| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Боролзойн Халиун |
| Хэргийн индекс | 186/2018/0620/Э |
| Дугаар | 657 |
| Огноо | 2018-09-10 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ш.Хосбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 10 өдөр
Дугаар 657
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал,
улсын яллагч Ш.Хосбаяр,
шүүгдэгч У.У,
түүний өмгөөлөгч А.Баатардорж,
хохирогч Х.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хатагин овгийн Ухнаагийн Уранчимэгт холбогдох эрүүгийн 1811020590704 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Х овогт У.У, 1992 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Дорнод аймагт төрсөн, эмэгтэй, 26 настай, бүрэн дунд боловсролтой, үсчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, нөхөр 2 хүүхдийн хамт Дорнод аймаг Хэрлэн сум 10 дугаар баг, Уурхайчин гудамжны 0-5 тоотод оршин суух хаягтай, одоо Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Булгийн 18 дугаар гудамжны 907 тоотод түр оршин суух, ял шийтгэлгүй, регистрийн дугаар
Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;
Шүүгдэгч У.У нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-907в тоотод гэрийнхээ хашаанд хохирогч Х.Бадамхандтай “Хүүхдээ хамт явуулахгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч У.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Тухайн үед Бадамханд манайд ирсэн. Би чи хаана амьдарч байна гэхэд найз залуугийндаа амьдарч байгаа, одоохондоо аав ээж нь зуслан дээр байгаа гэсэн. Тэгээд манай охиныг аваад явъя гэхэд нь би айлд амьдарч байгаа, мөн танихгүй айлд очоод хэрэггүй гэж бодоод охиноо явуулахгүй гэсэн. Би Х.Бадамхандыг гэмтээе гэж бодоогүй, гэм буруугаа хүлээж байна...” гэв.
Хохирогч Х.Бадамханд нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Номин-Эрдэнэ нь миний төрсөн ахын охин, мөн багаасаа л бид нартай өссөн. У.У эгч, ах Х.Содномдоржтой гэр бүлээ цуцлуулахад охин Номин-Эрдэнийг манай ахын асрамжид үлдээсэн. Би тэр өдөр дүүтэйгээ уулзаж болох уу гээд У.У эгч рүү мессэж бичсэн. У.У эгчийн төрсөн өдөр гэдгийг мэдэж байсан учраас та завтай юу, очиж болох уу гэж асуусан юм. Тэгэхэд 3 цаг өнгөрөөгөөд ир гээд би очсон. У.У намайг үсдэж чирсэн. Нүүр рүү гараа атгаж байгаад цохисон. Одоо надад ямар нэгэн санал байхгүй, би шинжээчийн дүгнэлт гаргуулахад тушаасан 8.000 төгрөг, толгойны томографийн зураг авхуулахад гарсан зардал 120.000 төгрөг нийлээд 128.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.
Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч Х.Бадамханд нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 17 цагийн үед Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо 18-907 тоотод байх У эгчийн гэрт очсон. У нь урьд манай ах Содномдоржтой хамт амьдарч байсан. Тэгээд би ахынхаа хүү болох Номин-Эрдэнэтэй уулзахаар очсон юм. Гэрт нь У эгч, нөхөр нь, Номин-Эрдэнэ, бас жаахан нялх нь байсан. Тэгтэл Номин-Эрдэнэ ээжээсээ байн байн би Бадамханд эгчтэй явмаар байна гээд л байсан. Ээж нь үгүй гэртээ бай гээд л байсан. Тэгээд би явах гээд гэрийн үүдэнд Номиотой уулзаад анай нь явлаа шүү гэсэн. Тэгтэл Номио үгүй та явахгүй би ээжээс асуугаад тантай хамт явна гээд байсан. Тэгэхээр нь за тэгвэл чи очоод асуучих гэтэл У эгч үгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би өнөөдөр Номиог авч яваад маргааш би найдвартай аваад ирье гэж гуйсан. Тэгтэл үгүй гэж байна гээд уурлаад байсан. Тэгэхээр нь би баяртай гэж хэлэх гээд Номиог нааш ир гэж дуудсан. Номиог гүйгээд ирэхээр нь тэвэрсэн. Тэгтэл гэрээс У эгч гарч ирээд шууд миний толгой руу гараа зангидаад цохисон. Би тэгэхээр нь уурлаад та өөрөө эхэлж цохисон шүү, яадаг юм би дүүгээ авч явна гэж хэлсэн. Би Номиог тэврээд У эгчтэй зууралдаад байсан. Тэгтэл нөхөр цаанаас нь гарч ирээд Номиог аваад гэрлүүгээ орсон. Тэгээд У эгчтэй маргалдсан. Намайг “чи айлд хорогдож байж яаж хүүхэд авч явах гээд байгаа юм бэ гөлөг минь” гээд байсан. Би яадаг юм бэ авч явна гэж маргалдсан. Намайг байшин руу хоолой боож шахаад байсан. Толгой руу маш олон удаа гараараа цохисон. Нүүр рүү бас гараараа цохисон. Намайг үстээд жорлон хүртэл чирсэн. Би газар баруун талаараа унасан. Баруун талаараа чирэгдсэн. Би өөдөөс нь 2-3 удаа гар руу нь цохисон. Тэгээд хашаанаасаа миний цүнхийг гаргаад шидсэн. Миний толгойруу олон удаа цохисон. Газар унагаад үсдээд чирээд байсан...” гэжээ /хх-10-11х/.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №8914 дүгээр дүгнэлтэд:
“1. Х.Бадамхандын биед доод зовхи, баруун гуя, баруун дал, баруун шилбэ, баруун шуунд зулгаралт, баруун гуя, хүзүү, дээд доод уруул, баруун цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх ба хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна.
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-20х/.
Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-30х/, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суух хаягийн тодорхойлолт /хх-28-29х/ зэргийг шинжлэн судлалаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.
Шүүгдэгч У.У нь 2018 оны 7 дугаар сарын 18-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 18-907в тоотод гэрийнхээ хашаанд хохирогч Х.Бадамхандтай “Хүүхдээ хамт явуулахгүй” гэх шалтгаанаар хоорондоо маргалдаж, улмаар зодож хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн хохирогч Х.Бадамхандын “…Намайг байшин руу хоолой боож шахаад байсан. Толгой руу маш олон удаа гараараа цохисон. Нүүр рүү бас гараараа цохисон. Намайг үстээд жорлон хүртэл чирсэн. Би газар баруун талаараа унасан. Баруун талаараа чирэгдсэн. Би өөдөөс нь 2-3 удаа гар руу нь цохисон. Тэгээд хашаанаасаа миний цүнхийг гаргаад шидсэн. Миний толгойруу олон удаа цохисон. Газар унагаад үсдээд чирээд байсан…” гэх мэдүүлэг, шүүгдэгч У.Уранчимэгийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 7 дугаар сарын 19-ний өдрийн №8914 дүгээр дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Иймд шүүгдэгч У.У-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч У.У-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан хуульд заасан торгох ял оногдуулав. Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн бөгөөд 3 сартай нярай хүүхэдтэй зэрэг нөхцөлд байдлуудыг харгалзан хуульд заасан 500 нэгжээр торгох ял шийтгэв.
Ингэхдээ торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Хохирогч Х.Бадамханд нь “...гэмтлийг эмчлүүлэхэд 128.000 төгрөгийн зардал гарсан. Үүнийг нэхэмжилж байна...” гэх бөгөөд хохирол нь баримтаар тогтоогдож байгаа тул шүүгдэгч У.Уранчимэгээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй гэж дүгнэв.
Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурьдах нь зүйтэй байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогт У.У-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.Уранчимэгт 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.У нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч У.У-с нийт 128.000 төгрөгийг гаргуулан хохирогч Х.Бадамханд /РД: ЛЗ98041901/-д олгосугай.
6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.
7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.
8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ХАЛИУН