Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 25 өдөр

Дугаар 2025/ДШМ/1319

 

 

 

 

    2025           11            25                                          2025/ДШМ/1319

 

О.Б-д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Шинэбаяр даргалж, шүүгч Н.Баасанбат, шүүгч Т.Өсөхбаяр нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор Б.У,  

шүүгдэгч О.Б, түүний өмгөөлөгч Б.Ч,   

нарийн бичгийн дарга П.Мөнхчимэг нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2115 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох ..................... дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, шүүгч Т.Өсөхбаярын илтгэснээр хянан хэлэлцэв.       

Шүүгдэгч О.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ...... дүүргийн .... дугаар хороо, “.....” төвийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-той маргалдаж, улмаар хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас: О.Б-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Б-ыг 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, ялын биелэлтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгч О.Б давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний хувьд бусдын биед халдсан үйлдэлдээ гэмшиж хохирогчийн эмчилгээнд зарцуулагдах төлбөрийг төлсний сацуу, хохирогч ямар ч гомдол саналгүй зэргийг харгалзаж 240 цагийн нийтэд тустай албадан ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар өөрчилж өгнө үү. Миний хувьд тус гэмт хэргийг үйлдсэндээ маргаагүйн зэрэгцээ бусдад төлөх төлбөргүй болно. Нийтэд тустай ажил хийхээр ажил, төрөл, амьдрал маань цалгардах гээд байгаа учраас торгох ял оногдуулж өгнө үү. …” гэв.

Шүүгдэгч О.Б-ы өмгөөлөгч Б.Ч тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүх шүүгдэгч О.Б-д холбогдох хэргийг шийдвэрлэж, түүнд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийн байдал, урьд ял шийтгэл эдэлж байсныг харгалзан ял оногдуулсан. Нэг гэмт хэрэгт нэг удаа ял шийтгэл оногдуулах зохицуулалттай. Энэ хэргийн тухайд хохирогч агсан, согтуу тавьж, зүй бус үйлдэл гаргаснаас болж хэрүүл, маргаан болсон. Анхан шатны шүүх хуралдаанд миний үйлчлүүлэгч гэм буруугаа хүлээн зөвшөөрч учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлж, тодорхой хэмжээнд хохирол төлбөрийг төлж оролцсон. Анхан шатны шүүх шүүгдэгчид 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахдаа “түүний хувийн байдлыг харгалзан үзсэн” гэж тайлбарласан. Энэ нь миний үйлчлүүлэгчийн хувийн байдлыг хэт дордуулсан гэж үзэж байна. Өөрөөр хэлбэл, урьд нь шийтгүүлсэн байдлыг харгалзаж хэргийг шийдвэрлэж байгаа нь дахин ажил хийх, хөдөлмөрлөх, ар гэрээ тэжээн тэтгэх эрх, үүргийг шууд хязгаарлаж байна. Миний үйлчлүүлэгч өнөөдрийн байдлаар бэртэж, гэмтэл авсан учир нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлэх боломжгүй байна. Тиймээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн үйлчлүүлэгчийнхээ гомдлыг дэмжиж оролцож байна. ...” гэв.

Прокурор тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч О.Б-ыг 2025 оны 4 дүгээр сарын 01-ний өдөр Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт хохирогч Б.Э-той маргалдаж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж үзэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдөр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх шүүгдэгч О.Б-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн. Шүүгдэгч урьд 2018, 2021, 2022 онуудад мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдэж, торгох ялаар шийтгүүлж байсан. Анхан шатны шүүх шүүгдэгчийн хувийг байдлыг харгалзан, эрүүгийн хариуцлагын үр нөлөө, дахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор ял оногдуулсан. Шүүх “шүүгдэгчид урьд торгох ял оногдуулж байсан нь энэ хүнд тохирохгүй байна. Тиймээс түүнд нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь зүйтэй” гэж шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байна. Улсын яллагчийн зүгээс шүүгдэгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авахаас татгалзаж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ шүүгдэгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг хангалттай шалгаж тодруулсан, хэргийн үйл баримт, гэм бурууг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.

Шүүгдэгч О.Б нь 2025 оны 4 дүгээр сарын 1-ний өдөр ..... дүүргийн .... дугаар хороо, “......” төвийн гадаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Э-той маргалдаж, улмаар хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь:

хохирогч Б.Э-ийн “...Бид хоёр үл ойлголцоод маргалдаж байх үеэр намайг мэдээгүй байхад Б гэнэт баруун гараараа миний зүүн нүд рүү нэг удаа цохисон тэгээд шууд зөрүүлээд зүүн гараараа нүүр хэсэгт хамар хавьцаа цохисон. Тэгээд би нүүрээ дараад газарт унахад миний дээрээс дэвсэж байгаад караокеноос гараад явсан. Тэгээд би араас нь гараад шатан дээр таарахад баруун зүүн гараараа дахиад миний нүүр толгой хэсэгт 2-3 удаа цохиод дэвсээд байсан. Тэр үеэр би ухаан алдсан чинь намайг заамдаад сэрээх гээд байгаа бололтой чирээд байсан. Миний биед 2 нүд хавдаад хөхөрсөн бас толгой хагарсан, цээж хэсэгт хөхөрсөн байсан харин хамар далийсан байсан шүүх эмнэлэгт үзүүлэхэд нэг яс хугарсан байна гэж хэлж байсан. ...Би сэтгэл санааны хохирол тогтоолгохгүй. ...Би эмнэлгээс тусламж үйлчилгээ аваагүй. Шүүх эмнэлэгт үзүүлсэн одоо миний биеийн байдал хэвийн байгаа. ...Би өөрийн биед учирсан гэмтэлтэй холбогдуулан гарсан эмчилгээний зардлыг О.Б-аас авсан. Надад өөр ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй. ...Бид хоёр найзууд учраас үл ойлголцож маргалдсан асуудалдаа учраа олсон. ...” /хх 22-23/,

шүүгдэгч О.Б-ы яллагдагчаар өгсөн “Яллагдагчаар татах тухай прокурорын тогтоолтой танилцсан. Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...” /хх 60-61/ тус тус мэдүүлгүүд,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн ЕГ0725/5270 дугаартай “...Б.Э-ын биед хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр гурваас доошгүй удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байна. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” дүгнэлт /хх 32-34/ зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудыг шалгаж үнэлэх байдлаар хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгч О.Б-ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцжээ.

Шүүгдэгч О.Б-ы хохирогч Б.Э-ийн нүүр рүү гараараа цохих, унасан үед нь өшиглөх зэргээр хүч хэрэглэснээс эрүүл мэндэд нь хамар ясны зөрүү багатай далд хугарал, хамрын таславчийн мурийлт, хамар, хоёр нүдний зовхи, цээжинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, духанд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгайн ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн байна.

Шүүгдэгч О.Б “...Гэмт хэрэг гарахад хохирогчийн хууль бус, зүй бус үйлдэл нөлөөлсөн, мөн хохирогчийн эмчилгээний зардлыг төлсөн, хохирогч ямар нэгэн гомдол саналгүй, бусдад төлөх төлбөргүй, миний ажил хөдөлмөр эрхлэж, гэр бүл, 3 хүүхдээ тэжээн тэтгэдэг бөгөөд үйлдсэн гэмт хэрэгтээ маш их гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Иймд 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг торгуулийн ялаар сольж өгнө үү...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

Гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээний агуулгад нийцүүлэн мөн хуулийн тусгай ангид заасан ялын төрлөөс сонгож, уг ялын хэмжээг зүй зохистой тогтоох нь Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчмыг хангахад чиглэдэг.

Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал, ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлын талаар бодитой дүгнэлт хийж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь шударга ёсны зарчимд нийцэх учиртай.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлаас гадна түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, тухайн гэмт хэргийн нийгэмд үзүүлэх нөлөөлөл, үр дагавар, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан ялын төрөл, хэмжээг сонгон ял шийтгэл оногдуулах, эсхүл ял оногдуулахгүйгээр тэнсэх, ялаас чөлөөлөх, түүнчлэн хуульд зааснаас багасгаж ял оногдуулдаг.

Анхан шатны шүүхээс шүүгдэгч О.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн хэм хэмжээг зөв баримтлан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хэргийн нийгмийн аюулын шинж чанар, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гурван төрлийн ялаас нийтэд тустай ажил хийлгэх ялыг сонгож, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсныг өөрчлөх, эсхүл буруутган дүгнэх хууль зүйн үндэслэл тогтоогдохгүй байна.

Түүнчлэн, шүүгдэгчид оногдуулсан ял шийтгэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна.” гэж заасан Эрүүгийн хуулийн шударга ёсны зарчимд нийцсэн төдийгүй мөн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, ... гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд оршино. ...” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгыг хангажээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирогчид учирсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх боловч түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал зэрэгт дүгнэлт хийхэд, түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирсон байна гэж үзлээ.

Иймд шүүгдэгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 9 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/2115 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч О.Б-ы гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

                        ДАРГАЛАГЧ,

                        ШҮҮГЧ                                                Т.ШИНЭБАЯР

                        ШҮҮГЧ                                                Н.БААСАНБАТ

                        ШҮҮГЧ                                                Т.ӨСӨХБАЯР