Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 06 сарын 22 өдөр

Дугаар 481

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж, шүүгч Б.Халиун, шүүгч С.Батжаргал нарын бүрэлдэхүүнтэй,

 

Нарийн бичгийн дарга Б.Оч,

Улсын яллагч Б.Байгалмаа,

Иргэдийн төлөөлөгч Ц.Ганболд,

Шүүгдэгч Э.Алтансүх, түүний өмгөөлөгч Д.Пүрэвдорж нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

 

 Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, ирүүлсэн Э.Алтансүхэд холбогдох эрүүгийн 1811007270465 дугаартай хэргийг 2018 оны 05 сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

Монгол Улсын иргэн, Баатар овогт Эрдэнэбатын Алтансүх, 1986 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Орхон аймагт төрсөн, 32 настай, эрэгтэй, тусгай дунд  боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Дорнод аймаг Хэрлэн сумын 1 дүгээр баг, Нуур 1 дүгээр гудамж 10 тоотод бүртгэлтэй, Улаанбаатар хотод оршин суух тодорхой хаяггүй, урьд өмнө ял шийтгэгдэж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай,  /РД:ФБ86052214/

 

Шүүгдэгч Э.Алтансүх нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ согтуугаар 2018 оны 03 дугаар сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын  3-592 тоотод оршин суух хохирогч Ч.Ядамд хүч хэрэглэхээр заналхийлж заазуурыг зэвсгийн чанартай хэрэглэж Самсунг брэндийн 42 инчийн ЛСД зурагтыг дээрэмдсэн гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Алтансүх мэдүүлэхдээ: “Би цуг ажилладаг хүнийхээ гэрт очиж согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн. Нэг мэдсэн чинь зурагт барьчихсан Сүхбаатар гэдэг залуутай юм яриад зогсож байсан. Тэгээд тэр залуу зурагтыг оруулаад буцааж тавьсан. Тэр залуу заза чи их согтсон байна биеийн байцаалтаа өгчих гээд нэр, утас бичиж аваад намайг унаанд суулгаж өгсөн. Маргааш нь надруу залгаад сүртэй юм болоогүй юм чинь энэ хүнээс ирээд уучлалт гуйгаараа гэсэн. Би гайгүй юм бол очиж уулзаад яах уу гээд очоогүй. Нилээд хэдэн хоногийн дараа чамайг эрэн сурвалжилж байсан гээд Чингэлтэй дүүргийн цагдаагийн газраас хүмүүс ирж барьсан. Дараа нь хохирогчтой уулзахад уг нь сүртэй зүйл болоогүй чи заазуур авч барьсан надруу тулгаагүй надаас мөнгө нэхэхээр нь би өөрөө чамд зурагтаа өгсөн гэж хэлсэн. Тэгээд би ийм зүйл болсон гэдгийг мэдсэн. Байцаагч надаас байцаалт авахаар нь би болсон хэргийн талаар сайн санахгүй байна, тэгэхдээ ийм зүйл болсон юм байна гэдгийг хэлж гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэсэн” гэв.

 

Хохирогч Ч.Ядамын мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч болон гэрчээр өгсөн мэдүүлэг /хх-26-29, 32-33/, гэрч Ч.Сүхбаатарын мэдүүлэг /хх-34/, насанд хүрээгүй гэрч Д.Нямхандын мэдүүлэг/хх-42-44/, “Дамно” ХХК-ний 2018 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн Хөрөнгийн үнэлгээ хийсэн тайлан/хх-48-49/,  Э.Алтансүхийн гэрчээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-58/, гэрч Э.Оюунбаатарын мэдүүлэг /хх-30-31/, гэрч О.Золзаяагийн мэдүүлэг /хх-38-39/,  гэрч Б.Балжиннямын мэдүүлэг /хх-40-41/ Э.Алтансүхийн иргэний үнэмлэхний лавлагаа /хх-61/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-62/, Э.Алтансүхийн гэмт хэрэг, зөрчилд холбогдож байсан талаарх Цагдаагийн газрын АСАП сангийн мэдээлэл /хх-67-70/, хохирогчийн гомдол саналгүй талаараа бичгээр бичсэн хүсэлт /хх-83/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүгдэгч Э.Алтансүх нь согтуугаар 2018 оны 03 сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-592 тоотод оршин суух хохирогч Ч.Ядамыг “надад мөнгө өг” гэж заналхийлж гал тогооноос заазуур авч түүнд тулган Самсунг брэндийн 42 инчийн ЛСД зурагтыг авсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

 

Хохирогч Ч.Ядамаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-26/ “..2018 оны 03 сарын 08-ны орой 22 цагийн орчим гэртээ ганцаараа хэвтэж байхад гаднаас нэг танихгүй хүн орж ирэхээр нь “чи хэн бэ” гэсэн чинь тэр залуу би танай хашааг даваад ороод ирлээ танайд халуун ус байна уу гэхээр нь манайд халуун ус байхгүй байна гэсэн чинь хүйтэн ус ууя гэхээр нь хоёр шанага ус хийж өгөөд гэрээсээ гаргасан чинь дахин манай хашааг давж орж ирэхээр нь чи яах гээд байгаа хүн бэ гэсэн чинь “би танай охинд 14 хоногийн өмнө 600.000 төгрөг өгсөн” тэр мөнгөө авах гэж орж ирлээ гэж хэлэхээр нь манай охин хүнээс мөнгө авах ёс байхгүй гээд охин Нямхандаас утсаар асуусан чинь манай охин би хүнээс мөнгө аваагүй гэж хэлсэн. Тэгсэн тэр залуу манай гэрийн гал тогооны савнаас заазуур шүүрч авчаад надад тулган “чамайг ална чи надад мөнгө өг” гэхээр нь би надад мөнгө байхгүй гэсэн чинь тэгвэл зурагтыг чинь аваад явлаа гээд манай зурагтыг аваад гарсан..”гэсэн мэдүүлэг,

 

Гэрч Ч.Сүхбаатараас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-34/ “.. Би Бямбацогт, Нямханд бид гурав Ядам гуайнд яваад очсон яг Ядамын гэрийн үүдэнд 30 орчим насны залуу зурагт тэврээд гараад ирсэн юм..Би Дарханы хүн, би төөрсөн байна гэсэн ээ өөрийгөө Эрдэнэбат овогтой Алтансүх гэж танилцуулсан..” гэх мэдүүлэг,

 

Насанд хүрээгүй гэрч Д.Нямхандаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүсэн: /хх-43/ “..2018 оны 03 дугаар сарын 08-ны өдөр манай өвөө 22 цагийн үед миний утас руу залгаад нэг залуу орж ирчихээд чамайг 300.000 төгрөг зээлсэн гэж байна чи хурдан гэртээ хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би Сүхбаатар, Бямбацогт ах нар луу залгаад манай гэрт танихгүй хүн байна гэж байна. Гурвуулаа манай гэрт оччихоод ирье гээд удаагүй гэртээ очоод хашааны хаалгаа онгойлгоод орсон чинь нэг залуу манай зурагтыг барьсан гэрээс гарч ирж байсан. Тэгэхээр нь би яагаад зурагт авч явж байгаа юм гэж асуусан чинь тэр залуу юу ч хэлэхгүй байсан. Өвөөд тэр хүн гэмтэл учруулаагүй байсан. Өвөө маш их айсан байсан..” гэх мэдүүлэг,

 

Шүүгдэгч Э.Алтансүхээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-58/ “..Чингэлтэй дүүрэг, 17 дугаар хороо Зүрх-Уулын тэнд байх улаан өнгийн төмөр хашаатай айл руу ороод хашаан дотор байх гэр лүү нь орсон. Би зарим үйл явдлыг сайн санахгүй байна. Тэгээд нэг мэдсэн тухайн гэрт нэг өвөө байсан..Би тухайн өвөөгийн гэрт нь орохдоо тэр өвөөг хэл амаар доромжилж, ална шүү гэж хэлсэнээ санаж байна. Харин тэр өвөөгийн гэрт байсан заазуурыг авч тэр өвөөг ална гэж дайрсан үйлдэл хийсэнээ санахгүй байна. Тухайн үед би их хэмжээний согтолттой байсан..” гэх мэдүүлэг зэрэг мөрдөн шалгах ажиллагааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Алтансүх нь согтуугаар 2018 оны 03 сарын 08-ны орой Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Зүрх-Уулын 3-592 тоотод оршин суух хохирогч Ч.Ядамыг “надад мөнгө өг, ална шүү” гэж хүч хэрэглэхээр заналхийлж гал тогооноос заазуур авч түүнд тулган Самсунг брэндийн 42 инчийн ЛСД зурагтыг авсан талаараа мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт сайн дураар мэдүүлсэн. Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.

 

Шүүгдэгч Э.Алтансүхийн дээрх байдлаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх бөгөөд заазуурыг зэвсгийн чанартай ашиглаж үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдал болж байна. Иймд шүүгдэгч Э.Алтансүхийг зэвсгийн чанартай зүйл хэрэглэн бусдын эд хөрөнгийг хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, ял шийтгэл оногдуулах хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч Э.Алтансүх нь хэдийгээр гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлыг төлж барагдуулсан, түүний хувийн байдал зэргийг харгалзавч Эрүүгийн хуульд заасан “хорих ялаас чөлөөлөх, албадлагын арга хэмжээ хэрэглэх, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжгүй байна. Харин шүүгдэгч Э.Алтансүхийг “гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг харгалзан” Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд оногдуулах хорих ялыг хөнгөрүүлэх зүйл, заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Э.Алтансүх нь хууль бусаар авсан 42 инчийн зурагтыг хохирогч Я.Ядамд хүлээлгэн өгсөн байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохиролыг төлж барагдуулсан байна гэж үзлээ.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, бариул хэсэгт 3 ширхэг хадаастай, ажлын хэсэг нь 13 см урт, 4 см өргөнтэй 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгах, шүүгдэгч Э.Алтансүхийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 37 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох түүний бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баатар овогт Эрдэнэбатын Алтансүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т заасан зэвсгийн чанартай зүйл хэрэглэн хүч хэрэглэхээр заналхийлж бусдын эд хөрөнгийг авсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.2-т зааснаар Э.Алтансүхийг 3 /гурав/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Алтансүхэд оногдуулсан 3 жил 6 сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4. Шүүгдэгч Э.Алтансүх нь бусдад төлөх төлбөргүй, бусад эрхийг нь хязгаарлаагүй, битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурьдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Алтансүхийн шүүх хуралдаан болохоос өмнө цагдан хоригдсон 37 /гучин долоо/ хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн ногоон өнгийн бариултай, бариул хэсэгт 3 ширхэг хадаастай, ажлын хэсэг нь 13 см урт, 4 см өргөнтэй 1 ширхэг заазуурыг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Алтансүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

8. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.

 

9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

                ДАРГАЛАГЧ,

      ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                               Б.МӨНХБАЯР

                                

                                  ШҮҮГЧИД                            Б.ХАЛИУН

 

                                                                               С.БАТЖАРГАЛ