Шүүх | Улсын дээд шүүх |
---|---|
Шүүгч | Мишигийн Батсуурь |
Хэргийн индекс | 128/2019/1000/З |
Дугаар | 261 |
Огноо | 2020-07-01 |
Маргааны төрөл | Бусад, |
Улсын дээд шүүхийн Тогтоол
2020 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 261
М.Ц-гийн нэхэмжлэлтэй, Боловсрол,
соёл, шинжлэх ухаан, спортын сайдад
холбогдох захиргааны хэргийн тухай
Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны захиргааны хэргийн шүүх хуралдааны бүрэлдэхүүн:
Даргалагч, шүүгч: Д.Мөнхтуяа
Шүүгчид: Г.Банзрагч
Б.Мөнхтуяа
Ч.Тунгалаг
Илтгэгч шүүгч: М.Батсуурь
Нарийн бичгийн дарга: Т.Даваажаргал,
Нэхэмжлэлийн шаардлага: “Монгени” цогцолбор сургууль болон 23 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах,
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0166 дугаар шийдвэр,
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 287 дугаар магадлалтай,
Шүүх хуралдаанд оролцогч:
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Б нар,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Өмнөх шатны шүүхийн шийдвэр:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 128/ШШ2020/0166 дугаар шийдвэрээр: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг баримтлан “Монгени” цогцолбор сургууль болон 23 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах нэхэмжлэгч М.Цогзолмаагийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 287 дугаар магадлалаар: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 166 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-т заасныг баримтлан Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан гаргасан “Монгени” цогцолбор сургууль болон 23 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий М.Цогзолмаагийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна.
Хяналтын журмаар гаргасан гомдол:
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Нэгт. Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг гомдлын хүрээнд хянаагүй тухайд: Нэхэмжлэгч М.Цогзолмаагаас Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан “Монгени” цогцолбор сургууль болон 23 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14,407,532 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасныг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.12-т заасныг баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.
4. Ийнхүү шийдвэрлэснийг эс зөвшөөрч “... 1. Хариуцагч өөрийн хууль ёсоор гаргасан захиргааны актуудын биелэлтийг хангаж ажиллаагүй нь захиргааны хууль бус эс үйлдэхүй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан 11 сарын хугацааны хохирлыг хариуцагчаас удаа дараа шаардаж, яамны мэргэжилтнээс эцэст нь “...шүүхээр шийдвэрлүүлнэ үү...” гэж амаар татгалзсан хариу авснаар шүүхэд хандсан, 2. Хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2, 84 дүгээр зүйлийн 84.1.1-д тус тус заасны дагуу захиргааны актын биелэлтийг хангаж ажиллаагүй, захиргаа өөрийн эрх хэмжээний хүрээнд дотоод дахь шатлан захирах ёсыг хангаагүй нь сайдын тушаалыг дурын албан тушаалтан биелүүлэхгүй байх боломжтой мэтээр ойлгогдож, үүний улмаас нэхэмжлэгчийн хууль ёсны эрх, ашиг сонирхол зөрчигдсөн, 3. Гэтэл шүүх Б/07, Б/28 дугаар тушаалуудаар ажлаас чөлөөлөгдөж буй хуучин захирлууд албан ёсоор тушаалд гомдол гаргасан үйл баримт байхгүй байхад Захиргааны ерөнхий хуулийн 82 дугаар зүйлийн 82.2.1-д заасныг зөрчиж захиргааны актад шийдвэр гүйцэтгээгүй хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйн талаар “...захиргааны байгууллага гаргасан шийдвэрээ биелүүлэхийг шаардах, биелүүлэхгүй тохиолдолд албадан биелүүлэх боломжтой, энэ үүргээ бодитой хэрэгжүүлээгүй үйл баримт байгаа...” гэж дүгнэсэн атлаа хариуцагчийг зөвтгөж хоёрдмол утгатай, өөрийн тайлбарыг үгүйсгэсэн дүгнэлтүүдийг хийсэн, 4. Нэхэмжлэгч өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн нь 1-д хариуцагчид М.Цогзолмааг ажилд томилох эрх хэмжээ бий боловч, хуучин ажлаас нь чөлөөлөх эрх хэмжээ хуулиар олгогдоогүй, 2-т нэхэмжлэгчид шинэ ажилд томилогдоно гэсэн хууль ёсны итгэл үүссэнээс шалтгаалсан бөгөөд энэхүү хууль ёсны итгэлийг захиргааны байгууллага ч тэр, шүүх ч тэр хамгаалаагүй, 5. Нэхэмжлэгчид учирсан хохирол түүний өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөнөөс бус хариуцагчийн хууль бус эс үйлдэхүйгээс шалтгаалсан...” гэсэн агуулгаар давж заалдах гомдол гаргасан болно.
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д “Давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхийн шийдвэрийг давж заалдах гомдлын хүрээнд хянах ... үүрэгтэй” гэж заасан.
6. Гэтэл давж заалдах шатны шүүх нэхэмжлэгчийн өмгөөлөгч миний гаргасан гомдлын хүрээнээс хэтэрч, гомдолд дурдагдаагүй үндэслэлээр “нэхэмжлэл гаргах хугацаа”-г хэтрүүлсэн гэж дүгнэн “нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.2-т заасанчлан “шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн...” гэж үзэхээр байна.
7. Хоёрт. Давж заалдах шатны шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.2.1-д зааснаар “...хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн...” тухайд: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх дүгнэхдээ нэхэмжлэгчийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана” гэж заасныг зөрчиж нэхэмжлэл гаргах хугацааг хэтрүүлсэн гэсэн үндэслэлээр мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасны дагуу нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан.
8. Шүүх М.Цогзолмааг 23-р дугаар сургуулийн менежерээр томилогдсоноосоо хойш нэхэмжлэл гаргах 30 хоногийн хугацааг хэтрүүлсэн гэж дүгнэсэн нь буруу бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр 14.4-д заасан зохицуулалт нь дээд шатны захиргааны байгууллага байхгүй бол “шийдвэр”-ийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргахаар заасан зохицуулалт юм.
9. Өөрөөр хэлбэл, Захиргааны ерөнхий хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Захиргааны үйл ажиллагаа дараах хэлбэртэй байна:”, 11.1.1-д “захиргааны акт”, 11.1.2-д “захиргааны гэрээ” гэж, мөн хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1, 11.1.2-т заасан шийдвэр холбогдсон үйл ажиллагааг ойлгоно” гэж зааснаас үзвэл “захиргааны шийдвэр” гэдэгт “захиргааны акт, гэрээ” хамаарахаар байх бөгөөд түүнийг гаргахаас татгалзсан эс үйлдэхүйд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасан зохицуулалт хамаарахгүй.
10. Давж заалдах шатны шүүх энэ талаар “... “эс үйлдэхүй”-н хувьд угаасаа үйлдэл хийхээс татгалзсан захиргааны идэвхгүй үйл ажиллагаа тул захиргааны зүгээс түүнийг мэдэгдэх тухай ойлголт байхгүй...” гэсэн атлаа “...эрхээ хамгаалуулахаар гаргасан өргөдлийг захиргаа хуульд заасан хугацаанд үл биелүүлсэн, биелүүлэхгүй нь тодорхой болсон өдөр эрх, ашиг сонирхол нь зөрчигдсөнөө мэдэх боломжтой тул тухайн өдрөөс 30 хоногийн дотор нэхэмжлэл гаргана гэж ойлгохоор байна” гэж дүгнэсэн нь хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн.
11. Учир нь эс үйлдэхүйн хувьд нэхэмжлэл гаргах хугацааг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргасан гомдлыг Захиргааны ерөнхий хуульд заасан хугацаанд хянан шийдвэрлээгүй бол хугацаа өнгөрснөөс хойш 30 хоногийн дотор шүүхэд нэхэмжлэл гаргана ' гэж зааснаар зохицуулагдах бөгөөд хариуцагч Боловсрол. соёл. Шинжлэх ухаан, спортын сайдад дээд шатны захиргаа байхгүй, мөн шийдвэрийн биелэлтийг хангуулахаар хандах гомдлыг хянан шийдвэрлэх тухайлсан байгууллага байхгүй тул Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т “Энэ хуулийн 93.1-д заасан байгууллага байхгүй бол тухайн актыг гаргасан байгууллагад гомдол гаргаж болно” гэж заасны дагуу хариуцагчид шийдвэрийн биелэлтийн талаар өөрт нь хандах боломжтой. Хэрэв ийнхүү хандаагүй тохиолдолд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-14.4-д заасан хугацаа маргаан бүхий тохиолдолд хамаарахааргүй байна.
12. Гуравт. Хоёр шатны шүүх маргааны үйл баримтыг буруу дүгнэж, нэхэмжлэгчийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй тухайд: Боловсролын тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1-д “Боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ:’’, 28.1.12-д “...ерөнхий боловсролын лаборатори сургуулийн захирлыг сонгон шалгаруулалтын дүнг үндэслэн томилох, хуульд заасан үндэслэлээр чөлөөлөх;’’ гэж зааснаар Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд нэхэмжлэгчийг ажилд томилох эрхтэй хэдий ч, өмнө эрхэлж байсан албан тушаалаас нь чөлөөлөх эрх хэмжээгүй. Хариуцагчийн Б/07, Б/28 дугаар тушаалууд нь нэхэмжлэгчид эерэг нөлөөлөл бүхий эрх зүйн үр дагавар үүсгэсэн захиргааны актууд бөгөөд нэхэмжлэгчийн хувьд ийнхүү эерэг үр дагавар үүсгэсэн шийдвэрийг биелэгдэнэ гэсэн хууль ёсны итгэлийн үндсэн дээр Монгени сургуулийн захирлаар томилсон Б/07 дугаар тушаал гармагц өмнө эрхэлж байсан ажлаа хүлээлгэн өгсөн.
13. Улмаар хариуцагч Б/07 дугаар тушаалаа биелүүлээгүй атлаа гуравдагч этгээдийг ажилд томилсон тул нэхэмжлэгч эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар хандсаны үндсэн дээр зөвшилцөж Б/28 дугаар тушаалаар 23-р сургуулийн захирлаар томилогдсон. Гэтэл хариуцагч уг тушаалаа мөн адил биелүүлээгүй, 23-р сургуулийн захирлаар Ц.Цолмонбаатарыг томилсон ба энэ үеийг хүртэл хариуцагчийн тушаал биелэгдэнэ гэсэн нэхэмжлэгчийн хууль ёсны итгэл дуусгавар болоогүй үргэлжилсээр шинэ захирал томилогдон нэхэмжлэгч хохирч үлдсэн.
14. Давж заалдах шатны шүүхийн дүгнэсэнчлэн тушаалын биелэлт хангагдахгүй гэдгийг мэдсэн тул нэхэмжлэгч өөрийн хууль ёсны итгэлийг хамгаалаагүй хариуцагчийн буруутай эс үйлдэхүйгээс учирч буй хохирлыг багасгахын тулд арга буюу шинэ томилогдсон захирлын тушаалаар 23-р сургуулийн сургалтын менежерээр томилогдсон байдаг.
15. Үүний дараа тушаалаа биелүүлээгүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар хариуцагчид Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасны дагуу ажилгүй байсан хугацааны хохирлыг барагдуулахыг удаа дараа шаардаж, эцэст нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яамны мэргэжилтнээс “...шүүхээр шийдвэрлүүлнэ үү...” гэж амаар татгалзсан хариу авснаар шүүхэд хандах нөхцөл бий болсон.
16. Анхан шатны шүүх дээрх үйл баримтын талаар хоёрдмол утгатай, өөрийн байр суурийг үгүйсгэсэн, утга агуулгын хувьд зөрчилдөөнтэй дүгнэлтүүдийг хийж хариуцагчийн эс үйлдэхүйн талаар үндэслэлгүй, тодорхойгүй дүгнэлт өгч нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосон ба давж заалдах шатны шүүх уг алдааг залруулаагүй, харин ч эсрэгээрээ нэхэмжлэгчийг Захиргааны ерөнхий хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-д заасныг зөрчсөн гэж үзэн мөн хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8, 54.2-т зааснаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан нь нэхэмжлэгчид Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.2-т заасны дагуу олгогдсон маргаан бүхий асуудлаар захиргааны акт гаргасан байгууллагад өөрт нь хандах эрхийг үгүйсгэсэн төдийгүй. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн, давж заалдах гомдлын хүрээнээс хэтэрсэн шийдэл байна.
17. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.2.4-д заасны дагуу “шийдвэр, магадлалыг хүчингүй болгож,... нэхэмжлэлийг хангаж” өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
18. Нэхэмжлэгч М.Ц нь Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдад холбогдуулан “Монгени” цогцолбор сургууль болон 23 дугаар сургуулиудын захирлын албан тушаалыг хүлээлгэн өгөөгүй эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, үүний улмаас учирсан 14407532 төгрөгийн хохирлыг гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг гаргажээ.
19. Хавтаст хэрэгт авагдсан баримтаас үзэхэд: Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайдын 2017 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн Б/07 дугаар тушаалаар Н.Лхагвааг Нийслэлийн Баянгол дүүргийн ерөнхий боловсролын лаборатори “Монгени” цогцолбор сургуулийн захирлын үүрэгт ажлаас чөлөөлж, мөн сургуулийн захирлын албан тушаалын сонгон шалгаруулалтын үйл ажиллагаа дуусах хүртэлх хугацаанд М.Цогзолмааг тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр томилж, Н.Лхагваа, М.Цогзолмаа нарын ажлыг хүлээлцүүлэхийг Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газарт даалгаж шийдвэрлэсэн; уг ажлын хэсэг ажил хүлээлцүүлэхээр ажилласан боловч өмнөх захирал нь ажлаа хүлээлгэж өгөөгүйгээс дээрх тушаал бодит байдалд биелэгдээгүй; түүнчлэн сайдын 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Б/28 дугаар тушаалаар Нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 23 дугаар сургуулийн захирал Р.Ганболдыг үүрэгт ажлаас чөлөөлж, захирлын албан тушаалын сонгон шалгаруулалт явагдаж, захирал томилогдох хүртэл хугацаанд М.Цогзолмааг тус сургуулийн захирлын үүрэг гүйцэтгэгчээр түр томилж, Р.Ганболд, М.Цогзолмаа нарын ажлыг зохих журмын дагуу хүлээлцүүлэхийг Төрийн захиргааны удирдлагын газарт үүрэг болгосон боловч уг тушаал мөн биелэгдээгүй; үүний дараа 23 дугаар сургуулийн захирлын 2018 оны 02 дугаар сарын 09-ний Б/06 дугаар тушаал гарч, тус сургуулийн сургалтын менежерээр нэхэмжлэгчийг томилсон, нэхэмжлэгч нь 2019 оны 12 дугаар сарын 04-ний өдөр шүүхэд хандаж нэхэмжлэл гаргасан үйл баримт тогтоогдсон байна.
20. Дээрхээс үзвэл, нэхэмжлэгч М.Ц нь “Монгени” цогцолбор сургуулийн захирлын албан тушаалд томилсон Б/07 дугаар тушаалын биелэлт Б/28 дугаар тушаал гарах хүртэл хугацаанд биелэгдээгүйтэй холбоотой тухайн үед маргаагүй, өөрөөр хэлбэл, хүлээн зөвшөөрч удаах 23 дугаар сургуулийн захирлын албан тушаалд томилогдсон; Б/28 дугаар тушаал мөн биелэгдэхгүй байсаар 23 дугаар сургуулийн захирлын 2018 оны Б/06 дугаар тушаал гарч, сургалтын менежерээр томилсон байхад сүүлийн тушаал гарснаас хойш 1 жил 9 сарын дараа захиргааны хэргийн шүүхэд хандаж нэхэмжлэл гаргажээ.
21. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4-т “Дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага байхгүй бол шийдвэрийг мэдэгдсэнээс хойш 30 хоногийн дотор нэхэмжлэлийг шууд шүүхэд гаргана”, 54 дүгээр зүйлийн 54.1-д “Шүүгч дараахь тохиолдолд нэхэмжлэл хүлээн авахаас татгалзана:” гээд 54.1.8-д “энэ хуулийн 14.1-14.4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн” гэж зааснаар шүүх нэхэмжлэлийг хүлээн авсан даруйд нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэл байгаа эсэхийг шалгаж, хэрэв татгалзах шалтгаан байхгүй бол мөн хуулийн 55 дугаар зүйлд зааснаар захиргааны хэрэг үүсгэх учиртай, энэ тохиолдолд нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаа хэтэрсэн байхад анхан шатны шүүх захиргааны хэрэг үүсгэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн, энэ талаар давж заалдах шатны шүүх үндэслэл бүхий дүгнэлт хийжээ.
22. Нэгэнт анхан шатны шүүх хөөн хэлэлцэх хугацаа хэтрүүлсэн нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэсэн нь хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмын зөрчил тул давж заалдах шатны шүүх гомдлын хүрээнээс хальж, зөрчлийг залруулсан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.4-т зааснаар “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн нь шүүхийн шийдвэр гарахад нөлөөлсөн бол гомдлоор хязгаарлахгүй” гэж заасанд нийцсэн, энэ талаар гаргасан гомдол няцаагдаж байна.
23. Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд захиргааны “эс үйлдэхүй”-тэй холбоотой нэхэмжлэлийг гаргах хугацааг нарийвчлан заагаагүй ч нэхэмжлэл гаргаж буй этгээдийн хувьд эрх, хууль ёсны ашиг сонирхол хэдийд хөндөгдсөн талаар мэдэх боломжтой байснаас хугацааг тооцох нь уг хуулийн 14 дүгээр зүйлд заасан үзэл баримтлалд нийцэх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч эхний Б/07 дугаар тушаалтай холбоотой тухайн үед маргаагүй, Б/28 дугаар тушаал гарснаар хүлээн зөвшөөрсөн, Б/28 дугаар тушаалын хувьд 23 дугаар сургуулийн захирлын тушаал гарснаар биелэгдэх боломжгүй болсон нь тодорхой байхад дээр дурдсанчлан 1 жил 9 сарын дараа нэхэмжлэл гаргасан учир давж заалдах шатны шүүхийн дүгнэлт буруу биш, энэ талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гомдол үгүйсгэгдэж байна.
24. Иймд, давж заалдах шатны шүүхийн магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн гаргасан гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 127 дугаар зүйлийн 127.1, 127.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн 287 дугаар магадлалыг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.А-ын хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхисугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА
ШҮҮГЧ М.БАТСУУРЬ