| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2402005050152 |
| Дугаар | 2025/ДШМ/1363 |
| Огноо | 2025-12-02 |
| Зүйл хэсэг | |
| Улсын яллагч |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 02 өдөр
Дугаар 2025/ДШМ/1363
2025 12 02 2025/ДШМ/1363
Б.М-, Х.Ч- нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Болортуяа даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
шүүгдэгч Б.М-, түүний өмгөөлөгч Г.Сүхээ,
шүүгдэгч Х.Ч-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан,
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2216 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Х.Ч-, түүний өмгөөлөгч Н.Намжилцогт, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг үндэслэн Б.М-, Х.Ч- нарт холбогдох эрүүгийн 2402005050152 дугаартай хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Х- овгийн Б-гийн М-, /РД: ..../, ...........,
Урьд, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх ялаар шийтгүүлж байсан.
Б- овгийн Х-гийн Ч- /РД: ......./, ..........,
Нийслэлийн прокурорын газраас: Х.Ч-, Б.М- нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч Б.М-, Х.Ч- нарыг бүлэглэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ч-т 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсэн. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаар шийтгэх тогтоолоор “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэсэн шийдвэрийг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулаад, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хорих ялуудыг нэмж нэгтгэн нийт 2 жил 06 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Х.Ч- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-гийн эрүүгийн 2206003640223 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 318 хоногийг, эрүүгийн 2402005050152 дугаартай хэрэгт цагдан хоригдсон 26 хоног, нийт цагдан хоригдсон 344 хоногийг эдлэх ялд оруулан тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Х.Ч- нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 31,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 15,500,000 төгрөгийг албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, “Rizine” гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Х.Ч- нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, мөн шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.М-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Х.Ч-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн өөрчлөн цагдан хорьж, тэдгээрийн эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Х.Ч- давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие өөрийн хийсэн хэрэгтээ үнэхээр гэмшиж маш их харамсаж байна. Мөн ар гэр болон өсгөж өдий зэрэгтээ хүн болгож өсгөн өгсөн эмээгээ хүнд байдалд оруулсан байна. Би 461 дүгээр хаалттай хорих ангид хоригдож байх хугацаандаа амьдралдаа хамгийн том буруу үйлдэл хийсэн гэдгээ бие сэтгэлээрээ ухаарч ойлгож маш их гэмшиж гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна. Мөн миний бие ажилд орохоор анкет бөглөсөн юм. Тус ажилд 20 хүн хамрагдсанаас 2 хүн шалгарч түүний нэг нь миний бие юм. Одоо ч тус ажилдаа орох бүрэн боломжтой билээ. Хойшид өсөн дэвших боломжтой юм. Х.Ч- би буурал эмээ дээрээ өссөн намайг өдий зэрэгт өсгөсөн буурай маань одоо эрүүл мэнд маш хүнд нөхцөл байдалд байгаа хэзээ ч хорвоогийн мөнх бусыг үзүүлж магадгүй байна. Би тэр үеэс нь өмнө хажууд нь байж асарч ачийг нь хариулах боломж олгож тусална уу. Шүүх бүрэлдэхүүн миний нөхцөл байдал, ар гэрийн байдлыг минь харгалзан үзэж хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгөхийг гуйж байна. Цаашид бие хуулиа дээдэлж амьдрах болно. Би нийгэмд гараад дахин хүний эрх зөрчихгүй өөрийн хөдөлмөрийн үр шимээр шударга амьдарна...” гэв.
Шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1-5 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял болон 1-5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулахаар тус тус заасан байна. Шүүхээс шүүгдэгч X.Ч- нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, мөрдөн байцаалтын шатанд болсон хэрэг явдлын талаар үнэн зөвөөр тогтвортой мэдүүлж, мөрдөн байцаалтын ажиллагаанд ямар нэгэн саад бэрхшээл учруулаагүй, өөрийн үйлдсэн хэрэгтээ чин санаанаасаа гэмшиж байгаа байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч ухаарч ойлгосон байдал, сэтгэцэд нөлөөт бодисыг дахин огт хэрэглэхгүй гэдгээ илэрхийлж байгаа байдал зэргийг нь харгалзаад түүнд зорчих эрх хязгаарлах ял оногдуулж Эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.3 дахь хэсэгт заасан согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэхийг хориглох хязгаарлалт тогтоож болох байсан. Гэтэл заавал нийгмээс тусгаарлаж хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдож байна. Анхан шатны шүүхээс шүүгдэгч Х.Ч-т оногдуулсан ял шийтгэл нь гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэгт түүний оролцсон оролцоо, биедээ хадгалж байсан бодисын хэмжээ, бусдад учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, гэм буруугийн хэлбэрт тохироогүй гэж үзэж байна. Шүүгдэгч Х.Ч- нь мансууруулах төрлийн бодисоос хамааралтай болчихсон түүнийг байнга хэрэглээд явдаг хүн биш болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд, шүүх сэтгэц эмгэг судлалын комиссын дүгнэлтээр нотлогдож байна. Шүүгдэгч Х.Ч- нь анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэг болон мөн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн эсвэл нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал.гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 5 жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасан байна. Тэрчлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэрэг үйлдсэн хүнд 1 жилээс 5 жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж болно гэж заажээ. Шүүгдэгчид ашигтай, хүмүүжлийн шинж чанартай, үр өгөөжтэй, эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн эрүүгийн хуулийн эдгээр заалтуудын бүх шаардлагыг шүүгдэгч Х.Ч- бүрэн хангасаар байтал шүүх эдгээр заалтуудыг хэрэглэлгүй заавал нийгмээс тусгаарлаж хорих байгууллагад хорих ялыг биечлэн эдлүүлэхээр шийдвэрлэсэнд гомдож байна. Монгол улсын эрүүгийн хариуцлагын гол зорилго нь гэмт хэрэг үйлдсэн иргэнээ нийгэмшүүлэхэд оршдог. НҮБ-ын 1971 оны “сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенц”-ийн 4 дэх хэсгийн С-д “Хор уршиг багатай гэмт хэрэг үйлдэгсдийг шийтгэж яллахын оронд хүмүүжүүлэх, ухааруулж ойлгуулах, эмчлэх, нөхөн сэргээх, нийгмийн амьдралд нь эргэн оруулахыг чухалчлах нь зүйтэй” гэж заасан байна. Монгол улс олон улсын энэ гэрээнд 1999 онд нэгдсэн орсон байна. Х.Ч- нь одоо 22 настай, амьдралд дөнгөж хөл тавьж байгаа залуу эмэгтэй байна. Ёс суртахуун, зан чанар, ертөнцийг үзэх үзэл нь дөнгөж төлөвшиж яваа насандаа шоронд хоригдвол сайн хүн болж төлөвшихгүй нь лавтай. Хууль тогтоогчид Эрүүгийн хуулийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заагдсан гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар, хор уршгийн хир хэмжээг бага гэж үзээд хөнгөн ангиллын гэмт хэрэгт хамруулжээ. Хөнгөн гэмт хэрэг анх удаагаа үйлдсэн хүнийг нийгмээс тусгаарлахгүй байх нь хорих ял оногдуулснаас илүү үр нөлөөтэй, хүмүүжлийн шинжтэй болох юм. Шүүх нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтад үндэслэж дүгнэлт хийж, учруулсан хохирол, хор уршиг, гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх ёстой. Гэтэл шүүхээс шүүгдэгч Х.Ч-ийг шүүгдэгч Б.М-тай бүлэглэж 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр 0,1995 грамм жинтэй мөс мэт зүйлийг Б.М-гийн эзэмшлийн .... УБТ улсын дугаартай “Лексус Эйч Эс 250” загварын тээврийн хэрэгсэлд худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар хадгалж байсан гэж дүгнэсэн нь бодит байдалд нийцэхгүй байна. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, эд зүйл хурааж авсан тэмдэглэлээр уг мөс гэх бодисыг машины гадна талаас хурааж авсан нь хавтаст хэрэгт нотлогдон үлдсэн байна. Шүүгдэгч нар нь мөс гэх зүйлийг биедээ хадгалж яваад цагдаагийн ажилтнуудад баригдах үедээ газар хаясан гэдгээ тогтвортой мэдүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 болон 5 дахь заалтуудыг буруу тайлбарлан хэрэглэж тээврийн хэрэгслийн үнэ болох 31,000,000 төгрөгийг шүүгдэгч Х.Ч- болон Б.М- нараас албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл нь гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, хохирлыг нөхөн төлөхөд зарцуулна” гэж заасан байна. Уг машин нь шүүгдэгч Б.М-ийн өмчлөлд байдаг. Хэрвээ машинд хадгалж байсан гэж үзсэн бол уг машиныг мөрдөн байцаалтын шатанд битүүмжлэх тухай мөрдөгчийн тогтоол гаргах байсан. Энэ эрх үүрэг нь мөрдөгч, прокурор нарт байсан. Прокурор, мөрдөгч нарын зүгээс яллагдагч нь уг бодисыг машинд хадгалсан үйлдэл байхгүй байна гэж дүгнэсний үндсэн дээр машиныг битүүмжлээгүй байдаг. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого нь бусдын өмчлөлд хууль ёсоор шилжсэн бол тухайн эд зүйлийг үнэлж гэмт хэрэг үйлдсэн хүнээс албадан гаргаж хохирлыг төлүүлнэ” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн энэ зүйл хэсэгт гагцхүү гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын тухай л дурдагдаж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт “ Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан бол гэмт хэрэгт тооцохгүй” гэж заасан байна. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсвэл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ноогдох орлогоос албадан гаргуулна” гэж энэ зүйл ангийн зорилгыг маш тодорхой бас ойлгомжтой зааж өгсөн байна. Гэмт хэрэг үйлдэх замаар авто машиныг олж авсан эсвэл худалдаж авах замаар машинтай болсон үйлдэл байхгүй байна. Монгол улсын мөнгөн тэмдэгтийг устгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол банканд тушаалгаж алдааг залруулах шаардлагатай гэж үзэж байна. Иймд шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж “зорчих эрх хязгаарлах ял” оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн шийдвэрлэж өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Б.М- тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие цагдан хоригдож байх хугацаанд маш их зүйлийг ойлгож ухаарсан, гэмшсэн. Цаашид дахин энэ төрлийн гэмт хэрэгт холбогдохгүй, муу хүмүүстэй нийлэхгүй, сурч боловсорч, эцэг, эхээ харж хандаж, тусалж хамт баймаар байна. Надад нэг удаа боломж олгож хорихоос өөр ял оногдуулж өгнө үү хэмээн чин сэтгэлээсээ хүсэж байна. ...” гэв.
Шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Г.Сүхээ давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний үйлчлүүлэгч үйлдсэн гэмт хэргийнхээ талаар анхнаасаа үнэн зөв тогтвортой мэдүүлсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа. Б.М-д Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, энэ хугацаанд “зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгох сургалтад хамрагдах” үүрэг хүлээлгэх ялаас 6 сарын хугацаа үлдсэн байсан боловч анхан шатны шүүхээс ялыг бүтнээр нь нэмж нэгтгэсэн. Мөн гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулж байгаа тул тээврийн хэрэгслийн асуудлыг шийдвэрлэж өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар заасан нь зөв эсэхэд дүгнэлт хийж өгнө үү. Иймд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч чин сэтгэлээсээ гэмшиж байгаа зэрэг хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэв.
Прокурор У.Анхжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Энэ гэмт хэрэг нь нийгмийн хор аюул өндөр байдаг. Шүүгдэгч Я.Ч-, Б.М- нарын хувьд эхлээд тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) буюу “өвс” хэрэглэж байсан бол сүүлдээ метамфетамин (Methamphetamine) буюу “мөс” олж авч, хадгалсан буюу хүндрэх нөхцөл байдалд хүрч байсан. Шүүгдэгч нарын хувийн байдал болон бусад нөхцөл байдлыг харгалзан үзэж улсын яллагчийн зүгээс хорих ялын санал гаргасан. Анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагаа, прокурорын шатанд ямар саад бэрхшээл учруулсан нөхцөл байдал мөн ямар хэмжээтэй бодис олж авч хэрэглэсэн зэрэг нөхцөл байдлуудыг дүгнэж хорих оногдуулсан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Хоёрдугаарт, анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчийн зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд зааснаар дүгнэлт гаргаагүй. Учир нь, бодисуудын хувьд овор хэмжээ бага буюу метамфетамин 0,1995 грамм, тетрагидроканнабинол 0,3 грамм байсан тул албадлагын арга хэмжээ хэрэглэх шаардлагагүй гэж үзэж дүгнэлт гаргаагүй. Шүүхээс албадлагын хэмжээ авч шийдвэрлэсэн. Үүнд давж заалдах шатны шүүхээс хууль зүйн дүгнэлт хийх байх гэж үзэж байна. Прокурорын зүгээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 зүйлийн 3 дахь хэсгийг журамлан тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, хадгалсан үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй гэж үзэж байна. Энэ хэрэгт бусдаас олж авсан буюу хэд хэдэн хүнээс дамжуулж олсон нөхцөл байдал байдаг. Үүнтэй холбоотойгоор н.У-т тусад нь хэрэг бүртгэлтийг хэрэг нээгээд миний бие өөрөө хяналт тавьж байна. Сүүлийн байдлаар н.У- цагдан хоригдож байгаа гэх нөхцөл байдал тогтоогдсон. Тэгэхээр зарсан үйлдэл нь олж авсан, хадгалсан үйлдэлтэй ямар нэгэн хамааралгүй, тусад нь шийдвэрлэх боломжтой гэж шүүхээс дүгнэсэн нь хууль зүйн үндэслэлтэй. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-, Х.Ч- нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж давж заалдах гомдлуудад дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч Б.М-, Х.Ч- нар нь урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдэж 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Суурь” ХХК-ийн орчимд Нэгдсэн Үндэстний Байгууллагын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын ІІ жагсаалтад багтсан дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) буюу “өвс” гэх нэршилтэй, 0,3 грамм цэвэр жинтэй, метамфетамин (Methamphetamine) буюу “мөс” гэх нэршилтэй, 0,1995 грамм цэвэр жинтэй сэтгэцэд нөлөөт бодисуудыг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар олж авсан, улмаар тус бодисуудыг Б.М-гийн эзэмшлийн .... УЕТ улсын дугаартай “Тоёота Лексус Эйч Эс-250” загварын тээврийн хэрэгсэлд хадгалсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:
“...М- хар тамхи хэрэглэсэн...” гэсэн 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдрийн гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 8/,
“...автомашины баруун урд хэсэг жолооч талын хаалганд хуйлсан 100 төгрөгийн дэвсгэрт...зорчигчийн хэсэг суудал дээр 50 төгрөгийн дэвсгэрт...автомашины урд талын зорчигчийн хэсэг, зүүн талын хаалганы хавтсанд цагаан өнгийн гялгар ууттай ургамал... зүүн талд автомашинаас 271см зайд газар ууттай цагаан өнгийн зүйл байсныг эд мөрийн баримтаар хураан авав...” гэсэн мэдээлэлтэй 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 24-32/,
гэрч Б.Т-ий “...2024 оны 07-р сарын 03-ны өдөр М- гэх охинтой уулзсан... М- нь “мөс” нэршилтэй мансууруулах бодис олоод өгөөч гэж надаас асуусан, би түүнд хандаж Б- гэх залуу 1-р хороололд байдаг тэр зардаг байх ярьж байсан...” гэх мэдүүлэг /1-р хх-92/,
гэрч О.Д-ий “... Б-, Ө- хоёр хүрч ирээд Б- надад хандаж дансаа ашиглуулаач гэхээр нь зөвшөөрсөн ба миний...Хаан банкны дансанд 400,000 төгрөг орж ирсэн ба Б- надад мөнгө өгөх ёстой хүн хийж байгаа юм гэж хэлээд өөрөө нэг данс хэлээд 350,000 төгрөгийг нь авсан...” гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 95-96/,
гэрч А.Е-ы “... Б- Д-д хандаж, дансаа ашиглуулаач гэх зэргээр яриа өрнөж байсан. Ямар шалтгаанаар Д-ий дансыг ашиглаж байгааг нь мэдээгүй...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 99/,
гэрч Н.Б-ын “...У- ахын фейсбүүк хаяг руу “мөс зарах уу” гэсэн чат бичтэл зарна гэсэн 400,000 төгрөгт багтааж мөс зараач мөнгийг нь дараа өгье гэхэд зөвшөөрсөн...400,000 төгрөгийн Д-ий дансаар авсан... М- бид 2 Өгөөжийн ойролцоох байршил дээрээс ууттай мөс гэх бодисыг авсан...Удалгүй мөнгийг нь У- ахын дансанд хийсэн...” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 105-106/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 4199 дугаар “... 1.Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “БГДЦХ-2 МБТ өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан бор шаргал өнгийн ургамал мэт зүйлээс дельта 9 тетрагидроканнабинол (delta 9 tethrahydrocannabinol) илэрсэн Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын 2 дугаар жагсаалтад багтдаг болно. 2.”БГДЦХ-2 МБТ өвс мэт нунтаг зүйл” гэж хаягласан бор шаргал өнгийн ургамал мэт зүйлийн гялгар ууттай жин 8,5 г, цэвэр жин 0,3 г байна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 126-128/,
Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 7 дугаар сарын 30-ны өдрийн 4125 дугаар “...1. Ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. “БГД МБТ” гэсэн хаягтай гялгар уутанд хийсэн цагаан өнгийн талстлаг зүйлээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцын хоёрдугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 133-135/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4202 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн “БГДЦХ-2 МБТ Г- Б- М- РД: УП04261602” гэсэн хаягтай шээснээс метамфетамин (Methamphetamine) илэрч байна. Илэрсэн бодис нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад багтдаг болно.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 140-142/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 4201 дугаар “...1. Шинжилгээнд ирүүлсэн “БГДЦХ-2 МБТ Ханхүү овогтой Ч- РД: .......” гэж хаягласан шээснээс метамфетамин (Methamphetamine) илэрсэн. Метамфетамин (Methamphetamine) нь НҮБ-ын 1971 оны “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенц”-ын 2 дугаар жагсаалтад хамаарна.” гэх дүгнэлт /1-р хх-ийн 146-148/зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл зарчмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Шүүгдэгч нарын үйлдэл нь хэдийгээр гэмт хэрэг үйлдэхээр урьдчилан үгсэж тохиролцоогүй боловч мансууруулах үйлчилгээтэй бодисыг хэрэглэх шаардлагаар бусдаас дамжуулан худалдан авсан, тодорхой цаг хугацаанд тээврийн хэрэгсэл болон биедээ хадгалсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах” гэмт хэргийн “...сэтгэцэд нөлөөт бодисыг... худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар... хадгалсан... олж авсан...” шинжийг хангах талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Мөн анхан шатны шүүхээс шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д 01 жил, 6 сарын хугацаагаар хорих ял, шүүгдэгч Х.Ч- 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн шийдвэр болсон байна.
Түүнчлэн, шүүгдэгч Б.М- нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдон, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авагдсан байжээ.
Гэтэл шүүгдэгч нь дээрх хугацаа дуусаагүй байхад буюу 2024 оны 07 дугаар сарын 04-ний өдөр дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5, 7.3 дугаар зүйлийн 5 дахь хэсгүүдэд тэнссэн болон үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах хугацаанд санаатай гэмт хэрэг дахин үйлдсэн тохиолдолд уг шүүхийн шийдвэрийг хүчингүй болгон ял оногдуулж, оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэхээр хоёрдмол утгагүйгээр хуульчилжээ.
Дээрх зохицуулалтын дагуу анхан шатны шүүх Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 1054 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-д 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулан нэмж нийт эдлэх хорих ялын хугацааг 2 жил 6 сараар тогтоосон нь хуульд нийцжээ.
Шүүгдэгч Х.Ч- “...хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү. ...”, шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч Н.Намжилцогт “...Гэмт хэрэг үйлдэх замаар авто машиныг олж авсан эсвэл худалдаж авах замаар машинтай болсон үйлдэл байхгүй байна. Монгол улсын мөнгөн тэмдэгтийг устгахаар шийдвэрлэсэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд Монгол банканд тушаалгаж алдааг залруулах шаардлагатай гэж үзэж байна. ...зорчих эрх хязгаарлах ял оногдуулж эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж шийдвэрлэж өгнө үү. ...”, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Г.Сүхээ “...Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 2 хэсгийг зааснаар оногдуулсан ялыг хөнгөрүүлж өгнө үү. ...” гэсэн давж заалдах гомдлуудыг тус тус гаргасан.
Гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдсон шүүгдэгчид ял оногдуулахдаа шүүх хуулиар тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл журам, зарчмуудыг удирдлага болгодог бөгөөд Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал” зэрэг нь ял оногдуулахад баримтлах үндсэн зарчмууд болно.
Шүүгдэгч Б.М-, Х.Ч- нарын хувьд мансууруулах бодис хэрэглэхээр идэвхтэй хайж, бусдаас худалдан авсан, 2 төрлийн бодис илэрсэн хэргийн нөхцөл байдал гэмт хэрэг үйлдэхэд оролцсон зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зорчих эрхийг хязгаарлах болон хорих ялуудаас хорих ялыг сонгон шүүгдэгч Б.М-д 1 жил 6 сарын хугацаагаар, шүүгдэгч Х.Ч-т 1 жилийн хугацаагаар оногдуулсныг өөрчлөх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.
Тодруулбал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд заасан болзол, шаардлагыг хангасан шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх зохицуулалт нь заавал хэрэглэхээр шүүхэд үүрэг хүлээлгэсэн шинжтэй хэм хэмжээ биш, харин шүүх эрх хэмжээнийхээ хүрээнд, дотоод итгэлдээ тулгуурлан хэрэглэхээр эрх олгосон хэм хэмжээ юм. Эрх олгосон хуулийн энэ зохицуулалтыг хэрэглээгүй нь шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлд хамаарахгүй болно.
Харин, анхан шатны шүүх “Lexus HS250” маркийн .... УБТ улсын дугаартай дугаартай тээврийн хэрэгслийн үнэ болох 31,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулахаар шийдвэрлэсэн нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болж чадаагүй байна.
Учир нь, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдлийг хэрэгжүүлэх явцдаа тээврийн болон тусгай зориулалтын хэрэгсэл, уналга зэргийг ашиглах нь гэмт хэргийн нийгмийн хор аюулыг нэмэгдүүлж учруулах хохирлыг ихэсгэх бодитой аюул заналыг бий болгож байдаг тул түүнийг таслан зогсоох, цаашид гэмт хэрэг үйлдэгдэхээс сэргийлэх зорилгоор тэдгээрийг хураан авч устгах, улсын орлого болгож, хохирол төлүүлэхэд зарцуулдаг.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалт нь гэмт үйлдлээ хэрэгжүүлэхэд ашигласан аливаа машин, механизм, зэвсэг, хэрэгслийг хурааж, улсын орлого болгох тухай ойлголт бөгөөд гэмт хэргийг туйлд нь хүргэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор ашигласан болон түүнгүйгээр гэмт үйлдлээ хэрэгжүүлэх боломжгүй байдлыг харгалзан үздэг онцлогтой.
Хэргийн үйл баримт, хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаас дүгнэхэд, шүүгдэгч нар нь тухайн сэтгэцэд нөлөөт бодисыг “Lexus HS250” маркийн .... УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд хадгалсан үйл баримт нь бодисыг “хаана” хадгалсан гэх шинжийг тодорхойлж байгаа болохоос анхнаасаа машин механизмыг гэмт хэрэг үйлдэх хэрэгсэл болгон ашигласан гэж үзэхгүй.
Өөрөөр хэлбэл, бодисыг олж авсны дараа тээврийн хэрэгсэлд тодорхой хугацаанд хадгалсныг учруулж болох хор уршгийн хэмжээг ихэсгэх, гэмт үйлдлээ хөнгөвчлөх зорилгоор, эсхүл тухайн тээврийн хэрэгслийг зөвхөн бодисыг хадгалах зориулалтаар ашигласан зэргээр гэмт хэрэг үйлдэхэд зориуд техник, хэрэгсэл ашигласантай адилтган үзэх нь Эрүүгийн хуулийг төсөөтэй хэрэглэхгүй байх хууль ёсны зарчмыг илтэд зөрчсөн явдал болно.
Иймээс дээрх үндэслэлээр, шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч Н.Намжилцогтын давж заалдах гомдлыг хэсэгчлэн хангаж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 31,000,000 төгрөгийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн, тус бүрээс 15,500,000 төгрөгийг албадан гаргуулж, улсын төсөвт шилжүүлэхээр заасан шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 7 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэв.
Харин Төв Банкны тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол банк мөнгөн тэмдэгт... устгах ажлыг эрхлэн зохион байгуулна.”, мөн зүйлийн 3 дахь хэсэгт “...Монгол банкны зөвшөөрөлгүйгээр мөнгөн тэмдэгт устгахыг хориглоно...” гэж тус тус хуульчилсан байх тул шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 8 дахь заалтын: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, “Rizine” гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, “Rizine” гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус даалгасугай…” гэх өөрчлөлтийг оруулж, тогтоолын бусад заалтыг хэвээр үлдээж, шүүгдэгч Х.Ч-, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “...Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно...” гэсний дагуу шүүгдэгч Х.Ч-, Б.М- нарын 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл нийт 70 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтуудыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 23-ны өдрийн 2025/ШЦТ/2216 дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн:
7 дахь заалтын хүчингүй болгож,
8 дахь заалтын “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, “Rizine” гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэрт зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт тус тус даалгасугай...” гэснийг “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар тооцсон Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсийн эд мөрийн баримт хадгалах өрөөнд хадгалж байгаа гэх “өвс” мэт зүйлийн цэвэр жин 0,3 грамм, “мөс” мэт зүйлийн цэвэр жин 0,1995 грамм бүхий тус тус жинтэй сэтгэцэд нөлөөт бодисууд, “Rizine” гэх бичиглэлтэй 10 ширхэг эм, 1 ширхэг хоосон эмийн капсул зэргийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг, Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газар, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт, 50, 100 төгрөгийн мөнгөн дэвсгэртийг Монгол банканд шилжүүлэхийг тус тус даалгасугай…” гэж өөрчилж, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Шүүгдэгч Х.Ч-ийн өмгөөлөгч Н.Намжилцогтын гомдлыг хэсэгчлэн хангаж, шүүгдэгч Х.Ч-, шүүгдэгч Б.М-гийн өмгөөлөгч Г.Сүхээ нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
3. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Ч-, Б.М- нарын цагдан хоригдсон 70 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцсугай.
4. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Н.БААСАНБАТ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА