Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 05 өдөр

Дугаар 649

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч Г.Ч,

хохирогч Э.Зулзаяа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

   Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Цагаандай овгийн Гантулгын Чинзоригт холбогдох эрүүгийн 1811006750680 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Ц овгийн Г.Ч, 1994 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Увс аймгийн Улаангомд төрсөн,  24 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, хүнд машин механизмын механикч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3 эхнэр, охины хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,22/б байр 34 тоотод оршин суух хаягтай,

Хан-Уул дүүргийн шүүхийн 2011 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 276 дугаарт шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 5 жил 10 хоногийн хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулж байсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр 7 буудалд үйл ажиллагаа явуулдаг Юнител салбарын зүүн талын зам дээр Э.Зулзаяаг зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

                                                ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Г.Ч нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны үед үнэн зөв мэдүүлсэн…” гэв.

Хохирогч Э.Зулзаяа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Би их уурласан байсан. Намайг машинаас түлхэж гаргах гээд нилээн ноцолдсон. Тэр үед гэмтэл үүссэн. Гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй…” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Э.Зулзаяа мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр хуучин найз залуу Ч 13:00 цагийн үед надруу яриад хаана байгаа талаар асуухаар нь би өргөө-2 юнителийн салбараас юм аваад одоо ажил руу явж байна гэж хэлэхэд Чинзориг аан за за гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд намайг ажил дээр ирсний дараа Ч залгаад хаана байгаа талаар асуухаар нь ажил дээрээ байна гэж хэлэхэд битгий худлаа яриад бай гээд уурлаад намайг хардаад загнаад байхаар нь би утсаа тасалсан өдрийн цагаар ажил дээрээ утсанд ирсэн дуудлагыг хүлээж авах, ярих боломж байдаггүй учир би тэр өдөр Ч-н дуудлагыг аваад ярьж чадаагүй юм. Орой 18:40 цагийн үед 80814574 гэсэн дугаараас Ч залгаад намайг хаана байна гэж асуухаар нь ажил дээр байна чи намайг очихоор гараад ирээрэй гэж хэлэхээр манай хамаатны Ганцэцэг эгч ирнэ бид хоёр айл руу одоо явна чамтай уулзах зав гарахгүй гэж хэлэхэд над руу уурлаад орилоод байсан тэгж утсаар ярьсны дараа удалгүй Ч ажлын үүдэнд ирчхээд над руу залгаад гараад ир гэж орилоод байсан учир би ажлаасаа гарч Ч-тэй уулзсан. Намайг ажлаасаа гарахад Ч ажлын хаалганы хажууд хүлээж байсан намайг харангуутаа Ч хувцаснаас угз татаад шатнаас буулгасан. Гадаа гарсны дараа Ч миний бөгс рүү өшиглөөд наад машиндаа суу гэж хэлсэн тэгээд би Ч-н машины урд талын сандал дээр суухад чи битгий давраад байгаарай гэж хэлээд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсаныхаа дараа миний зүүн талын гарыг хацран дээр тавиулаад дахиад гартаа хавсарч байгаад хацрыг 1 удаа алгадсан, дараа нь миний хоолойг гараараа боогоод сандалд тулгаж шахахаар нь би эсэргүүцэл үзүүлэхэд Ч хоёр гараа ардаа ав гэж хэлэхээр нь би хоёр гараа ардаа авахад миний гэдэс рүү 2-3 удаа цохиж мөн цээжин хэсгийн яс руу гараараа зангидаж байгаад 1 удаа цохиж авахад амьсгал авч болохгүй болсон. Тухайн үед намайг уйлахад Ч битгий маяглаад, жүжиглээд бай гэж хэлээд толгой болон дагз руу гараараа 2-3 удаа цохьсныхоо дараа дахиж ус хийгээд гартаа бариад явдаг саваар толгой руу нилээн олон удаа цохисон, дараа нь баруун гарын булчин хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэжээ /хх-14-15х/.

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2923 дугаар дүгнэлтэд: 

“1.2. Э.Зулзаяагийн биед баруун шилбэ, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний зовхины гадна булан хэсэг, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргил гэмтэл тогтоогдлоо.

3. Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Баруун гарын шуунд хуучин зулгаралтын сорвитой байна.

4.6. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.  

5. Э.Зулзаяагийн биед учирсан баруун шилбэ, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний зовхины гадна булан хэсэг, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргил гэмтлүүд нь тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

7. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 

8. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-42/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-62-66/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-56, 59/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Г.Ч нь 2018 оны 2 дугаар сарын 23-ны өдөр Чингэлтэй дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэр, 7 буудалд үйл ажиллагаа явуулдаг Юнител салбарын зүүн талын зам дээр Э.Зулзаяаг зодож, баруун шилбэ, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний зовхины гадна булан хэсэг, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргилт зэрэг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Э.Зулзаяагийн “...Орой 18:40 цагийн үед 80814574 гэсэн дугаараас Ч залгаад намайг хаана байна гэж асуухаар нь ажил дээр байна гэж хэлэхэд би одоо чиний ажил дээр очиж байна чи намайг очихоор гараад ирээрэй гэж хэлэхээр манай хамаатны Ганцэцэг эгч ирнэ бид хоёр айл руу одоо явна чамтай уулзах зав гарахгүй гэж хэлэхэд над руу уурлаад орилоод байсан тэгж утсаар ярьсны дараа удалгүй Ч ажлын үүдэнд ирчхээд над руу залгаадгараад ир гэж орилоод байсан учир би ажлаасаа гарч Ч-тэй уулзсан. Намайг ажлаасаа гарахад Ч ажлын хаалганы хажууд хүлээж байсан намайг харангуутаа Ч хувцаснаас угз татаад шатнаас буулгасан. Гадаа гарсны дараа Ч миний бөгс рүү өшиглөөд наад машиндаа суу гэж хэлсэн тэгээд би Ч-н машины урд талын сандал дээр суухад чи битгий давраад байгаарай гэж хэлээд миний зүүн талын хацар руу нэг удаа алгадсаныхаа дараа миний зүүн талын гарыг хацран дээр тавиулаад дахиад гартаа хавсарч байгаад хацрыг 1 удаа алгадсан, дараа нь миний хоолойг гараараа боогоод сандалд тулгаж шахахаар нь би эсэргүүцэл үзүүлэхэд Ч хоёр гараа ардаа ав гэж хэлэхээр нь би хоёр гараа ардаа авахад миний гэдэс рүү 2-3 удаа цохиж мөн цээжин хэсгийн яс руу гараараа зангидаж байгаад 1 удаа цохиж авахад амьсгал авч болохгүй болсон. Тухайн үед намайг уйлахад Ч битгий маяглаад, жүжиглээд бай гэж хэлээд толгой болон дагз руу гараараа 2-3 удаа цохьсныхоо дараа дахиж ус хийгээд гартаа бариад явдаг саваар толгой руу нилээн олон удаа цохисон, дараа нь баруун гарын булчин хэсэгт гараараа нэг удаа цохисон...” гэх /хх-14-15х/ мэдүүлэг, Шүүх эмнэлгийн хүний биед үзлэг хийсэн шинжээчийн 2018 оны 02 дугаар сарын 26-ны өдрийн 2923 дугаар “...Э.Зулзаяагийн биед баруун шилбэ, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний зовхины гадна булан хэсэг, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргил гэмтэл тогтоогдлоо.  Тухайн гэмтлүүд нь шинэ гэмтэл байна. Баруун гарын шуунд хуучин зулгаралтын сорвитой байна. Тухайн гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Э.Зулзаяагийн биед учирсан баруун шилбэ, хүзүү, зүүн хацар, зүүн нүдний зовхины гадна булан хэсэг, баруун бугалганд цус хуралт, цээжний хэнхэрцгийн зөөлөн эдийн няцрал, тархи доргил гэмтлүүднь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт зэрэг дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Хэдийгээр хохирогч Э.Зулзаяа нь “...намайг машинаас чирж буулгах гээд нилээд ноцолдсон, энэ үед машины дотор талын хаалганы дээр байрлах бариулыг мөргөж, миний нүд хөхөрсөн. Би их уурласан байсан учраас Г.Чинзоригийг намайг зодсон гэж худал мэдүүлсэн...” гэх боловч түүний анх хохирогчоор 2018 оны 3 сарын 12-ны өдөр өгсөн мэдүүлэг нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байх байх тул дээрх мэдүүлгийг үнэн зөв гэж үнэлэв.

Иймд шүүгдэгч Г.Ч-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Хохирогч Э.Зулзаяа нь “...Миний зүгээс ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй…” гэх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

Шүүх шүүгдэгч Г.Ч-д эрүүгийн хариуцлага буюу ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав.  Ингэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарлав.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдав. 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц овгийн Г.Ч-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Ч-д 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч Г.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

6. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Чинзоригт хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

 

 

 

 

               ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН