Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2025/ДШМ/77

 

 

 

 

 

 

  2025         11           28                                  2025/ДШМ/77

 

А.У.д холбогдох

эрүүгийн хэргийн тухай

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                              Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхбүрэн даргалж, шүүгч Н.Болормаа,  шүүгч А.Сайнтөгс нарын бүрэлдэхүүнтэйгээр хийсэн шүүх хуралдаанд;

Прокурор Ц.Цэрэндулам,

Хохирогч Б.М., Б.С., Х.И.,

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг,

            Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ч.Гандашгүй-Эрдэнэ нарыг оролцуулан,

Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж хийсэн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч, прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдолд үндэслэн шүүгдэгч А.У.д холбогдох 2519000000115 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 10 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, шүүгч А.Сайнтөгс илтгэснээр хянан хэлэлцэв.

1.Шүүгдэгчийн этгээдийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, ............... урьд

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 02-ны өдрийн 1287 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,000,000 төгрөгөөр торгох ялаар,

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 703 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар,

Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай, ............

2.Холбогдсон хэргийн товч агуулга:

А.У. нь “М.” ХХК-д Дорноговь аймгийн салбар хариуцсан менежерээр ажиллах байх хугацаандаа Солонгос улсын визны материал бүрдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж О.Шинэбаяраас 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр 300,000 төгрөг, 03 дугаар сарын 18-ны өдөр 1,250,000 төгрөг нийт 1,650,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408109910 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн “М.” ХХК-д Дорноговь аймгийн салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа Солонгос улсын визний материал бүрдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.С.с 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдрөөс 03 дугаар сарын 25-ны өдрийн хооронд 5,420,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408109910 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн “М.” ХХК-д Дорноговь аймгийн салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа Солонгос улсын визний материал бүрдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Х.И.с 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр 800,000 төгрөг, 03 дугаар сарын 17-ны өдөр 1,000,000, 03 дугаар сарын 18-ны өдөр 2,490,000 төгрөг нийт 4,290,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408109910 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн Дорноговь аймгийн Сайншанд сумын фэйсбүүк зар мэдээллийн нэгдсэн групп дээр “Солонгос хэлний сургалт явуулж байна, визний материал бүрдүүлж өгч байна” гэх зар байршуулан Ц.М.с 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдөр сургалтын төлбөр 350,000 төгрөг, 2025 оны 03 дугаар сарын 10-ны өдөр номны төлбөр 50,000 төгрөг нийт 400,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408109910 тоот дансаар шилжүүлэн авч залилсан,

Мөн “М.” ХХК-д Дорноговь аймгийн салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа Солонгос улсын визний материал бүрдүүлж өгнө гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Д.Ж.с 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр 400,000 төгрөгийг Худалдаа хөгжлийн банкны 408109910 тоот дансаар шилжүүлэн авч залилсан гэмт хэрэгт холбогджээ.

3.Дорноговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос А.У.г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.

4.Анхан шатны шүүх: “...Шүүгдэгч У. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зохиомол байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг зориудаар бий болгож бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У.г 1 жил, 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар А.У.д шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах эрхийг хязгаарлах ялын хязгаарыг Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрээс яаралтай эмнэлгийн тусламж авахаас бусад хэлбэрээр зорчихгүй байхаар тогтоож, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгөөр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүрэг хүлээлгэж, зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч А.У.д оногдуулсан ялын биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.У.с 1,590,000 төгрөг гаргуулан хохирогч Б.М.т, 1650,000 төгрөг гаргуулан хохирогч О.Шинэбаярт, 5420,000 төгрөг гаргуулан хохирогч Б.С., 4,290,000 төгрөг гаргуулан хохирогч Х.И.д 400,000 төгрөг гаргуулан Ц.М., 400,000 төгрөг гаргуулан Д.Ж.д тус тус олгож,

Хохирогч нь энэхүү шийтгэх тогтоолын 5 дахь хэсэгт зааснаар бусад хохирлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,

Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.У.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорноговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэжээ.

5.Прокурор Ц.Цэрэндулам эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар дүгнэлтдээ: “...А.У.д холбогдох эрүүгийн 2519000000115 дугаартай хэргийг шийдвэрлэсэн Дорноговь аймгийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр эсэргүүцэл бичсэн. Эсэргүүцлийн үндэслэл нь Эрүүгийн эрүүгийн хуулийг буруу хэрэглэж А.У.д холбогдох хэрэгт нэр бүхий 6 хохирогчтой, үйлдлийн хувьд Солонгос улсад визний материал бөглүүлж өгнө гэсэн зохиомол байдлыг зориудаар бий болгон бусдыг төөрөгдөлд оруулж 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийн дотор нэр бүхий 6 хүнийг залилж гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогддог. Анхан шатны шүүхээс шүүгдэгч А.У.г үргэлжилсэн үйлдлээр залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэж ял оногдуулахдаа А.У.н өмнөх Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатын шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн 1041 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 500 цагийн нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн. 476 цагийн үлдэгдэл ялыг нэмж нэгтгээгүй байгаа учраас ялуудыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтгэх нь зүйтэй байна гэдэг үндэслэлээр эсэргүүцэл бичиж анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн байр суурьтай байна гэв.

6.Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэг давж заалдаж гаргасан гомдол болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн хувьд прокурорын эсэргүүцэлтэй утга нэг байгаа. Гомдлоо дэлгэрэнгүй бичгээр өгчихсөн учраас гомдлоо дэмжиж оролцож байна.” гэв.

7.Хохирогч Б.М. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа ...А.“У.д гомдолтой байгаа. Бид нараас 14 хоногийн хугацаанд давж заалдах шатны шүүхэд гомдол битгий гаргаач гэж гуйж байсан. 14 хоногийн чинь хугацаа өнөөдөр дуусаж байна гэхэд та битгий давж заалдаарай байж байгаарай гэсээр байгаад давж заалдах шатны шүүхэд гомдол гаргуулаагүй. Бид нарын дансанд мөнгө хийгээгүй байгаа.” гэв.

8.Хохирогч Х.И. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:”... Эсэргүүцэлтэй санал нэг байна. Хохирол төлбөр нэг ч төгрөг өгөөгүй.” гэв.

9.Хохирогч Б.С. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Санал нэг байна. Хохирлыг тодорхой хугацаанд гаргуулах саналтай байна.” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Дорноговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Ц.Цэрэндуламын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдол зэрэгт үндэслэн хэргийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар гомдол, эсэргүүцэлд дурдсан үндэслэлүүдэд хязгаарлагдахгүйгээр хэргийг бүхэлд нь хянан хэлэлцээд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, прокурорын эсэргүүцэл, гомдлыг тус тус хангаж шийдвэрлэлээ.

1.Анхан шатны шүүх шийдвэр гаргахдаа шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулах нөхцөл үүссэн байхад шийдвэрлэлгүй орхигдуулсан нь шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэл болсон.

            2.Хэрэгт авагдсан баримтуудаар шүүгдэгч А.У нь “М.” ХХК-ны Дорноговь аймгийн салбар хариуцсан менежерээр ажиллаж байх хугацаандаа “...Солонгос улсын визний материал бүрдүүлж өгнө” гэж зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж Б.М.с 1,190,000 төгрөг, О.Шинэбаяраас 3 удаагийн үйлдлээр 1,650,000 төгрөг, Б.С.с 5,420,000 төгрөг, Х.И.с 3 удаагийн үйлдлээр 4,290,000 төгрөг, Д..с 400,000 төгрөгийг, ”...солонгос хэлний сургалт явуулна” гэж Ц.М.с 2 удаагийн үйлдлээр 400,000 төгрөгийг тус тус залилж авсан үйл баримтууд болсон, уг үйлдлүүдэд үндэслэн прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлжээ.

            3.Давж заалдах шатны шүүхээс хэргийг бүхэлд нь хянан хэлэлцвэл шүүгдэгч А.У.нь энэ шийтгэх тогтоол гарахаас өмнө 3 удаа Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан залилах гэмт хэргийг үйлдэж торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлсэн боловч шүүхээс оногдуулсан өмнөх ял шийтгэлүүдийг эдэлж дууссан эсэх, эдлээгүй ялын тооцооны талаарх баримтуудыг мөрдөгч, прокуророос гаргаж өгөөгүй, прокуророос энэ талаарх саналыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргаагүй нь шүүх хуралдааны тэмдэглэлээр тогтоогдож байна.

            Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2-д заасан хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтоох үүрэгт хамааралтай бөгөөд, мөрдөгч, прокурорыг үүргээ бүрэн биелүүлээгүй байна гэж үзнэ.

            Прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын эсэргүүцэл, гомдлын үндэслэл нь Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 21-ний 2024/ШЦТ/1041 дугаартай шийтгэх тогтоол /1хх-ийн 54х-59х/-оор шүүгдэгч А.У.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч эдэлж дуусаагүй тул шинээр үйлдсэн гэмт хэрэгт нэмж нэгтгүүлэх гэсэн нэг санал, зорилготой байх ба уг 476 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг шүүгдэгч биелүүлээгүй үлдсэн нь шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж ирүүлсэн Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 06 дугаар сарын 13-ны 01/923 дугаартай албан бичгээр тогтоогдож байна.

            Шүүгдэгчийн өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан эдлээгүй үлдсэн ялын тооцоог гаргаж ирснээр шүүх шүүгдэгчид холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэд хэдэн шийтгэх тогтоолоор ял оногдуулахдаа ялыг нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх зэрэг анхан шатны шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамааралтай болно.

            4.Энэ нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих Эрүүгийн хуулийг хэрэглээгүй гэх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд нийцэж байх тул давж заалдах шатны шүүхээс шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаах нь зүйтэй гэж үзсэн.

            5.Энэ үндэслэлээр гаргасан прокурорын эсэргүүцэл, шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдсан гомдлуудыг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1, 1.2, 39.7 дугаар зүйлийн 1, 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1, 1.2, 2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн  2025 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн 2025/ШЦТ/232 дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг анхан шатны журмаар дахин хэлэлцүүлэхээр тус шүүхэд буцааж, прокурор Ц.Цэрэндулам, шүүгдэгчийн өмгөөлөгч М.Эрдэнэчимэгийн давж заалдсан гомдлыг тус тус хангасугай.

            2.Хэргийг анхан шүүхэд очтол шүүгдэгч А.У.д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авсугай.

            3.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.11 дүгээр зүйлийн 1, 40.1 дүгээр зүйлийн 1, 2-т зааснаар давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосон даруй хуулийн хүчин төгөлдөр болохыг дурдаж, давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхийн шийдвэрт оролцогч хяналтын журмаар гомдол, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл гаргах эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

 

 

 

   ДАРГАЛАГЧ,  ШҮҮГЧ                                    Д.МӨНХБҮРЭН

 

                          ШҮҮГЧИД                                   Н.БОЛОРМАА

 

                                                                             А.САЙНТӨГС