Улсын дээд шүүхийн Тогтоол

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 273

 

Т.Бд холбогдох эрүүгийн

                                                                 хэргийн тухай                                                                     

Улсын Дээд шүүхийн Эрүүгийн хэргийн танхимын тэргүүн Б.Цогт даргалж, шүүгч Б.Амарбаясгалан, Б.Батцэрэн, Ч.Хосбаяр, Д.Эрдэнэбалсүрэн нарын бүрэлдэхүүнтэй, Улсын Ерөнхий прокурорын газрын хяналтын прокурор О.Сарангэрэл, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Бадамдорж нарыг оролцуулж хийсэн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр магадлалтай, Т.Бд холбогдох 1937000000072 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн 2020 оны 5 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батцэрэнгийн танилцуулснаар хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, 1990 оны 8 дугаар сарын 31-ний өдөр төрсөн, эрэгтэй, ял шийтгэлгүй, Худалч овогт Тгийн Б нь Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүх Т.Бийг тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Бийг 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд ашигт малтмал эрж хайх, олборлохтой холбоотой үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарлах албадлагын арга хэмжээ авч, 5 тооны морь, 2 тооны эм үхрийг битүүмжилсэн прокурорын тогтоолыг хүчингүй болгон Т.Бд буцаан олгож, эд мөрийн баримтаар хураагдсан жижиг оврын трактор, шигшүүрийг иргэний нэхэмжлэгч М.Дд олгож, шүүгдэгч Т.Бөөс гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан жижиг оврын трактор, шигшүүрийн үнэ 3.100.000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг шүүх хуралдааны шатнаас дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцааж, прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэжээ.

Хяналтын шатны шүүхэд шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаяр гаргасан гомдолдоо: “...Шүүгдэгч Т.Бийг 2019 оны 9 дүгээр сарын 22-ны өдөр Ховд аймгийн Алтай сумын Бодонч багийн нутаг дэвсгэр “Ендөрт ус” гэх нэртэй газарт тусгай зөвшөөрөлгүйгээр хууль бусаар жижиг оврын трактор ашиглаж ашигт малтмалын эрэл хайгуул явуулсан гэм буруутайд тооцсон боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тухайн газарт хууль бусаар ашигт малтмалын эрэл хайгуулын үйл ажиллагаа явуулсан болох нь тогтоогддоггүй. Хэргийн газрын үзлэгийн тэмдэглэлд тухайн газарт хуучин ухагдсан нүх байсныг шинээр булсан байгаа талаар дурьдагдсан байх ба хэргийн гол гэрчүүд болох И.П, И.Г нарын мэдүүлгээр Т.Б нь хуучин ухагдсан нүхийг шинээр булж тэгшилсэн байсан нь тодорхойлогдсон, мөн шинжээчийн дүгнэлтээр тухайн газар хуучин ухсан газар болох нь тогтоогдсон бөгөөд үнэлгээг тогтоох боломжгүй талаар шинжээч дүгнэлтдээ дурьджээ. Гэмт хэрэг үйлдэхэд ашигласан гэх жижиг оврын тракторын эзэмшигч болох гэрч Н.Д нь ...Бийн аав нь надтай уулзаад өвөлжөөний ойролцоох газар тэгшилж зам засах гэсэн юм, трактороо нэг өдөр өгөөч гэхээр нь би зөвшөөрөөд өгсөн гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар Т.Б нь ашигт малтмал эрж хайх, олборлох санаа зорилгогүй  байсан, мөн ашигт малтмал хууль бусаар эрэх хайх үйлдэл хийгээгүй болох нь тогтоогдож байхад шүүх дээрх нотлох баримтуудыг үнэлэлгүйгээр прокурорын яллах дүгнэлтийн хүрээнд хэргийг шийдвэрлэж Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэж байна. Хэрэгт цугларсан нотлох баримтууд нь эргэлзээ төрүүлэхүйц баримтууд байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хэргийг шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Иймд Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 80 дугаар шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн 09 дугаар магадлал зэргийг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэжээ.

Хяналтын шатны шүүх хуралдаанд оролцсон хяналтын прокурор О.Сарангэрэл хэлсэн хууль зүйн дүгнэлтдээ: “Шүүгдэгч Т.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад анхан шатны шүүх шүүгдэгчид хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, Эрүүгийн хууль буруу хэрэглэсэн байна. Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан нь үндэслэлтэй байх тул магадлалыг хэвээр үлдээх нь зүйтэй” гэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын гаргасан гомдлыг үндэслэн Т.Бд холбогдох хэргийг хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.5 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж үзэв.

Прокуророос Т.Бийг Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч Т.Бийг гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байхад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан түүнд ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн байна.

Энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийж, шүүгдэгч Т.Бт холбогдох хэргийг хянан шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг ноцтой зөрчөөгүй гэж үзэв.

Хяналтын шатны шүүх нь анхан болон давж заалдах шатны шүүхийн тогтоол, магадлалаар тогтоогдоогүй буюу үгүйсгэгдсэн баримтыг тогтоох, ямар нэг нотлох баримтыг нөгөөгөөс нь ач холбогдолтойд тооцох эрх хэмжээ хуульчлагдаагүй тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “...шийтгэх тогтоол, магадлалыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгчид холбогдох эрүүгийн хэргийг гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, шүүгдэгчийг цагаатгаж өгнө үү” гэсэн гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж шийдвэрлэв.       

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 40.8 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасныг удирдлага болгон хяналтын шатны шүүх хуралдаанаас ТОГТООХ нь:

1.Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 2 дугаар сарын 11-ний өдрийн 9 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Хосбаярын хяналтын журмаар гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.                     

                                            ДАРГАЛАГЧ                                                   Б.ЦОГТ

                                            ШҮҮГЧ                                                            Б.АМАРБАЯСГАЛАН   

                                                                                                                    Б.БАТЦЭРЭН           

                                                                                                                    Ч.ХОСБАЯР

                                                                                                                    Д.ЭРДЭНЭБАЛСҮРЭН