Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00238

 

 

 

 

 

2026 оны 02 сарын 25 өдөр

Дугаар 103/ШШ2026/00238

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:

Хүсэлт гаргагч: 19** онд Улаанбаатар хот, Налайх дүүрэгт төрсөн, ** настай, эмэгтэй, Багануур дүүргийн *** дугаар цэцэрлэгт багш ажилтай, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 5 дугаар хороо, Залуусын ** дугаар гудамжны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг 2026 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд

Хүсэлт гаргагч: Н.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Хүсэлт гаргагч Н.******* шүүхэд гаргасан хүсэлт, шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн Хуцаагийн амралтын газарт үйлчлэгчээр ажилд орж 1990 оны 7 дугаар сарын 30-ны өдөр халагдсан. Энэ үед ажиллаж байсан тушаалыг Төв аймгийн Архивын хэлтсээс шүүлгэж баримтыг хавсаргасан, хөдөлмөрийн дэвтэрт нөхөж бичсэн байгаа. Мөн 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрэглээний Хэрлэн хоршоонд туслах тогооч, талх, нарийн боовчиноор ажиллаж байсан баримт Төв аймгийн архивт шилжиж ирээгүй тул лавлагаа олгох боломжгүй гэсэн. Мөн түүнчлэн 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр одоо ажиллаж байгаа Нийслэлийн хүүхдийн 138 дугаар цэцэрлэгт ажилд орсон боловч ажилд томилсон тушаал гарч ирэхгүй байна. Иймд намайг 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрлэнбаян нэгдлийн Хуцаагийн амралтын газарт үйлчлэгчээр, 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрэглээний Хэрлэн хоршоонд туслах тогоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Нийслэлийн хүүхдийн 138 дугаар цэцэрлэгт багшийн туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

Хүсэлт гаргагчаас: Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын тушаалын хуулбар, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын тогтоолын хуулбар, Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын тушаалын хуулбар, Төв аймгийн Архивын хэлтсийн тодорхойлолт, гэрэл зургууд, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэрэг баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн байна.

Шүүхээс Н.*******ын хүсэлтээр О.*******, Д.*******, Г.*******, Б.******* нараас гэрчийн мэдүүлэг авсан,

Шүүх дээрх баримтууд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Шүүх Н.******* шүүхэд хандаж гаргасан ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

1.Н.******* нь 1971 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр төрсөн бөгөөд тэрээр 55 нас хүрсэн, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэврийн тухай хуульд Тэтгэврийн даатгалын шимтгэлийг нийтдээ 20-иос доошгүй жил төлсөн 65 нас хүрсэн даатгуулагч, тэтгэврийн даатгалын шимтгэлийг 25-аас доошгүй жил төлсөн 60 нас хүрсэн эрэгтэй, 55 нас хүрсэн эмэгтэй, даатгуулагч өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно гэж заасан нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх авахад шаардлагатай баримт бичиг хангалтгүй байгаа шалтгаанаар ажиллаж байсан үйл баримтаа тогтоолгохоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.4 дэх хэсэгт зааснаар өөрийн оршин суугаа газрын шүүхэд хүсэлтээ гаргасан нь хууль зөрчөөгүй байна.

2.Хүсэлт гаргагч Н.*******ын хөдөлмөрийн дэвтэрт ажилд орсон, гарсан тушаал бичигдсэн боловч ажилд орсон, гарсан тушаал архиваас гарч ирээгүй тул дээрх үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6 дахь хэсэгт зааснаар шүүхээр тогтоолгох шаардлага гаргах эрх Н.*******д үүсэж, ажиллаж байсан үйл баримтыг шүүхээс өөр журмаар сэргээн тогтоолгох боломжгүй байдалд хүрсэн байна.

3.Тэрээр тухайн үйл баримтыг тогтоолгох зорилгоо заахдаа өндөр насны тэтгэврээ тогтоолгох гэжээ.

4.Хүсэлт гаргагч Н.******* нь 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрлэнбаян нэгдлийн Хуцаагийн амралтын газарт үйлчлэгчээр, 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрэглээний Хэрлэн хоршоонд туслах тогоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Багануур районы ясли цэцэрлэгийн 3 дугаар комбинатад багшийн туслахаар тус тус ажиллаж байсан болох нь дараах баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

4.1.1993 оны 6 дугаар сарын 29-ний өдөр нээсэн ***********дугаартай хөдөлмөрийн дэвтрийн хуулбарт: овог: *******, нэр: *******, төрсөн он: 19**, боловсрол: дунд, мэргэжил: үгүй, хөдөлмөрийн дэвтэр олгосон: Хэрлэнбаян нэгдэл, Хэрлэнбаян ХК-ийн захирлын 1993 оны 9-р сарын 11-ний өдрийн 40 тоот тушаалаар Хэрлэнбаян нэгдэлд Хуцаагийн амралтын газар үйлчлэгчээр авч ажиллуулав, хугацаа 1989.07.01, Хэрлэнбаян ХК-ны захирлын 1993 оны 9-р сарын 11-ний өдрийн 40 тоот тушаалаар Хуцаагийн амралтын газар татан буугдсан учир үйлчлэгчийн ажлаас чөлөөлөв, хугацаа 1990.06.30, Хэрэглээний Хэрлэн хоршооны даргын 1990 оны 07-р сарын 04-ний өдрийн 25 тоот тушаалаар Баяндэлгэр сумын Хэрэглээний Хэрлэн хоршооны гуанзанд тогооч, нарийн боовчноор авч ажиллуулав, Хэрэглээний Хэрлэн хоршооны даргын 1994 оны 11-р сарын 11-ний өдрийн 19 тоот тушаалаар өөр газар шилжих болсон тул хоршооны гуанзангийн тогоочийн ажлаас чөлөөлөв, Эрхлэгчийн 1994-11-22 өдрийн 15 тоот тушаалаар Тус ясли цэцэрлэгт багшийн туслахаар авч ажиллуулав гэсэн бичилтүүд хийгджээ. /хх-ийн 6-7 дугаар хуудас/

4.2.Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн даргын 1989 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 44 дугаартай Ажилд авах ба ажлаас чөлөөлөх тухай тушаалаар Н.*******ыг 7-р сарын 1-ний өдрөө үйлчлэгчээр ажиллуулсан /хх-ийн 8 дугаар тал/

4.3.Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн зөвлөлийн тэргүүлэгчдийн хурлын 1990 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 66 дугаартай Ээлжийн амралт олгох тухай тогтоолын хавсралтын 16 дугаарт Н.*******, тогооч, 18 хоног /хх-ийн 9 дүгээр хуудас/

4.4.Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрлэнбаян хувьцаат компанийн захирлын 1993 оны 9 дүгээр сарын 11-ний өдрийн 40 дугаартай Тушаал сэргээн гаргах тухай тушаалаар *******гийн ******* нь 1989 оны 7-р сарын 1-нд амралтын газар үйлчлэгчээр орж 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдөр халагдсан талаар сэргээн гаргаж, хөдөлмөрийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг зөвшөөрсөн байна /хх-ийн 10 дугаар тал/

4.5.Гэрч О.*******гийн шүүхэд өгсөн: Би 1987 онд Хөдөө аж ахуйн техникумыг төгсөж ирээд 1989 оны 06 дугаар сард анх Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн харьяа Хуцаагийн амралтын газарт хиаман цехийн ажилтнаар ажилд орж, 1990 оны 3 сард ажлаасаа гараад малчин болсон. Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдлийн харьяа Хуцаагийн амралтын газар 1989 оны 6 сард анх нээгдсэн, тэр үед бид 2 анхны ажилчид нь болж орж байсан. Намайг 1990 оны 3 сард ажлаасаа гарахад ******* ажиллаж байсан, хэзээ ажлаасаа гарсныг нь мэдэхгүй байна. *******ын аав нь амралтын газар анх нээгдэх үед манаачаар ажиллаж байсан. Хуцаагийн амралтын газар огт амрагч авч байгаагүй, анх Хуцаагийн амралтын газар гэдэг нэртэй нээгдсэн боловч хиамны цехийн үйл ажиллагаа явуулдаг байсан. Биднийг анх ажилд ороход хиамны сургалтад хамруулж байсан гэсэн мэдүүлэг /хх-ийн 25 дугаар хуудас/

4.6.Гэрч Г.*******гийн шүүхэд өгсөн: Бид 1990-1994 оны хооронд Төв аймгийн Баяндэлгэр сумын Хэрэглээний Хэрлэн хоршоонд хамт ажиллаж байсан. Би 1977 оноос 1995 оныг хүртэл тус байгууллагад талхчин, талхны худалдагчаар ажилласан. Г.******* 1990 оны 7 сард талхчинаар ажилд орж, 1994 онд ажлаасаа гарсан. Тухайн үед ээж нь бие муутай хүн байсан болохоор ээжийнх нь ах дүү нар Багануур луу татаж авсан. Манайд ажиллаж байхдаа 1 хүүхэд төрүүлж байсан, 2,3 дахь зураг Хэрэглээний Хэрлэн хоршооныхон хамт олноороо авахуулж байсан зураг мөн Хөвсгөл далай руу аялж байсан үеийн зураг байна. Г.*******ын аав ******* гуай бас манайд манаачаар ажиллаж байсан. Г.******* айлын ганц хүүхэд гэсэн мэдүүлэг, /хх-ийн 23 дугаар хуудас/

4.7.Гэрч Д.*******ын шүүхэд өгсөн: Би 1983 оноос 1987 оны 10 сар хүртэл онд Баяндэлгэр сумын Хэрлэнбаян нэгдэлд зочид буудлын тогооч, үйлчлэгч, фермийн саальчинаар ажиллаж байсан. 1987 оны 11 сараас Худалдаа бэлтгэлийн ангид тогоочоор ажилд орж, 1994 оныг дуустал ажилласан. Худалдаа бэлтгэлийн анги нь 1990 оноос Хэрэглээний Хэрлэн хоршоо болж нэрээ өөрчилсөн. Г.******* 1990 оны 7 сард Хэрэглээний Хэрлэн хоршоонд талхчин, нарийн боовчноор ажилд орж байсан. Манай талхны цех зөвхөн талх хийдэг байж байгаад ******* нарийн боовны курст суралцаж ирээд талх, нарийн боов хийдэг болсон. Ингээд 1994 оны зун ээж нь нас барж аав, нөхөр хүүхэдтэйгээ амьдарч байгаад 8 сард ажлаасаа гарч Багануур луу шилжсэн, би үлдэж ажиллаж байгаад 1994 оны 12 сард Багануурт шилжиж ирсэн. Хавтаст хэргийн 11 дүгээр хуудсанд байгаа 1 дэх зурагт зүүн гар талаас *******, би, ******* нар байна. 3 дахь зурагт зүүн гар талаас тракторын жолооч Лхасүрэн, агент Долгорсүрэн, гуанзны үйлчлэгч Оюунсүрэн, дэлгүүрийн үйлчлэгч Дуламжав, Дамдинсүрэн даргын эхнэр Даваа эгч, *******, үйлчлэгч Балжинням, түүхий эдийн эрхлэгч Мөнгөө манай хамт олны зураг байна, 2 дахь эгнээний зүүн талаас хүсний нярав Жаргал, барааны нярав Даваажав, талхны худалдагч *******, дэлгүүрийн худалдагч Цэцгээ, би, дэлгүүрийн худалдагч Дэнсмаа, ахлах нягтлан Түмэнжаргал, 3 дахь эгнээний зүүн талаас хоршооны дарга Энхбаатар, манаач Батсүх, агент *******, манаач Чулуунбаатар, аж ахуйн дарга Дорж, нягтлан Сандагсүрэн, жолооч Ганболд, манаач Батхуяг нар байна. 1991 онд зугаалганд явж байх үеийн зураг байна. 2 дахь зураг худалдаа бэлтгэл ангийн гуанзанд хамт олноороо шинэ жил тэмдэглэж байх үеийн зураг байна гэсэн мэдүүлэг, /хх-ийн 29 дүгээр хуудас/

4.8.Гэрч Б.*******гийн шүүхэд өгсөн: Би 1987 оны 6 сард Багануур дүүргийн 3 дугаар цэцэрлэг буюу одоогийн 138 дугаар цэцэрлэгт багшийн туслахаар ажилд орж, 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 34 жил тасралтгүй ажиллаад тэтгэвэртээ гарсан. ******* 1994 оны 11 сард Сэржмядаг багшийн туслахаар ажилд орж одоог хүртэл ажиллаж байгаа. Манайд анх ажилд орохдоо 1 ойтой хүүхэдтэй ирж байсан, 1995 онд охиноо төрүүлж байсан. 2 бага хүүхдээ хэдэн онд төрүүлснийг нь мэдэхгүй байна. Хүүхэд төрүүлж хүүхэд асрах чөлөө авснаас өөрөөр ажлаас гарч байгаагүй, тасралтгүй ажиллаж байгаа гэсэн мэдүүлэг,

4.9.1990-1995 онд хамт олонтойгоо авахуулсан гэрэл зураг /хх-ийн 11-12 дугаар тал/

4.10. Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар

5.Дээрх баримтуудыг үндэслэн хүсэлт гаргагч Н.*******ыг 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрлэнбаян нэгдлийн Хуцаагийн амралтын газарт үйлчлэгчээр, 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрэглээний Хэрлэн хоршоонд туслах тогоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Багануур районы ясли цэцэрлэгийн 3 дугаар комбинатад багшийн туслахаар тус тус ажиллаж байсныг тогтоож шийдвэрлэв.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1, 134 дүгээр зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ******* овогт *******гийн *******ыг 1989 оны 7 дугаар сарын 01-ний өдрөөс 1990 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрлэнбаян нэгдлийн Хуцаагийн амралтын газарт үйлчлэгчээр, 1990 оны 7 дугаар сарын 05-ны өдрөөс 1994 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл Төв аймгийн Хэрэглээний Хэрлэн хоршоонд туслах тогоочоор, 1994 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 1995 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын Багануур районы ясли цэцэрлэгийн 3 дугаар комбинатад багшийн туслахаар тус тус ажиллаж байсан болохыг тогтоосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн урьдчилан төлсөн тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээсүгэй.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ