| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батбаярын Мөнхбаяр |
| Хэргийн индекс | 186/2018/0496/Э |
| Дугаар | 524 |
| Огноо | 2018-07-04 |
| Зүйл хэсэг | 17.2.2., |
| Улсын яллагч | Ц.Майбаяр |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 07 сарын 04 өдөр
Дугаар 524
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Мөнхбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг,
Улсын яллагч Ц.Майбаяр,
Шүүгдэгч Н.Д, Б.Б
Шүүгдэгч нарын өмгөөлөгч Н.Намжилцогт нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Н.Д, Б.Б нарт холбогдох эрүүгийн 1811 01006 0443 дугаартай хэргийг 2018 оны 7 сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, Боржигон овогт Баярсайханы Бямбалхагва, 1993 оны 02 сарын 22-ны өдөр Булган аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй ам бүл 3, эцэг, эхийн хамт, Булган аймаг, Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Эрэгцэг хэмээх газарт оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ГН97021218/
Монгол Улсын иргэн, Шовхнор овогт Намнангийн Даваа, 1997 оны 02 сарын 12-ны өдөр Булган аймагт төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, хүнд машин механизмын жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эцэг, эх, дүү нарын хамт, Булган аймаг Хутаг-Өндөр сумын 4 дүгээр баг Тээл гэх газар оршин суух хаягтай, улсаас авсан гавъяа шагналгүй, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, /РД:ГН93022214/
Шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нь /яллах дүгнэлтэнд тэмдэглэснээр/ нар нь бүлэглэн 2018 оны 3 сарын 30-ны өдөр үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41 дүгээр гудамжинд иргэн С.Саранцэцэгийн 669.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утас, гар цүнхийг хүч хэрэглэн авсан,
мөн 2018 оны 03 дугаар сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд иргэн Ц.Сэнгэжавын I phone-6 загварын гар утас, даавуун цүнх, бэлнээр 100,000 төгрөгийг буюу нийт 600,000 төгрөгийн эд зүйлийг эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулан хүч хэрэглэж авсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудыг шүүх тал бүрээс нь бүрэн бодитой магадлан хянасны үндсэнд ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нар нь бүлэглэн 2018 оны 3 сарын 30-ны өдөр үед Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо Яргайтын 41 дүгээр гудамжинд иргэн С.Саранцэцэгийн өмсөж явсан куртикний захаар хоолойг нь боож 669.600 төгрөгийн үнэ бүхий “Самсунг Жи-7” загварын гар утсыг авсан,
мөн 2018 оны 3 сарын 25-ны өдөр Сонгинохайрхан дүүргийн 22 дугаар хороо, Тахилтын 6 дугаар гудамжинд иргэн Ц.Сэнгэжавын толгой руу цохиж унагаан, өшиглөж хүч хэрэглэж I phone-6 загварын гар утас, даавуун цүнх, бэлнээр 100,000 төгрөгийг буюу нийт 600,000 төгрөгийн эд зүйлийг авсан болох нь:
Хохирогч С.Саранцэцэгээс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн /хх-44-48-р хуудас/: “..Би 2018 оны 3 сарын 30-ны орой 21:40 цагийн орчимд ажлаасаа гэрлүүгээ харих гээд Чингэлтэй дүүргийн 18-р хороо Яргайтын 41-р гудамж руу дөнгөж өгсөхөд үл таних 2 эрэгтэй хүн гудамжинд зогсож байсан бөгөөд Яргайтын 40-р гудамжнаас тэр хавьд амьдардаг бололтой нэг залуу бууж ирж байсан. Тэгээд тэр үл таних 2 залуу нөгөө залуутай хальт юм яриад өнгөрсөн ба би тэдний хажуугаар гараад дээшээ өгсөөд явсан. Удалгүй араас нөгөө доор зогсож байсан үл таних 2 залуу ирж нэг залуу нь цүнх булаагаад шууд зугтаасан. Харин хамт явсан залуу нь миний куртканы захаар миний хоолойг боож хашаанд тулгаад гартаа барьж явсан гар утсыг минь булаах гэхээр нь өөдөөс нь бага зэрэг эсэргүүцэхэд гар утсаа өгөхгүй бол ална шүү гээд намайг газар унагаасан.. Тэгээд миний гар утсыг булаагаад доошоогоо төв зам руу зугтаасан.., ..Надад гомдол санал байхгүй, бүх хохирлоо Н.Д, Б.Б нараар нөхөн барагдуулсан..” гэсэн мэдүүлэг,
Хохирогч Ц.Сэнгэжаваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-171-175/ “..2018 оны 3 сарын 25-ны орой 20:00 өнгөрч байхад би хадам аавын гэрт очих гээд Тахилтын автобусанд сууж явж байгаад Тахилтын 6-р буудал дээр буусан. Би тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Би хадамын гудамж руу эргээд орсон чинь араас хүн гүйж байгаа чимээ гарах шиг болохоор нь эргээд харсан чинь миний толгой руу цохисон. Би хөөе юу болж байна аа гэсэн чинь миний хоёр талаас олон удаа өшиглөсөн. Миний нүд рүү өшиглөсөн ба ухаан балартаад байхаар нь “ах нь яг үхлээ шүү, авах юм байвал ав” гэж хэлсэн чинь нэг нь за одоо боль, боль гээд нэгийгээ татсан. Тэгээд намайг түрүүвчээ гаргаад ир гэж хэлэхээр нь би түрүүвч хэрэглэдэггүй юм гэж хэлсэн чинь миний барьж явсан цүнхийг ухаад бэлэн 100.000 орчим төгрөг, I phone-6 rap утсыг аваад буцаад гудамжаар гүйгээд явсан. Тухайн үед харанхуй байсан болохоор ямар хүмүүс байсныг сайн харж чадаагүй. Харанхуйд ямар ч гэсэн 2 хүн байсан. Нурууны хувьд өндөр нам байсан8 насны хувьд 25 орчим насны залуучууд байх шиг байсан.., Би өөрийн дээрэмдүүлсэн эд зүйл болон эрүүл мэндэд учирсан хохирлын мөнгө болох 1.980.000 төгрөг Н.Д, Б.Б нараас авсан. Миний цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн бодит хохирол 1.806.000 төгрөг болсон. Надад цаашид гаргах гомдол санал байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол дахиад хүндэрч магадгүй..” гэсэн мэдүүлэг,
Иргэний нэхэмжлэгч К.Урантөгсөөс мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /49-52/ “..2018 оны 5 сарын дундуур хавьцаа 1 дүгээр хорооллын Хар хориноос 32-ын автобусны буудлын зам дагуу байх нэрийг нь мэдэхгүй барьцаалан зээлдүүлэх газраас саарал өнгөтэй Самсунг Жи-7 маркийн гар утсыг 200,000 төгрөгөөр худалдан авсан.., Би 200,000 төгрөгөө хүлээн авсан. Надад цаашид Н.Д, Б.Б нарт гомдол санал байхгүй..” гэсэн мэдүүлэг,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн №4364 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: /хх-79/ “..1. С.Саранцэцэгийн биед хүзүү, баруун шуунд цус хуралт, духанд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 3. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарагдахгүй. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2018 оны 4 дүгээр сарын 12-ны өдрийн №4529 дүгээр шинжээчийн дүгнэлтэнд: /хх-188/ “.1. .Сэнгэжавын биед баруун ухархайн доод ханын цөмөрсөн хугарал, 2 зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хоёр нүдний алимны салстад цус хуралт, цээж, хэвлий, баруун гуянд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй..” гэх дүгнэлт,
Шүүгдэгч Б.Бямбалхагваас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-115-116, 121-122/ “..2018 оны 3 сарын 30-ны өдөр Даваа бид хоёр..орой 22 цагийн үед 7-н буудлаас дээш өгсөөд байх гудамжинд явж байсан цагаан саарал курткатэй 40 орчим насны эмэгтэй хүнийг дээрэмдсэн..Бид хоёр Самсунг Жи-7 загварын гар утас, хар өнгийн нэг мөрөвчтэй цүнх дээрэмдсэн. Цүнхэн дотор бичиг баримт байсан..,2018 оны 3 сарын 25-ны өдөр Хар хорин захаас Сонгинохайрхан дүүрэгт байх Мөнхбат ахын гэрт очих гэж Даваатай хамт явж байгаад Тахилтын автобусны буудал дээр буусан. Тэгсэн гудамж руу нэг согтуу эрэгтэй хүн орохоор нь Даваа бид 2 тухайн гудамж руу тэр эрэгтэй хүнийг дагаж орсон. Тэгээд би тэр эрэгтэйг мөрлөсөн. Тэгээд Даваа тэр эрэгтэйн цээж рүү нь гараараа цохисон чинь тэр эрэгтэй газар унаад хэвтээд өгсөн. Тэгсэн Даваа тэр эрэгтэйн гуя руу нь баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшгөлсөн. Би бас нэг, хоёр удаа тухайн эрэгтэйн хөл рүү өшгөлсөн. Даваа бас нүүр хэсэг рүү нь баруун гараараа нэг, хоёр удаа цохиж гар утас, бэлнээр 100,000 төгрөг, жижиг даавуун хар цүнх авсан..” гэсэн мэдүүлэг,
Шүүгдэгч Н.Даваагаас мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: /хх-117-118, 119-120/ “..2018 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Даваа бид хоёр..орой 22 цагийн үед 7-н буудлаас дээш өгсөөд байх гудамжинд явж байсан цагаан саарал курткэтэй 40 орчим насны эмэгтэй хүнийг дээрэмдсэн. Бямбалхагва бид 2 тухайн үед дунд зэргийн согтолттой байсан. Бямбалхагва тэр эмэгтэйн гарт байсан цүнхийг булааж зугтаасан. Харин би гарт нь барьж байсан гар утсыг нь ноцолдож байгаад авч зугтаасан. Тэгээд бид 2 гар утсыг барьцаалан зээлдүүлэх газар барыдаанд тавьсан..Харин бичиг баримтыг Бямбалхагва хаясан гэсэн. 2018 оны 3 дугаар сарын 25-ны өдөр Хар хорин захаас Сонгинохайрхан дүүрэгт байх Мөнхбат ахын гэрт очих гэж Бямбалхагватай хамт явж байгаад Тахилтын автобусны буудал дээр буугаад уг буудпаас ертөнцийн зүгээр зүүн тийш гудамж руу нэг согтуу эрэгтэй хүн орохоор нь Бямбалхагва бид 2 араас гудамж руу ороод Бямбалхагва тэр эрэгтэйг мөрлөөд, тэгэхээр нь би тэр эрэгтэйн цээж рүү нь гараа цохиход тэр эрэгтэй газар унаад хэвтээд өгсөн. Тэгэхээр нь би тэр эрзгтэйн гуя руу нь баруун хөлөөрөө хэд хэдэн удаа өшгөлсөн. Бямбалхагва бас нэг, хоёр удаа тухайн эрэгтэйн хөл рүү өшгөлж байсан. Би бас нүүр хэсэг рүү нь баруун гараараа цохиж гар утас, бэлнээр 100,000 төгрөг, жижиг даавуун хар цүнх авсан..Дээрэмдсэн гар утсаа Хар хорин зах дээр явж байсан 25 орчим насны эрэгтэй хүнд 50,000 төгрөгөөр зарсан. Харин хар цүнхийг нь хаясан..” гэсэн мэдүүлэг, гэсэн мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 12х/, Эд мөрийн баримтанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 21х-22х/, шүүгдэгч нарын шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн: Гэм буруугийн талаар маргахгүй. Хөнгөн шийтгэл оногдуулж өгнө үү гэсэн мэдүүлэг болон шүүгдэгч Б.Бямбалхагвын иргэний үнэмлэхний лавлагаа /хх-124/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-129/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-126/, шүүгдэгч Н.Даваагийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-128/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-127/, оршин суугаа хаягийн тодорхойлолт /хх-127/, зэрэг мөрдөн шалгах ажиллааны үед хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүх дээрх нотлох баримтуудыг хэрэгт хамааралтай, хууль ёсны, ач холбогдолтой, үнэн зөв гэж үзсэн болно.
Прокуророос шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарын дээрхи үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх, 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус ял сонсгон яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн байна.
Эрүүгийн хуульд хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдлээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн тооцно гэж заасан байх боловч өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг болох хулгайлах, дээрэмдэх, залилах, завших зэрэг хэргүүд нь үйлдэгдэж буй аргаараа өөр өөр байхаар хуульчлагдсан байна.
Шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нар бүлэглэн бусдын эд хөрөнгийг “хүч хэрэглэж”, хууль бусаар авсан санаатай үйлдэл нь “дээрэмдэх” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байгаа бөгөөд хүч хэрэглэсэн үйлдлийн улмаас бусдын биед гэмтэл учирсан тохиолдолд давхар зүйлчлэх хууль зүйн үндэслэлгүй юм.
Иймд Прокуророос шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарт давхардуулан сонсгосон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг хэрэгсэхгүй болгож шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарыг бүлэглэн бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцон, тэдэнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хариуцлагыг хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.
Гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарыг тус бүр 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нар нь бусдад төлөх төлбөргүй, тэдгээрийн бусад эрхийг хязгаарлаагүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, тэдгээрийн цагдан хоригдсон 55 хоногийг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох болохыг тус тус дурдав.
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Прокурооос шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар хэрэгсэхгүй болгосугай.
2. Боржигон овогт Баярсайханы Бямбалхагва, Шовхнор овогт Намнангийн Даваа нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг бүлэглэж, хүч хэрэглэж, хууль бусаар авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарыг тус бүр 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарт оногдуулсан 1/нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг тэдгээрийн эдлэх ялд тус тус оруулан тооцсугай.
6. Шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нар нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, бусад эрхийг хязгаарлаагүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Б.Бямбалхагва, Н.Даваа нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд, тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор мөн хугацаанд эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
9. Давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ,
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.МӨНХБАЯР