| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Төмөрбаатарын Эрдэнэтунгалаг |
| Хэргийн индекс | 103/2026/00001/И |
| Дугаар | 103/ШШ2026/00277 |
| Огноо | 2026-03-04 |
| Маргааны төрөл | Зохиогчийн эрхийн тухай хуулиар, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2026 оны 03 сарын 04 өдөр
Дугаар 103/ШШ2026/00277
| 2026 оны 03 сарын 04 өдөр | Дугаар 103/ШШ2026/00277 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Эрдэнэтунгалаг даргалж шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 23 дугаар хороо, Мандала гарден, **** дугаар байрны ** тоотод оршин суух, ******* овогт *******гийн *******ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, */* дүгээр байрны ** тоотод оршин суух, ******* овогт Эрдэнэчулууны Пагамдулам,
Нэхэмжлэлийн шаардлага: Зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу олох байсан орлого 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2025 оны 12 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Г.*******,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч: Б.*******,
Хариуцагч: Э.Пагамдулам,
Хариуцагчийн өмгөөлөгч: Д.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Долгоржав нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.Пагамдуламд холбогдуулан зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу олох байсан орлого 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Миний бие Бүгд Найрамдах Солонгос улсад 10 гаруй жил ажиллаж амьдрахдаа лаа, саван гэх мэт гоо сайхны бүтээгдэхүүн хийж, урлаж сурсан бөгөөд тухайн чиглэлээр багш мэргэжлийн үнэмлэх сертификат авч энэ чиглэлээрээ , үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг болно. Мөн 10 гаруй жил ажиллаж, сурсан зүйлээ гэх 3 нь боть ном болгон 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хэвлүүлж, Монголын анхлан суралцагч нарт гарын авлага болгон хэвлүүлсэн. Энэхүү 3 боть номыг 2020 оны 12 дугаар сарын 23-ны өдөр оюуны өмчөөр баталгаажуулан зохиогчийн эрхийн гэрчилгээ авч баталгаажуулсан. Л.******* миний бие энэхүү 3 боть номоор дамжуулан 2021 оноос эхлэн Монгол улсад саван, лаа урлах чиглэлээр танхимын болон худалдааны үйл ажиллагаа явуулж байна. Гэтэл иргэн Э.Пагамдулам гэгч нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт зохиогчийн эрхийн бүтээл, хамаарах эрхийн объектыг зохиогч, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, гэрээ байгуулахгүйгээр ашиглах гэдгийг зөрчиж зохиогчийн эрхийг эзэмшигч Л.******* надад мэдэгдэлгүй, зөвшөөрөл авалгүй 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс өнөөдрийг хүртэл 2 жилийн хугацаанд ******* 2 гэх фэйсбүүк хаалттай, төлбөртэй групп нээж цахим явуулж байна. Өөрөөр хэлбэл Зохиогчийн эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.1 дэх хэсэгт энэ хуульд заасны дагуу бүтээлээс эшлэл авахдаа ашиглагч нь эшлэх зорилгоос хэтрүүлэхгүй, тухайн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй гэж заасныг зөрчиж, патент эзэмшигч, зохиогч Л.******* миний бичсэн номны 2 дугаар дэвтрээс бүхэлд нь ашиглаж 20-21, 27, 35, 38, 40, 43 дугаар хуудасны бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдийн орц, найрлага хэмжээг шууд хуулбарлан ашиглаж ******* 2 гэх хаалттай, 30,000 төгрөгийн төлбөр төлснөөр гишүүнээр элсэх боломжтой, 1700 гаруй гишүүн бүхий группэд явуулж байгаа нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт энэ хуулийн 13.2-т заасан 13.2.1. хуулбарлах, 13.2.2. нийтэд түгээх, 13.2.3. нийтэд дамжуулах, 13.2.5. нийтэд дэлгэж үзүүлэх, 13.2.7. үүсмэл бүтээл болгон өөрчлөх онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчсөн.
Иймд иргэн Э.Пагамдуламын энэхүү хууль бус үйлдлийн улмаас Л.******* миний патентаар хамгаалагдсан зохиогчийн эрх зөрчигдсөнийг тогтоож, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 57 дугаар зүйл 57.2 дахь хэсэгт бүтээл ашиглах онцгой эрхийг зөрчсөнөөс учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх асуудлыг Иргэний хуулийн дагуу шийдвэрлэнэ гэж зааснаар Л.******* миний алдагдсан боломж буюу олох байсан орлого 2023 оны 11 дүгээр сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл хугацаанд ******* 2 гэх фэйсбүүк цахим сүлжээнд элссэн 1700 хүний төлсөн төлбөрийн дундаж дүн болох 30,000 төгрөгөөр тооцон 51,000,000 төгрөгийг Э.Пагамдуламаас гаргуулж өгнө үү гэжээ.
2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.******* шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Л.******* нь БНСУ-д 10 жил гаруй хугацаанд амьдрахдаа лаа, саван, гоо сайхны бүтээгдэхүүн хийж, урлаж сурсан, энэ чиглэлээрээ багшлах мэргэжлийн үнэмлэх сертификат авч, , үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулдаг. ******* Монголд ирээд 1, 2, 3 гэх 3 боть номыг 2020 оны 11 дүгээр сарын 4-ний өдөр хэвлүүлсэн, энэ 3 боть номоороо оюуны өмчийг баталгаажуулан зохиогчийн эрхийн 12290 гэсэн дугаартай гэрчилгээг 2020 оны 11 сарын 4-ний өдөр авсан. ******* нь 3 боть номоороо 2021 оноос эхлэн Монгол улсад саван, лаа урлах чиглэлээр танхимын болон худалдааны үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл иргэн Пагмадулам нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 56 дугаар зүйл 56.1.1-д заасан Зохиогчийн эрхийн бүтээлд хамаарах эрхийн объектыг зохиох, зохиогчийн эрх болон хамаарах эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр гэрээ байгуулалгүйгээр ашиглах гэсэн заалтыг зөрчсөн. Л.*******од мэдэгдэлгүйгээр 2023 оны 11 сарын 06-ны өдрөөс ******* гэх фэйсбүүк хаалттай, төлбөртэй групп нээж цахим явуулж байгаа. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 44 дүгээр зүйл 44.1-д заасны дагуу бүтээлээс эшлэл авахдаа ашиглагч нь зорилгоос хэтрүүлэхгүй, тухайн бүтээлийн зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхгүй байх үүрэгтэй гэсэн заалтыг зөрчсөн гэж үзсэн. Мөн *******ын бичсэн 2 2 дугаар боть номын 20-21, 27, 35, 38, 40, 43 дугаар хуудсаар нь бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн түүхий эдийн орц найрлага, хэмжээг шууд хуулбарласан, шууд хуулбарлан ашиглаж ******* гэх хаалттай групп дээрээ пост болгон оруулсан. Энэ группэд 30,000 төгрөгийн төлбөр төлснөөр гишүүнээр элсэх боломжтой, хаалттай группэд 1700 гаруй гишүүдтэй байсан, одоогийн байдлаар 1800 гаруй гишүүдтэй болсон. Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, 13.2.1-д заасан хуулбарлах, нийтэд түгээх, нийтэд дамжуулах, 13.5-т нийтэд дэлгэж үзүүлэх, 13.2.7-д үүсмэл бүтээл болгон өөрчлөх онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд Пагамдулам нь хууль бус үйлдэл, *******ын патентаар хамгаалагдсан зохиогчийн эрхийг зөрчигдсөнийг тогтоож, зохиогчийн эрхэд учирсан эд хөрөнгийн хохирол болон эдийн бус гэм хорыг нөхөн төлүүлэх, мөн алдагдсан боломж буюу олох ёстой байсан орлого 2023 оны 11 сараас 2025 оны 10 дугаар сар хүртэл ******* 2 фэйсбүүк цахим сүлжээнд элссэн 1700 гишүүний төлсөн 30,000 төгрөгөөр тооцвол 51,000,000 төгрөгийг Пагамдуламаас гаргуулах нэхэмжлэл гаргасан. Хариуцагч ашиглахдаа тухайн оюуны бүтээлийг эзэмшигчээс нь зөвшөөрөл аваад, зөвшөөрлийнхөө хүрээнд тодорхой хэмжээнд бүтээлийн зарим хэсгийг дурдах, гаргах эрх үүргийг эдлэх болохоос биш зөвхөн өөрт ашиг олох зорилгоор ашиглах эрхгүй байсан, гэтэл хариуцагч өөрөө ашиг олох зорилгоор ашигласан учраас шаардаж байгаа. Мөн 1300 хүн төлбөр төлсөн гээд 1300 хүнийхээ төлбөр төлсөн хуулгыг шүүгээд баримтаар гаргаж өгсөн байдаг, энэ баримт 1 дүгээр хавтаст хэргийн 72 дугаар хуудсанд байгаа, энэ баримтаар 14,166,800 төгрөгийг ******* 2 буюу ахисан шатны суралцагч нар төлсөн байна гэдэг нь өөрийнх нь гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Тэгэхээр гишүүд 30,000 төгрөгийн төлбөр төлөөгүй юм бол энэ хэмжээгээрээ төлсөн нь бодитой юм байна гэж үзэж байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж, 14,166,800 төгрөгийн шаардлагыг хангаж өгнө үү гэв.
3.Хариуцагч Э.Пагамдулам шүүхэд хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэлд болохоор 2 номоос бүхэлд нь ашиглаж орлого олсон гэсэн байдлыг би үгүйсгэсэн, мөн группийн 1700 гишүүнээс 30,000 төгрөгийн төлбөр авсан гэж тооцоод 51,000,000 төгрөг олох ёстой байсан гэж нэхэмжилснийг бас үгүйсгэж байгаа. Миний хувьд 2023 оны 11 сараас ******* 2 буюу ахисан шатын ангийг вок, хатуу шампунь, гоо сайхны савангуудыг заах зорилготой нээсэн, үүнээс өмнө 2023 оны 6 сард энэ номоос ямар ч хамааралгүйгээр өөрийн саван ын онлайн ангийг явуулдаг байсан. *******гийн онлайн ангид орсон хүмүүс маань ахисан шатад орох боломжтой байдаг, өөрийн сурталчилгаа маркетинг гээд миний 4 жилийн хүч хөдөлмөр байгаа. Нэхэмжлэгчийн хувьд 2 номыг бүхэлд нь ашиглаж, явуулсан гэдгийг би 100 хувь үгүйсгэж байна, миний ******* 2 группэд бүхэлд нь ашигласан юм бол байхгүй, үндсэн 3 хичээл дээр л ашигласан, бусад 24 хичээл миний яг өөрийн хичээлүүд байгаа. Тийм учраас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна, төлбөрийн хувьд группийн 1700 гишүүнийг 30,000 төгрөгөөр тооцож нэхэмжилсэн байсан. Миний хувьд төлбөрийг 8,000-15,000 төгрөгийн хооронд буюу 50 хувь, 60 хувь, 80 хувиар хямдруулж төлбөр авч байсан, ерөнхийдөө анхан шатанд орсон хүмүүс л ахисан шатны ангид орох боломжтой байдаг учраас төлбөрийг дандаа 30,000 төгрөгөөр авч байгаагүй. Тийм учраас 51,000,000 төгрөгийг 100 хувь зөвшөөрөхгүй байна, группэд байгаа 1700 гишүүнийг 1700 гишүүнээр нь тооцож 51,000,000 төгрөг нэхэмжилсэн байсан, гэтэл энэ групп маань 1700 гишүүнээс дурын гишүүний зөвшөөрөлтэйгөөр элсэх боломжтой групп байсныг би өөрөө саяхан мэдсэн, 1300 гишүүн төлбөр төлсөн, 300 гаруй гишүүн огт төлбөр төлөөгүй байсан учраас 1700 гишүүн гэдэгт тоог бас зөвшөөрөхгүй байна. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн хэлж байгаагаар бол 30,000 төгрөгөөс 50 хувиар хямдраад 15,000 төгрөгөөр ороорой гэсэн зарын дагуу орсон гэж байдаг, энэ бол миний анхан шатны ангийн сурталчилгааг тавьсан байсан, би түрүүн хэлсэн, анхан шатын ангид орсон хүн ахисан шатны ангид орох боломжтой. Тэгтэл 15,000 төгрөгийн төлбөр төлөөд орсон итгэмжлэгдсэн төлөөлөгч нь манай анхан шатны ангид байдаггүй учраас би өөрөөс нь чатаар анхан шатны ангид ороогүй бол ахисан шатны энэ ангид орох боломжгүй гэсэн чинь манай эхнэр сурдаг юм аа, манай эхнэр саван хийдэг, ахисан шатад ормоор байгаа юм гэж хэлээд орсон, надад чат нь байгаа. Тэгэхлээр энэ сурталчилгаа бол миний анхан шатны ангийн 50 хувийн хямдралын сурталчилгаа байсан, энэ ахисан шаттай ямар ч хамааралгүй гэдгийг хэлмээр байна гэв.
4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, зохиогчийн эрхийн гэрчилгээний хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, депозит дансны дэлгэрэнгүй хуулбар, итгэмжлэл, -2 ном, плаш зэргийг, хариуцагчаас хариу тайлбар, ******* 2 группийн гишүүдийн нэрсийн жагсаалт, харилцсан мессенжерээс хуулбарласан зургууд, депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэргийг нотлох баримтаар гаргаж өгсөн.
5.Шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн 2 ном, iphone x загварын гар утас, улаан хар өнгийн флаш, хариуцагчийн өмгөөлөгчийн ******* 2 групп болон бусад цахим уудаа явуулдаг Facebook цахим сүлжээний "Pagmaa Erdenechuluun" гэх хаягт болон мессенжерт үзлэг хийсэн болно.
Шүүх хэрэгт авагдсан, хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтуудыг уншиж судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Л.******* нь хариуцагч Э.Пагамдуламд холбогдуулан зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болохыг тогтоолгох, алдагдсан боломж буюу олох байсан орлого 51,000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг гаргасан ба шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нэхэмжлэлийн шаардлагаа 36,833,200 төгрөгөөр багасгаж, 14,166,800 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
1.Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ: Э.Пагамдулам нь патентаар хамгаалагдсан зохиогчийн эрхийг зөрчсөн тул алдагдсан боломж буюу, олох байсан орлогыг 51,000,000 төгрөг нэхэмжилсэн ба нэхэмжлэлийн шаардлагаас багасгаж хариуцагчийн дансны хуулгын дүн болох 14,166,800 төгрөгийг гаргуулна гэж тодорхойлсон бол хариуцагч Э.Пагамдулам Цахим 2 группэд явуулахдаа 2 номноос ашигласан нь үнэн, гэхдээ 51,000,000 төгрөгийн ашиг олоогүй гэж маргаж байна.
2.Шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэх явцад дараах үйл баримтууд тогтоогдож байна.
2.1.Нэхэмжлэгчийн -2 /ном/ нэртэй, шинжлэх ухаан, утга зохиолын бичмэл буюу аман төрөлд хамаарах бүтээл.., төрлийн номыг 2020 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр нийтийн хүртээл болгосон. Монгол Улсын Оюуны өмчийн газрын даргын 2020 оны 12 дугаар сарын 23-ний өдрийн А/218 дугаар тушаалаар дээрх бүтээлийг бүртгэж 12290 дугаартай зохиогчийн эрхийн гэрчилгээ олгосон байна. /хх-ийн 5 дугаар тал/
2.2.Талууд -2 нэртэй номыг нэхэмжлэгч зохиож, зохиогчийн эрхийн гэрчилгээ авсан, хариуцагч уг номыг нийтэд түгээж цахим андаа ашиг олох зорилгоор ашигласан талаар маргаагүй хэдий ч номыг бүхэлд нь ашиглаагүй, багахан хэсгийг ашигласан гэж тайлбарлаж байгаа нь хариуцагчийг зохиогчийн эрхийг зөрчсөн буруутай үйлдлээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
2.3.Зохиогчийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт Агуулга, зориулалт, үнэ цэнэ, ач холбогдол, илэрхийллийн аргаасаа үл хамааран зохиогчийн оюуны бүтээлч үйл ажиллагааны үр дүнд бий болсон шинжлэх ухаан, утга зохиол, урлагийн бүтээлийг зохиогчийн эрхийн бүтээлд тооцно, 4 дүгээр зүйлийн 4.1.1 дэх заалтад зохиогч гэж өөрийн оюуны бүтээлч үйл ажиллагаагаар шинжлэх ухаан, утга зохиол,урлагийн бүтээл туурвисан хүнийг хэлнэ, 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт зохиогч бүтээлийнхээ хувьд амины эрх болон эд хөрөнгийн онцгой эрх эдэлнэ гэж тус тус заажээ.
2.4.Хариуцагч Э.Пагамдулам нь Зохиогчийн эрхийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3 дахь хэсэгт Энэ хуулийн 13.2-т заасан онцгой эрхийг зохиогч, зохиогчийн эрх эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр бусад этгээд хэрэгжүүлэхийг хориглоно гэж заасныг зөрчиж нэхэмжлэгчийн зохиогчийн эрх хамгаалагдсан -2 номын 20, 21, 27, 35, 38, 40, 43 дугаар хуудасны зургийг ******* 2 групп буюу фэйсбүүк цахим сүлжээнд эх хувиар нь ашиглаж, нийтэлж зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болох нь тогтоогдож байна. /хх-ийн 38-39 дүгээр хуудас/
2.5.Оюуны өмчийн эрх зүйн хэрэг маргааны тухайд хохирлын хэмжээг тогтооход нотолгооны үүргийн онцлог зарчим үйлчлэх боломжтой.
Өөрөөр хэлбэл, оюуны өмчийн эрхийг хууль бусаар ашиглах буюу эрх зөрчсөнөөс учирсан хохирлыг нөхөн төлүүлэхдээ эрх эзэмшигчийн олох ёстой байсан ашгийн хэмжээг тооцох, эрх зөрчсөн этгээдийн олсон ашгийн хэмжээгээр тооцох эсхүл лицензийн төлбөртэй дүйцэхүйц дүнгээр хохирлын хэмжээг тооцох гэх мэт ялгаатай аргачлалууд үйлчлэх боломжтой бөгөөд нэхэмжлэгч эрх зөрчсөн этгээдийн олсон ашгийн хэмжээгээр тооцох аргаар нэхэмжлэлийн шаардлагаа багасгаж нэхэмжилснийг буруутгах боломжгүй юм.
Шүүх хуралдааны явцад талууд эвлэрэн хэлэлцэх санал гаргасан ба нэхэмжлэгч талаас 10,000,000 төгрөгт эвлэрэх санал тавьсан боловч хариуцагч 5,000,000 төгрөгт эвлэрэх боломжтой түүнээс илүү мөнгө төлөх боломжгүй гэх үндэслэлээр эвлэрэн хэлэлцэхээс татгалзсан.
2.6.Хариуцагч Э.Пагамдулам нь -2 номыг хуулбарлан фэйсбүүк цахим сүлжээний Цахим 2 нэртэй, 1812 гишүүнтэй, хаалттай группэд нийтэлсэн, группэд гишүүн элсүүлэх төлбөр 8,000-15,000 төгрөг байх бөгөөд уг группэд элссэн гишүүдээс нийт 14,166,800 төгрөгийн орлого олсон гэх хариуцагчийн тайлбар нь хариуцагчийн депозит дансны хуулга, Э.Пагамдуламын группийн гишүүдтэй харилцсан мессенжер, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
2.7.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн бол хохирлыг бүрэн төлөх ёстой гэж тайлбарладаг бол хариуцагчийн өмгөөлөгч Пагамдулам уг номноос 3 хуудас буюу номны 9 хувийг ашигласан учир хувилж хохирлыг төлнө гэж, хариуцагч Э.Пагамдулам нь цахим сүлжээнд өөрийн нэрээр зар сурталчилгаа явуулж, ын группэдээ 28 бичлэг байршуулж нийт 14,166,800 төгрөгийн ашиг олсон гэж тус тус тайлбарлаж байгаа зэргээс дүгнэхэд хариуцагч нь нандин урлаг 2 номноос 28 ын 3 ыг бэлтгэж цахим хичээлдээ ашигласан, бусад 25 хичээлийг уг номноос ашиглаагүй, 28 аар 14,166,800 төгрөгийн ашиг олсон нь үзлэг хийсэн тэмдэглэл, бусад баримтаар тогтоогдож байх тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах боломжгүй гэж үзэн хариуцагчаар нэхэмжлэлийн шаардлагын 50 хувийг төлүүлэх нь шударга ёсны зарчимд нийцнэ гэж дүгнэв.
Иймд хариуцагч Э.Пагамдуламыг зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болохыг тогтоож, Э.Пагамдуламаас 7,083,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******од олгож, үлдэх 7,083,400 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7,083,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 128,284 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, Зохиогчийн эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч ******* овогт Эрдэнэчулууны Пагамдуламыг зохиогчийн онцгой эрхийг зөрчсөн болохыг тогтоож, нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа 36,833,200 төгрөгөөр багасгаж, 14,166,800 төгрөг нэхэмжилснээс 7,083,400 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч ******* овогт *******гийн *******од олгож, үлдэх 7,083,400 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 483,150 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Пагамдуламаас 7,083,400 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 128,284 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Л.*******од олгосугай.
4.Нэхэмжлэгчийн шүүхэд нотлох баримтаар ирүүлсэн урлаг 2 ном, улаан хар өнгийн флаш зэргийг шийдвэр хүчин төгөлдөр болмогц нэхэмжлэгчид буцаан олгосугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигчид шийдвэр хүчинтэй болсон өдрөөс хойш 14 хоног өнгөрсний дараа 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд хуулийн хугацаанд шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.ЭРДЭНЭТУНГАЛАГ