| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2519000900090 |
| Дугаар | 2025/ДШМ/75 |
| Огноо | 2025-11-10 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.2.1., 17.7.1., 27.10.5., |
| Улсын яллагч | Ц.Цэрэндулам |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 10 өдөр
Дугаар 2025/ДШМ/75
2025 11 10 2025/ДШМ/75
Л.Э.д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Н.Болормаа даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, ерөнхий шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор Ц.Цэрэндулам,
Шүүгдэгч Л.Э.д,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Хүдэрчулуун,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ш.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Д.Наранцэцэг даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрсөн шүүгдэгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгдэгч Л.Э.д холбогдох 2519000900090 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1..
2.Холбогдсон хэргийн товч агуулга: Шүүгдэгч Л.Э.нь жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Ялалт худалдааны төвийн орчим улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийн 1,75 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодсон,
2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд суманд үйл ажиллагаа явуулдаг “Эргэл” худалдааны төвийн автомашины зогсоол дээр тавьсан байсан Д.Э.н эзэмшлийн ... улсын дугаартай MARK II GRANDE маркийн тээврийн хэрэгсэл дотроос хурган дотортой дээл, пүүз, цагаан идээ зэрэг нийт 1,309,000 төгрөгийн эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн,
2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын ..тоот Ц.. эзэмшлийн Монгол гэрээс 2 ширхэг мөнгөн аягыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авч 500,000 төгрөгийн хохирол учруулсан,
2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “Сидней” худалдааны төвийн авто машины зогсоолоос Э.Т.эзэмшлийн сувдан цагаан өнгийн ..улсын дугаартай тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явсан,
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Дэнжийн дэлгүүрээс гарч явсан Г.Г.н эзэмшлийн Samsung А-8 загварын гар утсыг илээр хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч дээрэмдэх гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас шүүгдэгч Л.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, хэргийг анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч .Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар нууцаар авсан”, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд зүйлийг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авсан”, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүй авч явах”, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Л.Э.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зорчих эрх хязгаарлах ялыг 2 сараар, мөн хуулийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.д оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг хорих ялын нэг хоногтой тэнцүүлж 2 сарын хорих ял болгон өөрчилж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар хорих ялыг, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 сарын хорих ялыг тус тус нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1 /нэг/ жил 8 /найман/ сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.д оногдуулсан 1 жил 8 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.д оногдуулсан хорих ялыг нь эдэлж дууссаны дараа 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах ялын хугацааг эхлэн тоолж, энэ хугацаанд хяналт тавихыг Дорноговь аймгийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч Л.Э.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,
Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг, баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Л.Э.д давж заалдаж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие нь өндөр настай эхтэйгээ Дорноговь аймгийн Сайншанд суманд байнгын оршин суух хаягтай, өндөр настай эх маань эмчийн хараа хяналтад байдаг. Даралт, зүрх нойроор ойр, ойрхон эмнэлэгт үзүүлж хэвтдэг. Мөн эхийн маань 2 өвдөг нь яс ургалттай тул хол явж чаддаггүй, ойр зуур таяг тулаад явдаг. Би эхээс гурвуулаа төрсөн. Эгч маань хөдөө малчин, төрсөн дүү маань хотод ажиллаж амьдардаг тул тэр 2 маань байнга ирж эхийг харалцаад байх бололцоо байдаггүй. Эхийгээ эмнэлэгт үзүүлж, хэвтүүлж, авч явахдаа хараа хяналт тавьдаг, хажууд нь авч явдаг хүн нь би байгаа. Миний бие хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Хийсэн хэргийнхээ хохирол, гомдлыг бүрэн барагдуулсан. Шүүх бүрэлдэхүүнд Э.д миний бие нь архи гэдэг хар сархдаас бүрэн татгалзсанаа амлан тангараглаж байна. Иймд анхан шатын шүүхээс өгсөн 01 жил, 08 сарын ялыг хорихоос өөр төрлийн ялаар сольж өгнө үү гэж хүсэж байна гэв.
6.Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд Б.Э.н давж заалдсан гомдлыг дэмжиж байгаа. Э.н үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуульд заасан хөнгөн, хорихоос өөр төрлийн ял оногдуулах бүрэн боломжтой нөхцөл байдал харагддаг. Хорихоос өөр төрлийн ял оногдуулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилго байгаа. Хорихоос өөр төрлийн ял оногдуулах үндэслэл нь хохирол төлбөрөө төлсөн. Хэргийн зүйлчлэлүүд нь өөр байгаа ч нийгэмд учрах хор аюул багатай ийм хэрэг үйлдсэн байгаа учраас хорихоос өөр төрлийн нийтэд тустай ажил хийлгэх ял, зорчих эрхийг хязгаарлах ялуудын дээд хэмжээгээр оногдуулж хорих ялыг сольсноор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэж байгаа учраас Л.Э.н давж заалдсан гомдлыг хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэв.
7.Прокурор Ц.Цэрэндулам шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Э.д холбогдох хэргийг шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн 2025 оны 9 сарын 12-ны өдрийн 238 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай шүүх хуралдаанд орж байна. Учир нь анхан шатны шүүхээс Э.д оногдуулах ялыг түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдалд нь тулгуурлаж шударгаар ял шийтгэл оногдуулсан гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Э.д нь 2024 оны 12 сарын 28-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн хугацаанд буюу 2 сар гаруй хугацаанд дараах 5 төрлийн гэмт хэрэг үйлдсэн ийм нөхцөл байдалтай байдаг. Хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусаагүй байхад дараагийн гэмт хэрэг үйлддэг ийм нөхцөл байдалтай байсан. Ийм учраас Э.д оногдуулсан ял шийтгэл шударга ёсны зарчимд нийцсэн шийтгэх тогтоол нь Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ноцтой зөрчсөн алдаа байхгүй. Хэргийн нөхцөл байдал шийтгэх тогтоолд авагдсан хууль зүйн дүгнэлттэй бүрэн нийцсэн учраас шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн байр суурьтай байна.”гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Л.Э.с гаргасан давж заалдсан гомдолд үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар тухайн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийг хэрэглээгүйгээс шийтгэх тогтоолд өөрчлөлт орсон.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Л.Э.д нь 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Дорноговь аймгийн Сайншанд сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Ялалт” худалдааны төвийн орчим улсын дугааргүй Даюун загварын тээврийн хэрэгслийн 1,75 хувийн согтолттой буюу согтуурсан үедээ жолоодож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт гэмт хэргийг,
2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр Д.Э.н . маркийн тээврийн хэрэгсэл дотроос хурган дотортой дээл, пүүз, цагаан идээ зэрэг нийт 1,309,000 төгрөгийн эд зүйл,
2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр Ц..н эзэмшлийн Монгол гэрээс 2 ширхэг мөнгөн аяга буюу 500,000 төгрөгийн эд зүйлийг тус тус үргэлжилсэн үйлдлээр хулгайлж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
2025 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хохирогч Э.Т.н эзэмшлийн Sienta маркийн ...й тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр унаж явж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг,
2025 оны 02 дугаар сарын 11-ний өдөр дэлгүүрээс гарч явсан Г.Г.н эзэмшлийн Samsung А-8 загварын гар утсыг дээрэмдэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг тус тус үйлдсэн үйл баримтууд болсон нь хохирогч нарын мэдүүлгүүд, гэм буруугаа хүлээн мэдүүлсэн Л.Э.н сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлгүүд, хохирлын үнэлгээг тогтоосон “Ашид билгүүн” ХХК-ны дүгнэлтүүд, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл, хяналтын камерын бичлэг, шүүгдэгчийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдлийг илрүүлсэн Цагдаагийн эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, жолоочийн согтуурлыг шалгаж тогтоосон тухай тэмдэглэл, шүүгдэгчийн урьд шийтгүүлсэн шийтгэх тогтоол зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон гэж прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн.
Шүүгдэгчийн гэм бурууг нотолсон хэрэгт авагдсан эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байна.
3.Анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 17.2 дугаар зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1, 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт тус тус зааснаар гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Л.Э..с эс зөвшөөрч “ ... үйлдсэн гэмт хэргийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 80 настай, өвчтэй ээжийгээ харж ханддаг тул хорихоос өөр төрлийн ял оногдуулж өгнө үү” гэх агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд хянан хэлэлцээд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э.г гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй болсон боловч шүүгдэгчид оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг буруу тайлбарлаж, хэрэглэсэн гэж үзсэн.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2-ын “ ... хэд хэдэн гэмт хэрэгт хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж заасныг анхан шатны шүүх хэрэглэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.2 дугаар зүйлд заасан ялын төрлүүдийн хамгийн хүнд хорих ялд хорихоос өөр төрлийн буюу зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож нэгтгэх гэх ойлголтыг “ ...тэнцүүлж, өөрчлөх” гэсэн ойлголтоор хэрэглэсэн, ингэхдээ мөн хууль, зүйлийн 2.3-д заасан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож нэмж нэгтгэх гэх нарийвчилсан зохицуулалтыг хэрэглээгүй, ерөнхий заалтаар нь хэрэглэсэн зэрэг нь тус тус буруу болсон.
Иймд шийтгэх тогтоолд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан хөнгөн ялыг хүндэд нь нэмж нэгтгэх гэх өөрчлөлтийг оруулах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөх үндэслэлд нийцэж байна.
6.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд ирүүлсэн хэргийн хүрээнд хэлэлцэж шийдвэрлэсэн, шүүгдэгчийн үйлдсэн 4 гэмт хэргийн нөхцөл байдалд хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Шүүгдэгч Л.Э. урьд нь 2024 оны 06 дугаар сарын 05-ны өдөр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт жолооны эрхийг нэг жилийн хугацаагаар хасах, 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн боловч шинээр үйлдсэн гэмт хэрэгт шийтгүүлсэн хугацаанд буюу 2025 оны 09 дүгээр 12-нд шийтгэх тогтоол гарахад ял эдлэх хугацаа дууссан байна.
Иймд анхан шатны шүүх шүүгдэгч Л.Э.д 2 удаагийн хулгайлах гэмт хэрэг үйлдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял, бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр дээрэмдсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хорих ял, өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр автотээврийн хэрэгслийг авч явсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилээр хасаж, 6 сарын хугацаагаар хорих ялыг тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх нийт ялыг 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, хорих ялыг эдэлж дууссаны дараа жолооны эрх хасах ялыг эдлэх хугацааг тоолохоор заасан нь шүүгдэгчийн урьд шүүхээр удаа дараа шийтгүүлсэн боловч гэмшихгүй дахин гэмт хэргүүд үйлдсэн шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагын зорилгод тус тус нийцсэн.
7.Эдгээр нөхцөл байдлуудад үндэслэн шүүгдэгч Л.Э.с гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн тогтоолд хууль хэрэглээний өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзсэн.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.4, 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/238 дугаартай шийтгэх тогтоолын 3 дугаар заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.д оногдуулсан хоёр сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож нэмж нэгтгэн ялыг 2 сарын хорих ялаар тогтоосугай” гэж өөрчлөн, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч Л.Э.с гаргасан давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсүгэй.
2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Л.Э.днь 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл нийт 59 /тавин ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.А.САЙНТӨГС