананд саваад, намайг зодоод байна чи хүрээд ирэх боломж байна уу гэж надруу залгаж байсан санагдаж байна.." гэх мэдүүлэг /хх-ийн 23-24х/,
Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээ, гэрэл зургийн үзүүлэлт “...хэрүүл маргаан хийдэг, сэтгэл санааны дарамтанд орсон, эдийн засгийн асуудал тулгардаг...” /хх-ийн 50-57х/
хохирогч С.Сумъяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би 2017 оны 12 дугаар сарын 22-ны өдөр Чингэлтэй дүүргийн 6 буудлын замынхаа баруун талд байх авто угаалган дээр хамаатны дүү Билгүүнтэй уулзаж машиныхаа арын гуперийг янзлуулахаар очсон. Би уг угаалганд ороод машиныхаа хойд гуперийг янзлуулна гээд ярихад 1 залуу "би 2 хоногийн дотор янзлаад өгье" гэсэн. Тэгэхээр нь би тэр залууд 20.000 төгрөг өгөөд "сайхан янзлаад өгөөрэй" гэж хэлсэн. Тэгээд би Билгүүн болон тэр залуу хоёроор Хайлаастад найзындаа хүргүүлээд машингаа өгөөд явуулсан. 3 орчим хоногийн дараагаар дүү Билгүүнтэй ярилцахад "таны машиныг засна гээд байсан залуу материал авна гэж машинтай чинь яваад сураггүй байгаа" талаар хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 109-110х/,
хохирогч Б.Хашмаргадын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тэгээд архи нь дуусах үед би Хатнаад "миний картны нууц код нь 0217, дэлгүүр ороод 1 шил архи, ундаатай аваад ирээч" гээд Хатнааг дэлгүүр явуулсан. Энэ үед миний хажууд Ширмэнбаатар зогсож байсан. Миний картны нууц дугаарыг сонссон.., ..би 07 цагийн үед ахин сэрээд хэсэг байж байгаад гар утсаа үзтэл миний Хаан банкны 5760017900 дугаарын данснаас 183.800 төгрөгийн зарлага гарсныг мэдсэн. Би Ширмэнбаатарт өөрийн Хаан банкны картаа өгөөгүй. Намайг машинд унтаж байхад машинаас зөвшөөрөлгүй авсан байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 113-114х/
гэрч М.Билгүүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Сумъяа ах угаалганд орж ирээд "машиныхаа арын гуперийг янзлуулах гэсэн юм" гэхэд Ширмэнбаатар "би янзлаад өгье" гээд тэр 2 тохиролцсон. Сумъяа ах машиныхаа түлхүүрийг надад өгөөд "ахын дүү засуулчихаарай" гэсэн. Би Э.Ш хамт Сумъяа ахыг Хайлааст руу хүргэж өгчихөөд буцаад авто угаалга дээрээ ирсэн. Удалгүй би Ширмэнбаатартай хамт Гандигийн коллежийн орчимд байх найзындаа очсон Ширмээ гадаа хүлээгээд үлдсэн. Найзындаа ороод хэсэг байж байснаа гараад Ширмэнбаатартай уулзаад "чи угаалга руу явж бай" гэж хэлсэн. Би цаг орчмын дараагаар авто угаалга дээр очтол Ширмэнбаатар ирээгүй байсан. Би Ширмэнбаатарыг таксинд явж байгаа гэж бодоод тоолгүй өнгөрсөн. Гэтэл шөнийн 04 цагийн үед манай найз Хашмаргадын Хаан банкны данснаас 200.000 төгрөгийн зарлага гарсан. Тэр карт Ширмэнбаатарт байсан болохоор би асуудал этгүйтлээ гэж ойлгосон. Ийнхүү өглөө нь цагдаад мэдээлсэн..." гэх мэдүүлэг /хх-ийн 117-118х/,
гэрч С.Хатантөмөрийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 дугаар сарын 22-ны орой 21 цагийн үед Хашаа гэх залуу манай ажил дээр ирсэн. Тэгээд хаан банкны картаа өгөөд архи аваад ир гэж хэлсэн. Би дэлгүүр явахаас өмнө Хашаа картныхаа нууц дугаарыг бүх хүн байхад чанга хэлсэн. Тэгээд архийг нь авчирч өгөөд Ширмээ, Билгүүн, Хашаа энэ 3 яваад өгсөн. Тэгээд өглөө босоод ирсэн чинь Ширмээ машин унаад явсан байсан гэжхэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 123-124х/,
эд зүйлийн үнэлгээ “...Тоёото приус 11 маркийн тээврийн хэрэгслийн үнэлгээ 6.000.000 төгрөг...” /хх-ийн 106х/, Хаан банкин дахь хохирогч Б.Хашмаргадын харилцах дансны хуулга “...50.000 төгрөгөөр 3 удаа, 20.000, 10.000 төгрөгөөр тус бүр 1 удаа, 3800 төгрөгөөр 1 удаа нийт 183.800 төгрөгөөр гүйлгээ хийсэн баримт...” /хх-ийн 145х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Иймд шүүгдэгч Э.Шыг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, уг хэргийг хүүхдийн эсрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан, бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирог Б.Хашмаргадын эзэмшлийн “ХААН” банкны виза картнаас авч завшисан 183.800 төгрөгийг Э.Ш нь төлж барагдуулаагүй байна. Мөн хохирогч С.Сумъяагийн, Э.Шт итгэмжлэн хариуцуулан өгсөн тээврийн хэрэгслийг завшисан хэрэгт тээврийн хэрэгсэл нь биет байдлаар хохирогчид буцаан хүлээлгэн өгсөн ч, уг тээврийн хэрэгслийг унаж яваад гудамд орхиж, улмаар уг тээврийн хэрэгслийг цагдаагийн байгууллага олон журмын хашаанд хийсэн байх ба журмын хашаанд тээврийн хэрэгсэл байсан төлбөрт 300.000 төгрөгийг С.Сумъяа төлж өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэлээ буцаан авсан байна. Иймд Э.Шаас нийт 483.800 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.Хашмаргад, С.Сумъяа нарт ноогдох хувиар нь олгох нь зүйтэй гэж шүүх үзэв. Харин хохирогч Д.Ганцэцэг нь “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” гэснийг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Шт ял шийтгэл оногдуулахдаа хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, бусдад учруулсан хохиролын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээж буй байдал, хохиролоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, удаа дараа нэг төрлийн гэмт хэрэг үйлдэж буй хувийн байдлыг нь харгалзан үзэж тохирох ял шийтгэлийг оногдуулж, хорих ялыг нь нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.