Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 12 өдөр

Дугаар 660

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, 

улсын яллагч Б.Уранчимэг,

шүүгдэгч С.Б,

хохирогч С.Байгальмаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

            Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Унзад овогт Санжмятавын Баттогтоход холбогдох эрүүгийн 1811018200730 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

У овгийн С.Б, 1991 оны 4 дүгээр сарын 26-нд Завхан аймагт төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, гагнуурчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажил байхгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү, нарын хамт Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо, Зээл 21-19 тоотод суух,

Дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны 2 дугаар шүүхийн 2014 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн 153 дугаар шийтгэх тогтоолоор, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 216 дугаар зүйлийн 216.2 дахь хэсэгт зааснаар 4 сарын хугацаагаар баривчлах ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар.

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд С.Байгальмааг зодож, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч С.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “…Үйлдсэн хэргээ мэдэж байгаа, хохирогчийг гэмтээснээ хүлээн зөвшөөрч байна. Нэмж мэдүүлэх зүйл байхгүй. Миний буруу...” гэв.

Хохирогч С.Байгальмаа нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Зун сургууль амарсан болохоор ажил төрөл олдохгүй банкны мөнгө төлөх боломжгүй болчхоод, шүүгдэгчийг хамт төлөлцье гээд хэлсэн. Тухайн үеийн маргаанаас болоод хэд хоног бие өвдөөд эмнэлгээр явсан, одоо үзүүлж харуулаад гайгүй болсон байна. Зээлээ л төлүүлмээр байна...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч С.Байгальмаа нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2017 оны 4 дүгээр сарын 27-ний өдөр Санжмятавын Б гэх хүнтэй танилцаж, бид хоёр манай гэрт хамтран амьдарч эхэлсэн, амьдарч байх хугацаандаа би 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Хаан банкнаас 5.200.000 төгрөгийн цалингийн зээл авч, хамтран амьдрагч С.Б-д 1.400.000 төгрөгөөр хуучин Верна аксент машин худалдан авч, 430.000 төгрөгөөр моторыг нь солиулж, 1.500.000 төгрөгөөр бусад сэлбэгийг нь авч нийт 3.330.300 төгрөгөөр машин босгож өгсөн. 2018 оны 5 дугаар сарын 20-ны өдрөөс хамтран амьдрагч С.Б нь архи уугаад гадуур тэнэж явах болсон бөгөөд тэр цагаас хойш гэр орондоо ирэхээ байж тусдаа амьдарч эхэлсэн юм. Тэгсэн миний ажилладаг сургууль амарч, би цалингийн зээлээ төлж чадахгүй болоод С.Б-с зээл төлөөд өг гэж хэлсэн чинь С.Б нь надад хамаагүй гэж хэлээд төлөхгүй байсан. С.Б 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр манай цалин бууна, ирж мөнгө аваарай гэж хэлсэн. Би 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр С.Б-н ажил болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд гагнуурчин хийдэг ажлыг нь хайж олоод яваад очсон юм. Тэгтэл С.Б нь намайг ажил дээр ирлээ, надад чиний цалингийн зээл хамаагүй,зайл гичий минь гэж хэлж хэл амаар доромжилж миний баруун гарыг мушгиж, түлхэж газарт унагаасан. Тэгээд л би тэр дор нь цагдаагийн хэлтэст хандсан юм...” гэжээ /хх-11-13х/.

          Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн хүний биед хийсэн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7846 дугаар  дүгнэлтэд: 

“1. С.Байгальмаа-н биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг ба нэгээс дээш удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. 

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөхгүй.” гэжээ /хх-27х/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас /хх-39х/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-37х/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан байна.

Шүүгдэгч С.Б нь 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн 12 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Нарантуул-2 худалдааны төвд урьд нь хамтран амьдарч байсан С.Байгальмаатай автомашины зээл төлөх талаар маргалдах үедээ, түүний баруун гарыг мушгиж, түлхэж унагаан  түүний биед тархи доргилт, баруун шуунд цус хуралт бүхий хөнгөн хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч С.Байгальмаагийн “...С.Б-н ажил болох Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо, Нарантуул-2 худалдааны төвд гагнуурчин хийдэг ажлыг нь хайж олоод яваад очсон юм. Тэгтэл С.Б нь намайг ажил дээр ирлээ, надад чиний цалингийн зээл хамаагүй, зайл гичий минь гэж хэл амаар доромжилж миний баруун гарыг мушгиж, түлхэж газарт унагаасан...” гэх мэдүүлэг, шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн №7846 дугаар дүгнэлт, шүүгдэгч нь шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

Иймд шүүгдэгч С.Б-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүх шүүгдэгч С.Б-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан хуульд заасан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулав. Харин шүүгдэгчид эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тайлбарлах нь зүйтэй гэж үзэв.

Хохирогч С.Байгальмаа нь баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул С.Б-н гэм буруутай үйлдлийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлсэн баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.

Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдав.   

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Унзад овгийн С.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Б-д 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулсугай.

4. Шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтгүй болохыг тус тус дурдсугай.

5. Хохирогч С.Байгальмаа нь цаашид гарах эмчилгээний зардлаа баримтаа бүрдүүлэн иргэний журмаар гэм буруутай этгээдээс нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй. 

6. Хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдсугай.   

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

8. Гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч С.Б-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Б.ХАЛИУН