Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 04 сарын 06 өдөр

Дугаар 248

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Батгэрэл даргалж,

нарийн бичгийн дарга Т.Солонго, 

улсын яллагч Ц.Майбаяр,

шүүгдэгч Б.Тнарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд хялбаршуулсан журмаар нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Чингэлтэй дүүргийн прокурорын газраас хялбаршуулсан журмаар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан, Улаан хуулар овогт Б.ын Т.т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 1811004470201 дугаартай хэргийг 2018 оны 4 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1980 оны 6 дугаар сарын 15-ны өдөр Хөвсгөл аймагт төрсөн, эрэгтэй, 38 настай, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт . тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэгдэж байгаагүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Улаанхуулар овогт Б.н Т. /РД: ./,

 

Шүүгдэгч Б.Тнь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Тнь 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит Шонхор" худалдааны төвд Ц.Баярмагнайг хутгаар хатгаж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

Хохирогч Ц.Баярмагнайн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сарын 29-нийөглөө Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах "Хүчит Шонхор" худалдааны төв дээр очсон. Төв аймгийн Лүн сумаас надад байнга үхрийн мах нийлүүлдэг Улаанаа гэх залуугийн авчирсанмахыг нь зарж борлуулах гээд машин дээрээс мах буулгаж байхад үл таних өндөр биетэй тарган 40 орчим насны согтуу залуу машины хажууд ирээд зогсож байснаа гэнэт надруу хараад чи яадаг гөлөг вэ гээд над руу дайрахаар нь би чамайг танихгүй чи яагаад байгаа юм бэ гэж хэлэхэд тэнд мах буулгаж байсан залуучууд чамайг танихгүй байхад чи яах гээд байгаа юм бэ гэж хэлээд тэр залууг явуулсан. ...Нөгөө залуу дахаид 5 минутын дараа гараа далайчихсан чамайг ална гэсээр хүрч ирээд миний нүүр рүү далайхаар нь би хойшоогоо ухрахдаа шатан дээр унасан тэгсэн тэр далайлтаараа миний баруун хөлний гуяны дотор талын доод хэсэгт хутгалаад хутгаа авсанаа дахиж намайг хутгалах гэж 3-4 удаа далайхад би хажуу тийшээ холбирч бултахдаа тэр залуутийн баруун талын хөлний шилбэний хэсэг рүү 1 удаа тийрч суулгасаныхаа дараа зугтаахад тэр залуу араас хүрч ирээд миний бөөрний хэсэгт 1 удаа хутгалсан. Тухайн үед тэр хавьд байсан хүмүүс намайг хутгалуулсаныг мэдээд намайг тэр залуугаас салгасны дараа зам дагуу явж байсан Наранхүү гэдэг залуу хүрч ирээд малгайны бүчээр миний хөлийг боож өгсөн. Би анх удаа тэр залууг зах дээр харсан, өмнө нь харж байгаагүй, бид хоёрын дунд өр авлага, өш хонзонгийн асуудал байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 18-20х/,

Гэрч Э.Дэлгэртуяагийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 1 дүгээр сарын 28-ны орой манай найз залуу Цогтжаргал Хэнтий аймгаас үхэр, хонь, ямаа, адууны махтай ирсэн юмаа. 2018 оны 01 дүгээр сарын 29-ний өглөө 07-30 цагийн үед бид 2 "Хүчит шонхор" зах орж махаа борлуулах гэж очсон юм. Тухайн үед Цогтжаргалаас мах авах гээд 40 гаран насны ах ирчихсэн байсан. Би тухайн үед махаа хараад машиныхаа хажууд зогсож байсан, Цогтжаргал махаа борлуулах гээд явсан байсан. Манай машины хажууд мах авах гээд зогсож байсан ах дээр 180 см өндөртэй махлагдуу биетэй согтуу ах ирээд тэр ахтай юм ярьж байснаа жин дээр байсан махыг унагаагаад байсан тэгсэнээ буцаж яваад дахиж 2 дахь удаагаа ирээд нөгөө ахын хажууд зогсож байгаад буцаж яваад 3 дахь удаагаа ирчихсэн зогсож байсан. Тэгсэн тэнд байсан хүмүүс хүн хутгалчихлаа гэж орилхоор нь харахад нөгөө махлагдуу биетэй согтуу ах мах худалдаж авах гэж байсан ахыг хутгалсан байхаар нь би өөрийнхөө утсаар уг ахын эхнэр рүү залгаж хэлээд дараа нь цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22х/.

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн №2076 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...Баярмагнайгийн биед нуруу, баруун гуянд шарх, баруун шилбэнд зулгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх шарх гэмтэл нь ир үзүүр бүхий зүйлийн 2 удаагийн, зулгаралт нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой байна. Дүгнэлт гаргасан шинжээч эмч Т.Номинцэцэг" гэх /хх-ийн 24х/ болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрхи нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

 

Иймд шүүгдэгч Б.Т.ыг бусдын биед хөнгөн хохирол учруулсан гэм буруутайд тооцож, түүнд ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Б.Т.сыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах прокурорын саналыг шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэхэд хуульд заасан журам зөрчигдөөгүй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчийн орлого олох боломж, өөрийнх нь саналыг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 нэг ширхэг хутга нь шүүгдэгч гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан зэвсэг, энэ хэрэгт хамааралтай баримт байх тул тогтоол хүчин төгөлдөр болмогц зохих байгууллагад нь шилжүүлж устгуулах нь зүйтэй байна.