Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2018 оны 09 сарын 10 өдөр

Дугаар 658

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

                                     МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Халиун даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Отгонцэцэг, 

улсын яллагч Б.Уранчимэг,

  шүүгдэгч Б.Х,

  хохирогч Б.Содбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, 

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Со тайж овгийн Баттулгын Хосбаярт холбогдох эрүүгийн 1811018220682 дугаартай хэргийг 2018 оны 8 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

С овгийн Б.Х, 1996 оны 6 дугаар сарын 17-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан техникийн их сургуулийн 6 дугаар курсийн оюутан, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамж, 912б тоотод суух хаягтай,

Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 459 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450.000 төгрөгөөр торгох ял шийтгэгдэж байсан, регистрийн дугаар

Холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/;

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжны 912 тоот хашаанд Б.Содбилэгийг зодож, хүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

Хохирогч Б.Содбилэг нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Миний зүгээс ямар, нэгэн гомдол байхгүй. би хохирол нэхэмжлээгүй...” гэв.

Мөн шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Хохирогч Б.Содбилэг нь мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: “...2018 оны 6 дугаар сарын 21-ний өдрийн 11 цаг 30 минутын үед би ажилдаа явах гээд машиныхаа тоосыг арчаад байж байтал ард нэг зүйл дуугарахаар нь эргээд хартал манай хөрш Х хүү зогсож байсан би эргэж харчхаад машинаа буцаад арчаад байж байтал Х “чи муу юундаа муухай харж, амандаа үглээд байгаа юм бэ?” гэж хэлсэн. Тэгэхээр нь “чи юу гээд байгаа юм бэ?, чам руу яаж харах ёстой юм бэ?” гэж хэлсэн. Удалгүй гражийн дээд хэсгийг нэг чулуу оноод дуугарахаар нь би эргээд хартал Х дахиж нэг чулуу шидсэн нь миний толгойд оносон юм. Тэгээд би “яаж байна” гээд хашаа руу нь дөхөж очсон чинь хашааныхаа завсраар гараа оруулаад миний зүүн чих рүү нэг даа баруун гараараа алгадсан...” гэжээ /хх-10-12х/.

              Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №7894 дүгээр дүгнэлтэд: 

“1.2.Б. Содбилэгийн биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

3.4 Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх бөгөөд тухайн хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.

5. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.

6. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хх-19/. 

Шүүгдэгчийн урьд ял шийтгэгдэж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар /хх-33, 31-31/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-32/ зэргийг шинжлэн судлалаа.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд прокуророос зүйлчилсэн хуулийн зүйл хэсэг тохирсон байна гэж шүүх дүгнэлээ.

Шүүгдэгч Б.Х нь 2018 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо, Сурагчийн 79 дүгээр гудамжны 912 тоот хашаанд Б.Содбилэгийг зодож, түүний биед зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн нотлох баримт болох хохирогч Б.Содбилэгийн “...Удалгүй гражийн дээд хэсгийг нэг чулуу оноод дуугарахаар нь би эргээд хартал Хосбаяр дахиж нэг чулуу шидсэн нь миний толгойд оносон юм. Тэгээд би “яаж байна” гээд хашаа руу нь дөхөж очсон чинь хашааныхаа завсраар гараа оруулаад миний зүүн чих рүү нэг даа баруун гараараа алгадсан...” гэх мэдүүлэг, Шүүх эмнэлгийн шинжээчийн 2018 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн №7894 дүгээр дүгнэлт зэрэг шүүхийн хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.    

Иймд шүүх шүүгдэгч Б.Х-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж үзээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулав. 

Мөн шүүгдэгч Б.Х-д ял шийтгэхдээ Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгох ял оногдуулах талаар улсын яллагчийн гаргасан 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал, дүгнэлт болон уг ялыг хүлээн зөвшөөрч шүүгдэгчийн гарын үсэг зурсан прокурорын санал зэргийг тус тус харгалзав.

Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.

Торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.

Хохирогч Б.Содбилэг нь “...Б.Х-д гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгахыг тус тус дурьдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.4, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч С овгийн Б.Х-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х-д оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Х нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.

5. Шүүгдэгч Б.Х нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг дурьдсугай.

6. Хэрэгт мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг чулууг шийтгэх тогтоол хуулийн төгөлдөр болмогц устгасугай.

7. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Х-д хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

8. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

                       ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.ХАЛИУН