| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0436/э |
| Дугаар | 664 |
| Огноо | 2018-09-14 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Бадрал |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 14 өдөр
Дугаар 664
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунбилэг, улсын яллагч Э.Бадрал, шүүгдэгч Х.Мнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Үзэмчин овогт Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнэд холбогдох эрүүгийн “1711012410244” дугаартай, 186/2018/0436/э индекстэй хэргийг 2018 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 2000 оны 05 дугаар сарын 29-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 18 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Чингэлтэйн 18 дугаар гудамж, 43-Б тоотод оршин суух бүртгэлтэй, урьд ял шийтгэлгүй, Үзэмчин овогт Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнэ /РД:УИ00252958/,
Холбогдсон хэргийн талаар;
Х.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” хоолны газрын орчим Э.Золбоог зодож биед нь тархи доргилт, дух, хүзүү, зүүн чихний дэлбээ болон хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн завьжны салст язрал, хацарт өнгөц шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүгдэгч Х.Мнь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад шүүхэд мэдүүлэхдээ:.. Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй
Хоёр: Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1.Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч Э.Золбоогийн:...Миний биед учирсан гэмтлийг хэн учруулсныг мэдэхгүй байна. Ямар ч байсан Мөнх-Эрдэнэ миний зүүн талын шанаа орчимд гараараа цохиж зодож эхлүүлсэн бөгөөд намайг тойроод 3-4 хүн байсан. Тэгээд газар унасан. Анх бол бүгдээрээ зодсон байх гэж бодсон бөгөөд гадаа харанхуй байсан. Мөн би огт танихгүй хүмүүс байсан. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр бол ганцхан зүүн талд гэмтлүүд учирсан байсан болохоор Мөнх-Эрдэнэ цохиж, зодох үедээ үүсгэсэн гэж бодож байна гэх мэдүүлэг /хх-201/,
2.2. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Б.Анандын:....тэгтэл “КFС” хоолны газрын яг хойд талд нь Золбоо нь үл таних хоёр залуутай муудалцаад зогсож байсан тэгэхээр нь би ардаас нь очоод найзыгаа аваад машинд суулгах гэтэл цаанаас хэд хэдэн залуучууд гарч ирээд Золбооруу бүгд дайраад учир зүггүй цохиод зодоод эхэлсэн юм. Тэгэхээр нь би найзыгаа авах гээд очиход 4-5 залуу намайг буланд шахчихаад хөдөлгөхгүй байсан. Тэгтэл Баярсайхан, Дөлгөөнбаяр хоёр хүрээд ирсэн. Дөлгөөнбаяр бид нар дээр хүрээд ирэхэд мөн л тэр залуучууд Дөлгөөнбаярыг зодоод эхэлсэн....гэх мэдүүлэг /хх 33-34/,
2.3. Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч Ө.Дүүрэнбаярын:...Би бол Золбоо гэдэг залууд ойртоогүй бөгөөд би нөгөө найз дээр нь очсон. Намайг очих үед бол Мөнх-Эрдэнэ Золбоо нар хоорондоо бие биенээ заамдчихсан байж байгаад газар зэрэг шахуу унасан. Мөнх-Эрдэнэ золбоог нэг удаа цохиж байх шиг байсан. Эхлээд Мөнх-Эрдэнэ, Анхбаяр нар түрүүлээд Цолмонтой уулзах гээд явсан бөгөөд хүмүүс чанга дуугараад байхаар нь очсон чинь Анхбаяр нэг залуутай, Мөнх-Эрдэнэ нэг залуутай зууралдаж байсан...гэх мэдүүлэг/хх 49-51/,
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч А.Тэмүүлэнгийн:....Мөнх-Эрдэнэ нэг залуутай уулзаад зогсож байсан ба тэр залуу нь Мөнх-Эрдэнийг түлхэхээр нь Мөнх-Эрдэнэ заамдаж аваад нэг цохих шиг болсон тэр үед нөгөө залуу нь хажуугаас нь Мөнх-Эрдэнийг салгах гэхээр нь бид нар араас нь очиход Эрдэнэболд тэр залуугийн нүүр орчимд нь гараараа нэг удаа алгадсан би тэгээд нөгөө залууг аваад цааш нь холдуулсан. Миний харснаар Золбоо гэж залууг Мөнх-Эрдэнэ заамдаад нэг цохиж байх шиг байсан харин Эрдэнэболд 1 удаа гараараа цохьсон өөр зүйл бол би хараагүй...гэх мэдүүлэг./хх-53/,
2.5. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн №14053 тоот актын:
1. Э.Золбоогийн биед тархи доргилт, дух, хүзүү, зүүн чихний дэлбээ болон хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн завьжны салст язрал, хацарт өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй. Шинжээч эмч Б.Ганзориг гэсэн дүгнэлт. /хх-73/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1.Хавтаст хэргийн 201 дүгээр хуудас хохирогч Э.Золбоогийн мэдүүлэг, 33-34 дүгээр хуудас гэрч Б.Анандийн мэдүүлэг, 46-47 дугаар хуудас гэрч М.Түвшинсанаагийн мэдүүлэг, 49-51 дүгээр хуудас гэрч Ө.Дүүрэнбаярын мэдүүлэг, 53 дугаар хуудас насанд хүрээгүй гэрч А.Тэмүүлэнгийн мэдүүлэг, 73 дугаар хуудас шинжээч эмчийн дүгнэлт, шүүгдэгчийн өмнө ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас болон хувийн байдлыг тогтоосон бусад нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн бөгөөд шүүх хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч Х.Мнь 2017 оны 11 дүгээр сарын 08-ний өдрөөс 09-нд шилжих шөнө Чингэлтэй дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “КFС” хоолны газрын орчим Э.Золбоог зодож түүний биед тархи доргилт, дух, хүзүү, зүүн чихний дэлбээ болон хөхлөгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зүүн доод зовхины зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, зүүн завьжны салст язрал, хацарт өнгөц шарх бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Э.Золбоо, гэрч Б.Ананд, Ө.Дүүрэнбаяр, А.Тэмүүлэн, шинжээчийн 73 дугаар дүгнэлт зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Хохирогч Э.Золбоо нь шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнээс нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр хүсэлт гаргаж өгсөн байх тул шүүгдэгчийг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан байна гэж шүүх үзлээ.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох улсын яллагчийн гаргасан санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч, хүлээлгэх эрүүгийн хариуцлага, гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгож шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын дүгнэлт зэргийг тус тус харгалзан үзэж, торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүхээс шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 17.5 дугаар зүйлийн 5, 8, 9, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Үзэмчин овогт Хишигсүрэнгийн Мөнх-Эрдэнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнийг 450 /дөрвөн зуун тавин/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд оногдуулсан торгох ялыг 1 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч Х.Мнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч Х.Мнь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Х.Мөнх-Эрдэнэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ