Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар     2025/ДШМ/76

 

 

 

 

 

  2025         11           28                                               2025/ДШМ/76

 

Д.Н.холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогч Э.А.,

Хохирогч Х.Н. өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Э.Намуунзул нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаярын давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч Д.Н.холбогдох 2519000170209 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын сарын 14-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:

.

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

Д.Н.нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрөөс 10-ны өдрийн шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Оргил” худалдааны төвийн орчим .......тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэснийг зөрчсөний улмаас Э.А., Х.Н. нарыг мөргөж улмаар Х.Н.н эрүүл мэндэд нь хүзүүний 3, 4, 5, 6 дугаар нугаламын аннулар фиброзын урагдал, баруун хацар ясны нум, баруун талын гайморовын хөндийн урд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, баруун нүдний гадна буланд цус хуралт, баруун сарвуунд зулгаралт, баруун хацар, шанаанд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр зэргийн хохирол учруулсан, Э.А.н эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн суга, хэвлий, зүүн хөхийг хамарсан, зүүн гуяны цус хуралт, баруун мөрний зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Д.Н.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч  Бор овогт Н. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан”, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож,

Шүүгдэгч Д.Н.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан тус хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800,000 төгрөгөөр, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н.оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял дээр мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийг  нэмж нэгтгэн нийт 1,400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,400,000 төгрөгийн торгох ялаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Н.нь оногдуулсан 1,400,000 төгрөгийн торгох ялыг 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож хорих ялаар солих болохыг сануулж,

Шүүгдэгч Д.Н.оногдуулсан торгох ялын биелэлтэд хяналт тавих үүргийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хариуцуулж,

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Н.авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1, 514 дүгээр зүйлийн 514.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Д.Н.2,050, 000 төгрөгийг гаргуулж хохирогч Э.А.т, 11,034,638 төгрөгийг гаргуулж хохирогч Х.Н.д тус тус олгож,

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн хяналтын камерын бичлэг бүхий 2 ширхэг сд-г хэрэгт хадгалж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж,

Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос 2519000170209 дугаартай хэргийн яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Н нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 09-өөс 10-ны өдөр шилжих шөнө Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Оргил худалдааны төвийн орчим ....... маркийн тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “а”, 10.14-т заасныг тус тус зөрчсөний улмаас хохирогч Х.Н.н эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч Э.А. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэж тодорхойлсон байхад шүүх прокурорын яллах дүгнэлтэд дурдагдаагүй агуулгаар холбогдсон хэргийн талаар тодорхойлж 2025 оны 07 дугаар сарын 23-ны өдрийн 176 дугаартай яллах дүгнэлтээр яллагдагч Д.Н.холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар зүйлчилж хэргийг хянан шийдвэрлүүлэхээр шүүхэд шилжүүлсэн. Тус хэргийг Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх 2025 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хянан хэлэлцээд 2025/ШЗ/664 дугаартай шүүгчийн захирамжаар шүүх хуралдааныг 60 хоногийн хугацаагаар хойшлуулж, захирамжид Д.Н.холбогдох эрүүгийн 2519000170209 дугаартай хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өөрчилж, хэрэгт яллах дүгнэлт дахин үйлдэж яллагдагчид гардуулах талаар прокурорт даалгасан. Тухайлбал шүүгдэгч Д.Н.нь машин техник ашиглан Э.А., Х.Н. нарыг мөргөж улмаар Х.Н.эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, Э.А. эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэсэн байдлаар дүгнэсэн. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэсэн заалтыг зөрчсөн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гэж харсан. Гэтэл анхан шатны шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийг зүйлчлэн шийдвэрлэж байгаа нь хууль буруу тайлбарлан хэрэглэж байна гэж үзсэн. Мөн шийтгэх тогтоолын тогтоох хэсэг шүүх хуралдаанд уншиж сонсгосон шийдвэрийн тогтоох хэсгээс зөрүүтэй байна. Өөрөөр хэлбэл тогтоох хэсгийн 3 дахь заалтад “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ял, мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,400,000 төгрөгөөр тогтоосугай” гэсэн нь шүүх хуралдаанд уншиж сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 1,600,000 төгрөгөөр тогтоосугай” гэснээс зөрүүтэй байх тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү” гэв.

6.Хохирогч Э.А.шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Миний зүгээс эмчилгээ, эд зүйлс, ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг нэхэмжилсэн ч гаргах боломжгүй гэсэн байсан. Одоо хүртэл надтай холбоо бариагүй, яаж байна гэж асуугаагүй. Ер нь гомдолтой байгаа.” гэв.

7.Хохирогч Х.Н. өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн шүүх хуралдаанд  гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх байр суурьтай оролцож байна. Анхан шатны шүүхээс хэргийн үйл баримтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэрэг биш. Харин санаатайгаар бусдын биед хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг гэж үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзсэн учраас гомдол гаргаагүй. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэг нь болгоомжгүй гэмт хэрэг буюу замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас бусдын биед гэмтэл учруулсан байхыг шаарддаг. Гэтэл Н.хувьд хохирогч А. хэлснээр хоорондоо маргалдах үйл явдал болсны дараа машиндаа суугаад буюу шүүхийн дүгнэснээр тээврийн хэрэгсэл ашиглаж хохирол, хор уршиг учруулахыг хүсээгүй ч шууд бус санаатайгаар тээврийн хэрэгслийн ухрах үйлдлийг зөв хийгээгүйн улмаас бусдын биед хүнд болон хөнгөн гэмтэл учирсан байна гэж дүгнэсэн нь хэргийн үйл баримттай тохирсон байна гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс хохирогч Н.н сэтгэцэд учирсан хор уршгийг зэрэглэлийн хамгийн өндөр хувиар буюу хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 12,99 дахин нэмэгдүүлэн 8,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь хэт нэг талыг барьсан байна, анхаарч үзнэ үү гэж гомдол гаргаж байна. Хохирогч Н.н биеийн баруун хэсэгт нэлэнхийдээ гэмтэл учирсан. Тиймээс анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэсэн саналтай байна.” гэв.  

8.Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Өмгөөлөгчийн хувьд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол үндэслэлгүй Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргүүд нь субьектив талын хувьд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгддэг. Тухайн хүн тухайн үйлдлийн улмаас нийгэмд аюултай шинжийг ухамсарлан түүнийг хүсэж, зориуд санаа зорилготойгоор үйлддэг. Гэтэл Н.н зүгээс Н., А.нарт гэмтэл учруулах санаа зорилго агуулсан байдал харагддаггүй. Анхан шатны шүүхээс гэмт хэргийн субьектив шинжийг анхаарч үзэлгүйгээр дээрх зүйл заалтуудад зааснаар гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй байна. Н.нь автомашиныг жолоодон ухрах үйлдэл хийх үед нь Н., А.А.гэж хүмүүс хаалганд цохигдон унасан үйлдэл хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогддог. Хэрэгт авагдсан Н., А., Б., Л. нарын мэдүүлгээр Н.нь зугтаж босон гүйгээд машиндаа орон жолоочийг хаалгаа нээлттэй ухрах үйлдэл хийхэд ар нь зогсож байсан хүмүүс машины хаалганд цохигдож унасны улмаас энэ хүмүүсийн биед гэмтэл учирсан нь тогтоогддог. Харин Н.зүгээс Н., А.нарыг гэмтээж, биед нь гэмтэл учруулъя гэдэг санаа зорилго агуулаагүй. ...Ухрах үйлдэл хийх үед нээлттэй байсан  машины хаалганд А. А., Н.нар цохигдсоны улмаас биед нь гэмтэл учирсан нь гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэрэг баримтуудаар тогтоогдсон байдаг. Анхан шатны шүүхээс эдгээрийг харгалзан үзэлгүйгээр миний үйлчлүүлэгч Н. гэм буруугийн санаатай хэлбэрээр бусдын биед хөнгөн болон хүндэвтэр хохирол учруулсан гэж хууль буруу тайлбарлан хэрэглэсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. ...Гэмт хэргийн шинжгүй үндэслэл байгаа учраас хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн гомдлыг гаргасан. Мөн анхан шатны шүүхээс хохирогч Н.н сэтгэцэд учирсан гэм хорын 2 дугаар зэрэглэлийн хамгийн өндөр дүн буюу 8,000,000 төгрөг гаргуулахаар шийдвэрлэсэн нь гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч, шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан үзэлгүйгээр хэт нэг талыг барьж өрөөсгөл шийдвэрийг гаргасан байна гэж үзсэн. Үүнийг давж заалдах шатны шүүхээс анхаарч үзээсэй гэж хүсэж байна. Давж заалдах гомдолдоо хохирогч, гэрч нарын мэдүүлгийг дэлгэрэнгүй тайлбарласан учраас гомдлоо дэмжиж, Н холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү гэсэн байр суурьтайгаар оролцож байна.” гэв..

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндулам, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нараас гаргасан эсэргүүцэл, давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шийдвэрийг хүчингүй болгох үндэслэл болсон.

2.Анхан шатны шүүхээр хянан хэлэлцэгдсэн баримтуудаар “ ...2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн орой шүүгдэгч Д. найзуудын хамт бааранд орчихоод явж байхад нь хохирогч Э.А таарсан, 2 дүү нь Д.Н явж байгаад нь дургүйцэж, маргааныг хохирогч Э.А.с гаргаж, улмаар Д.Н., Э.А, нар хоорондоо барьцалдаж, бие биеийнхээ үснээс зулгаасан үйлдэл гаргаж муудалцсан үедээ Д.Н,нь Э.А,зугтаах зорилгоор өөрийн ,,, маркийн автомашиныг хөдөлгөж ухрах үйлдэл хийхдээ Э.А,г, Х.Н,нарыг мөргөж улмаар Х.Н,н эрүүл мэндэд нь хүзүүний 3, 4, 5, 6 дугаар нугалмын аннулар фиброзын урагдал, баруун хацар ясны нум, баруун талын гайморовын хөндийн урд, ар ханын хугарал, баруун нүдний ухархайн доод ханын хугарал бүхий хүндэвтэр зэргийн хохирол, Э.А,н эрүүл мэндэд зүүн бугалга, зүүн суга, хэвлий, зүүн хөхийг хамарсан, зүүн гуяны цус хуралт, баруун мөрний зулгаралт бүхий хөнгөн зэргийн хохирол учруулсан” үйл баримт болсон.

3.Энэ үйл баримтад холбогдуулан прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдсэн гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг анхан шатны шүүх хянан хэлэлцээд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх хуралдааныг хойшлуулж, хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлэхийг даалгасны дагуу прокуророос яллах дүгнэлтээ өөрчилсөн, анхан шатны шүүх шүүгдэгч Д.Н,эрдэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.

4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг прокурор Ц.Цэрэндуламаас эс зөвшөөрч “ ... хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр өөрчлүүлж шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль зүйн үндэслэлгүй болсон, ... шүүгч шүүх хуралдаанд шүүгдэгчид оногдуулахаар уншсан ял нь шийтгэх тогтоолд зөрүүтэй бичигдсэн” гэсэн үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгохыг хүсч эсэргүүцэл бичсэн.

Шүүгдэгч Д..н өмгөөлөгч С.Шинэбаяраас “ ... шүүгдэгчийн үйлдэл нь болгоомжгүйгээр бусдад хөнгөн, хүндэвтэр хохирол учруулсан байхад анхан шатны шүүх санаатайгаар гэмт хэрэг үйлдсэн гэсэн нь хэргийн бодит байдалд нийцээгүй тул шүүгдэгчид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр давж заалдах гомдол гаргасан.

5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзсэн.

Учир нь: Хэрэгт прокуророос “...хохирогч Х.Н,эрүүл мэндэд хүндэвтэр, Э.А, эрүүл мэндэд хөнгөн хохирол тус тус учруулсан үйлдлийг шүүгдэгч Д.Н.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэргийг согтуурсан үедээ үйлдэж учруулсан” гэж яллах дүгнэлт үйлдэж  шүүхэд хэргийг шилжүүлснийг шүүгч хэргийг хянан хэлэлцээд хэргийн бодит байдалтай нийцээгүй дүгнэлт хийж “ ... хэргийн зүйчлэлийг Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар ял өөрчлөн сонсгох, мэдүүлэг өгөх эрхийг хангах, яллах дүгнэлтийг гардуулах ажиллагаа явуулахыг прокурорт даалгах” гэсэн шийдвэр /2хх-ийн 29х-30х/ гаргаж, прокурорын яллах дүгнэлтийг шүүх өөрчлүүлж, шүүгдэгч Д.Н,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар тус тус гэм буруутайд тооцож хэргийг шийдвэрлэсэн нь буруу болсон.

Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан шүүх хуралдааныг хойшлуулах үндэслэлд нийцэхгүй байна.

Хуульд “...шүүх хуралдааны явцад нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдлыг үндэслэн шүүгдэгчид холбогдох хэргийн зүйлчлэлийг хүндрүүлэхээр бол, эсхүл нотлох баримт цуглуулж бэхжүүлэх талаар энэ хуульд заасан журам зөрчигдсөн, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан тухай гомдлууд гарсан бол гомдлыг шийдвэрлэх зорилгоор шүүх хэргийг хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулна” гэж заасныг  шүүгч буруу тайлбарлан хэрэглэж, хуульд эдгээр  нөхцөлд нийцэхгүй үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг шүүгч зааж яллах дүгнэлтийг өөрчлүүлсэн нь буруу болсон.

Энэ алдаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.2 дугаар зүйлийн 2-д заасан шүүгч шүүхээр хянан хэлэлцэгдэж байгаа хэрэг, маргааны талаар шүүхийн шийдвэр гарахаас өмнө өөрийн байр суурийг илэрхийлэхгүй гэсэн хориглолтыг зөрчсөн байна.

Хэрэгт шүүгдэгч Д.Н,тээврийн хэрэгсэл жолоодон ухрах үйлдэл хийх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 10.14 Бусдад саад учруулахааргүй газарт, аюулгүй байдлыг хангасан нөхцөлд ухрах үйлдэл хийхийг зөвшөөрнө. Шаардлагатай тохиолдолд ухрах үйлдлийг бусдын тусламжтайгаар гүйцэтгэх бөгөөд жолооч аюулгүй байдлыг хангах үүргээс чөлөөлөгдөхгүй” гэсэн мөрдөгчийн магадлагаа /1хх -ийн 151х-153х/-г бодит байдлаар нь хянаж, дүгнэлгүй хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь мөн үндэслэлгүй болсон.

6.Давж заалдах шатны шүүхээс уг шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1.4, 39.8 дугаар зүйлийн 1.6-д тус тус зааснаар шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх шийдвэр гаргахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн  гэх үндэслэлүүдээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлд хамаарч байна.

Шүүгдэгч Д.Н.холбогдох хэргийн прокурорын яллах дүгнэлт /2хх-ийн 41х-46х/-ыг прокурорын шатанд л засах боломжтой.

Иймд эдгээр үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож хэргийг прокурорт буцаах  нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.

7.Давж заалдах шатны шүүхээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгосонтой холбогдуулж шүүгдэгч Д.Н.өмгөөлөгч С.Шинэбаяраас гаргасан “ ...хэргийг хэрэгсэхгүй болгох тухай” давж заалдсан гомдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.1, 1.3, 39.6 дугаар зүйлийн 1, 1.4, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 2025/ШЦТ/244 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Дорноговь аймгийн Прокурорын газарт буцааж, прокурор Ц.Цэрэндулам, шүүгдэгчийн өмгөөлөгч С.Шинэбаяр нарын давж заалдсан гомдлыг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

            2.Хэргийг прокурорт очтол шүүгдэгч Д.Н.урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг үргэлжлүүлсүгэй.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Д.МӨНХБҮРЭН

 

                 ШҮҮГЧИД                                        Н.БОЛОРМАА

 

                                                                         А.САЙНТӨГС