| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2009022820032 |
| Дугаар | 2025/ДШМ/73 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/73
2025 11 10 2025/ДШМ/73
Б.Б холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам,
Хохирогч А.Ш.,
Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/663 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Д.Зуунайгийн эсэргүүцэлд үндэслэн яллагдагч Б.Б.д холбогдох 2009022820032 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Яллагдагчийн биеийн байцаалт:
1.Монгол Улсын ...
урьд ....
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
Яллагдагч Б.Б. нь 2020 оны 03 дугаар сараас 06 дугаар сарын хооронд Сүхбаатар дүүргийн 6 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Б.Э.с 40 ширхэг Асус /Asus/ брэндийн компьютерыг дагалдах хэрэгслүүдийн хамт түрээсийн гэрээгээр халхавчлан хуурч, авснаар 58,849,627 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,
2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр “Дорноговь Сайншанд үл хөдлөх хөрөнгө зарна авна түрээслүүлнэ” гэсэн фейсбүүк цахим зарын группэд зам дагуу газар зарна” гэсэн зар тавьж хохирогч Г.О.тэй холбогдож түүнд газар эзэмшүүлж өгөхөөр тохиролцож улмаар Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай захирамж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №04401-2024/00222 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ”-г тус тус хуурамчаар үйлдэж хохирогч Г.О.с нийт 18,300,000 төгрөгийг авсан буюу бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж
залилан, хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан,“оноо цуглуулж байгаа” гэж итгүүлэн хохирогч Г.М.той цахим хэрэгсэл буюу инстаграм хаягаар холбогдож, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан түүний бичиг баримтыг ашиглан, түүний зөвшөөрөлгүйгээр “Сэндли” гэх зээлийн аппликейшнаас 4,949,084.94 төгрөгийн зээл авч залилсан,
өөрийн найз Ө.С.д манай эгч Дорноговь аймгийн Сайншанд сумын Газрын албаны даргаар ажилладаг би чамд газар зарна гэж итгүүлэн Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн А/102 дугаартай газар эзэмшүүлэх захирамжийг хуурамчаар үйлдэж түүнээс нийт 33,460,000 төгрөгийг бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж залилсан, хуурамч баримт бичиг үйлдсэн, ашигласан,
2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Хятад улсаас том тээврийн хэрэгслийн дугуй оруулж ирж нефтийн үйлдвэрийн Энэтхэг хүмүүст зарж ашиг олно гэж итгүүлэн Б.Г.с 5,000,000 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сард юань урагшаа шилжүүлнэ гэж “Emongolia” нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан “Сэндли гялс кредит ББСБ”-аас 5,050,000 төгрөгийн зээл авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 10,050,000 төгрөгийн хохирол учруулж залилсан,
2024 оны 06 дугаар сарын 14-ний өдөр А.Ш.д Дорноговь аймгийн Сайншанд сумын 6 дугаар баг Хайрхан-10-ын 1047 хаягт байх 700 м2 газрыг 4,000,000 төгрөгөөр худалдан борлуулсны дараа тухайн газрын зориулалтыг өмчлөлийн газар болгож өгнө гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж 6,500,000 төгрөгийг шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламаас яллагдагч Б.Б.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тус аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн яллагдагч Б.Б.д холбогдох эрүүгийн 2009022820032 дугаартай хэргийг прокурорт буцааж,
Хэргийг прокурорт очтол яллагдагч Б.Б.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан авсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт буцаасан шийдвэрийг прокурор, яллагдагч, хохирогч, түүний өмгөөлөгч эс зөвшөөрвөл уг шийдвэрийг хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих, гомдол гаргах эрхтэйг дурдаж шийдвэрлэжээ.
5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Б.Б.д холбогдох эрүүгийн 20090228232 дугаартай хэрэгт 2025 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 30 дугаартай эсэргүүцэл бичсэн. Нэгдүгээрт эрүүгийн 2519002520174 дугаартай хэргийг 20090228232 дугаартай хэрэгт нэгтгэсэн прокурорын тогтоол байхгүй байна гэсэн энэ зүйл заалт дээр улсын яллагчаар оролцсон Д.Зуунай шүүх хуралдаан эхлэхээс өмнө тухайн тогтоолыг хэрэгт шүүх хуралдааны явцад гаргаж өгсөн учраас тухайн зөрчил арилсан байна. Өөрөөр хэлбэл яллагдагч Б. нь хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн, тухайн үйлдсэн гэмт хэргүүдийг нэгтгэж мөрдөн шалгах ажиллагаа явуулж нэг удаа шүүхээр гэм буруутай эсэх асуудлыг шийдвэрлүүлэх нь тухайн шүүгдэгчийн хувьд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн байдлаар шийдвэр гаргах зорилгоор хэргүүд нэгтгэгдсэн байгаа. Харин хэрэгт нэгтгэсэн тогтоолыг хийгээгүй орхигдуулсан нь шүүх хуралдаан эхлэхээс өмнө гаргаж өгсөн байдлаар зөрчил арилсан гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичсэн байгаа. Гэвч хавтаст хэрэгт эрүүгийн 2519002520174 дугаартай нэгтгэсэн тогтоол яг өнөөдөр томилолтоор орсон прокурорын хувьд үзэхэд байгаагүй, яагаад байгаагүй талаар хяналтын прокурор Д.Зуунайгаас тодруулж асуухад шүүх хуралдаан болох өдөр би нэгтгэсэн тогтоол гээд тогтоолоо канондоод орсон. Канондоод орохдоо байхгүй гэсэн тогтоолыг нь канондоогүй орхигдуулчихсан байсан учраас шүүхэд нөгөө тогтоолуудаа гаргахад шүүгч үзээд энэ тогтоолууд хэрэгт байгаа боловч гол нь тэр байхгүй тогтоол чинь энэ хэрэгт ч мөн байхгүй байна гэдэг асуудал яригдсан байсан. Гэвч энэ тогтоол нэгтгэсэн тогтоолыг үндэслэж хяналтын прокурор Цэрэндулам эрүүгийн хэрэг үүсгэж яллагчаар татсан тогтоолд өөрчлөлт оруулсан байгаа. ...Б.д холбогдох 6 хэргийн 5-н хэрэгт нэгтгэсэн тогтоол байсан. Нэгтгэсэн тогтоолуудыг түүгээд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолдоо өөрчлөлт оруулсан шийдвэр гарсан байгаа. Тэгэхээр нэгтгэсэн тогтоолын дараа эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан тогтоолд өөрчлөлт орсон. ...Тогтоолыг хэдийгээр анхан шатын шүүх дээр хэлэлцэгдээгүй ч гэсэн энэ тогтоол нь байгаа. Хоёрдугаар үндэслэл нь шүүгчийн захирамжид О.тэй холбоотой асуудлыг шийдвэрлээгүй, шалгаагүй байна гэдэг үндэслэлийг захирамжид тусгагдсан байсан. О.н үйл баримт энэ хэрэгт авагдсан хамтран оролцсон асуудал байна уу гэдгийг шалгасан. ... Ганцхан О.ны дансны хуулгыг үзэхээс гадна түүний хамаарал бүхий О.А. гээд хүүхдийнх нь дансыг хүртэл шүүж үзэхэд гэмт хэрэг үйлдэгдэх үеийн байдлаар О.ы 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн байдлаар О.ны дансанд газар худалдах, худалдан авахтай холбоотой эсхүл сэжиг бүхий гүйлгээ орсон нөхцөл байдал байдаггүй нөхцөл байдал тогтоогддог. Өөрөөр хэлбэл О.ыг шалгасан, шалгахад хамтран оролцсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдоогүй. Ийм учраас энэ О.ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22 дугаар бүлэгт заасан бусдад давуу байдал бий болгосон нөхцөл байдал мөн залилах гэмт хэрэг хамтран оролцсон үйл баримт байхгүй байгаа учраас шалгагдсан нөхцөл байдлыг дахиж шалгах шаардлагагүй тул шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийх шаардлагагүй байна гэж үзэж байгаа. Гуравдугаарт 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 23 дугаартай Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолоор Б.Б.д оногдуулсан 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял биелэгдсэн юм уу, биелэгдээгүй юм уу гэдэг асуудал яригдаад байгаа. Гэтэл энэ 09 дүгээр сарын 17-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг дээр хэлэлцэгдэх асуудалд Дорноговь аймгийн сум дундын анхан шатын шүүхээр оногдуулсан 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах эсэх асуудал нь урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд яригдах асуудал биш. ...Тэгэхээр яллагдагчийг шүүхэд шилжүүлсний ар дээр гэм буруугийн асуудал шилжих, шүүх хуралдаан дээр ялын тооцоог прокурор өнөөдрийн байдлаар Б.н хувьд ийм үлдэгдэл ялтай эсхүл энэ ялыг эдэлчихсэн байна гэдэг тооцоогоо бариад орох боломжтой гэж харж байгаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33 дугаар зүйлд заасан шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт заасан нөхцөл байдалд гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхгүй гээд мөн хуулийн 33.1 дүгээр зүйлийн 11 дэх хэсэгт тодорхойлж заасан. Тэгэхээр энэ 720 цагийн нийтэд тустай ажил хийх ял биелэгдсэн эсэх асуудлыг яллагдагчийг шүүхэд шилжүүлсний дараа гэм буруугийн шүүх хуралдааны хэлэлцүүлэг дээр прокурор ялын тооцоо гаргаад оруулж ирэх боломжтой. Гэхдээ Б.н хувьд 720 цагийн нийтэд тустай ажил хийх ялыг эдлээгүй байгаа. Яагаад гэхээр Б энэ шийтгэх тогтоол гарсны ар дээр шүүхийн гүйцэтгэх хуудас хүргүүлэх, мөрдөн шалгах ажиллагааны явцад удаа дараа оргон зайлсан нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан Цагдаагийн ерөнхий газрын эрэн сурвалжлах АСАП санд удаа дараа зарлагдсан ийм нөхцөл байдлаас үүдээд ял биелэгдээгүй асуудал байгаа. Ийм учраас Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 сарын 17-ны өдрийн 30 дугаартай прокурорын эсэргүүцлээр анхан шатны шүүхийн хэргийг прокурорт буцаах тухай 663 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай орж байна.”гэв.
6.Хохирогч А.Ш. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Байхгүй.” гэв.
7.Яллагдагчийн өмгөөлөгч Ж.Жаргалсайхан шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын эсэргүүцлийг холбогдуулаад дараах тайлбарыг хэлье. Хамгийн гол нь анхан шатны шүүхийн шүүгчийн 663 дугаар шүүгчийн захирамж үндэслэлгүй гэсэн нөхцөл байдлыг дараах 3 үндэслэлээр тодорхойлж байна. Шүүгчийн захирамжид нотолбол зохих байдлууд бүрэн нотлогдоогүй гэсэн үндэслэлийг маш тодорхой дурдсан. Үүнтэй холбогдуулаад зохих ажиллагаанууд нэлээдгүй байсныг өмгөөлөгчийн зүгээс тодруулж хэлмээр байна. Тухайлбал анхан шатны шүүхээр шийтгэгдсэн Б.д холбогдох 720 цагийн нийтийн тустай ажил хийлгэх ялын талаар хийсэн тооцооны хуудас огт байдаггүй. Үүнийг бас анхаарч үзэх нь зүйтэй. Нөгөө талаар анхан шатын шүүхийн шийтгэх тогтоолоор оногдуулсан үйлдэл холбогдол нь болохоор Б.н анх үйлдсэн үйлдэл дараачийн үйлдэл хоёрын дундуур хийгдсэн байх боломжтой цаг хугацааны нөхцөл байдал харагддаг. Тиймээс нэмж нэгтгэх үндэслэл бүхий нөхцөл гарч ирж байна гэдгийг өмгөөлөгчийн зүгээс тодруулсан байгаа. Өөрөөр хэлбэл цаг хугацааны хувьд 2 үйлдлийн дундах хэсэгт нь байгаа учраас шийтгэх тогтоол нэгэнт хүчин төгөлдөр үйлчлээгүй учраас тогтоолыг хүчингүй болгоод нэмж нэгтгэх боломжтой үндэслэлийг анхаараач гэдгийг хэлмээр байна. Бусад үйлдэл холбогдлууд нэмж нэгтгэсэн тогтоолууд хэрэгт байдаг. Эрх зүйн байдлыг дордуулахгүй, хууль зүйн шаардлагаар тогтоолуудыг хавсаргасан гэж байна. Тогтоолууд хэрэгт хавсаргагдаагүй байдлыг онцолж хэлмээр байна. Ийм учраас энэ үндэслэлээр анхан шатын шүүгчийн захирамж хууль зүйн үндэслэлтэй, хэргийг буцааж шалгах нь зүйтэй гэсэн асуудлыг дэмжиж оролцож байгаа.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Зуунайгийн эсэргүүцэлд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд “Хэргийг прокурорт буцаах тухай” шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд яллагдагчид холбогдох зарим хэргийг прокурорын тогтоолоор нэгтгээгүй, яллагдагч нь урьд шүүхээр шийтгүүлж, ял эдэлж байхдаа дахин гэмт хэрэг үйлдсэн нь хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял нэмж нэгтгэх нөхцөл байдал бий болсон боловч энэ талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргасан ялын тооцоо, тодорхойлолт байхгүй” гэх үндэслэлүүд нь прокурорт буцааж шийдвэрлэх шаардлагатай гэж мөн давж заалдах шатны шүүх үзсэн ба харин зарим үндэслэлүүдийг нэмж шалгах шаардлагагүй гэж үзсэн.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар яллагдагч Б.Б.г 6 удаагийн үйлдлээр хохирогч Б.Э., Г.О., Г.М., Ө.С., Г.Г., А.Ш. нарыг тус тус хуурч, залилсан, ингэхдээ хуурамч баримт бичиг үйлдсэн гэмт хэрэгт холбогдуулан Дорноговь аймгийн Прокурорын газрын прокурор Ц.Цэрэндуламаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
3.Анхан шатны шүүх хэргийг урьдчилсан хэлэлцүүлгээр хянан хэлэлцээд хэргийг прокурорт буцааж, хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан, энэхүү шийдвэрт шүүх хуралдаанд оролцсон прокурор Д.Зуунайгаас эс зөвшөөрч “ ... анхан шатны шүүхээс хэргийг буцаасан үндэслэлүүд нь шүүхийн шатанд нөхөн гүйцэтгэх боломжтой ажиллагаанууд” гэх агуулга бүхий үндэслэлээр эсэргүүцэл гаргасан.
4.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт мөрдөн байцаалт хийлгэхээр буцаасан шүүгчийн захирамжийн үндэслэлүүд мөрдөн байцаалт, прокурорын шатанд хийлгэх зайлшгүй хийх шаардлагатай ажиллагаанууд байна гэж үзсэн.
4.1.Тодруулбал, Яллагдагч Б.Б. нь 2023 оны 10 дугаар сарын 23-ны өдөр хятад улсаас том тээврийн хэрэгслийн дугуй оруулж ирж нефтийн үйлдвэрийн Энэтхэг хүмүүс зарж ашиг олно гэж итгүүлэн Б.Г.с 5,000,000 төгрөгийг, 2024 оны 04 дүгээр сард юань урагшаа шилжүүлнэ гэж “Emongolia” нэвтрэх нэр, нууц үгийг ашиглан “Сэндли гялс кредит ББСБ”-аас 5,050,000 төгрөгийн зээл авч урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, цахим хэрэгсэл ашиглаж, бусдыг хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж нийт 10,050,000 төгрөгийн хохирол учруулж залилсан гэх үйлдэлд прокурор Д.Зуунай 2025 оны 06 дугаар сарын 06-ны өдрийн 2519002520174 дугаартай прокурорын тогтоолоор эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан, мөрдөгчөөс уг хэргийг нэгтгэх тухай санал /3хх 96/-ыг прокурорт гаргасан боловч прокуророос нэгтгэлгүй орхигдуулсан, прокурорын эсэргүүцэлд “ ... хэргийг нэгтгэсэн тогтоол гарсан боловч хэрэгт хавсаргаагүй байсныгаа урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанд гаргаж өгсөн” гэсэн боловч энэ тухай прокурорын тогтоол хэрэгт авагдаагүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.2 дугаар зүйлийн 1, 2, 7 дугаар зүйлүүдэд тус тус зааснаар “...нэг яллагдагч хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн бол үйлдэл тус бүрд нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, мөрдөн байцаалт явуулж хэргийг нэгтгэх тухай үндэслэл бүхий шийдвэр гаргах”-ыг прокурорт үүрэг болгосон байна.
Хэрэгт 2519002520174 хэргээс бусад хэргүүдийг прокуророос нэгтгэсэн ба яллагдагч Б.Б. холбогдох хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай 14 дугаартай прокурорын тогтоол /3хх 214-219/-д хохирогч Г.Г.г залилсан гэмт үйлдлийг оруулсны үндсэн дээр прокурор яллах дүгнэлт үйлдсэн нь харагдах боловч энэ нь прокуророос хэргийг нэгтгэх тухай тогтоолоо гаргаагүйг зөвтгөх боломжгүй юм.
4.2.Яллагдагч Б.Б. Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний 2025/ШЦТ/23 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн байх ба түүний энэ тогтоолоор оногдуулсан ял хэрэгжсэн эсэх талаарх Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас гаргасан тооцоо баримт хэрэгт авагдаагүй, яллагдагч Б.Б. уг ялыг эдэлж дуусаагүй байх нөхцөл байдал тогтоогдвол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг шинээр үйлдсэн гэмт хэрэгт оногдуулах ялд нэмж нэгтгэх буюу хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл шаардлага бий болно, энэ нөхцөлийг мөрдөгч, прокуророос хангаж шүүхэд ирүүлнэ.
Иймд эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхээс буцаасан эдгээр шаардлагууд нь мөрдөн байцаалт, прокурорын хяналтын шатанд хийгдэх боломжтой ажиллагаанууд тул анхан шатны шүүхийн шүүгчийн “Хэргийг прокурорт буцаах тухай” захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
5.Харин шүүгчээс гаргасан хэрэгт гэрч Ц.О. холбогдолтой эсэхийг шалгаагүй, яллагдагчийн банкны дансны гүйлгээгээр Ц.О.тай холбоотой зарцуулалтыг шалгаагүй нь яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй гэсэн үндэслэлүүдийг хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан нь үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Учир нь: Яллагдагч Б.Б.нь хохирогч Г.О.г цахим сүлжээнд “зам дагуу газар зарна” гэсэн хуурамч зар тавьж, өөрийн найз Ө.С.д “газар зарна” гэж тус тус залилж мөнгө авахдаа “ ... манай эгч Дорноговь аймгийн газрын албаны даргаар ажилладаг гэж ээжийнхээ төрсөн дүү болох Дорноговь аймгийн газрын албаны дарга О.ны нэрийг барьж хуурахдаа Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын газар эзэмшүүлэх тухай захирамж, газар эзэмшүүлэх гэрээ зэргийг хуурамчаар үйлдэж бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, урьдын найзын харилцааны итгэлийг урвуулан ашиглах зэргээр хуурсан үйлдэлд шүүгч Дорноговь аймгийн Газрын албаны дарга Ц.О. үйлдэл холбогдол байгааг шалгаагүй гэсэн үндэслэлгүй болсон гэж үзсэн.
Хэрэгт Ц.О.г гэрчээр асуусан тэмдэглэл /2хх-226-227/-д “...Б. манай ээжийн төрсөн дүү О.н бага хүү нь, надтай үеэл гэсэн, би МУ-ын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлд заасан эрхтэй танилцлаа, надад асууж тодруулах зүйл байхгүй, би мэдүүлэг өгнө гэж хэлээд ... 2024 оны 07 дугаар сарын 16-ны орчимд манай ажил дээр үеэл дүү Б.Б.н асуудлаар Г.О., Д.А. нар ирж уулзсан. ...сумын засаг даргын захирамж барьж ирээд ийм газрыг танай дүүгээс авсан, 18 сая төгрөг өгсөн гэж хэлсэн, тэгэхээр нь юун газар, мөнгө вэ, би энэ асуудлыг мэдэхгүй гээд үеэл дүү Б.Б.г дуудаж “чи яагаад хууль бус хуурамч захирамж гаргаад хүн залилаад яваад байгаа юм бэ, энэ чинь ганц хүн залилах биш шүү сумын Засаг дарга болон миний нэр хүндийн асуудал яригдаж байна шүү дээ, наад асуудлаа чи өөрөө зохицуул, хүний нэр төрд битгий бүдүүлгээр халдаад бай, бичиг баримт хуурамчаар үйлдэж байгаа чинь болохгүй асуудал, чи шийдэж чадахгүй бол би Цагдаагийн байгууллагад мэдэгдье гэхэд Б.би өөрөө асуудлаа шийдэж хохиролгүй болгоно, мөнгийг нь өгнө гэсэн, тэгэхэд тэр 2 хүн газар ч үгүй, мөнгө ч үгүй боллоо, мөнгөө л авмаар байна гэж хэлж байсан ... надад Б.Б.с газар эзэмшүүлэх захирамж гаргаж өгөхөөр амлаж мөнгө авсан асуудал байхгүй ... миний ярьсан зүйл үнэн зөв” гэж мэдүүлсэн.
Төрийн банк болон Хаан банк ХК-иудаас Ц.О.түүний гэр бүлийн хамаарал бүхий хүмүүс болох Б, .А., А., .Э нарын банкны харилцах дансны хуулга /2хх 176-183, 189-203/-уудыг авч шалгасан, эдгээр хүмүүсийн банкны хуулгуудад яллагдагч Б.Б.тай холбоотой гүйлгээ хийгдсэн гэдэг нь нотлогдоогүй.
5.1.Яллагдагч Б.Б.нь Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №04401-2024/00222 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” гэсэн баримтуудыг өөрөө компьютерт дуурайлгаж хийсэн болохоо сэжигтнээр өгсөн мэдүүлэг /2хх 155/-т мэдүүлсэн.
Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргаар ажиллаж байсан .Т. гэрчээр асуусан тэмдэглэлд “ ... би Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамжаар иргэн .А.газар эзэмшүүлэх тухай захирамж гаргаагүй ... Дорноговь аймгийн Газрын албаны дарга Ц.О., иргэн Б.Б. нараас газар эзэмшүүлэх захирамж гаргуулах талаар надтай ярьж байгаагүй” гэж /2хх 224/мэдүүлдэг.
Дорноговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024-12-23-ны 07 дугаартай шинжээчийн дүгнэлтээр яллагдагч Б.Б. гэмт хэрэгт ашигласан Дорноговь аймгийн Сайншанд сумын Засаг даргын 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн А/102 дугаартай “Газар эзэмшүүлэх тухай” захирамж, 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн №04401-2024/00222 дугаартай “Иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ” гэсэн баримт нь бүхэлдээ өнгөт хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэгдсэн, хуулбар баримт байна, ... гэрээ гэсэн баримт нь гарын үсэг, тамга тэмдэг зэрэг баримт бичгийн бүрдэл хэсгүүд байхгүй, энгийн хэрэглээний лазер хортой хэвлэх төхөөрөмжөөр хэвлэсэн байна” гэж тодорхойлогдсон.
Яллагдагч Б.Б. үйлдсэн газар зарна гэж бусдыг залилсан гэмт хэргийг яллагдагч Б.Б.уг үйлдлүүдийг ганцаараа үйлдсэнээ сэжигтэн болон яллагдагчаар өгсөн мэдүүлгүүдэд хүлээн зөвшөөрдөг, гэрч Ц.О.энэ хэрэгт хамааралтай гэх сэжиг бүхий нөхцөл байдал тогтоогдоогүй, дээрх баримтуудаар түүнийг шалгасан байна гэж давж заалдах шатны шүүхээс үзсэн, шүүгч яллагдагчийн бусдаас залилж авсан мөнгийг хэрхэн зарцуулсан талаарх зарцуулалтыг гэрч Ц.О.ны үйлдэлтэй хамааруулж гаргасан тул энэ ажиллагааг дахин хийх шаардлагагүй юм.
5.2.Шүүгч мөн хэрэгт Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй гэж үзсэн нь үндэслэлгүй.
Хэрэгт яллагдагч Б.Б. үйлдсэн гэх 6 удаагийн үйлдэл холбогдол бүрт мөрдөн байцаалтын ажиллагаа явуулж, прокуророос эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолуудыг гаргасан байх тул шүүгчийн энэ шаардлага нь үндэслэлгүй байна.
6 удаагийн үйлдлийг яллагдагч Б..дангаараа үйлдсэн нь хохирогч нар болон яллагдагчийн мэдүүлгүүдэд тодорхой ба бусадтай хамтарч үйлдсэн гэх сэжиг бүхий нөхцөл байдал хэрэгт авагдаагүй байх тул бусдаас залилж авсан мөнгийг хэрхэн яаж зарцуулсныг шалгах шаардлагагүй, яллагдагч хууль бус орлогыг хэрхэн яаж зарцуулсан нь хэргийн зүйлчлэлд нөлөөлөхгүй, анхан шатны шүүхийн шүүгч яллагдагч 6 удаагийн үйлдлийн нотлогдвол зохих байдал тогтоогдоогүй гэсэн боловч энэ тухай үндэслэлийг тодорхойлоогүй.
6.Эдгээр үндэслэлүүдээр прокуророос гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож хэргийг прокурорт буцааж хийлгэх дээрх ажиллагаанууд байгаа учраас шүүгчийн захирамжийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Энэ тухай шийдвэр нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан давж заалдах шатны шүүхээс гарах шийдвэрт нийцнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 2025/ШЗ/663 дугаартай шүүгчийн захирамжийн хэвээр үлдээж, прокурорын эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БОЛОРМАА
ШҮҮГЧИД Д.МӨНХБҮРЭН
А.САЙНТӨГС