| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0619/Э |
| Дугаар | 655 |
| Огноо | 2018-09-07 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Б.Энэрэл |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 07 өдөр
Дугаар 655
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
улсын яллагч Б.Энэрэл,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч Г.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Олхонууд овгийн Гомбожавын Батмөнхөд холбогдох эрүүгийн 1808027120790 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
О овгийн Г.Б, 1947 оны 5 дугаар сарын 4-ний өдөр Ховд аймгийн Мөст суманд төрсөн, 71 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, тэтгэвэрт/байнгын асаргаанд байх шаардлагатай/, ам бүл 1, Баянгол дүүргийн 2 дугаар хороо, 2 дугаар хороолол Энхтайвны өргөн чөлөө гудамж 7-2 байр 47 тоотод оршин суух хаягтай боловч Баянгол дүүргийн 1 дүгээр хороо 16 дугаар байрны 2 тоотод түр оршин суудаг гэх,
Ардын армийн шүүхээр 1972 оны 4 дүгээр сарын 5-ны өдөр Эрүүгийн хуулийн 200.a зүйл ангиар 1 жилийн хорих ял,
Төмөр замын шүүхийн 1976 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр 8 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн 110.a зүйл ангиар 3 жилийн хорих ял тус тус шийтгүүлж байсан, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гансүхээс барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хас банкны 103 тооцооны төв дээр тусгай зөвшөөрөл хөөцөлдөх зардал хэрэг болоод байна гэж 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан мэхэлж авсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг мэдүүлсэн. Одоо нэмж мэдүүлэх зүйлгүй. Хохирлын мөнгийг төлж барагдуулна…” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Б.Гансүх нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...Би Завхан аймгийн Улиастай суманд үүрэн операторын сүлжээ суурьлуулах дэд бүтэц барих чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг "Баялаг Cop" нэртэй ХХК-ийн захирал юм. Би 2018 оны 3 дугаар сарын дундуур компанийнхаа үйл ажиллагааг, бизнес ашиг орлогоо сайжруулах зорилгоор барилгын тусгай зөвшөөрөлтэй компани худалдаж авахаар интернэт зар дээрээс зар хайтал "үйл ажиллагааны чиглэлээр тогтвортой ажилласан, ажлын туршлагатай, тусгай зөвшөөрөл, холбогдох бичиг баримт бүгд бүрэн барилгын барилгын компани зарна" гэсэн зар байсан. ...Тэгээд 2018 оны 4 сарын 20-доор Завхан аймгаас Улаанбаатар хот руу өөрийн төрсөн дүү Болороотой хамт ирсэн. ...компани зарна гэсэн хүнтэй 4 замын барилгын хөгжлийн газарт уулзахаар болоод уулзсан. Тэр хүн өөрийгөө Б гэж танилцуулсан бөгөөд ахимаг насны ах байсан. Б ах уулзахдаа “компаниа зарахаа болилоо, уг нь зарах гэж байсан юм, одоо манай компани Хэнтий аймгийн Биндэр суманд сургуулийн өргөтгөл барих ажилтай болсон. Тэгээд ажил авсан болохоор ашгаа хармаар байна. Харин би чамд тус болоод чиний өөрийн чинь компаний нэр дээр барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгье, 1 сарын дотор гаргаад өгнөө” гэж хэлэхээр нь би ажлын хөлс хэд болох бол гэсэн чинь 6 сая төгрөг болноо, би танил талтай гэсэн. Тэгэхээр нь би ажлаа хөөцөлдөөд тусгай зөвшөөрөл гаргаад өг, тусгай зөвшөөрөл гаргасны дараа мөнгө төгрөгийг чинь өгье гэсэн чинь одоо би шууд наад тусгай зөвшөөрлийг чинь хөөцөлдөнө, тэгэхээр надад мөнгө хэрэг болно гэхээр нь би хичнээн төгрөг хэрэгтэй юм бол гэсэн чинь эхлээд 3 сая төгрөг өгчхөө, би үлдсэнийг нь тусгай зөвшөөрөл гарсны дараа авъя гэсэн. Тэгэхээр нь би тэр ахад бэлэн мөнгө өгөх шаардлага гарсан тул нотариат орох хэрэгтэй болоод 4 замаас Цамбагарав дээр ирээд нотариат орж Б гэж ахтай хамтран ажиллах гэрээ байгуулсан. Гэрээгээ баталгаажуулсны дараа Цамбагаравын хажуу талын экспресс банкнаас Б гэж хүний данс руу өөрийн төрсөн дүү Болорын данснаас 3 сая төгрөг шилжүүлсэн. ...Тэгээд би урагшаа ажил хөөцөлдөх гээд Хятад руу яваад 20 хоногийн дараа Улаанбаатар хотод ирсэн бөгөөд Б ах руу залгасан чинь “тусгай зөвшөөрөл гаргуулах гэсэн чинь Завхан аймгийн Барилга хот байгуулалтын газраас албан бичиг хэрэгтэй байна” гэхээр нь би Завхан аймгаас компанийн нэрээр тодорхойлолтыг таньдаг хүнээрээ авахуулаад наашаа авчруулаад Б ахад өгсөн. Б ах чиний өмнө өгсөн 3.000.000 төгрөг чинь ажил хөөцөлдөх зардалд хүрэхгүй байна. Нэмээд 2 сая төгрөг өгчих, тэгэх юм бол шууд хурлаар ороод жин тан боллоо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би нээрэн ч тийм юм болов уу гээд Теди төвийн урд талын Хас банкнаас өөрийнхөө данснаас 2 сая төгрөг аваад Б ахад өгсөн бөгөөд мөнгө өгсөн талаар баримт үйлдсэн. ...Тэрнээс хойш Батмөнх ах руу юу болж байна, тусгай зөвшөөрөл гарах болж байна уу гэсэн чинь одоо удахгүй бүтлээ, түр зуур хүлээж бай гээд өдөр хоног аргацаах болсон. Ингээд би Б-г намайг залилж мөнгө авсан юм байна гээд цагдаагийн байгууллагад өргөдөл өгсөн юм. ...Би нийт 5 сая төгрөгийг Б ахад өгсөн. Мөнгө өгсөн баримтаас харахад эхлээд 3 сая төгрөгийг 4 сарын 28-ны өдөр, дараа нь 2 сая төгрөгийг 5 сарын 18-ны өдөр өгсөн байна. ...Тухайн үед маш их үнэмшилтэй яриад чам шиг хийж бүтээе гэсэн залуучуудад би тусалмаар байна, би асуудалгүй тусгай зөвшөөрөл гаргуулаад өгнө гэхээр нь итгэчихсэн юм...” гэжээ /хх-18-21/.
Гэрч Н.Норовсүрэн мэдүүлэхдээ: “...Би Б бид хоёр олон жилийн өмнө салсан. Одоо ямар ч харилцаа холбоо байхгүй. Бид дундаасаа 4 хүүхэдтэй. Б-тэй 1980 онд танилцаж байсан бөгөөд тухайн үед Б дунд сургуульд биеийн тамирын багш хийж байсан юм. Б-н сул тал гэвэл худлаа яриад байдаг...” гэжээ /хх-22-23/.
Гэрч Б.Болор мэдүүлэхдээ: “...2018 оны 4 сарын дундуур би Улаанбаатар хот руу орж эмнэлэгт үзүүлэх гээд төрсөн ах Гансүхийн хамтаар ирсэн. Ах маань тухайн үед зарын дагуу компани худалдаж авна, нэг хүнтэй ярьчихсан байгаа гэж хэлж байсан. Тэгээд бид хоёр Улаанбаатар хотод ирсэн бөгөөд эмнэлэгт үзүүлсний дараа ахтай хамт 4 замын барилгын хөгжлийн тэнд ахимаг насны нэг ахтай Гансүх уулзсан. Тэгээд тэндээсээ Цамбагарав дээр хүрч ирээд нотариат орж хамтран ажиллах гэрээг манай ах тэр хүнтэй байгуулсан. Тэр хүн болохоор манай ахад "...тусгай зөвшөөрөл гаргаж өгнө..." урьдчилгаа 3 сая төгрөг өгөөрэй гэсэн. Тэгээд нотариатаас гарч ирээд хажуу талынх нь экспресс банкаар Гансүх өөрөө мөнгө шилжүүлэх гэсэн боловч ахын картад байсан мөнгө нь хүрэхгүй байхаар нь би өөрийнхөө 5495444424 Хаан банкны данснаас 3 сая төгрөгийг Б гэж хүний данс руу шилжүүлсэн. Би хэд хоногийн дараа Гансүх ахаас 3 сая төгрөгийг бэлнээр авчихсан болохоор миний хувьд хохирсон зүйл байхгүй. Тухайн үед ахын картад байсан мөнгө хүрэхгүй байна гэхээр нь өөрийнхөө данснаас мөнгө шилжүүлээд хэд хоногийн дараа ахаасаа буцаагаад авсан. Тэгээд компанийн тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн хүнтэйгээ уулзана гээд намайг дагуулаад Теди төвийн тийшээ явсан ба нөгөө ахтай уулзсан. Гэтэл тэр хүн "бичиг баримтаа хөөцөлдөж явж байна, дахиад нэмж 2 сая төгрөг хэрэг болоод байна, одоо мөнгө байвал би хурдхан тусгай зөвшөөрлөө гаргуулж авлаа гэсэн. Ингээд ах маань Теди төвийн урд талын Хас банкнаас 2 сая төгрөг аваад тэр хүнд бэлнээр хүлээлгэн өгсөн. Тэр хүн мөнгөө аваад явсан. Энэнээс хойш манай ах ...нөгөө тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэсэн хүн нэг л бишээ, худлаа юм шиг байна. Утсаа ч авахгүй юм гээд ярьж байсан...” гэжээ /хх-5/.
Г.Б нь мөрдөн шалгах ажиллагааны үед яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2018 оны 3 дугаар сарын үеэр Шуурхай зар бас 25 дугаар суваг телевизийн зарын албанд 5 жил үйл ажиллагаа явуулж байгаа 12 айлын орон сууц суурийг нь барих зөвшөөрөлтэй компаниа зарна гэж зар тавьсан байсан юм аа. Миний тавьсан зарын дагуу Гансүх гэж хүн холбогдсон. Тэгээд бид хоёр юу ч гэсэн уулзаж ярилцъя гээд 2018 оны 4 дүгээр сарын 20 доор санагдаж байна, 4 замд байдаг барилгын хөгжлийн төвийн гадаа уулзсан. Гансүх нэг эмэгтэйтэй хамт явж байсан. Тэгээд Гансүхтэй уулзаад зар дээр тавьсан би компаниа зарахаа болилоо, харин би өөрийн чинь компаний нэр дээр барилга барих тусгай зөвшөөрөл гаргаад өгье, тэр нь чамд дээр байх, чиний компаний цаашдын үйл ажиллагаанд хамаагүй дээр байхаа гэсэн чинь Гансүх тэгье тэгье гээд зөвшөөрсөн. Гансүх надад ажил хөөцөлдөхөд чинь мөнгө хэрэг болно гээд 3.000.000 төгрөгийг урьдчилгаа болгож ав гэсэн. Тэгээд барилгын хөгжлийн газрын тэндээс бид гурав унаанд суугаад Цамбагаравын нотариат орж хамтран ажиллах гэрээ байгуулж, миний Хаан банкны 5034546396 тоот дансруу 3 сая төгрөг шилжүүлсэн юм. Би Гансүхээс авсан 3 сая төгрөгийг барилгын тусгай зөвшөөрөл гаргуулах зорилгоор барилгын хөгжлийн төвд инженер, техникийн ажилчдын материалыг бүрдүүлэхэд мөнгөний шаардлага гарсан бөгөөд баримт материал бүрдүүлэхээр хүмүүст тараагаад дуусгасан. Би энэ хүмүүсийн нэрийг хэлмээргүй байна. Дараа нь 5 дугаар сарын 18-ны өдөр Гансүхтэй урт цагаан дээр уулзаад мөнгөний хэрэг гарчихлаа, чи урьдчилгаа мөнгөнийхөө 2.000.000 төгрөгийг өгчих гэсэн чинь Гансүх надад Теди төвийн урд талын Хас банкнаас аваад надад бэлнээр өгсөн. Гансүхээс авсан 2 сая төгрөгийг үрээд дуусгасан. ...би эдгээр хүмүүсийн нэрийг хэлмээргүй байна. Надад хэлэх шаардлага байхгүй. Би ойрын хугацаанд төлж барагдуулна. Би ямар ч байсан Гансүхийг хохиролгүй болгоно...” гэжээ /хх-31-32/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-50/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-46/, байнгын асаргаа шаардлагатай иргэний тодорхойлолт, 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан Хамтран ажиллах гэрээ /хх-15/, хохирогч Б.Гансүхээс шүүгдэгч Г.Батмөнхөд 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр 3.000.000 төгрөг шилжүүлсэн дансны хуулга /хх-11/, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр 2.000.000 төгрөг шилжүүлсэн Хас банкны зарлагын маягт /хх-13/, зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч Г.Б нь 2018 оны 4 дүгээр сарын 26-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Б.Гансүхээс барилгын тусгай зөвшөөрөл гаргаж өгнө гэж хэлээд 3.000.000 төгрөг, 2018 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хас банкны 103 тооцооны төв дээр тусгай зөвшөөрөл хөөцөлдөх зардал хэрэг болоод байна гэж 2.000.000 төгрөг, нийт 5.000.000 төгрөгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан мэхэлж авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн, хохирогч Б.Гансүхийн мэдүүлэг, гэрч нарын мэдүүлэг, шүүгдэгч Г.Батмөнхийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, төгрөг шилжүүлсэн баримт, хамтран ажиллах гэрээ зэрэг дээрх нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч Г.Б-г бусдын эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх, шүүгдэгч Г.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн болон Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж шийдвэрлэв.
Ингэхдээ хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан бодит хохирол болох 5.000.000 төгрөгийг шүүгдэгч Г.Батмөнхөөс гаргуулан хохирогч Б.Гансүхэд олгохоор шийдвэрлэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар уг хохирлыг 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгах нь зүйтэй байна.
Шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурьдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч О овгийн Г.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, хуурч, залилан мэхэлж авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Б-д хорих ял оногдуулахгүйгээр 2 (хоёр) жилийн хугацаагаар тэнсэж, түүнд хяналт тавихыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгасугай.
3. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Г.Б-с нийт 5.000.000 төгрөгийг гаргуулан хохирогч Б.Гансүх /РД: ИЦ80082916/-д олгох, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар 2 жилийн хугацаанд төлж барагдуулахыг даалгасугай.
4. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.
6. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН