Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 11 сарын 22 өдөр

Дугаар 958

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Сарангэрэл даргалж, 2016 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр тус шүүхийн шүүх хуралдааны 3 дугаар танхимд хийсэн шүүх хуралдаанаар “М*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй, Багануур дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хянан хэлэлцэж энэхүү шүүхийн шийдвэрийг гаргав. 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн төлөөлөгч Т.Б*******, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Х*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.М*******, гуравдагч этгээд “М*******” ЗБН ХХК-ийн захирал Ц.Э*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Орхонтамир нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэлийн шаардлагын агуулга: “Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Багануур дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлдээ: “М*******” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдан сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг. Үүнээс өмнө тус компанийн захирал Т.Б******* нь 1996 оноос эхлэн Багануур дүүрэгт сүүний бизнес эрхэлж ирсэн. Ийнхүү олон жилийн турш сүүний

бизнес эрхэлж ирснийг минь үнэлэн 2005 оны 05 дугаар сард дүүргийн Засаг даргаас тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Дивизийн ашиглагдахаа больсон гүний худгийн барилгыг цооногийн хамт худалдан авахыг санал болгосон. Тухайн үед тус газрыг дүүргийн барилгын мэргэжилтнээр үнэлүүлж, 1.992.000 төгрөгөөр үнэлж, уг төлбөрийг Багануур дүүрэг хөгжүүлэх сангийн дансанд төлснөөр уг газрыг эзэмших, ашиглах эрх нээгдсэн юм.

Гэтэл Ц.Э******* гэгч нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн уг газрыг “М*******” ЗБН-ийн нэр дээр Дүүргийн Засаг даргын 2005 оны 402 тоот захирамжаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 8000 мкв, жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 12000 мкв, ногоон бүс байгуулах зориулалтаар 5000 мкв газрыг эзэмшихээр болсон байсан. Энэ талаар тус компани огт мэдээгүй бөгөөд 2005 оноос хойш одоог хүртэлх хугацаанд “М*******” ХХК нь маргаан бүхий газарт тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэ хугацаанд “М*******” ЗБН нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн зүйлгүй юм. Ийнхүү Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд 2016 оны 4 дүгээр сарын 12-ны өдөр маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэл гаргасан боловч урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдээгүй гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Ийнхүү 2016 оны 5 дугаар сарын 02-ны өдөр Нийслэлийн Засаг даргад гомдол гаргасан ба Нийслэлийн өмчийн харилцааны газраас 2016 оны 6 дугаар 09-ний өдөр хариу ирүүлсэн. Үүнээс хойш 30 хоногийн дотор буюу 2016 оны 6 дугаар сарын 29-ний өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан болно. Маргаан бүхий захиргааны актыг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргах хугацааг хэтрүүлсэн нь нэхэмжлэгчийн буруутай үйл ажиллагааны улмаас бус, харин Багануур дүүргийн Газрын албаны буруутай үйл ажиллагааны улмаас буюу  бидэнд танилцуулаагүйгээс үүдэн гарсан. 

Нэхэмжлэлд дурдсанчлан маргаан бүхий газрыг өмнө “М*******” ЗБН-д эзэмшиж байсан талаар мөн газар эзэмших эрхтэй болсноос нь хойш мэдсэн бөгөөд тус нөхөрлөлийн газар эзэмших эрх хүчингүй болсны дараа уг газрыг тус компанид эзэмшүүлэх талаар дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хүсэлт гаргаж байсан боловч маргаан бүхий захиргааны акт гарсан байсан.  Маргаан бүхий захиргааны акт гарсан талаар 2016 оны эхээр буюу 2 дугаар сарын үед  дүүргийн Газрын албанаас газрынхаа төлбөрийг төлөх талаар шаардлага тавьсны дагуу мэдсэн. Газрын тухай хуульд зааснаар хариуцагч нь газар эзэмших эрхтэй этгээдтэй газар эзэмшүүлэх гэрээ байгуулах ёстой байтал уг гэрээг  байгуулаагүй. Ингээд тус компанийн захирал Т.Б******* нь захирамжийн талаар асууж тодруулахаар Газрын албаны мэргэжилтэн, дарга болон дүүргийн Засаг даргатай ч уулзсан байдаг. Тэд энэ талаар тодорхой хариулт өгөөгүй бөгөөд шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн байдаг. 

Ингээд захирал Т.Б******* нь 2016 оны 3 дугаар сарын 23-ны өдөр иргэн Ц.Э*******д холбогдуулан “Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 21-ний өдрийн А/64 дүгээр захирамжаар олгосон газар нь “М*******” ХХК-ийн эзэмшил газар болохыг тогтоолгох тухай" нэхэмжлэлийн шаардлага бүхий нэхэмжлэлийг Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан боловч тус шүүхийн шүүгчийн 2016 оны 3 дугаар сарын 24-ний өдрийн 529 дүгээр захирамжаар "Дүүргийн Засаг даргын А/64 дүгээр захирамж нь хууль бус эсэх асуудлыг шийдвэрлүүлсний дараа газрын эзэмшигчээр тогтоолгох шаардлагыг Иргэний хэргийн шүүхэд гаргах нь зүйтэй" гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан. Дүүргийн Засаг даргаас 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл хүргүүлж “М*******” ЗБН нь 2009 оноос хойш гэрээгээ сунгаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, кадастрын зураг хийлгээгүй зэрэг үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг. Гэтэл дахин тус дүүргийн Засаг даргаас 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А/64 дүгээр захирамж гарган дээрх маргаан бүхий газрыг “М*******” ЗБН, “М*******” ХХК-д сүү боловсруулах зориулалтаар хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус компани нь мэдсэн даруйдаа тус дүүргийн Засаг дарга болон газрын албанд удаа дараа хандсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн байдаг.

Энэхүү хариуны дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч “Харьяаллын бус маргаан байх тул Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байна” гэсэн хариу өгсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3090 дүгээр захирамжаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Ийнхүү Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон  Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдрийн 3/4016 дугаар албан тоотоор компанийн захирал Т.Б*******т өгсөн бөгөөд хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тул ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно. Тус компанийн зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Засаг дарга, газрын алба, шүүх гэх мэт байгууллагад мэдсэн цагаасаа хойш байнга хандаж байгаа болно. Засаг даргаас ирүүлсэн гомдлын хариунаас үзэхэд “М*******” ЗБН-ийн эзэн Ц.Э******* нь зөрчлөө арилгасан тул газар эзэмших эрх олгохыг хүсэх тухай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот албан бичиг болон “М*******” ХХК-ийн захирал Т.Б*******тай хамтран газар эзэмшихэд татгалзах зүйлгүй тухай бичгээр ирүүлсэн тайлбарыг үндэслэн захирамж гаргасан гэжээ. Тус компаниас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан бөгөөд тус албан бичигтээ “М*******” ЗБН-тэй хамтран эзэмших талаар огт дурдаагүй бөгөөд уг маргаан бүхий газрыг анх Т.Б******* нь төлбөрийг төлж худалдаж авсан тул “М*******” ЗБН-тэй хамтран эзэмших эрх зүйн үндэслэлгүй юм.

Түүнчлэн дүүргийн Засаг даргаас зөвхөн нэг талын хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг үндэслэн маргаан бүхий газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “М*******” ХХК нь 2006 онд үүсгэн байгуулагдсан компани ба сүү болон сүүн бүтээгдэхүүнээр үйл ажиллагаагаа явуулдаг. Үүнээс өмнө тус компанийн захирал Т.Б******* нь 1996 оноос эхлэн Багануур дүүрэгт сүүний бизнес эрхэлж ирсэн. Ийнхүү олон жилийн турш сүүний бизнес эрхэлж ирснийг минь үнэлэн 2005 оны 5 дугаар сард дүүргийн Засаг даргаас тус дүүргийн нутаг дэвсгэрт орших Дивизийн ашиглагдахаа больсон гүний худгийн барилгыг цооногийн хамт худалдан авахыг санал болгосоны дагуу тухайн үед тус газрыг дүүргийн барилгын мэргэжилтнээр үнэлүүлж, 1.992.000 төгрөгөөр үнэлж, уг төлбөрийг Багануур дүүрэг хөгжүүлэх сангийн дансанд төлснөөр уг газрыг эзэмших, ашиглах эрх нээгдсэн юм.

Гэтэл Ц.Э******* гэгч нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн уг газрыг “М*******” ЗБН-ийн нэр дээр дүүргийн Засаг даргын 2005 оны 402 тоот захирамжаар сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэх зориулалтаар 8000 мкв, жимс, жимсгэнэ тариалах зориулалтаар 12000 мкв, ногоон бүс байгуулах зориулалтаар 5000 мкв газрыг эзэмшихээр болсон байсан. Энэ талаар тус компани огт мэдээгүй бөгөөд 2005 оноос хойш одоог хүртэл хугацаанд “М*******” ХХК нь маргаан бүхий газарт тасралтгүйгээр үйл ажиллагаагаа явуулсаар ирсэн. Энэ хугацаанд “М*******” ЗБН нь ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулж ирсэн зүйлгүй юм.

Дүүргийн Засаг даргаас 2013 оны 5 дугаар сарын 21-ний өдөр мэдэгдэл хүргүүлж, “М*******” ЗБН нь 2009 оноос хойш гэрээгээ сунгаагүй, газрын төлбөрөө хугацаанд нь төлөөгүй, кадастрын зураг хийлгээгүй зэрэг үндэслэлээр газар эзэмших эрхийг нь хүчингүй болгож шийдвэрлэсэн байдаг.

Гэтэл дахин тус дүүргийн Засаг даргаас 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдөр А/64 дүгээр захирамж гарган дээрх маргаан бүхий газрыг “М*******” ЗБН, “М*******” ХХК сүү боловсруулах зориулалтаар хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн байна. Энэ талаар тус компани нь мэдсэн даруйдаа тус дүүргийн Засаг дарга болон Газрын албанд удаа дараа хандсан боловч шүүхээр шийдвэрлүүл гэсэн хариуг өгсөн байдаг. 

Энэхүү хариуны дагуу тус дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч харьяаллын бус маргаан байх тул Захиргааны хэргийн шүүхэд хандах нь зүйтэй байна гэсэн хариу өгсөн тул 2016 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхээс 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн 3090 дүгээр захирамжаар урьдчилсан шийдвэрлэх ажиллагааны журмаар шийдвэрлүүлэх шаардлагатай гэж үзэж нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулахаар буцаасан. Ийнхүү Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1 болон Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-д заасны дагуу дээд шатны албан тушаалтан болох Нийслэлийн Засаг даргад энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхээр гомдол гаргасан. Гомдлын хариуг 2016 оны 6 дугаар сарын 09-ны өдрийн 3/4016 дугаар албан тоотоор компанийн захирал Т.Б*******т өгсөн бөгөөд хүчингүй болгох үндэслэлгүй гэсэн тул ийнхүү шүүхээр шийдвэрлүүлэхээр хандаж байгаа болно. Тус компанийн зүгээс энэхүү асуудлыг шийдвэрлүүлэхийн тулд Засаг дарга, газрын алба, шүүх гэх мэт байгууллагад мэдсэн цагаасаа хойш байнга хандаж байгаа болно. Засаг даргаас ирүүлсэн гомдлын хариунаас үзэхэд “М*******” ЗБН-ийн эзэн Ц.Э******* нь зөрчлөө арилгасан тул газар эзэмших эрх олгохыг хүсэх тухай 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 тоот албан бичиг болон “М*******” ХХК-ийн захирал Т.Б*******тай хамтран газар эзэмшихэд татгалзах зүйлгүй тухай бичгээр ирүүлсэн тайлбарыг үндэслэн захирамж гаргасан гэжээ. Тус компаниас 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд гаргасан бөгөөд тус албан бичигтээ “М*******” ЗБН-тэй хамтран эзэмших талаар огт дурдаагүй бөгөөд уг маргаан бүхий газрыг анх Т.Б******* нь төлбөрийг төлж худалдаж авсан тул “М*******” ЗБН хамтран эзэмших эрх зүйн үндэслэлгүй юм. Түүнчлэн дүүргийн Засаг даргаас зөвхөн нэг талын хүсэл зоригоо илэрхийлсэн албан бичгийг үндэслэн маргаан бүхий газрыг хамтран эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн нь хууль бус бөгөөд тус компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөд байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг ханган Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

 Хариуцагчийн тайлбар

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “Багануур дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “М*******” ХХК-ийн Багануур дүүргийн Засаг даргад холбогдуулан гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг хүргүүлж байна. “М*******” ХХК нь анх 2001 оноос одоогийн эрхэлж байгаа гэх сүүний хөргөлтийг үүсгэн байгуулж, 2006 онд албан ёсоор “М*******” ХХК гэх аж ахуйн нэгж байгуулагдсан ч 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 дугаартай албан бичгээр тухайн газрыг эзэмших хүсэлтийг Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд анх удаа гаргасан байна. Гэтэл М******* зохион байгуулалттай нөхөрлөлийн эзэн Ц.Э******* нь анх 2005 оноос сүү цагаан идээ, газар тариалан эрхлэх чиглэлээр 2,5 га газрыг Т.Б*******тай хамтран амьдарч байхдаа дээрх маргаан бүхий газрыг

эзэмшиж байсан хэдий ч 2012 оны газрын төлбөр төлөөгүй гэх үндэслэлээр 2013 он 6 дугаар сарын 14-ний өдөр газар эзэмших зөвшөөрлөө цуцлуулсан. 2013 оны 10  дугаар сарын 07-ны өдрийн 21 дугаартай албан бичгээр гаргасан зөрчил дутагдлаа арилгасан тул тухайн газраа дахин эзэмших хүсэлтийг гаргасан. Энэхүү хүсэлтийг хүлээн авч урьд нь эзэмшиж байсан газрыг дахин  эзэмшүүлэхээр шийдвэрлэсэн ч “М*******” зохион байгуулалттай нөхөрлөлийн эзэн Ц.Э******* нөхөр Т.Б*******тай хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй гэсэн тайлбар гаргасан учир энэхүү “М*******” ЗБН, “М*******” ХХК-д хамтран эзэмшүүлэхээр 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар газар эзэмших эрх шинээр олгосон байна. Тухайн газрыг эзэмших хүсэлтийг анх Ц.Э******* гаргасан учир газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3 дахь заалтад заасны дагуу газар эзэмшүүлэх эрх хамжаа нь дүүргийн Засаг даргад байна. Тухайн газрыг эзэмших эрх бүхий этгээд нөхөртэйгөө хамтран эзэмших хүсэлт гаргасан учир Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлд заасны дагуу тухайн газрыг дундаа эзэмшиж байгаа тохиолдолд газар эзэмших нэг гэрээтэй бай болно гэж заасны дагуу эзэмшигч Ц.Э*******тай гэрээ байгуулсан байна” гэжээ.

Хариуцагч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамж гарсан. Уг захирамж нь газар эзэмших эрхийг шинээр олгох тухай захирамж байсан. “М*******” ХХК-нд 1996 оноос үйл ажиллагааг явуулж байгаа гэх боловч дангаараа үйл ажиллагаа явуулаагүй гэдэг нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтаас харагдаж байгаа. Тухайн үед бол “М*******” ЗБН захирал Ц.Э*******тай хамтран амьдарч байсан. Дивизийн ашиглагдахаа больсон гүний худгийн барилгыг цооногийн худалдан авах саналыг хамт Засаг дарга дээр хүсэлт гаргасан байдаг. Уг хүсэлтийг дүүргийн Засаг дарга хүлээн авч үзээд “М*******” ЗНБ-ийн нэр дээр уг барилгыг олгохоор шийдвэрлэсэн. Шинээр газар эзэмшүүлэх гэж байгаа бол Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийг 21.5.4-т тухайн жилийн газар төлөвлөлтөд тусгагдсаны дагуу дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах талаар шийдвэрлэнэ гэж заасны дагуу уг захирамжийг гаргасан. Мөн энэ 2 хүн хамтран амьдарч байсан ба уг бизнесийг хамтран эрхэлдэг байсан учраас хамтран эзэмшүүлэхээр дээрх шийдвэр гарсан учраас хууль зөрчсөн шийдвэр биш” гэжээ.

Гуравдагч этгээд “М*******” ЗБН-ийн захирал Ц.Э*******гаас шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “М*******” ЗБН-н захирал Ц.Э******* миний бие нэхэмжлэгч “М*******” ХХК-ний шүүхэд  ирүүлсэн Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12- ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах нэхэмжлэлийн шаардлагатай танилцаад дараах тайлбаруудыг хийж байна. Ц.Э******* миний бие иргэн Т.Б*******тай 2000 оны 8 сард гэр бүл болж түүний 4 хүүхэд, миний хамтаар 2013 оны 9 сар хүртэл хамт амьдарсан. Энэ хугацаанд 2009 онд охин Мөнхбилигийг төрүүлсэн. Т.Б*******тай амьдарч эхлэх үеэсээ л сүүний бизнест хамт өдөр  шөнөгүй нойр хоолоо хасаж зүтгэсэн. Үйл ажиллагаа өргөсөж, хийх ажил ч нэмэгдэж, их ч зүйлийг бүтээлцсэн. 2005 оны 2 сарын 18 нд “ М*******” ЗБН –г байгуулж төсөл хөтөлбөрт хамрагдахаар зорьж эхэлсэн. Тухай үед компаниа анх

би байгуулсан, газар эзэмших өргөдөл хүсэлтээ гаргах тухай Т.Б*******тай ярьж зөвлөхөд тэрээр бүгдийг зөвшөөрсөн. Худаг ашиглах хүсэлтийг Т.Б******* бид хоёр Засаг даргатай биечлэн уулзаж ярилцаад зөвшилцөлд хүрсэн ба хүсэлтээ ирүүл гэсний дагуу “ М*******” ЗБН -ийн нэр дээр хүсэлт гаргаж, 2005 оны 5 сарын 27 -нд Засаг даргын зөвшөөрөл гарч, үнэлгээгээ хийлгэж, үнэлгээний мөнгийг банканд хамт очиж тушаасан юм. Үүний дараа 2005 оны 11 сарын 17-нд газар олгох тухай 402 тоот даргын захирамж гарсан. Ингэж Т.Б******* нь хамт байж бүх процессыг мэдэж байсан хирнээ “ хуурамч нотлох баримт бүрдүүлэн уг газрыг “М*******” ЗБН -ийн нэр дээр Засаг даргын захирамж гаргуулсан” хэмээн гүтгэж байна. Мөн уг хугацаанд “ М*******” ЗБН -г ямар нэгэн байдлаар үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбарыг эсэргүүцэж дараах нотлох баримт бүхий ажлуудыг жагсаав.

Үүнд :

1. 2005 оны 4 дүгээр сарын 14-нд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Даян дэлхийн Байгаль орчны сангийн төслийг хэрэгжүүлж чацарганын 170 суулгац, монсны 170 суулгац, шар хуайсны 200 гаруй суулгац тарьж, мөн тэжээлийн ургамлын зориулалтаар 0.5 га —д наранцэцэг тариалсан бөгөөд ДДБО сангаас “ Сайн” үнэлгээ авсан.

2. Монгол , Япон улсын Засгийн газрын ХХААЯЧ-наас хэрэгжүүлсэн НҮБ, Хөдөө аж ахуйн байгууллагын Хүнсний аюулгүй байдлын тусгай хөтөлбөрт “Сүүний хөтөлбөрт" хамрагдаж тухайн объект дээр хийгдсэн бүх л үйл ажиллагааг явуулсан.

3.  2007 оноос орон даяар хэрэгжиж эхэлсэн “Үдийн цай” хөтөлбөрт  хамрагдаж, Дүүргийн 95-р сургуулийн 1-5-р ангийн хүүхдийн үдийн цайнд сүү, тараг, аарц бусад сүүн бүтээгдэхүүн нийлүүлэх ажлыг 2011 оныг дуустал явуулсан.

4. 2008 онд ХХААЯ -ны Тариалан эрхлэх сангаас зарлагдсан, “Сүүний хөтөлбөр” төсөлд шалгарч 10 сая төгрөгний хөрөнгө оруулалт авч, сүүний цехдээ сүү савлах, ариутгах, хадгалах тоног төхөөрөмж авч тавьсан ба 2013 он хүртэл бүтээгдэхүүн үйлдвэрлэж савлан дүүргийн иргэдэд 3 сүү цагаан идээний дэлгүүрээр зарж борлуулж байсан.

5. “М*******” ХХК -ний татварын тайлан, санхүүгийн тайланг би 2013 оны 2 -р улирал хүртэл гаргасан.

Миний энэ хийсэн бүх ажлыг тухайн үеийн үйлдвэр үйлчилгээний мэргэжилтнүүд, татвар хяналт, сургууль цэцэрлэгийн ажилчид бүгд мэднэ, бас гэрчилнэ. Иймд Багануур дүүргийн 5-р хорооны Баруун Байдлагын Адагт байрлах 2.5 га газар нь анхнаасаа “М*******” ЗБН -н эзэмшил байсан бөгөөд 2012 онд зөрчлийн улмаас хураагдсан, ба зөрчлөө арилгасны үндсэн дээр дахин хүсэлтээ гаргасан. Тухайн үед Т.Б*******аас салсан байсан боловч хүнлэг ёсны үүднээс нэгэнт тэр бизнесийг хамтарч хийж, хамт зүтгэж явсны учир хамтран эзэмших хүсэлтийг би өөрөө гаргасан юм. Иймд хамтран эзэмших захирамжийг цуцлах шаардлагагүй гэж үзэж байна.

Газрын албаны мэргэжилтэн Бүжинлхам нь 2014 оны 5 сард Т.Б******* бид хоёрыг цуг байлгаж гэрчилгээг өгөх гэхэд Т.Б******* татгалзсан учир одоог хүртэл маргаантай байна” гэжээ.

Гуравдагч этгээд “М*******” ЗБН-ийн захирал Ц.Э*******гаас шүүхэд ирүүлсэн нэмэлт тайлбартаа: “Уг тайлбарыг Ц.Э******* би иргэн хүний хувиар гаргаж байна. Миний бие Т.Б*******тай 2000 оны 8 сард гэр бүл болж, 10 сараас БНД-ын 1-р хороо, 14-9 тоотод 6 хүүхдийн хамт /түүнээс 4 хүүхэд, би 2 хүүхэдтэй байв/ амьдарч, хамтдаа ажиллаж, хамтдаа зүтгэж, хамтдаа үр хүүхдээ өсгөж, хүмүүжүүлж 13 жил болсон. 2009 онд охин Мөнхбилигээ төрүүлж, сайн өсгөж бойжуулсан.

Манай гэр бүлийн хувьд сүүний бизнес хамтынх байсан. Учир  нь хүүхдүүд зун нь бидэнд тусалж, сүү цуглуулж, борлуулж, бараа материал зөөж чадах чинээгээрээ оролцдог байв.

2001 оны зунаас би малчдын /250-иад өрх/ сүүний тооцоог хийж, өглөг авлагыг тооцож, барааны захиалгыг хүлээж авч, үлдэгдэл тооцоог 15, 15 хоногоор бодож, захиалсан барааг нь мөнгөтэй нь малчин өрхөд хүргэж өгдөг байв. Мөн Т.Б*******тай хамт хотын борлуулалтад явна. Бас хөргөлтийн ус, цахилгаан, ажилчдын бүхий л асуудлыг зохицуулна. Төслийн захирал, мэргэжилтнүүдтэй уулзаж, ярилцах, хэлэлцэх асуудлыг хийж байсан.

Мөн 2007 оноос 2013 оны 2 дугаар улирал хүртэл “М*******” ХХК-ийн татвар болон санхүүгийн тайлан тооцоог гаргаж арын бүх л ажлыг хариуцан гүйцэтгэж байсан. Энэ хугацаандаа 3-5 төсөлт хөтөлбөрийг уг газар дээр амжилттай хэрэгжүүлсэн. Энэ мэтчилэн Т.Б*******тай амьдрах хугацаандаа энэ эдлэн газар дээр хийж бүтээсэн, барьж босгосон эд хөрөнгөнд бүхий л талаараа гар бие оролцож, хамт зүтгэж явсныг ээж аав, ах дүү, найз нөхөд хамт ажиллаж байсан ажилчид бүгд мэднэ, гэрчилнэ.

Харин салахдаа би хүүхдээсээ өөр зүйл тэр хүнээс аваагүй , гомдол хүсэлт гаргаагүй зүгээр л яваад өгсөн. Харин ч салсан хирнээ газрын эзэмших эрхээ сэргээлгэхдээ хүнлэг сэтгэл, хүн ёсны үүднээс хамт зүтгэж, амьдарч явснаа бодоод хамтран эзэмших хүсэлтийг гаргасан билээ. Гэтэл одоо Т.Б******* нь ганцаараа газар эзэмших санаа агуулж буйд харамсаж байна. Иймд газрын өмчлөх эрхээс хасагдах үндэслэл байхгүй гэж үзэж байна” гэжээ. 

Гуравдагч этгээд “М*******” ЗБН-ийн захирал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие иргэн Т.Б*******тай 2000 оны 08 сараас хойш гэр бүл бол түүний 4 хүүхэд өөрийн 2 хүүхдийн хамт Багануур дүүргийн 1 дүгээр хорооны 14 дүгээр байрны 09 тоотод амьдран суудаг байсан. Т.Б*******тай амьдарч эхлэх үеэс буюу 2001 оны зунаас сүүний бизнест хамтарч зүтгэж ирсэн. 2005 оны 02 дугаар сарын 18-ны өдөр “М*******” ЗБН-ийг албан ёсоор байгуулсан ба энэ талаар Т.Б*******т танилцуулсан. Даян дэлхийн сангаас төсөл авах тухай санал надад ирсэн ба төслийг авахын тулд компани эсвэл нөхөрлөл, өөрийн гэсэн газартай байх гэсэн шалгууртай байсан. Худаг ашиглах зөвшөөрлийн тухай дүүргийн Засаг дарга дээр бид хоёр хоёулаа орж уулзсан ба дүүргийн Засаг даргаас уг газрыг эзэмших гэж байгаа бол газартаа үнэлгээ хийлгээд худалдаж ав гэсэн. Үүний дараагаар нөхөрлөл байгуулсан учраас Үйлдвэр үйлчилгээний хэлтэст хүсэлтээ ирүүл гэсний дагуу хүсэлтээ гаргаад үүний дагуу Засаг даргын зөвшөөрөл гаргасан. Үүний үндсэн дээр 1.992.000 мянган төгрөгийг Т.Б*******ын нэр дээр банкинд 2 хувааж төлсөн байдаг. Энэ талаар Т.Б******* мэдэж байсан хирнээ хуурамч бичиг баримт үйлдэж “М*******” ХХК-ийн нэр дээр Засаг даргын захирамж гаргуулсан. 2005 оноос 2013 он хүртэл “М*******” ЗБН нь ямар ч үйл ажиллагаа явуулаагүй гэсэн тайлбар нь үндэслэлгүй байна. 2005 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр Нэгдсэн үндэсний байгууллага Даян дэлхийн байгаль орчны төслийг хэрэгжүүлээд тариалангийн 1 га газарт 170 ширхэг чацарганын суулгац, 170 орчин нэрсний суулгац гэх мэт суулгацуудыг хийсэн. 0.5 га газарт нь тэжээлийн ургамлын зориулалтаар наран цэцэг тариалсан. Уг ажлыг хийж байх үед Т.Б******* нь надтай хамт байсан. Энэ талаар мэдэхгүй байна гэдэг нь худлаа. Уг ажлын хийсний дараа Даян дэлхий Байгаль орчны сангаас төсөл сайн хэрэгжүүлсэн гэдэг үнэлгээг ч авч байсан.

Япон, Монгол улсын Засгийн газар болон Хүнс хөдөө аж ахуйн яамнаас хэрэгжүүлсэн Хүнсний аюулгүй байдлын тусгай хөтөлбөрийг бас “М*******” ЗБН-ийн нэр дээр 2005, 2006, 2007 онуудад хэрэгжүүлсэн. 2007 оноос орон даяар хэрэгжиж эхэлсэн үдийн цай хөтөлбөрт “М*******” ЗБН хамрагдаж цех байгуулж уг цех дээр сүү болон сүү бүтээгдэхүүн тарга, сүү гэх мэтийн зүйлийг савлаж 4 жилийн турш үдийн цай хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. 2000 онд Хүнс хөдөө аж ахуйн яамны Тариалан эрэлхэх сангаас зарлагдсан сүүний хөтөлбөр төсөл шалгаруулалтад миний бичсэн төсөл шалгар ч 10 сая төгрөгний хөрөнгө оруулалт авсан. Уг мөнгөөр шаардлагатай тоног төхөөрөмжийг авч үйлдвэртэй хөрөнгө оруулалт хийсэн. Иргэн  Т.Б*******тай хамт амьдарч эхэлсэн цагаас сүүний бизнес нь бид хоёрын хамтын бизнес байсан. Компанийг байгуулснаас хойш салах хүртэлх хугацаанд компанийг тайлан тооцоо, данс, татвар санхүүгийн тайлан тооцоог хариуцаж ажиллаж ирсэн. Энэ талаар тус дүүргийн татварын хэлтэс хүмүүс мэднэ. Дээрх тайлбар нь бүгд нотлох баримттай тайлбарууд болно. Багануур дүүргийн 5 дугаар хороо, баруун баялгийн адагт байрлах 2.5 га газар нь “М*******” ЗБН-ийн эзэмшил байсан бөгөөд  2012 онд зөрчлийн улмаас хураагдсан нь үнэн. Уг зөрчлийг арилгаад дахин хүсэлтээ гаргасан. Тухайн үед би Т.Б*******аас салсан байсан хэдийн нэгэнт хамтран бизнес хүчин зүтгэж байсан хүний хувьд, хүнлэг ёсны үүднээс өөрийн хүсэлтээр хамтран эзэмших хүсэлтийг гаргасан. Тийм учраас уг хамтран эзэмших тухай захирамжийг цуцлах шаардлага байхгүй. Дээрх асуудлаар хувь хүний үүднээс тайлбар хийхэд 2000 оны зунаас эхлэн малчин өрхтэй өглөг авлагын тооцоог хийж, барааны захиалгыг хүлээн авч, үлдэгдэл тооцоог 15, 15 хоногоор бодож захиалсан барааг нь мөнгөтэй нь хамт малчин өрхөд хүлээлгэн өгдөг байсан. Мөн Т.Б*******тай хотын захиалгад явдаг байсан” гэжээ.

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч “М*******” ХХК-иас “Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргажээ.

Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжаар “Багануур дүүргийн 5 дугаар хорооны Дивизийн гарамын дэргэд сүү боловсруулах үйлдвэрийн зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар 2500 м2 газрыг “М*******” ЗБН, “М*******” ХХК-д хамтран эзэмшүүлэх”-ээр шийдвэрлэжээ. 

Нэхэмжлэгчээс “...“М*******” ХХК нь 2005 оны 5 дугаар сараас гүний худгийн барилгыг анх худалдан авснаар газар эзэмших эрх нээгдсэн, 2005 оноос одоог хүртэл маргаан бүхий газарт үйл ажиллагаа явуулж байгаа учир уг газрыг эзэмших эрхтэй харин “М*******” ЗБН-тэй хамтран эзэмших үндэслэлгүй” гэж маргажээ.

Маргаан бүхий газар буюу Багануур дүүргийн 5 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Баруун Байдлагийн адагт гүний худгийн дэргэд 2500 м2 газрыг сүү хүлээн авч боловсруулах зориулалтаар “М*******” ЗБН-д 15 жилийн хугацаатай эзэмшүүлсэн болох нь Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 402 дугаар захирамж /хх-61/, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ /хх-62-63/, газар эзэмших гэрчилгээ /хх 64/  зэргээр нотлогдож байх бөгөөд нэхэмжлэгчээс “...Ц.Э******* гэгч нь хуурамч нотлох баримт бүрдүүлэн уг газрыг “М*******” ЗБН-ийн нэр дээр Дүүргийн Засаг даргын 2005 оны 402 тоот захирамжаар эзэмшихээр болсон.” гэх тайлбар үндэслэлгүй байна. 

Түүнчлэн Багануур дүүргийн Засаг даргын 2005 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 402 дугаар захирамжаар гуравдагч этгээдэд маргаан бүхий газрыг эзэмшүүлсэнтэй өмнө нь болон өнөөдөр нэхэмжлэгч компаниас маргаагүй байгааг дурдах нь зүйтэй. 

Багануур дүүргийн Засаг даргын 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдрийн А/215 дугаар захирамж /хх-67/-аар газрын төлбөрөө гэрээнд заасан хугацаанд бүрэн төлөөгүй зөрчилтэй гэх үндэслэлээр “М*******” ЗБН-ийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгон шийдвэрлэжээ.

Мөн “М*******” ЗБН-өөс 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 21 дүгээр албан бичиг /хх-75/-ээр “өмнө гаргасан зөрчлөө арилгаж, тавьсан шаардлагыг хангасан тул газар эзэмших зөвшөөрөл хүсэх тухай” хүсэлтийг гаргажээ. Улмаар “М*******” ЗБН-ийн эзэн Ц.Э*******гаас Багануур дүүргийн Өмч, газрын харилцааны албанд хандан “...Тус 2.5 газрыг эзэмших эрхийг нөхөр Төмөрийн Б*******тай хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй. Энэ хугацаанд хамтран эзэмшиж байсан.” гэх өргөдөл /хх-74/-ийг гаргажээ.

Харин нэхэмжлэгч  “М*******” ХХК-иас Багануур дүүргийн газрын албанд 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 01 тоот албан бичгээр Баруун байдлагийн адагт газар эзэмших хүсэлт /хх-30/, 2013 оны 11 дүгээр сарын 25-нд “М*******” ХХК-ийн хөрөнгөөр маргаан бүхий газар дээр байшин барилга баригдсан тул ... газрыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх өргөдөл /хх-74/-ийг тус тус гаргажээ.

Дээрх хүсэлтүүд болон хариуцагчийн тайлбар /хх 54-55/ зэргээс дүгнэхэд  “М*******” ЗБН болон “М*******” ХХК-д маргаан бүхий газрыг дараах үндэслэлээр хамтран эзэмшүүлсэн гэдэг нь тогтоогдож байна:

-“М*******” ЗБН-ийн “зөрчлөө арилгасан тул газар эзэмших зөвшөөрөл хүссэн 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн хүсэлт”;

-түрүүлж өргөдөл гаргасан бөгөөд өмнө уг газрыг эзэмшиж байсан “М*******” ЗБН-ийн эзэн Ц.Э*******гаас “...газар эзэмших эрхийг ...Төмөрийн Б*******тай хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй. Энэ хугацаанд тус бизнесийг хамтран эрхэлж байсан.” гэх өргөдөл. 

- өмнө нь буюу  2005 оноос уг газрыг “М*******” ЗБН эзэмшиж байсан байдал;

-“М*******” ХХК-ийн “2006 оноос үйл ажиллагаа явуулж байгаа, барилга баригдсан тул газар эзэмшүүлэх”-ийг хүссэн 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн хүсэлт; 

-“М*******” ХХК-ийн “маргаан бүхий газар дээр байшин барилга баригдсан тул ... газрыг шударгаар шийдвэрлэж өгөхийг хүсье” гэх 2013 оны 11 дүгээр сарын 25-нд өргөдөл .

Гуравдагч этгээд “М*******” ЗБН нь Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “ Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасны дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрх нь газар эзэмших гэрчилгээ авсан үеэс буюу 2007 оны 4 дүгээр сарын 04-ны өдрөөс үүсч, 2013 оны 6 дугаар сарын 14-ний өдөр гэрээнд заасан үүргээ биелүүлээгүй үндэслэлээр уг газар эзэмших эрх нь дуусгавар болжээ. Улмаар гуравдагч этгээд нь Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамж гарснаар маргаан бүхий газрыг “М*******” ХХК-тай хамтран эзэмшихээр шийдвэр гарсан боловч гэрээ, гэрчилгээг аваагүй байна. 

Гуравдагч этгээд “М*******” ЗБН түрүүнд нь буюу 2013 оны 10 дугаар сарын 07-ны өдөр маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасан, үүний дараа нэхэмжлэгч “М*******” ХХК нь 2013 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр мөн маргаан бүхий газрыг эзэмших хүсэлтийг гаргасан. Түрүүнд хүсэлт гаргасан этгээдээс” хамтран эзэмшихэд татгалзах зүйлгүй” гэсэн өргөдлийг ирүүлсэн, харин “М*******” ХХК-иас “газрын асуудлыг шударгаар шийдвэрлэж өгөх”-ийг хүссэн хүсэлтийг ирүүлсэн, “М*******” ЗБН нь өмнө нь уг газрыг  эзэмших гэрчилгээ, гэрээтэй байсан бөгөөд тэрээр газрын төлбөрөө төлсөн зэрэг нөхцөл байдлыг үндэслэн маргаан бүхий газрыг нэхэмжлэгч болон гуравдагч этгээд аж ахуйн нэгжүүдэд хамтран эзэмшүүлэхээр Газрын тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.5.3-д заасан өөрт хуулиар олгогдсон бүрэн эрхийн хүрээнд шийдвэрлэсэн хариуцагчийн үйлдлийг хуульд нийцээгүй гэж үзэх үндэслэлгүй байна. 

Учир нь Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасан журмын дагуу газрыг эзэмших хүсэл зориг, ашиг сонирхолтой байгаа аливаа аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар заажээ. Энэ журмын дагуу гаргасан хүсэлт нь Монгол Улсын аж ахуйн нэгж, байгууллага төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг олж авах  боломж бөгөөд тухайн газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхийг тухайн хүсэлт гаргасан аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Энэхүү журмыг хариуцагчаас зөрчөөгүй байх бөгөөд маргаан бүхий акт нь Газрын тухай хуулийн  4 дүгээр зүйлийн 4.1.3-д газар эзэмшихэд шударга ёс, тэгш байдлыг хангах төрөөс газрын талаар баримтлах зарчимд нийцээгүй гэх үндэслэлгүй байна. 

Үүний учир маргаан бүхий захиргааны актын улмаас нэхэмжлэгчийн төрийн өмчийн газрыг эзэмших эрхийг шударгаар, тэгш байдлаар олж авах эрх зөрчигдсөн гэж үзэх үндэслэлгүй байна. 

Нэхэмжлэгч “М*******” ХХК нь “маргаан бүхий газрыг гүний худгийг худалдан авсан 2005 оны үеэс ашиглаж байгаа, тухайн үед 1.992.000 төгрөгөөр гүний худаг худалдан авснаар уг газрыг эзэмших, эрх нээгдсэн”...гэж тайлбарлажээ. Гэвч Газрын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасан журмын дагуу газрыг эзэмших хүсэл зориг, ашиг сонирхолтой байгаа аливаа аж ахуйн нэгж, байгууллага газар эзэмших тухай хүсэлтээ тухайн шатны Засаг даргад гаргахаар заасан. Мөн хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлэхээ тусгажээ. Гэтэл “М*******” ХХК нь 2005 оноос 2013 оны 11 дүгээр сарын 20 хүртэлх хугацаанд маргаан бүхий газрыг эзэмших хүсэлт гаргаж байсан, хүсэлтийг шийдвэрлэж Багануур дүүргийн Засаг даргаас газар эзэмшүүлэх захирамж гарсан, газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосон талаар нотлогдоогүй бөгөөд нэхэмжлэгч тал энэ талаар маргаагүй байгаагаар энэхүү нэхэмжлэгчийн тайлбар үгүйсгэгдэж байгааг дурдах нь зүйтэй. 

Хэрэгт авагдсан үл хөдлөх хөрөнгийн албан татвар төлөгчийн гэрчилгээ, эд зүйлийн үнэлгээ, зураг, хамт ажиллаж байсан хүмүүсийн гарын үсэг, гэрээ /хх-9, 12-17, 18, 22, 26-28, 65/ нь нэхэмжлэгчийн дээр дурдсан Газрын тухай хуулийн заалтын дагуу маргаан бүхий газрыг эзэмших эрхтэй гэдгийг тогтоох үндэслэл болохгүй юм. 

Дээр дурдсан үндэслэлээр маргаан бүхий акт нь хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн газар эзэмших эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэдэг нь тогтоогдохгүй байх тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв. 

 

           3ахиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь: 

 

1. Газрын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.3, 21 дүгээр зүйлийн 21.5.3, 27 дугаар зүйлийн 27.1, 32 дугаар зүйлийн 32.1, 32.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч “М*******” ХХК-ийн  “Багануур дүүргийн Засаг даргын 2014 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн А/64 дүгээр захирамжийг хүчингүй болгуулах” гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 51 дүгээр зүйлийн 51.1, 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т заасны дагуу улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 70.200 (далан мянга хоёр зуун)  төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2-т заасны дагуу шүүхийн энэ шийдвэр танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу хэргийн оролцогчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь энэхүү шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй. 

 

 

ШҮҮГЧ                           А.САРАНГЭРЭЛ