| Шүүх | Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Адилбишийн Сайнтөгс |
| Хэргийн индекс | 2319001380168 |
| Дугаар | 2025/ДШМ/78 |
| Огноо | 2025-11-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., 17.1.2.4., |
| Улсын яллагч | Д.Зуунай |
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 11 сарын 28 өдөр
Дугаар 2025/ДШМ/78
2025 11 28 2025/ДШМ/78
Б.П, М.Н, З.Тнарт
холбогдох эрүүгийн хэргийн тухай
Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Болормаа, шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд;
Прокурор: Д.Зуунай,
Шүүгдэгч Б.П, түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг
Шүүгдэгч З.Т, түүний өмгөөлөгч Ж.Жаргалсайхан,
Шүүгдэгч М.Н өмгөөлөгч С.Шинэбаяр,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч Ц.Ариунзул даргалж хийсэн шүүх хуралдааны 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, Ж.Жаргалсайхан нарын давж заалдаж гаргасан гомдолд үндэслэн шүүгдэгч Б.П, М.Н, З.Т нарт холбогдох 2319001380168 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.
1.Шүүгдэгчийн биеийн байцаалт:
1.1.Монгол Улсын иргэн, .............
1.2.Монгол Улсын иргэн, .....................
1.3.Монгол Улсын иргэн, ......................
2.Холбогдсон хэргийн товч агуулга:
2.1.Шүүгдэгч Б.П, З.Т нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 09 дүгээр сард ........... багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай, 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч “Г.” ХХК-д 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан,
2.2.Шүүгдэгч З.Т., М.Н. нар бүлэглэн М.Н. итгэмжлэн хариуцуулсан ..............багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г.” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын шоргүй жааз рам зам төмөр, харшихгүй хашихын рам зам төмөр, богино рүнк зам төмөр 4 ширхэг, жижиг хэрэгсэл ивүүр, хадаасыг завшихыг гүйцэтгэн “Г.” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
2.3. Шүүгдэгч М.Н нь З.Т.тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2022 оны 11 дүгээр сард өөрт нь итгэмжлэн хариуцуулсан ........... нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын шоргүй жааз рам зам төмөр, хашихгүй хашихын рам зам төмөр, богино рүнк зам төмөр 4 ширхэг, жижиг хэрэгсэл ивүүр, хадаасыг завшихыг гүйцэтгэн “Г” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирлыг учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Б.П, З.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, шүүгдэгч З.Т, М.Н нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1, шүүгдэгч М.Н З.Т нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч ЗТ-тэй Б.П.тай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг, М.Н.тай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Манал овогт Б.Д З.Ттай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан машин механизм ашиглан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,
Шүүгдэгч Сартуул овогт М.Н.г З.Т.тай бүлэглэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хөрөнгө завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,
Шүүгдэгч З.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял, 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар зорчих эрх хязгаарлах ял,
Шүүгдэгч Б.П.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жил хорих ял тус тус оногдуулж,
Шүүгдэгч М.Н.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгийн 2.4-т заасныг журамлан шүүгдэгч З.Т.д оногдуулсан 2 жил хорих ял дээр 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийт ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар З.Т.д оногдуулсан 2 жил 6 сарын хорих ял, Б.П.т оногдуулсан 2 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоож,
Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, тэднээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүгдэгч М.Н.т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч З.Т.т, Б.П.нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч,
Энэ хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч З.Т., Б.П. нараас гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан Fronter маркийн ........... тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 төгрөгийг хувь тэнцүүлэн тус бүрээс 2,250,000 төгрөгийг гаргуулан улсын орлогод оруулж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.
5.Шүүгдэгч Б.П.н өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Гомдлын агуулга нь П.т холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгөөч, гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй үндэслэлээр гомдол гаргасан байгаа. ...П.н хувьд би Т.г шор хулгайлж авч байна гэдгийг мэдээгүй. Урьд нь энэ хүний удирдлагад ажиллаж байсан Т.манай бригадын даргаар ажиллаж байсан, тухайн үед ачилцаад өгөөч гээд гэрийн гадаа ирээд гуйхаар нь би очсон чинь шорыг тайлчихсан байсан. Модрон гэх тэрэг шиг зүйл дээр түрээд 500 метр газар буулгаж өгчихсөн байсан. Маргааш нь би унаа аваад ирсэн чи унаан дээр тавилцаад өгөөч гэхээр нь би очоод өргөлцөөд өгсөн. Тэрийг цаашаа яаж борлуулсан энэ талаар би мэдэхгүй гэдэг.Тухайн авсан 1,000,000 төгрөгийн тухайд би 17 хоногийн дараа адуу зарж борлуулаад зээлсэн 1,000,000 төгрөгөө буцааж өгсөн талаарх дансны хуулгаа хавтаст хэргийн 156-158 дугаар хуудсанд сүүлд гаргаж өгсөн байдаг. Тэгэхээр шүүх зөвхөн яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлгийг үндэслэж П. гуайг бүлэглэж хулгай хийсэн гэж үзсэн нь үндэслэлгүй. Иймд гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр П. гуайд холбогдох үйлдэл холбогдлыг хэрэгсэхгүй болгож өгөөч гэсэн гомдол гаргасан. П. гуайн хувьд Улаанбаатар төмөр зам замын 3 дугаар ангид 2005 оноос хойш хэрэг шүүхэд шийдвэрлэгдэх хүртэл хугацаанд тасралтгүй 20 жил ажилласан. 2027 онд тэтгэвэртээ гарах гэж байсан ийм хүн байсан. Т.гэдэг хүний энэ үйлдлээс болоод өндөр насны тэтгэвэртээ гарах боломжгүй болж, ажлаасаа халагдах тушаал гарчихсан ийм нөхцөл байдалтай байгаа. Эрүүл мэндийн хувьд зүрх, элэгний өвчтэй, өчигдөр өглөө цусаар бөөлжсөн ийм нөхцөл байдал ярьж байгаа. Энэ хувийн байдлыг харгалзан үзээд хэргийг нотлох баримтын хүрээнд тал бүрээс нь хянаж үзэж шийдвэр гаргаж өгөөч гэж давж заалдах шатны шүүхээс хүсэж байна.” гэв.
6.Шүүгдэгч З.Т. өмгөөлөгч Ж.Жаргалсайхан давж заалдсан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Анхан шатны шүүхээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7-д заасан мэтгэлцээний зарчмыг хангаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т зааснаар хуулийн зүйл хэсэг, заалтыг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Хамгийн гол нь энэ зүйлчлэлийн гол шаардлага нь хулгайлах гэмт хэргийг саад учруулах, арилгах зорилгоор тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашигласан үйлдэл байхыг шаарддаг. Гэтэл Т.н хувьд төмөр замын багаж хэрэгслийг зөөх зориулалттай тийм хэрэгслийг ашигласан байдаг. ...Зөөвөрлөх техникийг ашиглаад хэргийн газраасаа тодорхой хэмжээний холдуулж явсан учраас энэ зүйлчлэлийн шаардлагад тусгайлан бэлтгэсэн, өөрөө зориулалтаар хийсэн ийм нөхцөл байдлын шаардлагыг хангах нөхцөл байдал байхгүй үгүйсгэгдэж байгаа. Улсын дээд шүүхийн 8 сарын 2-ны өдрийн 120 дугаар тогтоолын гол үндэслэл нь үйлдсэн арга, тухайн этгээдийн санаа зорилго, хэрэгжүүлэхдээ урьдаас сонгон авсан хуульд заасан тодорхой үйлдлийн хэлбэр байхыг шаардаж байгаа. Нөгөө талаас гэмт хэргүүдийг хоорондоо ялгаж зөв шийдвэрлэх гол үндэслэл нь зориулалтын дагуу ашигласан байдлыг тусгайлан бэлтгэсэн зүйл хэрэглэсэн гэж үзэхгүй болохыг заасан байдаг. ...Т.н хувьд төмөр замын тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл нь тусгайлан бэлтгэсэн зэвсэг, зэвсгийн чанартай зүйлд хамрах хууль зүйн үндэслэл байхгүй учраас энэ хуулийн зүйлчлэлийг буруу тайлбарлаж хэрэглэсэн. Мөн хулгайн гэмт хэргийн төгссөн үйлдэл, холбогдол нь эд зүйлсийг өөрийн эрх мэдэлд шилжүүлэн захиран зарцуулах бүрэн эрхийг олж авснаар төгс үйлдсэнд тооцогддог. Т.н хувьд уг хулгайн гэмт хэргийг үйлдсэнийхээ ар дээр машин механизмыг ашигласан, өөрөөр хэлбэл тодорхой хэмжээний зайнаас холдуулаад маргааш, нөгөөдөр нь өөрийнхөө ажлын байрандаа машин, техник унаж явж байгаад түүнийг ашиглаж авсан эд зүйлээ холдуулсан ийм нөхцөл байдал тогтоогддог. ...Тээврийн хэрэгсэл гэдэг ойлголтод яг зөөвөрлөсөн болох ойлголтыг шүүхээс ялгаж салгаж ойлгохгүйгээр өрөөсгөл байдал, хандлагыг орхиод хамруулсан байдаг. ...Модерн, машин механизм хоёрыг хооронд нь холиод ялгаж салгалгүйгээр нэгдмэл нэг ойлголтод хамрагдаад хүндрүүлэн үзэх нөхцөл байдалтайгаар хэргийг шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний буруу нөхцөл байдал байна. ... Улсын Дээд шүүхийн 2021 оны 679 дугаар тогтоол байдаг. Энэ 679 дугаар тогтоолд хулгайлах үйлдэл төгссөний дараа хулгайлсан эд зүйлээ тээврийн хэрэгсэл, машин механизм ашигласан гэж үзэх үндэслэл байхгүй болохыг тодорхой заасан учраас энэ улсын Дээд шүүхийн тогтоолын тайлбар заалт зөрчилдөж байна гэж үзэж байгаа. Хууль зүйн гол шаардлага нь итгэмжлэгдэн хариуцсан этгээдийг шаарддаг ийм субъектийн онцлог байдалтай холбоотой байдаг. Гэтэл Т.н хувьд” Г.” ХХК-тай ажил төрлийн уялдаа холбоо харилцаа огтхон ч тогтоогддоггүй. ...Улсын Дээд шүүхийн 2019 оны 9 сарын 30-ны өдрийн 466 дугаар тогтоолыг харьцуулан үзэх нь зүйтэй гэдгийг хэлмээр байна. Өөрөөр хэлбэл уг тогтоолд итгэмжлэгдэн хариуцсан этгээд гэж аж ахуйн нэгж, байгууллага, иргэдээс өөрийн өмчийг хариуцуулахаар тусгайлан үүрэг хүлээсэн, гэрээ хийсэн ийм хууль зүйн үндэслэл бүхий ажилтныг хэлнэ гэсэн заалттай холбоотой байгаа учраас энэхүү хуулийн заалтаар онцгойлон заагдсан субъект Т.н хувьд ямар ч хамааралгүй болохыг харьцуулан үзэж дүгнэж, энэ үндэслэлээр шийдвэрлэсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлд заасан үйлдэл холбогдлыг нь хэрэгсэхгүй болгох саналыг оруулж байгаа. Ийм хоёр үндэслэл бүхий нөхцөлөөр өмгөөлөгчийн зүгээс давж заалдсан байгаа.” гэв.
7.Шүүгдэгч Б.П. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Өмгөөлөгчийн ярьсан зүйлийг дэмжиж байна. Хулгайн хэрэгт холбогдсондоо маш их гэмшиж байна.” гэв.
8.Шүүгдэгч З.Т. давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Өмгөөлөгчийнхөө тайлбарыг дэмжиж байна.” гэв.
9.Прокурор давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбар болон дүгнэлтээ: “... Уг гэмт хэрэг нь шүүгдэгч П., Т.нар нь бүлэглэж машин механизм ашиглаж хулгайлах гэмт хэрэг үйлдсэн мөн Т. нь Н.тай бүлэглэж завших гэмт хэрэг үйлдсэн гэсэн үндэслэлээр прокурор яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа. П., Т.нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэрэгт өмгөөлөгч нараас гаргаж байгаа гомдолтой холбогдуулаад анх Н. хулгайлах гэмт хэргийг илрүүлж миний итгэмжлэн хариуцуулсан компанийн харуул хамгаалалтаар ажиллаж байх хугацаандаа шор төмрүүд алдагдсан талаар мэдээд П. болон Т.нартай утсаар ярьсан байдаг. ...Т., Н. энэ төмрүүдийг авчихсан байгаа учраас үлдэгдэл төмрүүдийг нь зарчихъя. Үлдэгдэл төмрүүдээ зараад дахиад энэ хохирлуудаа нэг мөсөн өгмөөр байна гэдэг саналыг тавьснаар Н. тухайн саналыг хүлээж авсан. ...Н., Т. нарын хувьд тээврийн хэрэгсэл ашигласан үйлдлийн хувьд ...П. руу утсаар яриад энэ шор төмрийг би авмаар байна, авах боломжтой юу гээд хоорондоо утсаар ярьж тохиролцоод Т..нь өөрийн төрсөн ах Ч. эзэмшлийн тээврийн хэрэгслийг 3 хоногийн хугацаатайгаар авч пронтер загварын тээврийн хэрэгслээр П.н гэрт нь очиж аваад тухайн тээврийн хэрэгслийг гэмт хэрэг гарсан газар буюу төмөр зам байгаа газарт хашааных нь гадна тавиад хоёулаа эд зүйлийг биеэр зөөж авч явах боломжгүй буюу саадыг арилгах зорилгоор тухайн тээврийн хэрэгслийг хашаанаас гаргаад тээврийн хэрэгсэлтэй зөөсөн нөхцөл байдал тогтоогддог. ... Т. нь тухайн төмрийг аваад асууж байгаад төмөр замын нэг хүнд 4,500,000 төгрөгөөр худалдаж, тухайн худалдсан мөнгөнөөсөө 3 хоногийн дараа П.н данс руу 1,000,000 төгрөгийг шилжүүлсэн байдаг. ... Анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй шийдвэрлэсэн гэж үзэж байна. ... “Г.” ХХК-ийн итгэмжлэн хариуцуулсан эрх бүхий албан тушаалтан буюу Н. нь жижүүр болон жолоочийн үүргийг гүйцэтгэдэг. ....Хөдөлмөрийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2-т зааснаар ажил олгогч, эсвэл түүнийг төлөөлөх эрх бүхий этгээд нь ажилд орох гэж байгаа хүнтэй түүний гүйцэтгэх ажил үүрэг, цалин хөлсний хэмжээ, хөдөлмөр эрхлэлт, бусад нөхцөлийг харилцан тохиролцох бөгөөд ажилтан ажил үүргээ гүйцэтгэж эхэлснээр хөдөлмөр эрхлэлтийн харилцаа үүснэ гэдэг. ... Шүүх хуралдаанд мэтгэлцэх зарчмаар нотлох баримтыг харилцан бие биеэ нотлох зарчмаар явагдсан учраас анхан шатны шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан байна гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна.” гэв
10.Шүүгдэгч М.Н.н өмгөөлөгч С.Шинэбаяр давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “... Тайлбар байхгүй.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Б.П.н өмгөөлөгч М.Эрдэнэчимэг, шүүгдэгч З.Т.н өмгөөлөгч Ж.Жаргалсайхан нараас гаргасан давж заалдсан гомдлуудад үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
1.Анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм бурууд нь тохируулаагүй нь шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах үндэслэл болсон.
2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч Б.П., З.Т. нар нь бүлэглэн Дорноговь аймгийн ... нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г.” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын суман шилжүүлэгчийн 6 метр урттай, 2 ширхэг шор төмрийг машин механизм ашиглан хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар хулгайлан авч “Г.” ХХК-д 4,500,000 (дөрвөн сая таван зуун мянга) төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд прокуророос хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдэхдээ автомашин ашиглаж үйлдсэн тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар,
шүүгдэгч М.Н. нь Дорноговь аймгийн .... багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах “Г.” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын харуулаар ажиллаж байхдаа шүүгдэгч З.Т.тай бүлэглэн уг төмөр замын эд анги болох шоргүй жааз рам зам төмөр, хашихын рам зам төмөр, богино рүнк зам төмөр, жижиг хэрэгсэл ивүүр, хадаас зэргийг салган авч бусдад зарж борлуулан “Г.” ХХК-д 27,000,000 төгрөгийн хохирол учруулсан тул прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.
3.Анхан шатны шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан хэлэлцээд шүүгдэгч нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, мөн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн.
4.Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг шүүгдэгч Б.П., түүний өмгөөлөгч М.Эрдэнэчимэг нарын зүгээс эс зөвшөөрч “ ... шүүгдэгч З.Т.д төмөр ачилцаж өгсөн, түүнийг хулгай хийж байгааг нь мэдээгүй, ... эхнэрээ Улаанбаатарт эмчлүүлэх гэж очихдоо Т.с 1000,000 төгрөг зээлснээ буцааж төлсөн ... зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэсэн агуулга бүхий үндэслэлээр,
шүүгдэгч З.Т.н өмгөөлөгч Ж.Жаргалсайханаас “ ...төмөр замын шор төмрийг авахдаа модроо гэх төмөр замын багаж хэрэгслийг хэрэглэж хэргийн газраас холдуулсны дараа автомашинаар тээвэрлэснийг хулгайлах гэмт хэрэгт автомашин ашигласан гэж үзэхгүй, ... М.Н.тай бүлэглэн “Г.” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын эд ангийг завшсан гэмт хэрэгт шүүгдэгч З.Т.т итгэмжлэн хариуцагч биш тул эд зүйлийг завшсан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэлгүй” гэсэн агуулга бүхий үндэслэлээр хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэхийг хүссэн тухай” агуулга бүхий үндэслэлүүдээр давж заалдсан гомдлууд гаргасан.
5.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээнд анхан шатны шүүх шүүгдэгч З.Т., Б.П. нарыг хулгайлах гэмт хэргийг бүлэглэж, автомашин ашиглаж үйлдсэн гэж, шүүгдэгч М.Н., З.Т.нарыг бусдын эд хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэж тус тус гэм буруутайд тооцсон шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцсэн гэж үзсэн.
Хэрэгт шүүгдэгч З.Т. гэрчээр болон сэжигтэн, яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 30, 114-1145/-т “ ...би 2022 оны 09 дүгээр сарын эхээр ......... байрлах “Г.ХХК-ийн эзэмшилд байдаг төмөр замын сумын шор 2 ширхэг 6 метрийн урттай төмрийг танил болох П.тай хамт очиж аваад Улаанбаатар хотоос хувиараа төмөр зам тавьдаг хүнтэй утсыг нь олж холбогдоод 2 ширхэг шор төмрөө нийт 4,500,000 төгрөгөөр зарахаар болоод Улаанбаатар хот руу замын унаанд тавьж явуулаад мөнгөө өөрийнхөө дансаар шилжүүлж авсан, энэ мөнгөнөөсөө П.д 1,000,000 төгрөгийг нь шилжүүлж өгсөн” гэж,
шүүгдэгч Б.П.н яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1хх-ийн 68х/-т “ ... над руу Т.т ... утсаар яриад төмөр замын суман шор 2 хэрэгтэй байна гэхээр нь би “... мэдэхгүй” гэхэд наад газраас чинь 2 шор авчихъя гээд хэлсэн, дараа нь бид хоёр 22 цагийн орчимд уулзаад ярихад Т. “...би шорыг тайлчихъя, тэгээд хэрэглэчихээд буцаагаад өгчихнө” гэж хэлсэн. Тэгээд бид 2 шорыг сугалж аваад Т.т унаж ирсэн цэнхэр портер машин дээр гаргаж тавьсан, ... 3 хоногийн дараа надад 1 сая төгрөгийг шилжүүлж өгснийг эхнэр Б.н дансаар авсан, би сарын дараа мөнгийг буцааж өгсөн” гэж тус тус хэргийн үйл баримтын талаар мэдүүлсэн мэдүүлгүүд,
гэрч М.Н.н “ ...алдагдсан төмөр замыг авсан хүнийг сураглаж явахад Я. гэдэг хүн ... Пүүжээ ахаас асуу ... П. гэдэг хүн манай гадуур өдөр яваад намайг байгаа, байхгүйг ажиглаад байгаа юм шиг яваад байсан гэхээр нь П.н утасны дугаарыг нь олж аваад тулгаад асуусан чинь “ ...би Улаанбаатарт байна, нэг хоноод очно, тийм юм болсон юмаа, очиж байгаад уулзаад учрыг нь хэлье, цагдаад өгөхгүй хүлээж байгаарай гэж хэлээд хоёр хоногийн дараа ирээд “ уучлаарай, муухай юм боллоо, бид нар аваад зарсан юмаа “ гэж хэлсэн, хэнтэй авсан бэ гэхэд Т. гэдэг залуутай хамт авсан гэж хэлсэн” гэсэн /1хх-ийн 22, 27-28х/ мэдүүлэг,
хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 11-17х/, хохирогч “Г.” ХХК-ийн хууль ёсны төлөөлөгч Д.Э.н мэдүүлэг /1хх-ийн 33х/, алдагдсан төмөр замын 2 ширхэг шор төмрийн үнэлгээг 4,500,000 төгрөгөөр тогтоосон “Хас үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ /1хх-ийн 36-39х/, шор төмрийг ачсан ...улсын дугаартай Frontier маркийн автомашины үнийг 4,500,000 төгрөгөөр тогтоосон шинжээчийн дүгнэлт, автомашины жолооч З.Ч.н мэдүүлэг /2хх-ийн 40-41х/, Ц.Б.н дансанд 2022 оны 09 дүгээр сарын 03-ны өдөр З.Т.с 1,000,000 төгрөг шилжиж ирсэн ХААН банкны дансны дэлгэрэнгүй хуулга /3хх-ийн 156х/, төмөр замын суман шилжүүлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /3хх-ийн 176-180х/ зэргээр шүүгдэгч З.Т., Б.П. нар нь бүлэглэн, машин механизм ашиглан хулгайлах гэмт хэргийг үйлдсэн нь тогтоогдсон ба,
шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасан “...бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан бол ... энэ гэмт хэргийг ... учрах саадыг арилгах зорилгоор ... машин механизм ашиглаж үйлдсэн бол” гэх шинжүүдэд тус тус нийцсэн,
шүүгдэгч М.Н. нь хохирогч “Г.” ХХК-ийн өмчлөлийн төмөр замын сахиулаар ажиллаж байхдаа шүүгдэгч З.Т.тай бүлэглэж итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан болох нь шүүгдэгч М.Н.н гэрчээр, яллагдагч, шүүгдэгчээр өгсөн мэдүүлэг /1хх-ийн 27-28х, 153-154х, 3хх-ийн 50х/-т “ ...алдагдсан төмөр замын шор төмрийг авсан эзнийг хайж байхдаа Пүүжээ гэж хүнээс асуу гэдгийг ... хүнээс мэдсэн, ... П.... “ уучлаарай, муухай юм боллоо, бид нар аваад зарсан юмаа “ гэж хэлсэн, хэнтэй авсан бэ гэхэд Т. гэдэг залуутай хамт авсан гэж хэлсэн, ... Т.тай уулзахад “ мөнгөний хэрэг гараад зарчихсан юм аа, болгоноо” гэж хэлээд алга болсон, ...2022 оны 11 дүгээр сард Т. өөрөө ирээд “ ...өсгөж байж олохгүй бол олдохгүй юм байна, энэ үлдэгдлийг зараад эргүүлээд бүтнээр нь олно” гэж хэлэхээр нь би “тэгээд хэдээр яаж зардаг юм” гэхэд “би мөнгөтэй хүн дагуулж ирнэ, та 45 сая гэж хэлээрэй” гээд тохироод явсан, хэд хоногийн дараа нэг танихгүй залуутай ирээд үзүүлсэн, тэгтэл нөгөө залуу нь “хэдээр өгөх юм” гэхээр нь Т.н хэлсэн үнэ 45 сая гэсэн чинь хагас дутуу, чухал юмнууд нь байхгүй байна, авахгүй, эдгээрийг 25 саяд л авбал авна” гэхээр нь “тэгвэл больё” гэсэн чинь Т.т “...25 саяар зарчихъя аа” гэхээр нь “ ...чи тэгээд тэр мөнгөөр нь бүрэн болгож чадах юм уу” гэсэн чинь “ болноо, зөвшөөрчих” гэхээр нь заръя гэж нөгөө хүнд хэлээд наймаа хийхээр тохироод салсан. Тэгээд маргаашаас нь Т.т нэг залуу дагуулж ирээд тухайн эд зүйлийг салгаж бэлдэж байгаад хэд хоногийн дараа тэвштэй болон кран машин 2-той ирээд бэлчир зам, төмрүүдийг ачаад явсан. Та одоо над руу дансаа явуулчих гэхээр нь өөрийн хүргэн Ж.н данс руу 15 сая, өөрийнхөө данс руу 10 саяыг шилжүүлж авсан, ... би хүргэндээ өртэй байсан болохоор өрөө дарах гэж 15 саяыг хүргэний данс руу шилжүүлж, өөрөө 10 саяыг нь авч хэрэглэсэн. Тэр шөнө Т.залгаад мөнгө шилжүүлээч гэхээр нь би ... маргааш нь 1 сая гаран билүү, 2 сая 8 зуун мянган төгрөг билүү сайн санахгүй байна, Т.н данс руу шилжүүлсэн ... Энхбаяр над руу надаас авсан мөнгөө буцааж өг гэхээр нь би 22,500,000 төгрөгийг шилжүүлсэн, үлдэх 2,500,000 төгрөгийг Т. төлнө ” гэсэн мэдүүлэг,
гэрч Д.Э.н “ ... 2022 оны 11 дүгээр сарын 10-ны хэдний өдөр очиж үзсэн, шор хэсэг нь байхгүй хаших зам төв нь байхгүй, шилжүүлэх механизм нь байхгүй, 1,2 дугаар татуурга нь байхгүй тал сум л очиж үзсэн. Очиж үзээд үнэ хөлс тохироогүй, ... Н. над руу ярьсан, тэгээд бид хоёр 25 саяд тохиролцоод машинаа явуулаад авсан. ...Т.т надад суман шилжүүлэгчийн ком зарах гэж байна, та үзэх үү гээд би өөрөө очиж үзсэн “ гэсэн мэдүүлэг /1хх-ийн 202х/,
Д.Н.в, М.. дансны ХААН банкны дэлгэрэнгүй хуулга /1хх -ийн 205-217х/, суман шилжүүлэгчийн комын үнэлгээг “Хас үнэлгээ” ХХК-иас 58,500,000 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /1хх-ийн 42-44х/, “Ашид билгүүн” үнэлгээний ХХК 63,468,408 төгрөгөөр үнэлсэн тухай шинжээчийн дүгнэлт /2хх-ийн 43-60х/, “Г.ХХК-ийн “...27,000,000 үнэ бүхий үнэлгээтэй хохирол бүрэн төлөгдсөн” гэсэн албан бичиг /3хх-ийн 37х/, “Г.” ХХК-ийн үндсэн хөрөнгийн дэлгэрэнгүй тайлан /1хх-ийн 56-57х/ зэргээр шүүгдэгч М.Н., З.Т. нар нь бүлэглэж хөрөнгө завших гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн болох нь тогтоогдсон.
Шүүгдэгч нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан бол” гэх шинжид нийцсэн, шүүгдэгч З.Т.н хувьд хохирогчийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд биш боловч шүүгдэгч М.Н.тай хамтран төмөр замын эд ангиудыг бусдад зарах нөхцөлийг бүрдүүлсэн нь тогтоогдож байх тул түүнийг энэ гэмт хэрэгт хамтран оролцсон гэж үзнэ.
Шүүгдэгч М.Н. нь аман хэлцлийн үндсэн дээр хохирогч “Г.” ХХК-ийн өмч болох .... багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах төмөр замын сахиулаар ажиллаж байхдаа хариуцсан эд хөрөнгийг бусдад зарсан үйлдэл гаргасан тул түүнийг прокуророос “Г.” ХХК-ийн эд хөрөнгийг итгэмжлэн хариуцсан этгээд гэж үзсэн нь үндэслэлтэй зөв болсон.
6.Шүүгдэгч нарын үйлдлийн улмаас хохирогч “Г.” ХХК-д шинжээч “Хас үнэлгээ”ХХК-ны үнэлгээгээр 58,500,000 төгрөгийн, “Ашидбилгүүн” ХХК-ны үнэлгээгээр 63,468,408 төгрөгөөр тус тус үнэлэгдсэн, үнэлгээний талаар дахин нэмэлт шинжилгээг хийлгэхээр мөрдөгчөөс “Ашид билгүүн” ХХК-д хандсныг шинжээч дүгнэлт гаргахаас татгалзсан, хохирогч тал өөрсдийн үндсэн хөрөнгийн үнэлгээгээр 27,000,000 төгрөгөөр хохирлоо тооцож төлүүлсэн /3хх-ийн 37х/, хохирол болон үнэлгээний талаар маргаан гаргаагүй тул шүүгдэгч нарыг гэмт хэргээс учирсан хохирлоо бүрэн төлсөн гэж үзнэ.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий баримтат мэдээллүүд байх ба хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар тухайн хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт, прокурор болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдсонгүй.
7.Харин анхан шатны шүүх шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч нарын гэмт хэрэгт оролцсон оролцоо, тэдний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохируулаагүй гэж үзсэн.
Учир нь: Шүүгдэгч З.Т., Б.П., М.Н. нарын үйлдсэн хулгайлах, эд хөрөнгө завших гэмт хэргүүдийн улмаас хохирогч “Г.” ХХК-ийн ............ багийн нутаг дэвсгэр, 24 дүгээр зөрлөгийн орчим байрлах нутаг дэвсгэрт 1,5 км зайд үйлдвэрийн зориулалтаар барьсан төмөр замын эд ангиуд тоногдож, эвдэрсэн, эд ангиудыг зарж ашиг хонжоо олсон нөхцөл байдал үүссэн, эдгээр гэмт хэргийн улмаас хохирогчид компанийн хөрөнгийн үнэлгээгээр 27,000,000 төгрөгийн хохирол учирсан.
Хохирогч талаас хохирлын үнэлгээг шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэг тус бүрээр нь ялгаж зааглаагүй боловч шүүгдэгч З.Т., Б.П. нар 6 метртэй 2ширхэг шор төмрийг хулгайлсан, хэрэгт авагдсан “Хас” ХХК-ийн үнэлгээгээр 4,500,000 төгрөгийн хохирол учирсан үлдэх эд ангийн хохирлыг шүүгдэгч М.Н., З.Т.н нарын үйлдэлтэй холбоотой гэж ойлгогдохоор байна.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгч М.Н. нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, учруулсан хохирлоо нөхөн төлсөн гэсэн нөхцөл байдлыг харгалзаж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлж шийдвэрлэсэн бол шүүгдэгч З.Т., Б.П. нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ огт дүгнэлт хийгээгүй нь шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлага хүлээлгэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлд заасан журамд нийцсэнгүй гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Өөрөөр хэлбэл, шүүх эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэх байсан.
Шүүгдэгч Б.П.н хувьд нэг удаагийн хулгайлах гэмт хэрэгт оролцсон, хохирол төлөгдсөн байдал зэргийг харгалзалгүйгээр шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 2 жилийн хорих ялыг оногдуулж шийдвэрлэсэн нь эрүүгийн хариуцлага тохироогүй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
Шүүгдэгч Б.П.нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хулгайлах гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлоо төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд 1 дэх хэсгийн 1.1, 1.2-д тус тус заасан шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болж байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д зааснаар ялыг хөнгөрүүлж, 1 жилийн хорих ял оногдуулах боломжтой байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх үндэслэл нь түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан “ ... хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял”-ын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах журамд нийцэж байна.
Иймд давж заалдах шатны шүүхээс шүүгдэгч Б.П.д оногдуулсан ялыг хөнгөрүүлж, өөрчлөлт оруулна.
Шүүгдэгч З.Т.т нь хулгайлах болон эд хөрөнгийг завших санаатай гэмт хэргийг тус тус үйлдсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болж байх тул анхан шатны шүүхээс шүүгдэгч З.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д зааснаар 2 жилийн хорих, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж, ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 6 сарын хугацаагаар тогтоож, нээлттэй хорих байгууллагад эдлүүлсэн нь шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдалд тохирсон гэж давж заалдах шатны үзсэн.
Шүүгдэгч М.Н. нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдэж шүүхээр шийтгүүлж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа байдал, хохирлыг төлж барагдуулсан зэрэг нөхцөл байдлууд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд нийцэж байгаа, түүний үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д заасан эд хөрөнгө завших гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч байгаа зэрэг нөхцөл байдлуудыг харгалзан анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсөн нь үндэслэлтэй байна гэж давж заалдах шатны шүүх үзсэн.
8.Анхан шатны шүүх шүүгдэгч З.Т.д хэд хэдэн гэмт хэрэгт ял оногдуулж нэмж нэгтгэхдээ хуульд заасан журмыг хэрэглээгүй тул энэ үндэслэлээр шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар шийдвэрлэсэн.
Учир нь, шүүгдэгч З.Т.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг зааснаар 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсныг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-д заасан 2 жилийн хугацаагаар хорих ялд нэмж нэгтгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцох гэх журмыг хэрэглээгүйг хэрэглэхээр өөрчлөлт оруулсан.
9.Шүүгдэгч З.Т., Б.П.в нарын хулгайн гэмт хэрэгт хамтран оролцсон үйлдлийг прокуророос бүлэглэсэн гэж үзэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.2 дугаар зүйлийн 1-д заасан “ ... гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ” гэснийг баримталсан нь хэргийн үйл баримтад нийцэхгүй ба мөн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ” гэснийг журамлах нь шүүгдэгч нарыг хулгайлах гэмт хэрэгт бүлэглэсэн гэх үйл баримтад нийцнэ давж заалдах шатны шүүх үзсэн.
10.Эдгээр үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж, шүүгдэгч нар болон тэдгээрийн өмгөөлөгч нараас гаргасан давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзсэн.
Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд дээрх үндэслэлүүдээр өөрчлөлт оруулах нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т заасан хэргийн зүйлчлэл, ялыг хүндрүүлэхгүйгээр өөрчлөлт оруулах үндэслэлд хамаарч байна.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.4, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 2025/ШЦТ/231 дугаартай шийтгэх тогтоолын 1 дүгээр заалтад “ ...3.2 дугаар зүйлийн 1” гэснийг “ Эрүүгийн хуулийн 3.1 дүгээр зүйлийн 1” гэж,
2 дугаар заалтад “ ...шүүгдэгч Б.П.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял” гэж ялыг хөнгөрүүлж,
3 дугаар заалтад “ ... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д зааснаар шүүгдэгч З.Т.д оногдуулсан 2 жилийн хорих ял, 6 сарын зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэхдээ зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногт тооцож нэмж нэгтгэн биечлэн эдлэх 2 жил 6 сарын хугацаагаар тогтоосугай” гэж найруулж,
4 дүгээр заалтад “ ... Б.П.д оногдуулсан 2 жил гэснийг 1 жилийн хорих ял” гэж тус тус өөрчлөлт оруулан, тогтоолын бусад заалтуудыг хэвээр үлдээж, шүүгдэгч, тэдгээрийн өмгөөлөгч нарын давж заалдсан гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.11 дүгээр зүйлийн 1, 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол гарснаас хойш давж заалдах шатны шүүхийн магадлал гарах хүртэл хугацаанд шүүгдэгч З.Т., Б.П. нарын цагдан хоригдсон 78 /далан найм/ хоногийг ял эдлэх хугацаанд оруулан тооцох, шүүгдэгч М.Н. авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.МӨНХБҮРЭН
ШҮҮГЧИД Н.БОЛОРМАА
А.САЙНТӨГС