| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Н.Батчимэг |
| Хэргийн индекс | 192/2025/04255/И |
| Дугаар | 192/ШШ2026/01385 |
| Огноо | 2026-01-30 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийдвэр
2026 оны 01 сарын 30 өдөр
Дугаар 192/ШШ2026/01385
| 2026 оны 01 сарын 30 өдөр | Дугаар 192/ШШ2026/01385 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Батчимэг даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Т ХК /************************** байрлах, РД ************/-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ***************************** оршин суух, эмэгтэй, Ц /РД ************/,
Хариуцагч: ****************************** оршин суух, эрэгтэй, Т /РД ***********/,
Хариуцагч: ************************************* оршин суух, эмэгтэй, А /РД ***************/ нарт холбогдох,
Зээлийн гэрээг цуцалж, гэрээний үүрэгт болон бусад зардалд 143,288,574.45 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцааны хөрөнгөөс хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А /РД УМ89102740/,
Хариуцагч, хариуцагч А, Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц,
Хариуцагчийн өмгөөлөгч Б /ҮД ****/,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н нар оролцов.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Шүүх нэхэмжлэгч Т ХК-ийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй гэж дүгнэв.
2.Нэхэмжлэгч Т ХК нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: зээлдэгч Ц болон хамтран зээлдэгч Т, А нартай 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ***************** тоот зээлийн гэрээг байгуулж, 140,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлсэн. Зээлдэгч нар нь 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх гэрээний үүргээ зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 122,224,004.53 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 20,875,110.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 156,959.90 төгрөг, нийт 143,256,074.45 төгрөг болж хуримтлагдсан. Зээлдэгч нар нь зээл, зээлийн хүүг төлөх үүргээ биелүүлээгүйн улмаас зээлдэгчтэй удаа дараа уулзаж, зээлийн төлбөрийг төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд шүүхэд хандах талаар хугацаатай мэдэгдлүүдийг өгсөн боловч гэрээний үүргээ биелүүлээгүй тул зээлдэгч нараас нотариатын зардал 32,500 төгрөг буюу нийт 143,288,574.45 төгрөгийг гаргуулах, зээлийн төлбөрөө төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Ц гийн өмчлөлийн **************************** байршилтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************, ************* дугаарт бүртгэлтэй, 99 м.кв талбайтай, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан дуудлага худалдаагаар худалдаж, үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт зааж өгнө үү гэж тодорхойлжээ.
3.Хариуцагч, хариуцагч А, Т нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ: Төрийн банктай зээлийн гэрээ байгуулж, 140,000,000 төгрөгийн зээл авсан нь үнэн. Энэ мөнгөөр хүү Х т зээлийн барьцаанд байгаа байрыг авч өгсөн. 2024 оны 7 сараас нөхөр бид хоёр өвдсөн учир бизнес доголдож, зээлийг төлөх боломжгүй болсон. Банкны нэхэмжилж байгаа 143,256,074.45 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Харин нотариатын зардлын 32,500 төгрөгийг зөвшөөрөхгүй. Энэ нь зайлшгүй гарах зардал биш. Барьцааны байраар үүргийн гүйцэтгэлийг хангахыг мөн зөвшөөрнө. ...зээлийг төлөх хугацаа хэрэгтэй байна гэхэд банк зөвшөөрөхгүй байгаа учраас бидний зүгээс эвлэрч чадсангүй гэж тайлбарласан.
4.Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаар дараах нөхцөл байдал тогтоогдож байна.
4.1.Хэрэгт авагдсан 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн МИ910034346502452429 тоот орон сууцны зээлийн гэрээ, зээл эргэн төлөх хуваарь, зээлийн бүтээгдэхүүний мэдээллийн хүснэгт, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдрийн ******************** тоот барьцааны гэрээ гэх баримтуудаар зээлдүүлэгч Т ХК нь 140,000,000 төгрөгийг жилийн 21.6 хувийн хүүтэй, 72 сарын хугацаатай зээлдэгч нарт шилжүүлэх, зээлдэгч Ц, Т, А нар нь зээлийг өөрийн болон гэр бүлээрээ амьдрах зорилгоор орон сууц худалдан авах зориулалтаар ашиглах, зээлийн төлбөрийг хүүгийн хамт 2023 оны 3 дугаар сарын 20-ны өдрөөс 2029 оны 02 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл сар бүрийн 20-ны өдөр 3,483,288.45 төгрөгийг буцаан төлөхөөр тохиролцон, зээлийн барьцаанд хариуцагч Ц гийн өмчлөлийн ************************************** байршилтай, 99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-*************, ************** дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг барьцаалж, барьцааны гэрээг улсын бүртгэлд бүртгүүлжээ.
4.2.Дээрх зээлийн болон барьцааны гэрээ нь тус тус Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2 156 дугаар зүйлийн 156.1, 156.2-т заасан хүчин төгөлдөр гэрээнүүд байна.
4.3.Дээрхээс талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 451.2-т заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээний харилцаа үүссэн, гэрээ хүчин төгөлдөр байна. Тодруулбал Иргэний хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-д зааснаар хэлцлийг хуульд заасан хэлбэрээр байгуулах ба мөн хуулийн 451 дүгээр зүйлийн 451.2 дахь хэсэгт заасны дагуу банкнаас олгох зээлийн гэрээг бичгээр байгуулах бөгөөд гэрээнд хүсэл зоригоо илэрхийлэгч этгээд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно.
4.4.Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ, зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заажээ.
4.5.Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээ нь урт хугацааны гэрээ тул энэ төрлийн гэрээг цуцлахад Иргэний хуулийн 221 дүгээр зүйлийн 221.1, 221.3-т заасан зохицуулалт хамаарна. Гэрээний үүргийг зөрчсөн нь гэрээг цуцлах үндэслэл болж байвал Иргэний хуулийн 219 дүгээр зүйлийн 219.3, 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцалж болно. Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т зааснаар үүрэг гүйцэтгүүлэгч нэмэлт хугацаа тогтоож өгөөгүй боловч үүрэг гүйцэтгэхийг үүрэг гүйцэтгэгчид урьдчилан сануулсан бол нэмэлт хугацаа тогтоосонтой адилтган үздэг.
4.6.Нэхэмжлэгч нь зээлдэгч нарт гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэх талаар мэдэгдлийг 2024 оны 5 дугаар сарын 01, 7 дугаар сарын 30, 8 дугаар сарын 28, 12 дугаар сарын 27-ны өдрүүдэд хүргүүлэн мэдэгдэж, урьдчилан сануулсан нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон байх тул тэрээр Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.2-т заасан зөрчлийг арилгах буюу урьдчилан сануулах хугацаанд гэрээг цуцлах эрхтэй байна. Нөгөө талаар зээлийн гэрээний хугацаа 2029 оны 02 дугаар сарын 20-ны өдөр дуусах ба шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх хүртэл хугацаанд зээлдэгч нар үүргийн зөрчлийг арилгаагүй тул талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээг нэхэмжлэгч талын санаачилгаар цуцалсан нь үндэслэлтэй байна.
5.Хариуцагч нар нь талуудын хооронд 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ***************** тоот орон сууцны зээлийн гэрээ, 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр ******************* тоот барьцааны гэрээ байгуулагдсан, зээлийн гэрээний дагуу 140,000,000 төгрөгийг хүлээн авсан, 2024 оны 7 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн зээл, зээлийн хүүг гэрээний хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж, 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар үндсэн зээлийн төлбөр 122,224,004.53 төгрөг, үндсэн хүүгийн төлбөрт 20,875,110.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 156,959.90 төгрөг, нийт 143,256,074.45 төгрөгийн үлдэгдэлтэй, уг төлбөрийг төлөх, төлөөгүй тохиолдолд барьцааны гэрээгээр барьцаалсан хариуцагч Цгийн өмчлөлийн үл хөдлөх хөрөнгөөс хангуулах талаарх нэхэмжлэлийн шаардлагад маргаагүй, харин нотариатын зардалд нэхэмжилсэн 32,500 төгрөгийг зайлшгүй гарах зардал биш гэж маргажээ.
5.1.Дээрхээс нэхэмжлэгчээс нотариатын зардалд нэхэмжилсэн 32,500 төгрөгийг төлөх эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.
5.2.Хэрэгт нэхэмжлэгчээс Төрийн банкны 2025 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн 32,500 төгрөгийг нотариатын зардал утгаар Ц, Х гэх хүлээн авагчид шилжүүлсэн, Х, Ц гэх хуулийн бичиг баримт гэрчилгээ олгох үйлчилгээ ...зэрэг нотариатын үйлчилгээ гэх баримтууд авагдсан байх ба нэхэмжлэгч нь дээрх баримтыг үндэслэн хариуцагч нараас нотариатын зардалд 32,500 төгрөгийг нэхэмжилжээ.
5.3.Нэхэмжлэлийн дээрх шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25, 38 дугаар зүйлд заасан нэхэмжлэлийн шаардлагаа нотлохтой холбоотой гарсан зардал байх ба Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1-д зааснаар хохиролд тооцох үндэслэлгүй байна.
6.Иймд зээлийн гэрээг цуцалж, зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 122,224,004.53 төгрөг, үндсэн хүү 20,875,110.02 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 156,959.90 төгрөг, нийт 143,256,074.45 төгрөгийг хариуцагч Ц, А, Т нараас гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлээс нотариатын зардал 32,500 төгрөг гаргуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
7.Хариуцагч Ц, А, Т нар нь зээлийн төлбөрийг төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д зааснаар хариуцагч Ц гийн өмчлөлд бүртгэлтэй ****************************** байршилтай, 99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-************, *************дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.
8.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Т ХК-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц, А, Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 944,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь хуульд нийцнэ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 453 дугаар зүйлийн 453.1, 227 дугаар зүйлийн 227.1-т заасныг баримтлан хариуцагч Ц, А, Т нараас зээлийн гэрээний үүрэгт 143,256,074.45 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Т ХК-д олгож, нэхэмжлэлээс 32,500 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хуулийн 175 дугаар зүйлийн 175.1-д заасныг баримтлан хариуцагч Ц, А, Т нар нь үүргээ биелүүлээгүй тохиолдолд хариуцагч Ц гийн өмчлөлд бүртгэлтэй Б********************************* байршилтай, 99 м.кв талбайтай, эрхийн улсын бүртгэлийн Ү-***********, ************дугаарт бүртгэлтэй, 3 өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх хөрөнгийг албадан худалдаж, худалдсан үнээс үүргийн гүйцэтгэлийг хангуулахыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 944,593 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ц, А, Т нараас улсын тэмдэгтийн хураамжид 944,430 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ТХК-д олгосугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасныг баримтлан зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.БАТЧИМЭГ