| Шүүх | Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нарангэрэлийн Энхмаа |
| Хэргийн индекс | 2426004170014 |
| Дугаар | 2025/ДШМ/73 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | 17.1.2.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/73
2025 12 02 2025/ДШМ/73
О.А, Ч.А, Т.Х нарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Энхмаа даргалж, шүүгч Л.Нямдорж, шүүгч Б.Цэрэнпүрэв нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов /цахимаар/,
Шүүгдэгч О.А /цахимаар/,
Шүүгдэгч Ч.А /цахимаар/,
Шүүгдэгч Т.Х /цахимаар/,
Нарийн бичгийн дарга З.Сүхбаяр нарыг оролцуулан
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Отгонжаргалын даргалж шийдвэрлэсэн шүүх хуралдааны 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолтой О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох эрүүгийн 2426004170014 дугаартай хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн 2025 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Н.Энхмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн *** суманд төрсөн, ***, *** настай, *** боловсролтой, мэргэжилгүй, *** ажилтай, ам бүл ***, Баянхонгор аймгийн *** сумын *** дугаар багийн “***” гэх газар оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 4 дүгээр сарын 15-ны өдрийн 100 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 2.1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдаж байсан, *** овгийн О.А /РД: ***/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн *** суманд төрсөн, ***, *** настай, *** боловсролтой, *** мэргэжилтэй, малчин, ам бүл ***, Баянхонгор аймгийн *** сумын *** дугаар баг “***” гэх газар оршин суух хаягтай, урьд Баянхонгор аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 278 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж байсан, *** овгийн Ч.А /РД:ВН92041612/,
Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Баянхонгор аймгийн *** суманд төрсөн, ***, *** настай, *** боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл *** хамт Баянхонгор аймгийн *** сумын *** дугаар баг “***” гэх газар оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, *** овгийн Т.Х /РД: ***/.
О.А, Ч.А, Т.Х нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн “***” гэх газарт байрлах “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цехийн цонхоор нэвтэрч, *** улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг авч хохирогч Д.Г-т 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
Өвөрхангай аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос О.А, Ч.А, Т.Х нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т заасан гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж, хэргийг харьяаллын дагуу Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч *** овгийн О.А, *** овгийн Ч.А, *** овгийн Т.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарт хорих ял оногдуулахгүйгээр тус тус нэг жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2.5-т зааснаар шүүгдэгч Ч.А, О.А, Т.Х нарт тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг дурдаж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэг, 189 дүгээр зүйлийн 189.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ч.А, О.А, Т.Х нарын тэнссэн хугацаанд болон үүрэг хүлээлгэсэн албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Д.Г-т 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, 1 ширхэг жинг буцаан өгсөн, хохирогч Д.Г нь гомдол саналгүй, нэхэмжлэх хохирол, хор уршиг байхгүй гэсэн, шүүгдэгч нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйл, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт хавсаргаж ирүүлсэн бичлэг бүхий CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээхээр, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ч.А, О.А, Т.Х нарт авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Ч.А, О.А, Т.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүхэд гаргасан эсэргүүцэлдээ: Ч.А, О.А, Т.Х нар нь үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 9 дүгээр сарын 29-ний өдөр Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг “***” гэх газарт байрлах “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цех буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахын цонхоор хууль бусаар нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор *** улсын дугаартай Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, металл жинлэдэг 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдэж хохирогч Д.Г-т нийт 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэх хэрэгт прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүх 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолоор О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох 2426004170014 дугаартай хэргийг Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн зүйлчлэлийг "... шүүгдэгч Ч.А, О.А, Т.Х нарт холбогдох эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар 2024 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн орчимд Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар баг “***” гэх газарт байрлах “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цех буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч учрах саадыг арилгах зорилгоор *** улсын дугаартай Тоёота приус-30 маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, металл жинлэдэг 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг авсан гэх хангалттай хүрэлцэхүйц нотлох баримт хэрэгт авагдаагүй ...” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж, шүүгдэгч нарын үйлдлийг хулгайлах гэмт хэргийн үндсэн зүйлчлэлээр зүйлж, бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Ч.А, О.А, Т.Х нарт тус бүр хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн.
Шүүхийн шийтгэх тогтоолыг дараах үндэслэлээр эс зөвшөөрч эсэргүүцэл бичиж байна. Үүнд: О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох хэрэгт цугларсан хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хохирогч, гэрчүүдийн мэдүүлгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн нотолж, тогтоосон, түүнчлэн мөн хуулийн 1.7 дугаар зүйлд заасан хэргийн бодит байдал тогтоогдсон ба хэрэгт цугларсан нотлох баримтууд нь Ч.А, О.А, Т.Х нарт холбогдох хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцээтэй гэж үзэн хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн ба хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчлөх хууль зүйн үндэслэлгүй, шүүхийн шийдвэрийн үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй гэж үзэж байна. Учир нь хүн амьдрах орон байр, хамгаалсан байр агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсхүл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хориг саад, хамгаалалтыг бусдад мэдэгдэхээр байршуулсан, эсхүл хориг саадтай болохыг анхааруулсан тэмдэг, тэмдэглээтэй байх бөгөөд шүүгдэгч нар нь тухайн “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цех буюу тусгайлан хамгаалсан байр, агуулах нь цоожтой, нэвтрэх хориотой гэдгийг мэдсээр байж зөрчсөн үйлдэл нь тэдгээрийг хууль бус нэвтрэлтэд буруутгах обьектив болон субьектив нөхцөл байдлын үндэслэл болж байна.
Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлэх бөгөөд хулгайлах гэмт хэрэг үйлдсэн этгээд өөрөө бусдын эд зүйлийг хулгайлж байгаа идэвхтэй үйлдлээ хэнд ч мэдэгдээгүй сэтгэхүйн хандлагаар тодорхойлно. Энэ гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанарыг үлэмж ихэсгэсэн онцлогтойгоор хүндрүүлэн үзэх шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т “... хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч ...” үйлдсэнийг, 2.4-т “машин механизм ашиглах” гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг тус тус хамааруулан үздэг ба энэ нь хууль хэрэглээний жишигт тогтсон бөгөөд хэргийн нийгмийн аюулын түвшин, хэр хэмжээг ямагт ихэсгэж, хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэн тогтооход гол нөлөө үзүүлдэг ойлголт юм. Шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй гэх үндэслэлээр хүчингүй болгож өгнө үү гэжээ.
Прокурор А.Алтангэрэл давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: Эсэргүүцлээ дэмжиж оролцож байна. Шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй тул Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэв.
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Г.Доржготов давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан саналдаа: Шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тодруулсан байна.
Прокурор хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, бусад нотлох баримт гэрчийн мэдүүлгүүд зэрэг нотлох баримтуудаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.4-т заасан шүүгдэгч нарт оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг тогтоосон байх ёстой. Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг эргэлзээгүй тогтоох ёстой. Хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хэргийн газрын гэрэл зураг дээрх байрыг тусгай хамгаалагдсан байр гэдэг. Тус байр ямар нэгэн хамгаалалтгүй, тусгай тэмдэглэгээгүй, тэмдэглэгээ тавигдаагүй байсан, хөнгөрүүлэх талын нотлох баримтуудыг цуглуулж бэхжүүлээгүй байна. Анхан шатны шүүх хэргийг буцааж дахин шалгаж тодруулах тухай захирамж гарсан. Гэтэл хангалттай шалгаж тодруулаагүй. Тиймээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 хэсэгт зааснаар шүүгдэгчид ашигтайгаар буюу эрх зүйн байдлыг нь дээрдүүлж шийдвэрлэсэн.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалан байр, агуулахад нэвтрэх гэж байгаа. Энэ хэргийн хувьд уг байр нь үйл ажиллагаа явуулдаг байр, тусгайлан хамгаалсан байр биш. Өөрөөр хэлбэл байр, хашаа, саравч зэрэг ямар нэгэн тэмдэг тэмдэглэгээ тавигдаагүй. Мөн шүүгдэгч нар нь тухайн үед хэргийн газар очихдоо машинтай явсан боловч машин нь цасанд суусан, тухайн эд зүйлийг аваад гартал хүмүүстэй таараад машинтай зугтаасан, араас нь хөөцөлдсөн гэж гэрчийн мэдүүлэгт байдаг. Хэрвээ тухайн байр тусгай хамгаалалттай байр байсан бол гадны хүн орохыг хориглоно ч гэдэг юм уу тийм тэмдэглээ байх байсан. Энэ талаар гэрч нар дурдаагүй.
Шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох хэрэгт хамааралтай нотлох баримтыг шалгасан боловч шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч нар нь Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн “***” гэх газарт байрлах “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цехийн цонхоор нэвтэрч, *** улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг авч хохирол учруулсан нь хангалттай хүрэлцэхүйц нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэж үзэж байна.
Иймд прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
Шүүгдэгч О.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Ч.А давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
Шүүгдэгч Т.Х давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцэлтэй холбоотой тайлбар байхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа болон шийтгэх тогтоолыг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг үндэслэж прокурорын эсэргүүцэлд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан шийдвэрлэлээ.
Прокуророос О.А, Ч.А, Т.Х нарыг үйлдлээрээ санаатай нэгдэн бүлэглэж 2024 оны 9 дүгээр сарын 29-ний шөнө 03 цагийн үед Өвөрхангай аймгийн *** сумын *** дугаар багийн “***” гэх газарт байрлах “ИМ” ХХК-ийн алтны уурхайн баяжуулах цехийн цонхоор нэвтэрч, *** улсын дугаартай Toyota prius маркын тээврийн хэрэгслийг ашиглан 40 кг нарийсалтын хар шлик, 23 кг соронзонгийн хар шлик, 5,6 кг үлээлгийн хар шлик, 1 ширхэг жин зэрэг эд зүйлсийг авч хохирогч Д.Г-т 5,950,000 төгрөгийн хохирол учруулсан гэж тэдэнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татан, яллах дүгнэлт үйлдэж хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Өвөрхангай аймгийн Прокуророос шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4-т зааснаар зүйлчилж ирүүлснийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна.
Прокуророос давж заалдах шатны шүүхэд ... шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалд нийцээгүй, шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй. Хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох шунахай сэдэлт, зорилгоор хүч, заналхийлэл хэрэглэхгүйгээр бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1-т хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэнийг, 2.4-т заасан машин механизм ашиглах гэдэгт хулгайлах үйлдлээ хөнгөвчлөх, түргэтгэх, хамгаалалт бэхэлгээг эвдэх, биеэр авч чадахгүй эд хөрөнгөд хүрэх, зөөж тээвэрлэх зэрэгт хэрэглэснийг тус тус хамааруулан үздэг. Шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарын үйлдсэн гэмт хэрэг нь эрүүгийн хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтууд, талуудын мэтгэлцээний үндсэн дээр хангалттай нотлогдон тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү ... гэх агуулга бүхий эсэргүүцэл бичжээ.
Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй буюу шийтгэх тогтоолд заасан үндэслэл нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, энэ талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.
Иймд Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэв.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Өвөрхангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/260 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.1 дүгээр зүйлийн 1.1-т зааснаар шүүгдэгч О.А, Ч.А, Т.Х нарт энэ өдрөөс эхлэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл магадлалыг гардуулсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Монгол Улсын Дээд шүүхэд оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Н.ЭНХМАА
ШҮҮГЧИД Л.НЯМДОРЖ
Б.ЦЭРЭНПҮРЭВ