Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02275

 

 

 

 

 

2020 оны 11 сарын 11 өдөр

Дугаар 210/МА2020/02275

 

 

 

 

Н.Ц-н нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг С.Энхтөр даргалж, шүүгч Г.Даваадорж, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч Н.Ц-ын хариуцагч УБ С Э С ХХК-д холбогдуулан гаргасан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, хөлс болон алдангид 43 500 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгч Г.Энхжавхлан, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билэгжаргал нар оролцов.

 

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Цнь 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр хариуцагч ...... ХХК-тай 66/17 дугаартай тоглогчийн гэрээг байгуулан, тус клубын ахлагч болж уралдаан тэмцээнд клубын нэрийн өмнөөс оролцохоор тохиролцсон. Гэрээ байгуулах үед клуб байгуулагдаад удаагүй, шинэхэн байсан тул Монгол улсын хөл бөмбөгийн спортод төдийлөн том амжилт үзүүлж байгаагүй. Ц тус клубтэй гэрээ байгуулж, ахлагч болсноос хойш багийн тамирчдаа манлайлан, бэлтгэлээ сайн хангасны үндсэн дээр олон уралдаан тэмцээнд амжилттай оролцож, Монгол Улсын хөл бөмбөгийн спортод жинтэй байр суурь эзлэх клуб болж чадсан. 2019 онд Монголын үндэсний Хүрхрээ лигийн аварга, 2017 онд дэд аварга, 2017 онд Монголын Хөл бөмбөгийн холбооны цомын аварга, 2018 онд Монголын хөл бөмбөгийн супер цомын аварга, багийн түүхэнд анх удаа Азийн хөл бөмбөгийн холбооны цомын урьдчилсан шатанд оролцох болзолыг хангасан амжилтуудыг гаргасан.

Гэвч клубын удирдлагын зүгээс Цгэрээний хугацаанд удаа дараа хууль бус, гэрээнд заагаагүй шаардлага тавьж гэрээг цуцалж, гэрээгээр тохирсон хөлс болох орон сууцыг өгөхгүй гэх зэргээр харилцаж ирсэн. Компанийн захирал Д өөрийнх нь хамааралтай ......... ХХК, ........ ХХК зэрэг компаниудын сурталчилгаа болон өөрийнх нь цахим сүлжээнд нийтэлсэн зүйлсийг дэмжиж, бусадтай хуваалцахыг шаардах, хүсвэл гэрээнд заасан байрыг өгөхгүй, клубд тоглуулахгүй байж чадна гэх зэргээр хууль бус, хүнлэг бус байдлаар харилцах тохиолдлууд удаа дараа гаргаж байсан. Дээрх нөхцөл байдалтай холбоотойгоор гэрээг сайжруулах, тодорхой болгох тухай санал тавьж байсан боловч хүлээж авч байгаагүй. Зүй бус шаардлагуудыг нь тэвчиж байсан. Гэвч 2020 оны 1 дүгээр сарын сүүлээс эхлэн энэ байдал хүндэрч, Н.Ц-г клубээс гаргах, байр болон бусад төлбөр, хөлс өгөхгүй зэргээр дарамталж эхэлсэн. Мөн клубын дасгалжуулагчийн хүсэлтийн дагуу багийн бэлтгэлд хүн оролцуулсны төлөө багаас гар, гэрээг чинь цуцална зэргээр дарамталж, сүрдүүлсэн. Тоглогчийн гэрээний 3.5-д тамирчин нь ... зөвшөөрөлгүйгээр аливаа тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно гэж, 3.2-т тамирчин клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох үүрэгтэй гэж заасны дагуу Ц аливаа тэмцээн, уралдаанд оролцохыг зөвшөөрөхгүй байх эрх нь клубд байдаг тул клубын удирдлагын зүгээс санасан зүйлээ хийх боломжтой байсан. 6.2-т тамирчин нь гэрээний хугацаанд өөр клуб, байгууллагын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцохыг хатуу хориглоно гэж, 1.2-т энэхүү гэрээг байгуулснаар Монголын хөл бөмбөгийн холбоонд бүртгүүлэх бөгөөд зөвхөн клубын нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцоно гэж тус тус заасны дагуу гэрээний хугацаанд өөр клубд шилжих боломжгүй. Мөн Монголын хөл бөмбөгийн холбооны дүрмийн дагуу тамирчид клубтэй байгуулсан гэрээгээ холбоонд нь бүртгүүлдэг бөгөөд клубын гэрээ цуцлагдсан тухай Холбоонд бичгээр мэдэгдсэнээр л тамирчин өөр клубтэй гэрээ байгуулах боломжтой болдог. Клубийн удирдлагын зүгээс энэхүү давуу байдлаа ашиглан Н.Ц клубээс гар гэж мэдэгдсэн атлаа гэрээ цуцлагдсан тухай мэдэгдэл, шийдвэрийг Хөл бөмбөгийн холбоо эсхүл өөрт нь өгөлгүйгээр чамайг тоглуулахгүй байж чадна, чиний ирээдүйг ингээд дуусгана, өөр клубд тоглож чадахгүй гэх зэргээр дарамталж байсан. Үүнтэй холбоотой 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр компанийн захирал, клубийн эзэн Г.Д хандан шаардлага хүргүүлсэн. Мөн 2020 оны 2 дугаар сарын 03-ны өдрийн дотор байгуулсан гэрээг шинэчлээгүй нөхцөлд гэрээ цуцлагдсан гэж ойлгох тухайгаа мэдэгдсэн. Гэвч албан бичгээр хариу өгөөгүй, сүрдүүлж, дарамталсан хэвээр байсан. Иймд 2020 оны 2 дугаар сарын 05-ны өдөр Монголын Хөл бөмбөгийн холбоонд энэ тухай мэдэгдэж, хүсэлт гаргасан. Гэвч уг хүсэлттэй холбоотой клубын зүгээс гэрээг цуцлаагүй гэх агуулга бүхий тайлбарыг Холбоонд өгсөн тухай Холбооны 2020 оны 3 дугаар сарын 03-ны өдрийн хариу албан бичигт тусгасан байсан. 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр дахин бичгээр хандаж, клубын эзэн, компанийн захирал Г.Дд гэрээг үргэлжлүүлэхгүй, хамтран ажиллахгүй тухай удаа дараа мэдэгдсэн боловч албан ёсоор бичгээр хариу өгөөгүй тул гэрээг цуцалж байгаа талаар бичгээр баталгаажуулж өгөхийг хүссэн. Гэвч гэрээг цуцалсан тухай албан бичиг өгөхгүй байсан бөгөөд компанийн хуульч, удирдлага хамтран өөрсдийнх нь хүссэн байдлаар өргөдөл авч байж гэрээ цуцалсан тухай албан бичиг өгнө гэсэн. Ингээд өөрийн санаачилгаар гэрээг цуцалсан мэт ойлгогдох, тоглогчийн гэрээтэй холбоотой нэхэмжлэх зүйл, ямар нэгэн гомдол саналгүй гэх агуулга бүхий өргөдөл бичүүлж авсан.

Ийнхүү клубын өмнөөс тоглуулахгүй, өөр багт ч шилжихийг зөвшөөрөхгүй, цалин хөлс, байр өгөхгүй зэргээр дарамталсаар уг хүсэлтийг Н.Ц бичүүлж авсан. Уг хүсэлт нь сайн дурын үндсэн дээр, чөлөөтэй илэрхийлсэн хүсэл зориг байгаагүй. Н.Ц хувьд клубээс гарах сонирхол байгаагүй бөгөөд клубийн удирдлагын дарамт шахалт, санаачилгаар түүнийг клубээс гаргасан тул хариуцагч компани нь өөрийн санаачилгаар Н.Ц байгуулсан тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Тоглогчийн гэрээний 2.1, 2.2-т ажлын хөлс нь гэрээний турш 1 өрөө байрыг үнэ төлбөргүйгээр ашиглах буюу амьдрах, тухайн байрыг өөрийн өмчлөлдөө авах бөгөөд гэрээ дуусгавар болох үед Н.Ц нэр дээр шилжих тухай тохиролцсон бөгөөд уг орон сууц нь 60 000 000 төгрөгийн үнэтэй ..., 43а байр 18 тоот, 1 өрөө орон сууц юм. Орон сууцны үнэлгээг тухайн үед 60 000 000 төгрөг гэж танилцуулсны үндсэн дээр тоглогчийн гэрээг байгуулж байсан.

Клубын зүгээс тоглогчийн гэрээг 29 сарын дараа цуцалсан тул Н.Ц нь 29 сарын төлөгдөөгүй хөлс болох 29 000 000 төгрөгийг нэхэмжилж байна. Гэрээний нийт хугацаа 5 жил буюу 60 сар бөгөөд 60 000 000 төгрөгийн үнэтэй орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхээр тохирсон тул 1 сард 1 000 000 төгрөгийн хөлс, нийт 29 сарын 29 000 000 төгрөгийн хөлсийг нэхэмжлэгч шаардах эрхтэй. Үүнээс өөр байдлаар сар тутамд хөлс гэж авдаггүй байсан учир ажилласан хугацааны хөлсийг тооцсон. Хариуцагч тал орон сууцны үнийг 60 000 000 төгрөгөөр тооцсон нэхэмжлэлийн үндэслэлд маргаагүй учраас шүүх маргаагүй үйл баримтыг нотлохгүй гэж нэхэмжлэгч талаас гаргасан шинжээч томилуулах хүсэлтийг хангахаас татгалзсан. Гэрээний 6.1 дэх заалтыг үндэслэн 2020 оны 8 дугаар сарын 19-ний өдрийг хүртэлх алданги тооцож, шаардлагаа нэмэгдүүлсэн. 29 000 000 төгрөгийн үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүйн алдангийг нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн өдөр хүртэлх хугацаагаар тооцон үзэхэд нийт алдангийн хэмжээ нь үндсэн төлбөрийн 50 хувиас хэтэрсэн тул 14 500 000 төгрөгөөр тооцсон. Иймд ..........ХХК-ийг тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоож, 29 сарын хөлс 29 000 000 төгрөгийг алданги 14 500 000 төгрөгийн хамт хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн хариу тайлбарт: ...баг Ц 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 66/17 тоот тоглогчийн 5 жилийн хугацаатай гэрээг байгуулсан. Гэрээний хугацаа дуусахаар түүнд орон сууц өгөхөөр тохиролцсон. Тоглогчийн гэрээний 8.2-т энэхүү гэрээг зөвхөн клуб цуцлах эрхтэй бөгөөд тамирчны хүсэлтээр цуцлахгүй гэж заасан. Энэ хугацаанд ямар нэгэн мөнгөн цалин өгөхгүй талаар гэрээнд маш тодорхой тусгасан. Гэрээ байгуулагдсаны дараа Н.Ц байрандаа орсон. Тухайн байрны гэрчилгээ Г.Дын нэр дээр бүртгэлтэй, 5 жилийн гэрээний хугацаа дуусахаар түүний нэр дээр амьдарч байгаа орон сууцыг нь шилжүүлэхээр тохиролцсон. Гэтэл Н.Ц нь ...багийн ерөнхий захирал гэрээгээ зөрчсөн гэж худал мэдээлэл тараан гүтгэж, Г.Дын нэр хүндэд халдаж, цахим сүлжээнд удаа дараа худал мэдээлэл тараасан. Н.Ц нь өөр багаас томоохон санал ирээд л гарахын тулд энэхүү үйлдлийг гарган удаа дараа хүсэлт гаргаж, ...клубээс гарсан даруйдаа Эрчимд нэгдсэн. Н.Ц нь багаас гарах өргөдлийг өөрийн хүсэл зоригоор өгсөн, ямар ч дарамт шахалт байгаагүй. Хариуцагчийн зүгээс гэрээг цуцлаагүй, харин нэхэмжлэгч өөрөө гэрээг цуцалсан. Тоглогчийн гэрээнд 1 сарын хөлс нь Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Тэлмүүн хороолол, 43а байрны 18 тоот 1 өрөө орон сууц байранд үнэгүй амьдрах байсан. Орон сууцны нэг сарын хөлс нь 600 000 төгрөгийн ханштай байдаг. Үүнээс гадна гэрээнд жил бүр зохиогддог тэмцээнүүдэд амжилттай оролцсон тохиолдолд тодорхой хэмжээний урамшуулал олгохоор заасан тул 2017 онд 10 000 000 төгрөгийн урамшууллыг Цолгосон байдаг. 5 жил өнгөрсөн тохиолдолд түүний амьдарч байсан орон сууцыг өөрийнх нь өмчлөлд шилжүүлэн өгөх ёстой байсан. Орон сууцыг 60 000 000 төгрөгийн үнэлгээтэй талаарх баримт хэрэгт авагдаагүй. Нэхэмжлэгч байр шаардаагүй учир байрны үнийг тогтоох талаар хүсэлт гаргаагүй. Бидний хувьд цалин хөлсийг өгдөг журмаар өгсөн. Гэрээний хөлс нь орон сууцанд үнэгүй сууснаар төлөгдсөн тул орон сууцны үнээр тооцож хөлс шаардаж байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Мөн алданги шаардах эрхгүй тул нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ. 

Шүүх:   Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1, 360 дугаар зүйлийн 360.1, 367 дугаар зүйлийн 367.1-д заасныг тус тус баримтлан ...Эф Си ХХК-аас 29 000 000 төгрөгийг гаргуулж Н.Цд олгож, Н.Цын нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 14 500 000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 603 600 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагчаас 302 950 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож шийдвэрлэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Дуламсүрэнгийн давж заалдах журмаар гаргасан гомдолд: Шийдвэрийг эс зөвшөөрч байна. Шүүхийн шийдвэрт нэхэмжлэгчээс орон сууцны үнийг 60 000 000 төгрөгөөр тохирсон үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын хэмжээг 29 000 000 төгрөгөөр тодорхойлсон байдалд хариуцагч тал эсэргүүцсэн тайлбар, нотолгоог гаргаагүй гэжээ. Хавтаст хэргийн материалд хариуцагч талаас шүүхэд хүргүүлсэн тайлбар, шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрсөн тайлбар зэргээс дээр дурдсан 29 000 000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрөн оролцсон нь тодорхой харагддаг. Гэтэл маргаагүй хүлээн зөвшөөрсөн мэтээр тайлбарлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Мөн шийдвэрт талууд тоглогчийн гэрээний 2.1-т Энэхүү гэрээний дагуу тамирчны хөлсөнд 1 өрөө байрыг ашиглуулах болно. 2.2-т Гэрээ дуусгавар болсоноор ...эф си ХХК нь Н.Цын нэр дээр үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэх болно. 2.3-т Жил бүр зохион байгуулагддаг Хүрхрээ Үндэсний лигт оролцож шагналт байранд орсон тохиолдолд тэргүүн байр 10 000 000 төгрөг, дэд байр 5 000 000 төгрөг, гуравдугаар байр эзэлсэн тохиолдолд 2 000 000 төгрөгийн урамшуулал олгоно гэж тохиролцсон байх ба эдгээрийг хамтад нь гэрээний хөлс гэж дээрх заалтуудад тусгасан гурван өөр нөхцлийн хамтад нь цалин хөлс гэх ойлголтыг бүрдүүлж байна гэж дүгнэжээ. Бодит байдал дээр нэхэмжлэлийн шаардлагад дурьдагдсан 1 өрөө байр нь тамирчин амжилт гаргаж гэрээний хугацаанд үүргээ бүрэн биелүүлсэн тохиолдолд олгохоор заасан ажлын хөлс бус урамшуулал юм. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Н.Ц нь хариуцагч ...Эф Си ХХК-д холбогдуулан 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, ажлын хөлс 29 000 000 төгрөг, алданги 14 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдөр 5 жилийн хугацаатай гэрээ байгуулж, нэхэмжлэгч нь клубээс олгосон зөвшөөрлийн дагуу түүний нэрийн өмнөөс аливаа тэмцээн уралдаанд оролцох, хариуцагч нь ажлын хөлсөнд 1 өрөө байр ашиглуулах, гэрээний хугацаа дуусгавар болсны дараа орон сууцны өмчлөх эрхийг нэхэмжлэгчийн нэр дээр шилжүүлэх, мөн гэрээнд заасан нөхцлөөр урамшуулал олгохоор тохиролцсон байна. /хх7-9/ Шүүх талуудын хооронд үүссэн гэрээний эрх зүйн харилцаа, гэрээ цуцлагдсан нөхцөл байдлыг зөв дүгнэсэн боловч гэрээний хөлс, түүнийг шаардах эрхийн талаарх хуулийн зохицуулалтыг буруу тайлбарласан байна.

Анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг нэхэмжлэгчийн хүсэлтэд үндэслэн хариуцагчийн гаргасан шийдвэрийн дагуу цуцлагдсан гэж үзсэн нь хэргийн 29, 78-80 дугаар талд авагдсан нэхэмжлэгчийн гэрээ цуцлах тухай бичгээр гаргасан өргөдөл, гэрч Р.Золбаярын мэдүүлэгт үндэслэгджээ.

Талуудын хооронд ажил хэргийн улмаас зөрчил үүссэн, тодруулбал, гадны хүн талбайд тоглуулсан гэх асуудал үүсч, энэ талаар хариуцагч тал нэхэмжлэгчид сануулга өгч байсан нь шүүхээс талуудын утсаар харилцсан зурваст хийгдсэн үзлэгийн тэмдэглэлээр тогтоогдсон. Тэрээр хариуцагч тал 2020 оны 02 дугаар сарын 13-ны өдрийн 06/20 дугаар тушаалаар нэхэмжлэгчид ажил үүргийн хуваарь зөрчсөн үндэслэлээр сануулах арга хэмжээ авсан нь гэрээний үүргийн зөрчил, тэдгээрийг шийдвэрлэх харилцаатай холбоотой байна. Дээрх нь хариуцагчийн шахалтаар гэрээ цуцлах үндэслэлд тооцогдохгүй, сахилгын зөрчилтэй холбоотойгоор нэхэмжлэгч гомдол гаргаж байсан баримт хэрэгт авагдаагүй байна. /хх30/

Иймд хариуцагчийн гэм буруугийн улмаас гэрээ цуцлагдсан гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

Нэхэмжлэгч 2020 оны 03 дугаар сарын 19-ний өдөр хариуцагчид .., миний бие хувийн шалтгааны улмаас ...багт тоглох боломжгүй болсон тул 2017.10.13-ны өдрийн гэрээг цуцалж өгнө үү. Орон сууцыг хүлээлгэн өгөх хүсэлтэй байна. Энэхүү байр, тоглогчтой байгуулсан гэрээтэй холбоотойгоор нэхэмжлэх зүйл болон ямар нэгэн гомдол саналгүй болно. Иймд гэрээг цуцлаж, тоглогчийн ажлаас чөлөөлж өгнө үү ... гэсэн өргөдөл гаргасан байна. /хх29/ Нэхэмжлэгч нь дээрх өргөдлийг өөрийн хүсэлтээр бичээгүй гэдэг боловч тухайн үед багийн менежерээр ажиллаж байсан, одоогоор тус компанийн гүйцэтгэх захирал ажилтай ..... ... Н.Ц багаас гарах хүсэлтийг гаргасан. Клуб бол гаргахыг хүсээгүй, гэрээний хугацаа дуусаагүй байсан учир багаас гарах хүсэлтээр гэрээг дуусгавар болгох боломжгүй байсан, үнэхээр багаас гармаар байгаа бол манайхаас гаргасан загварын дагуу хүсэлт бичээд гарч болох юм гэж хэлсэн .., гэх мэдүүлэг, мөн Р.Золбаяраас нэхэмжлэгчид клубээс гарах хүсэлтийн агуулгыг явуулсан зурваст хийсэн үзлэгийн тэмдэглэлд ... чи одоо нээрэнгээсээ ингээд гарч байна уу? үлдэх байсиймдаа Цээгий минь .., гэх бичиглэл, зэргээс үзэхэд нэхэмжлэгч гэрээ цуцлах өргөдлийг өөрийн хүсэлтээр бус хариуцагч буюу гэрээний нөгөө тал болох ...Эф Си ХХК-ийг төлөөлөх эрх бүхий этгээдийн хүсэлтийн дагуу гаргасан гэж дүгнэхэд эргэлзээтэй байна. /хх78, 79, 84/ Иргэний хуулийн 367 дугаар зүйлийн 367.1 дэх хэсэгт заасан үндэслэлээр ажиллагч нь гэрээ цуцлах хүртэл хугацааны ажлын хөлсийг шаардах эрхтэй боловч мөн хуулийн 221 дүгээр зүйлийн 221.2 дахь хэсэгт заасан гэрээ цуцлах хүндэтгэн үзэх үндэслэл нэхэмжлэгчид байсан нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдсонгүй.

Нөгөө талаар цалин хөлсний хувьд, талууд гэрээний 2.1, 2.2 дах хэсэгт ажлын хөлсөнд 1 өрөө байрыг ашиглуулна, гэрээ дуусгавар болсоноор ...Эф Си ХХК нь Н.Цын нэр дээр 1 өрөө байрны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг шилжүүлэхээр тохиролцож, хариуцагч нь нэхэмжлэгчид маргаан бүхий орон сууцны эзэмшил, ашиглалтыг гэрээ цуцлагдах хүртэл хугацаанд шилжүүлжээ. /хх11, 14/

Талууд хуулийн хүрээнд гэрээг чөлөөтэй байгуулах, түүний агуулгыг өөрсдөө тодорхойлох эрхтэй бөгөөд гэрээг тайлбарлахдаа түүний үгийн утгыг шууд анхаарах тухай Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1, 198 дугаар зүйлийн 198.1 дэх заалтаас үзэхэд хариуцагч гэрээний хугацаанд ажлын хөлсөнд 1 өрөө орон сууцаа нэхэмжлэгчид үнэ төлбөргүй эзэмшүүлж, ашиглуулахаар тохиролцсон гэж дүгнэх үндэслэлтэй байна.

Хариуцагч нь нэхэмжлэгчийн эзэмшил ашиглалтад 1 өрөө орон сууцыг шилжүүлэн өгч нэхэмжлэгчийн гэрээгээр ажилласан 29 сарын хугацааны ажлын хөлсийг төлсөн байх ба талуудын тохиролцоо, үүргийн гүйцэтгэл нь Иргэний хуулийн 360 дугаар зүйлийн 360.1, 360.2, 13 дугаар зүйлийн 13.1, 206 дугаар зүйлийн 206.1 дэх хэсэгт заасныг зөрчөөгүй байна. Иймд хариуцагчийн нэхэмжлэгчид орон сууцаа үнэ төлбөргүй эзэмшиж, ашиглуулснаар ажлын хөлс төлөгдсөн гэх тайлбарыг буруутгах боломжгүй. Гэрээгээр тогтоосон 5 жилийн хугацаанд нэхэмжлэгч тус клубын нэрийн өмнөөс тэмцээн уралдаанд оролцож тоглосон нөхцөлд уг орон сууцыг авахаар талууд тохиролцсон байх ба нэхэмжлэгч орон сууцны үнийн дүнгээс гэрээ цуцлагдсанаас хойших хугацаагаар хөлс тооцож шаардах эрх гэрээгээр үүсээгүй байна. Тодруулбал, гэрээний хугацаа дууссан тохиолдолд орон сууц олгохоор тохиролцсон нь талууд гэрээг хугацаанаас өмнө цуцалсан нөхцөлд орон сууцны үнийн дүнгээс ажлын хөлсийг тооцож олгох агуулгагүй байна.

Дээр дурдсан үндэслэлээр шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.4-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 28-ны өдрийн 181/ШШ2020/02425 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгч Н.Цын 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 66/17 дугаартай тоглогчийн гэрээг үндэслэлгүйгээр цуцалсан болохыг тогтоолгох, хөлс, алдангид 43 500 000 төгрөг гаргуулах тухай ...... ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 302 950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1-д зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө ирж гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Г.ДАВААДОРЖ

 

А.МӨНХЗУЛ