Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 2025 11

 

 

 

 

 

 

 

      2025      11        10                                      2025/ДШМ/65

 

Т.Хүүхэнбаатарт холбогдох

эрүүгийн хэргийн  тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                       Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч А.Сайнтөгс даргалж, шүүгч Д.Мөнхбүрэн, шүүгч Н.Болормаа, нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд;

прокурор: А.Хулан /цахимаар/,

шүүгдэгч: Т.Хүүхэнбаатар, түүний өмгөөлөгч Д.Энхтуяа /цахимаар/,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн шүүгч Э.Болормаа даргалж, шүүгч Ц.Ариунзул, шүүгч Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй хянан хэлэлцэж, шийдвэрлэсэн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг шүүгдэгчийн гаргасан гомдолд үндэслэн, шүүгдэгч Т.Хүүхэнбаатарт холбогдох 2420001460166 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Болормаа илтгэснээр хянан хэлэлцэв.  

1.Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд: Монгол Улсын иргэн, 1985 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Дундговь аймгийн Мандалговь суманд төрсөн, эрэгтэй, 40 настай, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр 4 хүүхдүүдийн хамт Дорноговь аймгийн Өргөн сумын 4 дүгээр баг Сэнж хонгорын 8-2 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Харчу овгийн Төмөрийн Хүүхэнбаатар /РД:ЕЦ85081579/.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Т.Хүүхэнбаатар нь 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 17-19 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын гудамжны     17-0 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан гэртээ хамтран амьдрагч Ц.Хандмаа, Х.Наранхуяг нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан, хохирогч Х.Нарантуяагийн нүүрэн тус газарт гараараа цохиж толгой дээр нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, зодсоноос түүний биед тархины битүү гэмтэл учирч, гэмтлийн улмаас олон эрхтний дутагдалд орж, амь насыг хохироосон гэмт хэрэгт холбогджээ. 

3.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь Сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Т.Хүүхэнбаатарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, шилжүүлсэн эрүүгийн хэргийг анхан шатны шүүх 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцжээ.   

4.Иргэдийн төлөөлөгч Ц.Баясгалан:  “...гэм буруутай” гэж дүгнэжээ.

5.Анхан шатны шүүх: “Шүүгдэгч Харчу овогт Төмөрийн Хүүхэнбаатар /РД:ЕЦ85081579/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Төмөрийн Хүүхэнбаатарыг 10 /арав/ жил хорих ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүүхэнбаатарт оногдуулсан 10 жил хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын цагдан хоригдсон 183 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцож,

хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримт болон иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, шүүхийн зардалгүй болохыг тус тус дурдаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 511 дүгээр зүйлийн 511.3, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Т.Хүүхэнбаатараас 13,374,879 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газарт, 31,039,739 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Дорноговь аймгийн Сайншанд сумын 1 дүгээр баг, Данзанваанчигийн 8-808 тоотод оршин суух Улаантолгой овогт Хумбаагийн Наранцэцэг/РД:ЕЭ75110461/-т тус тус олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 34,831,982 төгрөгийг хасч хэрэгсэхгүй болгож,

шүүгдэгч Т.Хүүхэнбаатарт 2025 оны 02 дугаар сарын 27-ны 20225/ЦХШЗ/09 дугаартай шүүгчийн захирамжаар Монгол улсын хилээр гаргах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг цуцалж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

6.Шүүгдэгч Т.Хүүхэнбаатар давж заалдах гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...би өөрийн түрээслэн амьдарч байгаа гэртээ хань ижил үр хүүхдүүдээ болон өөрийнхөө биеийг хамгаалаад 10 жилийн ял авсанд гомдолтой байна” гэжээ.

7.Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Энхтуяа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс шүүгдэгч Хүүхэнбаатарыг хохирогчийг цохиж унаган толгой дээр нь 2-3 удаа өшиглөсөн үйлдэл нь санаатай бөгөөд энэ үйлдэл нь хохирогчийн амь хохирсонтой шалтгаант холбоотой гэж дүгнэсэн байдаг. Гэтэл болсон явдал нь шүүгдэгч, хохирогч, түүний хамтран амьдрагч нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцад Хандмаагаас “хохирогч миний хөлийг илээд байна” гэж Хүүхэнбаатарт хэлснээс болж маргаан үүсэж, харилцан зодолдсон байгаа. Үүний улмаас хохирогч Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж, хагалгаа хийлгэсэн. Эмчлэгч эмчийн тэмдэглэлд бичигдсэнээр биеийн байдал нь дунд, гэрээр эмчилгээ асаргаа хийлгэх талаар эмчээс зөвлөж эмнэлгээс гарсан байдаг. Ингээд эмчилгээ хийлгэж байх явцдаа нас барсан байдаг. Хэрэгт авагдсан баримтууд болон шүүхийн хэлэлцүүлгийн шатанд шинжлэн судлагдсан гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр амь хохирогч нь цэргийн нэгдсэн эмнэлэгт хэвтэж байхдаа биеийн байдал хүндэвтэр, ухаан санаа саруул, мэдрэлийн үйл ажиллагаа хэвийн, орон зай, цаг хугацааны баримжаа хэвийн гэсэн байдаг. Шинжээч эмчийн дүгнэлт, өвчтөний түүх нь зөрүүтэй байдлаар хэрэгт авагдсан. Шүүх хуралдааны явцад эмчлэгч эмч Ганзоригийн мэдүүлснээр хохирогч эмнэлэгт хэвтэж байх явцдаа халдвар авах магадлал өндөр байсан, лабораторийн шинжилгээгээр нянгийн үрэвсэлтэй, уушгины үрэвсэлтэй, ахар сүүл цоорсон шинжилгээний хариунууд маш өндөр үрэвслийн байдалтай гарсан. Мөн уушгины үрэвсэлт хүнд өвчтэй байхад хүчилтөрөгчөөр дэмжиж байсан гуурсыг авсантай холбоотойгоор амьсгал дутагдаж, хамар уруулын гурвалжин хөхөрч, амьсгалын замаар хүчил төрөгч хангалттай орохгүйн улсаас хүчил төрөгчийн дутагдлаар зүрх нь зогссон байдаг. Мөн эмчлэгч эмч Ганзоригийн гуурс авсан даруйд хүндрэл гарахгүй, 18 цагийн турш хүндрэл үүсээгүй гэх мэдүүлгээс амьсгалын дутагдал үүсэх нь цаг хугацааны хувьд боломжтой байсан гэдэг нь харагдаж байна. Үүнээс үзэхэд амь хохирогч нас барсан нь дан ганц шүүгдэгчийн учруулсан гэмтэлтэй холбоогүй. Өөрөөр хэлбэл хоёрдогчоор халдвар авсан, мөн амьсгал дэмжих гуурсыг авснаас үүдэн амьсгал зүрх судасны дутагдал түүнийг үхэлд хүргэсэн гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй нь амь хохирогчийн нас барсан нь дан ганц шүүгдэгчийн буруутай үйлдлээс болсон эсэхэд эргэлзээ төрүүлж байх тул дээрх хуулийн 1.15 дугаар зүйлийн 2-т заасан шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчмыг баримтлан шүүгдэгчийн хэрэгт авагдсан хувийн байдал, хохирол төлбөр тодорхой хэмжээгээр төлсөн, төлөхөө илэрхийлж байгаа зэргийг харгалзан үзэж зүйл ангийг нь хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т заасан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү гэж өмгөөлөгчийн зүгээс тайлбар гаргаж байна. Мөн анхан шатны шүүхээс хохирлыг үндэслэлтэй тогтоосон тул үүнтэй холбоотой ямар нэгэн тайлбар байхгүй байна.” гэв.

8.Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гарсан байна. Шүүгдэгч гомдол гаргах эрхийнхээ хүрээнд гомдол гаргаж байгаа ч гэсэн тухайн гомдлыг үндэслэлгүй байна гэж үзэж байна. Яагаад гэхээр хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг байдаг. Мөн гэрч Азжаргал мэдүүлэхдээ Хүүхэнбаатар нь би энийг зодчих уу гэж хэлээд зодсон гэдэг. Мөн үхсэн ч хохиролгүй гэж бичүүлж аваад зодолдсоны улмаас энэ хүнд гэмтэл учирсан нь тогтоогдож байгаа. Хоёрдугаар хавтаст хэрэгт хоёр удаагийн шинжээчийн дүгнэлт авагдсан байгаа. Энхцолмон эмчийн дүгнэлтэд хохирогч нь тархины битүү гэмтлийн улмаас нас барсан байна гэсэн байдаг. Шинжээч эмчээс мэдүүлэг авахад хагалгаа хийж байгаа нь амьдрах хугацааг уртасгаж байгаа болохоос биш амь насыг нь аврах боломжгүй байсан гэдэг. Мөн тухайн үед үзлэг хийж байсан эмч Ганзориг, Мөнгөнтуул, Гүнчин зэрэг эмч нарын мэдүүлгээр энэ хүн ямар ч ухамсарт үйлдэл хийх боломжгүй, автоматаар гар хөлийг нь хөдөлгөж байсан, цаашид амьдрах боломж байхгүй байсан. Мөн ямар нэгэн уушгины хатгалгаа хоёрдогч халдварын улмаас нас бараагүй, тархины битүү хүнд гэмтлийн улмаас нас барсан байна гэдгийг удаа дараа мэдүүлсэн байдаг. Шүүхийн хэлэлцүүлэгт Ганзориг эмчээс хүндэвтэр гэмтэл гэж бичсэн шалтгаан нөхцөлөө тайлбарласан байдаг. Ингэхдээ 20 гаруй өвчтөнтэй харилцдаг, нэг хүний өвчний түүхийг хуулж тавихдаа тухайн мэдээллийг засахгүйгээр явсны улмаас хүндэвтэр гэж бичигдсэн байна. Энэ нь миний буруу, ажилдаа хариуцлагагүй хандсан байна гэдгээ удаа дараа мэдүүлсэн. Тэгэхээр хэрэгт авагдсан гэрч Азжаргал, Тамир, Батчулуун, Ариунжаргал, Гүнчин, Энхцолмон, Ганзориг, Сонгинотуул, Гүн-Оргил нарын мэдүүлэг, өвчтөний түүх, цогцост задлан шинжилгээ хийсэн дүгнэлт, үхсэн ч гомдолгүй гэсэн бичигт хийсэн шинжилгээний дүгнэлт зэргээс харахад анхнаасаа бичиг хийлгэж аваад энэ хүнийг алах санаа зорилгыг агуулж, гэмтэл учруулж зодсоны улмаас хохирогч тархиндаа битүү гэмтэл авч, түүний амь насыг аврах боломжгүй нөхцөл байдал бий болсон гэж үзэж байгаа учраас анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

9.Прокурор А.Хулан шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Прокурорын зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль зүйн үндэслэлтэй гэж үзэж байна. Шүүгдэгчээс гаргасан гомдлыг дараах байдлаар үгүйсгэж байна. Хэрэгт авагдсан нотлох баримтууд болон гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд хууль ёсны үндэслэлтэй гарсан. Анхан шатны шүүх хуралдаанд оролцогч нарын гарсан мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг тал бүрээс нь шинжлэн судалж зохих шийдвэрийг үндэслэлтэй гаргасан. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх санал нь үндэслэлгүй. Учир нь хэрэгт авагдсан дээрх баримтуудаар амь хохирогч нь тархины хүнд гэмтэл авсан даруй ухаан алдаж, ухамсарт хөдөлгөөн хийх чадваргүй болсон, олон хоног ухаан орохгүй байснаас болон нас барсан нь тогтоогдсон тул түүний холбогдсон хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэх боломжгүй гэж дүгнэж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянан хэлэлцээд дараах үндэслэлээр шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Хэрэгт цугларч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг харьцуулж, эх сурвалжийг магадлан, хэргийн бүх ажиллагааг хянаж, үзвэл:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Г.Ганцэцэгээс шүүгдэгч Т.Хүүхэнбаатарыг 2024 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн орой 17-19 цагийн хооронд Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 3 дугаар баг, Соёмбын гудамжны 17-0 тоотод байрлах түрээслэн амьдарч байсан гэртээ хамтран амьдрагч Ц.Хандмаа, Х.Наранхуяг нарын хамт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тухайн үед үүссэн нөхцөл байдлын улмаас хоорондоо маргаж, муудалцан улмаар Х.Наранхуягийн нүүрэн тус газарт гараараа цохиж толгой дээр нь хөлөөрөө дэвсэж, зодсоноос түүний биед тархины битүү гэмтэл учруулсны улмаас амь насыг нь хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн.  

Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм бурууг хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу шүүх хуралдаанд тэгш эрхтэй оролцох эрх бүхий оролцогч нарыг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт болон шинжлэн судалсан нотлох баримтууд, шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтад үндэслэн шүүгдэгчийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлд заасан “хүнийг алах" гэмт хэргийн шинжид нийцсэн талаар үндэслэл бүхий дүгнэлт хийж улмаар гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 10 жил хорих ял оногдуулж, ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосон нь эрүүгийн хариуцлагын зорилго, хэргийн бодит байдал, шударга ёсны зарчимд нийцсэн ба Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмыг зөрчөөгүй байна.

2.Шүүгдэгч Т.Хүүхэнбаатар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн Аравдугаар бүлэгт заасан “Хүний амьд явах эрхийн эсрэг” буюу хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн болох нь шийтгэх тогтоолд дурдсан, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтаар бүрэн гүйцэд нотлогдон тогтоогджээ.

Хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, цугларсан нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчөөгүй, хэргийг мөрдөн шалгах болон шүүхээс хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

Мөн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан Шүүх шинжилгээний Ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 2778 дугаартай “...амь хохирогч Х.Наранхуягт зүүн зулай, чамархайн ясны цооног, зүүн зулай, чамархайн хуухны тах хэлбэрийн мэс заслын сорви, хоёр тал бөмбөлгийн зулайн дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх нимгэн ялтаслаг архаг цусан хураа гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл мохоо зүйлийн үйлчлэлээр үүснэ. Амь хохирогч тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ,” гэсэн дүгнэлт,

Шүүх шинжилгээний Ерөнхий газрын 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн 105 дугаар “...амь хохирогч Х.Наранхуягийн биед тухайн үед буюу 2024.06.23-ны өдөр тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, зүүн хацар ясны нумны дотогш цөмөрсөн хугарал, хамар ясны хугарал, зүүн зовхинд цус хуралт, нүдний алимны цус харвалт, зүүн чихний шарх, нүүрний зүүн талын зөөлөн эдийн няцрал, баруун 4, 5-р хавирганы хугарал гэмтэл учирчээ. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, дарах, шахах механизмаар үүснэ. Тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа нь амь насанд аюултай хүнд гэмтэл,...тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хурааны улмаас 2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Дорноговь аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс засал, гэмтлийн тасагт цусан хураа авах мэс засал хийлгэсэн байна. Амь хохирогч тархины битүү гэмтлийн улмаас хэвтрийн байдалд орж олон эрхтний дутагдлаар нас баржээ” гэх дүгнэлтүүд нь тус тус хэрэг хянан шийдвэрлэх журамд нийцсэн, Шүүх шинжилгээний тухай хуульд заасны дагуу гарсан ба эдгээр дүгнэлтийг оролцогч нарт танилцуулсан, тэдний зүгээс дүгнэлтийг зөвшөөрөхгүй, дахин шинжилгээ хийлгэх талаар хүсэлт гаргаагүй байна.

Тиймээс эдгээр шинжээчийн дүгнэлт болон гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрчийн мэдүүлэг зэрэг нотлох баримтыг шийтгэх тогтоолд үндэслэж, шүүгдэгчийн гэм бурууг тогтоож, шийдвэрлэсэн нь үндэслэлтэй, зөв болжээ.

3.Хүнийг алах гэмт хэрэг нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь нас хохирсноор төгс үйлдэгдсэнд тооцогдох бөгөөд энэ үед үхэлд шууд хүргэсэн буюу хэсэг хугацааны дараа амь хохирсон эсэх нь хэргийн зүйчлэлд нөлөөлөхгүй учиртай.

Тогтоогдсон үйл баримтын тухайд тодруулбал шүүгдэгч Т.Хүүхэнбаатар нь хамтран амьдагч Ц.Хандмаа, Х.Наранхуяг нарын хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэж, согтуурсан байхдаа Х.Наранхуягтай маргаж, муудалцан түүний нүүрэн тус газарт гараараа цохисон, газарт унагаад толгой дээр нь 2-3 удаа дэвссэнээс тархины зүүн тал бөмбөлгийн духны дэлбэнгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа бүхий амь насанд аюултай хүнд гэмтэл учруулсан ба энэ гэмтлийн улмаас хохирогч хэвтэрт орж улмаар олон эрхтний дутагдлаар нас барсан болох нь хэрэгт хуульд заасан үндэслэл, журмын дагуу бэхжүүлж цугларсан нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байх тул шийтгэх тогтоолд шүүгдэгч Т.Хүүхэнбаатарыг “хүнийг алсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэхдээ Эрүүгийн хуулийг зөв тайлбарлаж, хэрэглэжээ.

Шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын гэм буруутай үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Энэ хуулийн тусгайн ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэсэнд нийцсэн бөгөөд шүүгдэгч Т.Хүүхэнбаатарыг хохирогчийн нүүрэн тус газарт гараараа цохиж, толгой руу нь хөлөөрөө 2-3 удаа дэвсэж, өшиглөсний улмаас хохирогч тархиндаа хүнд гэмтэл авч, энэ гэмтлийн улмаас нас барсан буюу шүүгдэгч Т.Хүүхэнбаатар хохирогчийг нүүр рүү нь цохисон, толгойн тус газарт дэвсэж, өшиглөсөн гэм буруутай үйлдэл, хохирогч Х.Наранхуягийн амь нас хохирсон хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх тул шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын “...хохирогч Х.Наранхуяг намайг түрүүлж цохисон учраас өөрийн хань ижил, үр хүүхдээ, өөрийнхөө биеийг хамгаалаад 10 жил хорих ял авсанд гомдолтой” гэсэн нь үндэслэлгүй.

Хэдийгээр хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдэгдсэн бол шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх учиртай ч энэ хэрэгт хохирогчийн зүгээс тухайн гэмт хэрэг гарсан цаг хугацаанд шүүгдэгчийн эсрэг хууль бус, зүй бус үйлдэл гаргасан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Өөрөөр хэлбэл гэмт хэрэг гарсан үйл баримтаас үзэхэд хохирогч Х.Наранхуягийн зүгээс шүүгдэгч Т.Хүүхэнбаатар болон түүний хамтран амьдрагч Ц.Хандмаа нарын эсрэг чиглэсэн бие махбодын хийгээд сэтгэл санааны  эсрэг хууль бус, хүч хэрэглэсэн үйлдэл гаргаагүй, гэрч Ц.Хандмаагийн мэдүүлгээр хохирогч нь түүний нөхрийн цээж рүү нэг удаа нударсан болох нь тогтоогдож байна.

Энэхүү тогтоогдсон үйл баримтаас дүгнэхэд хохирогч Х.Наранхуягийн зүгээс эхэлж шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын цээж рүү нударснаас өөрөөр шүүгдэгч Т.Хүүхэнбаатар болон түүний гэр бүлийн гишүүний амь нас, эрүүл мэндэд аюултай хууль бус, зүй бус үйлдэл, халдлага гаргаагүй байх тул шүүгдэгчийн гэм буруутай үйлдлийг өөрийн эсхүл бусдын амь нас эрүүл мэндэд тулгарсан аюултай довтолгооноос зайлсхийж гаргасан үйлдэл, аргагүй хамгаалалт байжээ гэж үзэх үндэслэлгүй. 

Өөрөөр хэлбэл  хохирогчийн зүгээс маргаан үүссэн нөхцөл байдалд нэг л удаа  шүүгдэгчийг нударсныг шүүгдэгчид чиглэсэн зүй бус үйлдэл, халдлага гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүгдэгч Т.Хүүхэнбаатар нь хохирогчийг нүүр рүү цохих, толгойн тус газарт дэвсэж, өшиглөснөөс амь насанд нь аюултай хүнд гэмтэл учруулахаар хэмжээнд хүргэх хууль бус үйлдлийг хохирогч гаргаагүй байх буюу хохирогчийн амь насыг хохироох болсон шалтгаан нөхцөл нь хохирогчийн үйлдэлтэй холбоогүй байна.  

5.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч Ц.Баясгалангийн “Т.Хүүхэнбаатар нь Наранхуягийн амь насыг хувийн таарамжгүй, муудалцсаны улмаас хохироосон байна. Наранхуягийн амь насыг хохироосон буруутай гэж үзэж байна” гэсэн саналыг хэргийг шийдвэрлэхдээ харгалзан үзсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  35.26 дугаар зүйлийн 1, Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.7-д нийцсэн байна.

Иймд эдгээр дурдсан үндэслэлээр шүүгдэгчийн Т.Хүүхэнбаатарын  гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын шийтгэх тогтоол танилцуулснаас хойш буюу 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс эхлэн 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийг хүртэл хугацаанд цагдан хоригдсон 91 хоногийг эдлэх ялд нь оруулан тооцно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 2, 3, 39.4, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.1, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн 2025/ШЦТ/97 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Хүүхэнбаатарын 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүртэл цагдан хоригдсон 91 /ерэн нэг/ хоногийг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.

3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.