| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гомбо Мөнхтулга |
| Хэргийн индекс | 2210021661412 |
| Дугаар | 2025/ДШМ/1388 |
| Огноо | 2025-12-05 |
| Зүйл хэсэг | 10.1.1, |
| Улсын яллагч | Ц.Сонинмөнх |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2025 оны 12 сарын 05 өдөр
Дугаар 2025/ДШМ/1388
2025 12 05 2025/ДШМ/1388
М.У-д холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Т.Алтантуяа даргалж, шүүгч Б.Ариунхишиг, шүүгч Г.Мөнхтулга нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-, түүний өмгөөлөгч Ө.Оргил, Г.Наранбаатар,
шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ,
нарийн бичгийн дарга Т.Мөнхтуяа нарыг оролцуулан
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2138 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2210021661412 дугаартай хэргийг 2025 оны 10 дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Г.Мөнхтулгын илтгэснээр хянан хэлэлцэв.
Б- овгийн М-ын У- /РД: ...../,............,
Шүүгдэгч М.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “.....” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгааны улмаас О.Б-г цохиж алсан гэмт хэрэгт холбогджээ.
Хан-Уул дүүргийн прокурорын газраас: М.У-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Шүүгдэгч М.У-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүнийг алах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгч М.У-д 10 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д шийтгэсэн 10 жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ын цагдан хоригдсон 216 хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч М.У-аас 13,660,591 төгрөгийг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-д олгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ы нэхэмжлэлээс хохирогчид учирсан сэтгэцийн хор уршигт 85,250,000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой гарсан бусад зардалтай холбоотой нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэйг тайлбарлаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч М.У-аас 980,000 төгрөгийг гаргуулж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст олгож, Эрүүгийн 2210021661412 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 4 ширхэг компакт дискийг хэргийн хамт хадгалан үлдээж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд шилжиж ирээгүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ы гомдолтой гэснийг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч М.У-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс эхлэн тоолж, шүүгдэгчид авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нар хамтран гаргасан давж заалдах гомдолдоо: “... Анхан шатны шүүхийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, хэрэгт цугларсан агуулгын хувьд харилцан зөрүүтэй баримтын нэгийг үнэлэхдээ нөгөөг бүрэн дүүрэн үгүйсгэж чадаагүй, нотлох баримтыг буруу үнэлсэн гэж үзлээ.
1.1. Энэ хэрэгт шинжээчийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2269 дугаартай, 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 462 дугаар, 2024 оны 08 дугаар сарын 13-ний өдрийн 820 дугаар, 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаар тус бүр 4 дүгнэлт гарсан. Шинжээчийн энэ дүгнэлтүүдэд талийгаач О.Б- ямар шалтгааны улмаас нас барсныг тогтоосон ба харин шүүгдэгч М.У- нь талийгаач О.Б-гийн амь насыг хохироосныг шууд нотлон тогтоож буй явдал биш юм. Шүүгдэгч М.У-ын хувьд хэргийг шалгах бүхий л ажиллагаанд болон хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх шатанд талийгаач О.Б-гийн зүүн хацар хэсэгт гараараа нэг удаа алгадсан үйлдэлдээ маргаж, эсэргүүцээгүй. Шүүгдэгч М.У-ын талийгаачийг алгадсан үйлдлийн улмаас буюу үр дагавраар амь нас хохирсон гэх шалтгаант холбоо хэргийн үйл баримтаар бүрэн дүүрэн, хөдөлбөргүй шууд нотлогдон тогтоогдож чадаагүй, энэ талаар үндэслэл бүхий эргэлзээтэй баримтууд хэрэгт цугларсан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд, ... эргэлзээ гарвал түүнийг ... шүүгдэгч, ялтанд ашигтайгаар шийдвэрлэнэ” гэснийг шүүх хэрэглэж шийдвэр гаргах үндэслэлтэй гэж маргасан. Шүүхээс хэрэгт цугларсан шинжээчийн дүгнэлтийг тал бүрээс нь судлан үзэж, хууль зүйн үндэслэл бүхий дүгнэлт хийх замаар тухайн дүгнэлтийг хэрэгт хамааралтай талаас нь нотолгоонд хүлээн зөвшөөрөх эс зөвшөөрөх үүрэгтэй. Анхан шатны шүүхээс шүүгдэгч М.У-ыг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ээжийгээ зүй бус үг хэллэгээр хэллээ гэх шалтгааны улмаас хохирогч О.Б-гийн нүүр хэсэгт нэг удаа алгадсан үйлдлийн улмаас хохирогчийн амь нас хохирсон гэх дүгнэлтийг хийсэн. Гэтэл хэрэгт авагдсан дээрх шинжээчийн дүгнэлтийн заримд хохирогчид учирсан тархины битүү гэмтлийг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүйн дээр хохирогчид учирсан тухайн гэмтэл нь цаг хугацааны хувьд буюу хэрэг болсон гэх 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс өмнө үүссэн гэмтэл байна хэмээн зарим шинжээчийн дүгнэлтэд гарсан. Тухайлбал, бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 462 дугаар дүгнэлтэд “Талийгаач нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТ-д тархины мэс засалд орсон байх бөгөөд дээрх мэс засалд орохоос өмнө хийгдсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н СD байхгүй, ГССҮТ-н өвчний түүхэнд тэмдэглэсэн мэс заслын тэмдэглэл хангалтгүй байх тул гэмтэл үүссэн хугацаа болон дээрх гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоог боломжгүй байна” гэж, мөн бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дүгнэлтэд “2. Дээрх баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тархины битүү гэмтэл/ нь хэрэг болсон гэх цаг хугацаанаас өмнө үүссэн хуучин гэмтэл байна. 2022 оны 08 дугаар сарын 21-ний 02 цаг 28 минутад Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-г дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалангаар давтан уншуулахад баруун дух, чамархай, зулай, фалксийн баруун хэсгээр 1,6 см хүртэл зузаантай, изо ба гиперинтенс холимог нягтралттай /+4Hu- +76Hu/ хурцавтар субдураль цус хуралттай гэсэн байгаа нь дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаан буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр 2022 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнөөс өмнө авсныг баталж байна. Талийгаач нь баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тархины битүү гэмтэл/-г авсны дараа тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь тухайн хүний биеийн онцлог, гэмтсэн судасны хэмжээ, тоо зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэж тус тусын дүгнэлтэд дурдсан. Шинжээчийн дээрх хоёр дүгнэлтээс шүүгдэгч М.У-ын алгадах үйлдлийн улмаас талийгаач О.Б-гийн амь нас хохирсон гэх шалтгаант холбоо үгүйсгэгдэх буюу шүүгдэгчийг гэм буруутай эсэхэд эргэлзээ бүхий нөхцөл болсон. Анхан шатны шүүхээс бүрэлдэхүүнтэй шинжээчийн дээрх 820 дугаар дүгнэлт нь шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаар дүгнэлтээр үгүйсгэгдэнэ гэх дүгнэлт хийснийг өөр хоорондоо агуулгын хувьд зөрүүтэй, харилцан адилгүй байгаа эдгээр нотлох баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийсэн гэж үзэхгүй. Өөрөөр хэлбэл, хохирогчид учирсан гэмтлийг цаг хугацааны хувьд харилцан зөрүүтэйгээр дүгнэсэн шинжээчийн дүгнэлтээс дараагийн шинжээчийн дүгнэлт өмнөх шинжээчийн дүгнэлтийг үгүйсгэсэн гэх байдлаар авч үнэлсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэхгүй. Түүнчлэн харилцан зөрүүтэй байгаа шинжээчийн дүгнэлт бүхий нотлох баримтууд хэрэгт цугларсан байтал анхан шатны шүүх /шийдвэрийн хуудас-7/ “шүүх хуралдаанд судалсан дээрх нотлох баримтууд нь ... тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, ..дээрх нотлох баримтуудыг үгүйсгэсэн, няцаасан баримт байхгүй хэмээн дурдсан нь үндэслэлгүй бөгөөд ойлгомжгүй болсон.
1.2. Шүүгдэгч М.У-ын алгадах үйлдлийн улмаас хохирогч О.Б- нь нас барсан гэх шалтгаант холбоо шүүхэд шилжүүлсэн хэргийн баримтын хүрээнд эргэлзээгүй, хөдөлбөргүй бүрэн дүүрэн тогтоогдоогүй гэж үзэх мөн дараах нөхцөл байдаг. Тухайлбал, шинжээчийн 2269 дугаар дүгнэлтээр талийгаач О.Б-гийн тархинд цусан хураа гэмтлээс гадна зүүн хөхний дээд хэсэг 1x1 см, зүүн гуяны урд дунд хэсэгт 3x3 см хэмжээтэй, өвдөгний гадна хажуу 2x2 см хэмжээтэй, баруун өвдөгт 7x4 см хэмжээтэй цус хуралт, баруун тохойд 0,5x0,1 см хэмжээтэй зулгаралт гэмтэл тогтоогддог. Хэрэгт талийгаач О.Б-гийн толгойд мэс заслын дараах 2 удаа компьютер томографын /КТГ/ шинжилгээг хийсэн баримт авагдсан ба энэ баримтуудад шинжээч эмч Ж.Алтансувдын 2022 оны 08 дугаар сарын 22-ний өдрийн 11 цаг 55 минутад талийгаач О.Б-гийн толгойд хийгдсэн компьютер томографын шинжилгээнд “...хамар яс, хоёр нүдний ухархайн дотор хана, зүүн хацрын нум, баруун хоншоорын хөндий хуучин хугарлуудтай...” гэж дүгнэгдсэн нь шүүгдэгч М.У- нь талийгаач О.Б-г алгадсаны улмаас нас барсан гэх шалтгаант холбоо үгүйсгэгдэхүйц. Шийтгэх тогтоолд ноцтой нөлөөлж болох энэ нөхцөл байдлыг анхан шатны шүүх анхаараагүй орхигдуулсан. Хэрэгт авагдсан КТГ-ийн дүгнэлтээр талийгаач О.Б-гийн толгойд учирсан дээрх гэмтэл нь шинжээчийн дүгнэлтэд дурдсан тархинд цусан хураа үүсэх шалтгаан болсон байх боломжтой бөгөөд уг гэмтлийн шалтгаанаар тархинд цусан хураа үүсэж тархи дарагдсан байх боломжтой тухай ч мөрдөн шалгах ажиллагаанд оролцсон шинжээч Ч.Эрдэмболор болон шүүхийн хэлэлцүүлэгт оролцсон шинжээч Баттөгс, Дэлгэрдалай нэр мэдүүлдэг. Шинжээч Ч.Эрдэмболорын 2022 оны 10 дугаар сарын 06-ний өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгт “...Тархины хатуу хальсан доорх цус хуралт үүсэж тархийг дарж ухаан алдах буюу гэмтлийн шинж тэмдэг өгөх хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд уг хугацаа нь хүн бүрд бие мах бодийн онцлогоос шалтгаалан өөр өөр байдаг...” гэж, шүүхийн хэлэлцүүлэгт “...Компьютер дээр хуучин гэж харагдаж байвал аль хэдийн бороолоод эдгэсэн 28-с дээш хоногийн өмнө үүссэн хуучин гэмтэл байдаг. КТГ-аар илэрсэн толгойд авсан гэмтлээс шалтгаалж тархи гэмтэх боломжтой... хатуу хальсан доорх цусан хураа нь ганцаараа байсан бол сараар явж болно” гэх мэдүүлэг. Шинжээчийн 820 дугаар дүгнэлтэд “Улсын гуравдугаар төв эмнэлэгт хийгдсэн толгойн КТГ-г дүрс оношилгооны эмч О.Оюунбаясгалангаар давтан уншуулахад: баруун дух, чамархай, зулай, фалксийн баруун хэсгээр 1,6 см хүртэл зузаантай, изо ба гиперинтенс холимог нягтралттай /+45HU- +76НU/ хурцавтар субдураль цус хуралттай гэсэн байгаа нь дээрх гэмтлийг хэрэг болсон гэх цаг хугацаан буюу 2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 08 дугаар сарын 21-нд шилжих шөнөөс өмнө авсныг баталж байна. Талийгаач нь баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тархины битүү гэмтэл/-г авсны дараа тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь тухайн хүний биеийн онцлог, гэмтсэн судасны хэмжээ, тоо зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэсэн бөгөөд уг дүгнэлтийг гаргасан шинжээч Ш.Цэцэгмаагийн 2024 оны 08 дугаар сарын 27-ны өдөр өгсөн мэдүүлэгт цусан хурааны нягт буюу +45 байсан нь цусан хураа хэрэг болсноос өмнө авсан буй хуучин цусан хураа байсан гэдгийг илэрхийлж байна. Цусан хурааны нягт өндөр байх тусам шинэ гэмтэл, харин нягт бага, буурч байгаа нь цусан хураа хуучин гэмтэл гэсэн үг... тухайн хүний биеийн онцлогоос шалтгаалдаг. Мөн спиртийн хэрэглээ, эмчилгээ хийлгэсэн байдлаас, цусны бүлэгнэл хугацаанаас шалтгаална. Ойролцоогоор томографын анхны зураг авхуулсан цаг хугацаанаас 5-10 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтлийг авсны дараа тухайн хүн сэрүүн үе буюу ямар зовуурь мэдрэхгүй үйлдэл хөдөлгөөн хийж болдог. Цусан хураа аажмаар нэмэгдэж тухайн цусан хураанд дарагдаж ухаан алдах хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийж болно. Цусан хураа нь судас хагарснаар үүсдэг. Амь хохирогчид бол хуучин цусан хураа байгаа мөн шинэ цусан хураа ч бас байгаа юм. Өмнө хагарсан судаснаас гарсан цусан хураа бүлэгнэж цусан хураа шинээр үүсэж байгаа юм” гэж тус тус дурдсан хэрэгт онцгой ач холбогдолтой нотлох баримтуудыг анхан шатны шүүх хүлээн зөвшөөрөөгүй үндэслэлийг заагаагүй. Хэрэгт цугларсан эдгээр ач холбогдол бүхий баримтуудаар шүүгдэгч М.У-ыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай хэмээн шууд үзэхэд эргэлзэхүйц нөхцөл байдал байгаа гэж үзнэ. Талийгаач О.Б- нь нэг сарын өмнө толгойдоо авсан хоёр нүдний ухархай, хамрын хөдий, хацрын нум болох нүүрсний бүтэц хэсэгтээ авсан хугарал гэмтлүүдийн улмаас тархинд нь цусан хураа үүсэж, улмаар энэ гэмтэлтэйгээ идэвхтэй үйл хөдөлгөөнийг /шинжээч тайлбарласнаар ийм гэмтэл авсан хүн 1 /нэг/ сарын хугацаанд эрүүл хүн шиг үйлдэл хийх боломжтой/ хийсэн байх боломжтой байна. Энэ хор уршгийг буюу талийгаач О.Б-гийн толгойд учирсан тухайн гэмтэл нь бусад хүмүүсийн үйлдэл, эс үйлдэхүйтэй холбоотойгоор учирсан байж болохуйц байгаа нь шүүгдэгч М.У-ын үйлдлээр талийгаач О.Б-гийн толгойд гэмтэл учирсан гэх шалтгаант холбоо үгүйсгэгдэж байгааг анхан шатны шүүх үндэслэлтэй дүгнээгүй. Иймээс шүүгдэгч М.У- талийгаач О.Б-гийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсаны улмаас амь нас хохирсон гэх шалтгаант холбоо хэргийг шийдвэрлэхэд цугларсан эдгээр бүхий л баримтаар эргэлзээ бүхий байхад шүүгдэгчид ашигтай байдлаар шийдвэрлэх хуулийн зарчмыг анхан шатны шүүх хэрэглээгүй нь шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй гэж үзнэ. Иймд, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэжээ.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч, шийтгэх тогтоолыг хүчингүй болгох үндэслэлээр гомдол гаргасан. Энэ хэрэгт 4 шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд анхан шатны шүүх 295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг үнэн зөв өөрөөр хэлбэл, тус дүгнэлтийг хүлээн зөвшөөрч, шүүхийн шийдвэрийн гол нотлох баримтын нэг болгосон. Хэрэгт авагдсан бусад мэдүүлгүүд нь шүүгдэгч М.У- амь хохирогчийг цохисны улмаас нас барсныг тогтоосон чиглэсэн баримтууд биш, процессыг нотолсон мэдүүлгүүд байдаг. Яллах талаас, өмгөөлөгч талаас энэ шинжээчийн дүгнэлтэд тал бүрээс нь мэтгэлцсэн. Өмгөөлөгчийн зүгээс шинжээчийн дүгнэлт буюу анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон 295 дугаартай шинжээчийн дүгнэлт хүлээн зөвшөөрөхүйц биш байна гэж үзсэн. Нэгдүгээрт, Шүүх шинжилгээний тухай хуулийн зарим зүйл заалтыг баримтлаагүй. Өөрөөр хэлбэл, Шүүх шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд заасан шинжээчийн дүгнэлтэд баримтлах зохицуулалтыг хангаагүй. Тухайлбал, шинжээчийн дүгнэлтэд Шүүх шинжилгээний тухай хуулийн 18.1 дүгээр зүйлийн 18.1.5 хэсэгт заасан шинжээчийн ажилласан жил байдаггүй буюу шинжээч эмч Сарангэрэлээс бусад мэргэжлийн эмч нар хэдэн жил ажилласан нь тодорхойгүй. Анхан шатны шүүх хэлэлцүүлэгт талууд энэ талаар тодруулахад мөрдөгчийн тогтоолд ажилласан жилийг шаардаагүй учраас тусгаагүй гэж хариулдаг. Гэтэл үүнийг тусга гэсэн хуулийн зохицуулалттай. Үүнийг тусгах нь цаанаа хууль зүйн үр дагавартай буюу хэдэн жил ажилласан, мэргэжлийн түвшинд юм уу, өмнөх шинжээч нарын ажилласан жил, хувийн байдалтай харьцуулахад нэг ийм дүгнэлт байгаа. Хоёрдугаарт, Шүүх шинжилгээний тухай хуулийн 30 дугаар зүйлд зааснаар ижил мэргэжлийн шинжээч нар буюу 5 шинжээч нэгдэж дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.2 дахь хэсэгт шинжээч тус бүр шинжилгээний дүгнэлтийг бие даан хийж гүйцэтгээд саналын зөрүүгүй бол нэгтгээрэй гэж заасан. Гэтэл шинжээч эмч Сарангэрэл 295 дугаар шинжээчийн дүгнэлт гаргахад ямар байдлаар оролцож дүгнэлт гаргасан тодорхойгүй гэж үзэж байгаа. Зөвхөн 3 шинжээч буюу Баттөгс, Оюунтөгс, Наранбат нар санал нэгдсэн гэж ойлгогдсон. Хэрэв шинжээч эмч Сарангэрэл санал нэгдсэн бол дээрх 3 шинжээч дээр нэмэгдээд дүгнэлт гаргах байсан гэж үзэж байгаа. Тэгэхээр тус шинжээчийн дүгнэлт буюу шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг нотолгооны хувьд хүлээн зөвшөөрөхүйц биш байна гэсэн байдлаар мэтгэлцсэн байхад анхан шатны шүүхээс үүнд дүгнэлт хийгээгүй. Энэ хэрэгт 4 удаагийн шинжээчийн дүгнэлт гарсан. Эхний шинжээчийн дүгнэлтэд хэрэг учрал болсон 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө тархинд цусан хураа үүссэн байна, энэ цусан хураа шинэ байна гэж дүгнэсэн. 2 дахь шинжээчийн дүгнэлтээр цусан хурааг хэзээ үүссэнийг тогтоох боломжгүй, баримтууд дутуу байхад дүгнэлт гаргажээ гэдэг байдлаар гарсан. 3 дахь шинжээчийн дүгнэлтэд “шинэ ч цусан хураа байна, хуучин ч цусан хураа байна. Магадгүй 08 дугаар сарын 21-ний өдрийн алгадах үйлдлийн улмаас хуучин цусан хураанаас шинэ цусан хураа гарчээ” гэсэн байдлаар тусгасан. Энэ дүгнэлтийг гаргасан шинжээч эмч “энэ цусан хураа хуучин буюу 5-15 хоногийн өмнө авчээ, энэ хуучин цусан хураанаас дахин шинэ цусан хураа үүсжээ” гэсэн байдлаар тодорхой мэдүүлсэн. Энэ нөхцөл байдлыг шүүх анхаараагүй, шинжээчийн дүгнэлтэд тодорхой няцаасан дүгнэлт хийгээгүй. 820 дугаартай шинжээчийн дүгнэлтийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй буюу миний хүлээн зөвшөөрөхгүй байгаа 295 дугаартай шинжээчийн дүгнэлт үгүйсгэсэн байгаа учраас няцаагдана гэдэг байдлаар дүгнэлт хийсэн. Хэд хэдэн шинжээчийн дүгнэлт гарсан тохиолдолд шүүх хүлээн зөвшөөрөхгүй байгаа шинжээчийн дүгнэлтийг шийтгэх тогтоолд тодорхой дүгнэж тусгах ёстой. Нөгөөтээгүүр, 2269 дугаартай дүгнэлт гаргасан шинжээч эмч Эрдэнэболор, сүүлийн 5 бүрэлдэхүүнтэй дүгнэлт гаргасан шинжээч нараас Баттөгс, Дэлгэрдалай нар мэдүүлэг өгсөн. Эдгээр шинжээч нар “цусан хураа үүсээд шинэ гэдгийг хугацааны хувьд 15-30 хоногийн дотор шинэ байна, 30 хоногоос дээш хуучинд тооцогдоно” гэдэг байдлаар дүгнэдэг. Мөн толгой, нүүр, хамрын ясны ухархай, нүдний ухархай, толгойн бүтцийн хугарлаас үүсээд тархинд цусан хураа үүсэх боломжтой” гэж мэдүүлдэг. Энэ хэрэгт эргэлзээтэй нэг баримт буюу амь хохирогчийн тархинд 3 удаагийн компьютер томографын шинжилгээ хийсэн байдаг. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт эмч Баянжаргал амь хохирогчийн тархинд компьютер томографын шинжилгээ хийсэн. Энэ шинжилгээгээр үүссэн цусан хурааны бүлэгнэл +55, +60 Hu гэсэн эмнэлзүйн тоо байдаг. 820 дугаартай шинжээчийн дүгнэлтэд +55, +60 Hu гэдгийг дурдаад ийм цусны бүлэгнэлтэй байгаа учраас хуучин цусан хураа байна гэж дүгнэсэн. Гэтэл шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон 295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан шинжээч эмч нар компьютер томографын шинжилгээгээр гарсан хурааг дүгнэлтдээ оруулаагүй. +72, +45, +76 гээд ийм цусан хураа байна гэсэн шинжээчийн дүгнэлт гарсан. Энэ цусан хурааг 820 болон 295 дугаартай шинжээчийн дүгнэлтүүдэд агуулгын хувьд өөр өөрөөр дүгнэсэн буюу нэг шинжээчийн дүгнэлтэд хурцадмал, нөгөө шинжээчийн дүгнэлтэд хурц гэсэн байдаг. Тэгэхээр хурц учраас шинэ, өмнөх нь хурцавтар учраас хуучин буюу 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгт хохирогчийн тархинд хийсэн компьютер томографын шинжилгээгээр хурцавтар гэдэг байдлаар дүгнэлт гарсан. 2021 оны 08 дугаар сарын 21-ний өдөр Улсын Гуравдугаар төв эмнэлэгийн компьютер томографын шинжилгээний дүгнэлтээс гадна Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2 удаа эмнэлэгийн компьютер томографын шинжилгээ хийгдсэн. 08 дугаар сарын 22-ны өдрийн шинжилгээний хариу нь “талийгаачийн толгойн хэсэгт хамар яс, зүүн нүдний ухархай, дотор хана нүүрний бүтэцэд хуучин хугарлууд байна гэж дүгнэсэн. 30 буюу түүнээс дээш хоног болсон бороолоод эдгэрсэн учраас хуучин хугарал гэж үзнэ гээд шинжээч нар мэдүүлдэг. Онолын хувьд хуучин хугарал буюу толгойн хэсгийн гэмтлээс болоод тархинд цусан хураа үүсэх боломжтой гэдэг байдлаар тайлбарладаг. Тэгэхээр энэ нөхцөл байдлууд эргэлзээтэй байгаа учраас өмгөөлөгчийн зүгээс Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг хэрэглэж өгнө үү гэсэн тайлбар дүгнэлтийг гаргасан боловч анхан шатны шүүх тус хуулийн заалтыг хэрэглээгүй. Тиймээс өмгөөлөгч нарын зүгээс анхан шатны шүүх хэрэглэх ёстой хуулийг хэрэглээгүй гэсэн агуулгаар гомдол гаргасан. Нэг алгадалтын улмаас нас барсан гэдэг гэм бурууг хөдөлбөргүй тогтоогдсон гэж үзэхгүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ямар нэгэн эргэлзээгүйгээр шууд нотолж тогтоосны үндсэн дээр гэм буруутайд тооцох зарчимтай. Шинжээч эмч Баттөгс, Дэлгэрдалай нар прокурорын хүсэлтээр гэрчийн мэдүүлэг өгсөн бөгөөд “тодорхой веб сайтуудаас харсан. Анхны мэс засал эмчээс нь тодруулахад шинэ гэмтэл байсан гэдгийг хэлсэн учраас бид нар дүгнэлтээ гаргасан” гэж мэдүүлсэн мэдүүлэг нь анхан шатны шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан. Тэгэхээр дүгнэлт гаргасан шинжээчийн мэдүүлэг нотолгооны нэг хэрэгсэл бөгөөд дүгнэлт гаргасан шинжээч нь дүгнэлтээ хамгаалж шүүх хуралдаанд оролцохдоо эргэлзээтэй байдлаар тайлбарласан байхад үндэслэлтэй, эргэлзээгүйгээр шүүх шийдвэрлээгүй гэж үзэж байна. Мөн энэ хэрэг 2022 оноос хойш өнөөдрийг хүртэл 3 жилийн хугацаанд анхан шатны шүүхээс 2 удаа, давж заалдах шатны шүүхээс 2 удаа шинжээчийн дүгнэлттэй холбоотой буцааж шийдвэрлэсэн. Өмнөх шатны шүүхийн шийдвэр хүчингүй болсон ч гэсэн шүүх хуралдаанд оролцсон иргэдийн төлөөлөгч нар “эргэлзээтэй байгаа юм биш үү, шүүгдэгчийн цагаатгаж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэе” гэсэн дүгнэлтүүд гаргадаг. Иргэдийн төлөөлөгч оролцож тайлбар хэлж байгаа ач холбогдол нь юу юм. Анхан шатны шүүх зөвхөн шинжээчийн дүгнэлтээр үгүйсгэгдэнэ гэдэг байдлаар шийдвэрлэсэн нь шийтгэх тогтоолыг хүлээн зөвшөөрөх үндэслэл болохгүй. Иймд энэ хэрэгт эргэлзээтэй нөхцөл байдал үүссэн учраас хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч Б.Соёл-Эрдэнэ шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Энэ хэрэгт 4 шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд өмнөх шинжээчийн дүгнэлтүүдийг буруу, үндэслэлгүй гэсэн үнэлгээ дүгнэлт байхгүй. Шүүх зөвхөн сүүлийн шинжээчийн дүгнэлтийг үндэслэж хэргийг шийдвэрлэсэн нь үндэслэлгүй. Шүүгдэгч М.У-ын эрүүл мэндийн байдал хүнд, хэвтрийн дэглэм сахиж байгаа, элэг, цөс буюу дотор эрхтнүүд хүнд өвчилсөн, цаашид ял эдлэх боломжгүй нөхцөл байдалтай байгааг шүүх бүрэлдэхүүн харгалзан үзнэ үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ы өмгөөлөгч Ө.Оргил шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийн зүгээс анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хууль ёсны шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Учир нь, Шүүх шинжилгээний ерөнхий газрын дангаар болон бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтүүд гарсан. Амь хохирогчид учирсан гэмтлийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 09 дүгээр сарын 09-ны өдрийн 2269 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Уг гэмтэл нь тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Дээрх дүгнэлттэй холбоотойгоор шинжээч эмчээс 2022 оны 10 дугаар сарын 06-ны өдөр тайлбар мэдүүлэг авсан бөгөөд “амь хохирогчийн тархины хатуу хальсан дотор цус хуралт үүсэж, тархийг дарах дарж ухаан алдах буюу гэмтлийн шинж тэмдэг өгөх хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй хөдөлгөөн хийх боломжтой. Уг хугацаа нь хүн бүрд бие махбодын онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Талийгаач Б-гийн хувьд тархинд учирсан гэмтэл нь их байх тул богино хугацаанд буюу хэдхэн цагийн дотор шинж тэмдэг илрэх боломжтой. Амь хохирогчийн тархинд хуучин гэмтэл байхгүй, шинэ гэмтэл байсан. 1 удаа алгадах үед үүсэх боломжтой гэмтэл” гэдэг байдлаар дэлгэрэнгүй мэдүүлсэн. Мөн Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай шинжээчийн дүгнэлтэд “талийгаачийн цогцост учирсан баруун дух, зулай, чамархайн хэсгийн хатуу хальсан дотор цусан хураа, тархины битүү гэмтэл нь 1 удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой” гэж дүгнэсэн. Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаартай Гэмтэл согог судлалын мэргэжлийн салбар зөвлөл, Эрүүл мэндийн яамны дүрс оношилгооны мэргэжлийн салбар зөвлөлийн шинжээч нараас бүрдсэн бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлт гарсан. Үүнд “задлан шинжилгээний фото зураг болон хагалгааны дараах тархины компьютер томографын CD-г үзэхэд тархины баруун хагас бөмбөлөгт гүн эдийн няцралттай, тархины суурь хагас бөмбөлгийн давхар тархмал цус харвалт байсан болох нь тодорхойлогдоно. Ийм гэмтэл авсан хүн олон хоногоор ухаантай яваад байх боломжгүй. Амь хохирогчийн тархинд хуучин гэмтэл тодорхойлогдоогүй. 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 2269 дугаартай дүгнэлт үндэслэлтэй. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дугаартай дүгнэлтийн 2 дугаар хариулт үндэслэлгүй байна. Амь хохирогч Б-д учирсан тархины битүү гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч Б-гийн тархинд хуучин гэмтэл тодорхойлогдохгүй” гэсэн дүгнэлт гарсан. Хавтаст хэрэгт авагдсан шинжээчийн дүгнэлт, шинжээчээс авсан мэдүүлгүүдэд талийгаачид учирсан гэмтэл, амь насаа алдахад хүргэсэн гэмтэл, гэмтлийн цаг хугацаа, гэмтлийн хэр хэмжээ зэргийг маш тодорхой тусгасан байхаас гадна камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрч Д-гаас авсан мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О-ийн мэдүүлгүүд, яллагдагч М.У-ын мэдүүлэг зэргээс М.У-ын гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдсон гэж үзэж байгаа. Иймд шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б-ы өмгөөлөгч Г.Наранбаатар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Миний бие хэрэг шийдвэрлэх ажиллагаанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн өмгөөлөгчөөр анхан шатны шүүхийн шатнаас оролцсон. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан гэж үзэж байгаа. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдолтой холбогдуулан тайлбар гаргая. Шүүгдэгчийн өмгөөлөгч нарын зүгээс болгоомжгүй 1 удаа алгадсан асуудал дурдаж байна. Хэргийн бодит байдал, хэрэгт авагдсан үйл баримтаас харахад алгадсан биш, талийгаачийг баруун гараараа хүчтэй цохисон үйлдэл байгаа. Энэ нь хавтаст хэргийн 23 дугаар хуудсанд авагдсан камерын бичлэгээс тодорхой харагдана. Уг камерын бичлэгийг шинжлэн судлуулах хүсэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тухайн үед ямар процесс болсон гэдэг нь тус камерын бичлэгээс тодорхой харагдаж байгаа. Хоёрдугаарт, амь хохирогч шүүгдэгчийн үйлдлийн улмаас амь нас хохирсон үйл баримт хэрэгт авагдсан баримтуудаар хангалттай нотлогдсон. Өмгөөлөгч Ө.Оргил шинжээчийн 4 дүгнэлтийг тус тусад тайлбарласан. Тэгэхээр шинжээч эмч Эрдэнэболорын анхны дүгнэлт, хавтаст хэргийн 82-83 хуудсанд авагдсан түүний мэдүүлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн мэргэжлийн салбар зөвлөлийн 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан сүүлийн дүгнэлтээр 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн шинэ гэмтэл байна, ийм гэмтэл авсан хүн олон хоногоор ухаантай амьд явах боломжгүй гэж тодорхой дүгнэж, санал нэгтэйгээр гаргасан. Ганцхан шинжээч эмч Сарангэрэл гаргасан мэтээр шүүгдэгчийн өмгөөлөгч тайлбарласан. Тийм зүйл байхгүй, бүх шинжээч эмч нар танилцаж, гарын үсэг зурж, тамга дарсан дүгнэлт хэрэгт авагдсан. Нөгөөтээгүүр, шалтгаант холбоо байгаа. Өөрөөр хэлбэл, шүүгдэгчийн алгадсан цохисон үйлдлийн улмаас амь хохирогчийн амь нас хохирсон. Үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо авагдсан. Тиймээс үүнийг анхан шатны шүүхээс хууль зүйн үндэслэлтэй дүгнэсэн буюу эргэлзээтэй баримт байхгүй. Шүүх хуульд заасан эрхийнхээ хүрээнд шинжээчийн дүгнэлтүүдийн үнэн зөв үнэлж, дүгнэж хууль ёсны шийдвэр гаргасан гэж үзэж байна... Иймд хэргийн үйл баримт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн нотлох баримтуудаар тогтоогдсон тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...хэрэг шалгагдаад 3 жил гаруй хугацаа болж байна. Манай эх хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон боловч эрүүл мэндийн шалтгааны улмаас гадаад улсад эмчлүүлэхээр явсан тул би хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон. Өмнө нь давж заалдах шатны шүүх хуралдаанд манай эх “М.У- хүчтэй далайсан байж болно, буухдаа миний хүү нэг илчиж болоогүй юм уу” гэж хэлсэн байсан. Хэрэв тэр хүн илээд гарсан бол миний талийгаач дүү өмгөөлөгч С.Энхбатын дурдсанаар хуучин цусан хураа байна уу, байхгүй байна уу амьд явж байх байсан. Ийм шалтгаантай байсан бол тухайн үед эмнэлэгт үзүүлээд явах байсан байх. Гэтэл тийм байдал гаргачхаад өнөөдөр гудамжинд явж байгаа хүнийг авчирч хэрэгт холбогдуулсан мэтээр яриад байгаа нь харамсалтай байна. М.У-ын эх манай эхтэй дэлгүүрийн гадна олон тааралдсан, бид нартай ч олон тааралддаг. Санаатай ч бай, санамсаргүй ч бай ингэчихлээ уучлаарай миний хүү гэдэг юм уу, манай эхэд сүү бариад очихгүй атлаа ийм тайлбар гаргаж байгаа нь харамсалтай байна. Тиймээс хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж, талийгаач дүүгийн минь сүнсийг амар тайван байлгаж өгнө үү гэж хүсэж байна. ...” гэв.
Прокурор Ц.Сонинмөнх шүүх хуралдаанд гаргасан тайлбар, дүгнэлтдээ: “...Шүүгдэгчийн өмгөөлөгч нараас шүүгдэгч М.У- талийгаач Б-гийн зүүн хацарт 1 удаа алгадсан үйл баримтыг хэрэгт авагдсан баримтууд хоорондоо зөрүүтэй байхад шүүх үндэслэлтэй дүгнээгүй тул шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү гэсэн агуулгаар гомдол гаргасан. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр “талийгаачийн цогцост учирсан баруун дух, зулай, чамархайн хэсгийн хальсан доорх цусан хураа, тархины битүү гэмтлийн улмаас нас барсан. Тухайн гэмтэл 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ” гэсэн дүгнэлтийг гаргасан байдаг. Өмгөөлөгч С.Энхбатын 820 дугаартай шинжээчийн дүгнэлтийн 2 дахь хэсэгт “2022 оны 08 дугаар сарын 20-ны өдрөөс 21-нд шилжих шөнө үүссэн” гэсэн хугацаа заасан дүгнэлтийг 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй буюу 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт үндэслэлгүй гэж дүгнэсэн. Давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 1183 дугаар магадлалаар нарийн мэргэжлийн шинжээчийн дүгнэлт гаргуулж хэргийг эцэслэн шийдвэрлэх нь зүйтэй гэж хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж шийдвэрлэсэн. Дээрх магадлалын дагуу 295 дугаартай шинжээчийн дүгнэлтийг гаргасан. Анхан шатны шүүхийн хэлэлцүүлэгт тус шинжээчийн дүгнэлттэй холбогдуулан шинжээч эмч нараас асуусан. Прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд үндэслэл бүхий хэргийн бодит байдалд нийцсэн дүгнэлт хийж хэргийг эцэслэн шийдвэрлэсэн. Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай байна. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-д холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэхдээ хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хамтран гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянав.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих асуудлуудыг шалгаж тодруулсан, хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд хэргийг эцэслэн шийдвэрлэсэн нь үндэслэлтэй болжээ.
Хэргийн үйл баримтыг тогтооход үндэслэл болсон нотлох баримтуудыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчөөгүй байна.
Шүүгдэгч М.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнө 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “.....” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгаанаар амь хохирогч О.Б-г цохиж амь насыг нь хохироосон болох нь:
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Р.О-ийн “...би 2022 оны 08 дугаар сарын 20-ны орой 21 цагийн үед баруун 4 замын орчим хуралд оролцчихоод 21 цаг 30 минутаас цагаас 22 цагийн хооронд гэртээ ирэхэд шатан дээр манай хүү Б- тамхи татсан байдалтай миний хажуугаар зөрсөн. Тамхи татсан явж байхаар нь би юм дуугаралгүй зөрөөд гэртээ орсон. Гэртээ ороод цаг орчим болоод хаалга тогшоод гэртээ орж ирэхдээ царай нь цонхийсон цагаан болсон байдалтайгаар хоёр нүдээ бариад байхаар “миний хүү яасан бэ” гэж асуухад юм дуугараагүй. Тэгээд суусан байдалтай толгойгоо бариад хоёр хажуу тийшээ займчиж хөдлөөд байсан. Харин тэр үед манай хүүхдийн толгой, нүүр хэсэгт ямар нэгэн шарх харагдаагүй.... хүүхдэдээ аяга цай хийж өгөөд, хоёр үг солих гэтэл шууд буйдан дээр суусан байдалтай хажуу тал руугаа унаад ухаан алдсан... би өмнө өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэхэд тухайн шөнө 00 цаг 10 минутын орчим Англи улсад амьдардаг хүүхэдтэйгээ утсаар ярьж байхад хаалга тогшсон. Тэгээд би хаалгаа тайлж өгөхөд манай талийгаач хүү Б- царай нь цонхийсон байдалтай орж ирээд орон дээр суусан бөгөөд хоёр гараараа толгойгоо бариад хоёр тийшээ займчиж хөдлөөд байсан. Тэгэхээр нь би цай өгөх гэтэл орон дээрээ ухаан алдаад уначихсан. Тэгээд халбагаар амруу нь хоёр халбага цай өгсөн. Тэгээд би хүүгээ дуудахад ямар нэгэн хариу урвал үзүүлэхгүй байсан. Тэгээд ухаангүй байгаад байхаар нь би 00 цаг 30 минутын үед ..... дугаараас дуудлага өгсөн. Би өмнөх мэдүүлэгтээ цагаа буруу хэлсэн байсныг Англи улсад амьдардаг охинтойгоо утсаар ярьсан цагаа харж байж санасан...” гэсэн мэдүүлгүүд / 1 хх-ийн 37-38, 41-42 хуудас/,
Гэрч Б.Д-гийн “...2022 оны 08 дугаар сарын 22-ны өдөр байгууллагын хяналтын камер шүүхэд рестораны зааланд 3 эрэгтэй, 2 эмэгтэй нэг ширээнд цуг сууж байсан. Харин манайх хаах үед 3 хүн үлдсэн бөгөөд 2 эрэгтэй, 1 эмэгтэй байсан. Тэр хүмүүс 00:01 цагаас 05 минутын хооронд гаргаж явуулаад хаалгаа түгжсэн бөгөөд камерын бичлэгт нэг саарал цамцтай эмэгтэй нь нэг залууг толгой хэсэг рүү нь нэг удаа цохиж байгаа бичлэгийг үзсэн...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 54 хуудас/,
Камерын бичлэгт үзлэг хийсэн “...00 цаг 01 минут 22 секундийн үед хар цамцтай эрэгтэй, түүний араас цагаан өнгийн юүдэнтэй цамцтай эмэгтэй түүний араас хар хөх өнгийн цамцтай эрэгтэй гарч ирээд тухайн эхэлж гарч ирсэн эрэгтэй, эмэгтэй хоёр луу харж зогсох бөгөөд 4 секундийн дараа эмэгтэй нь хамгийн сүүлд гарч ирсэн эрэгтэйг баруун гараараа нүүр хэсэг хүү нэг удаа алгадаж буй дүрслэл, тухайн эрэгтэй толгойн зүүн талын шанаа хэсгийг гараараа барьж байв...” гэсэн мөрдөгчийн тэмдэглэл болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх-ийн 24-27 хуудас/,
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн Шүүх эмнэлгийн шинжилгээний газрын шинжээч эмч Ч.Эрдэмболорын 2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “Талийгаач О.Б-гийн цогцост тархины баруун тал бөмбөлгийн хатуу хальсан доорх цусан хураа, хоёр тал бөмбөлгийн зулай, баруун тал бөмбөлгийн суурь хэсгийн эдийн няцрал, хоёр тал бөмбөлгийн аалзан хальсан доорх цус харвалт, зүүн хөхний дээд хэсэг, зүүн гуя, өвдөг, баруун өвдөгт цус хуралт, баруун тохойд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Дээрх гэмтлүүдээс тархины битүү гэмтэл нь гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Бусад гэмтэл нь тусдаа тусдаа гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Талийгаач нь тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой...” гэсэн 2269 дугаартай дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 хх-ийн 71-76 хуудас/,
Шинжээч Ч.Эрдэмболорын “...тархины гэмтэл нь нэг удаагийн бусад гэмтэл нь тус бүр нэг удаагийн үйлдлээр үүснэ. Гавал тархинд үүссэн гэмтэл нь гэмтлийн эмнэлэгт хэвтсэн мэс засалд орсон 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдрөөс өмнө 1-2 хоногийн дотор... үүссэн байна.... тухайн гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр нэг удаагийн үйлдлээр толгойн зүүн хэсэгт хүч үйлчилснээс үүссэн байх боломжтой. Унаж, ойчсон гэх шинж тэмдэг илрээгүй... Тархины хатуу хальсны доор цус хуралт үүсэж тархийг дарж ухаан алдах хүртэл эрүүл хүн шиг байж идэвхтэй үйл хөдөлгөөн хийх боломжтой бөгөөд уг хугацаа нь хүн бүрд бие мах бодийн онцлогоос шалтгаалж өөр өөр байдаг. Талийгаач О.Б-гийн хувьд тархинд учирсан гэмтэл нь их байх тул богино хугацаанд буюу хэдхэн цагийн дотор шинж тэмдэг илрэх бүрэн боломжтой. Дээрх гэмтэл нь хүний хүчээр буюу толгойгоор мөргөх, өшиглөх, цохих үед үүсэх боломжтой. Тухайн тархины гэмтэл үүсэх үед толгойн гадна талд гэмтэл шарх үүсэхгүй байж болно...” гэсэн мэдүүлэг / 1 хх-ийн 79-80 хуудас/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Д-, Ш.Цэцэгмаа, Ц.Оюун-Эрдэнэ нарын 2024 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ 2269 дугаартай дүгнэлтийн 5-р хариултаас бусад хариулт нь үндэлэлтэй байна. 2.3.4. Талийгаач нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр ГССҮТ-д тархины мэс засалд орсон байх бөгөөд дээрх мэс засалд орохоос өмнө хийгдсэн тархины КТГ-н зураг болон зургийн хариу, давтан хийлгэсэн тархины КТГ-н CD байхгүй, ГССҮТ-н өвчний түүхэнд тэмдэглэсэн мэс заслын тэмдэглэл хангалтгүй байх тул гэмтэл үүссэн хугацаа болон дээрх гэмтэл нь хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэнийг тогтоох боломжгүй байна. ... гэсэн 462 дугаар дүгнэлт /2 хх-ийн 210-212/,
Нийслэлийн Шүүх шинжилгээний газрын Шүүх анагаах ухааны шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Ганзориг, Ш.Цэцэгмаа, Ж.Жаргалтуяа нарын 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн хэргийн материалаар хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний “...Талийгаачийн цогцост учирсан баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тахины битүү гэмтэл/ нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой.... Талийгаач нь баруун дух, зулай, чамархай хэсгийн хатуу хальсан доорх цусан хураа /тархины битүү гэмтэл/-г авсны дараа тархи цусан хураанд дарагдаж ухаан алдах хүртэлх хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Хэр хугацаанд идэвхтэй үйлдэл хөдөлгөөн хийх нь тухайн хүний биеийн онцлог, гэмтсэн судасны хэмжээ, тоо зэргээс хамаарч харилцан адилгүй байдаг” гэсэн 820 дугаартай дүгнэлт/2 хх-ийн 228-232 хуудас/,
Шүүх шинжилгээний ерөнхий газрын 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан ЕГ0525/295 дугаартай “...2022 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн “Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний 2269 дугаартай дүгнэлт” үндэслэлтэй байна. 2024 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн 820 дүгнэлтийн 2-р хариулт үндэслэлгүй байна. Амь хохирогч О.Б-д учирсан битүү гэмтэл нь 2022 оны 08 дугаар сарын 21-ний өдөр үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Амь хохирогч О.Б-д тархины хуучин гэмтэл тогтоогдсонгүй...” гэсэн дүгнэлт / 3 хх-ийн 23-32 хуудас/,
Яллагдагч М.У-ын “...2022 оны 08 дугаар сарын 20-ны өдөр гэртээ байхад манай найз А-, эхнэрийнхээ хамтаар “Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо 120 мянгатын 22 дугаар байрны 1 давхарт байдаг А- ресторан пабад байна хүрээд ир” гэхээр нь би 20 цагийн үед ганцаараа очиход ... талийгаач Б- нь авч явах гэж байсан пиццагаа таваглаад хүрч ирээд хамт суусан... 0,75 литрийн шил архи авсан... Бид нар уг архийг ууж байхад А- нэлээн муудаад эхнэртэйгээ түрүүлээд 00 цагийн үед явсан. Г-, талийгаач Б- бид гурав үлдсэн. Талийгаач Б- жаахан хашхираад чанга дуугараад байхад нь рестораны эзэн эгч нь ирээд одоо чи орж амар, манайх одоо хааж байсан гэж хэлсэн. Тэгээд Г-, Б- бид нар гэр лүүгээ орохоос өмнө ганц тамхи татчихаад салъя гээд рестораны үүдэнд гадна зогсож тамхи татаж байхад талийгаач Б- ээжийгээ хараагаад “...ээж пизда чинь намайг миний өмнө орж үхэж нүдний булай болов гэж шаадаг юм даа...” гэж ярихаар нь би “...төрүүлсэн эхийгээ яах гэж ингэж байдаг юм чиний төлөө архи дарсаа боль гэж хэлж байна шүү дээ. Чи архи уухаа болио, чи наадахаа зогсоо...” гээд энэ хооронд баруун гараараа талийгаач Б-гийн зүүн хацар хэсэгт нэг удаа алгадсан...” гэсэн мэдүүлэг/1 хх-ийн 108-109 хуудас/,
О.Б-гийн Улсын гуравдугаар төв эмнэлэгт хүргэгдэн эмнэлгийн тусламж үйлчилгээнд хамрагдсан талаарх 14241 дугаартай яаралтай тусламжийн хуудас / 3 хх-ийн 37-40 хуудас/,
Амь хохирогчийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд эмчлүүлж байсан талаарх 11802 дугаартай өвчний түүхийн хуулбар / 1 хх-ийн 117-130 хуудас/,
Амь хохирогч О.Б-гийн Гэмтэл согог судлалын үндэсний төвд 2022 оны 08 дугаар сарын 21, 22-ны өдөр хийгдсэн КТГ-н зураг болон зургийн хариу, СД /3 хх-ийн 44-47 хуудас/ зэрэг мөрдөн шалгах ажиллагаагаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.
Анхан шатны шүүхийн шийдвэрт дурдсан шүүгдэгч нь амь хохирогчийн хохирогч толгой руу цохьсон/алгадсан/ талаараа өгсөн мэдүүлгүүд, тухайн үйл явцыг тусгасан хяналтын камерын бичлэг, амь хохирогчид учирсан гэмтэл нь нас барсан шалтгаан болсон талаар тодруулсан удаа дараагийн шинжээчийн дүгнэлтүүд, шинжээчийн мэдүүлэг, гэрчийн мэдүүлэг болон хэрэгт авагдсан бусад бичгийн баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хүрэлцэхүйц байна.
Шүүгдэгч М.У- нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 08 дугаар сарын 20-ноос 21-нд шилжих шөнийн 00 цагийн үед Хан-Уул дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны өргөтгөлд байрлах “.....” рестораны үүдэнд ээжийгээ зүй бус үг, хэллэгээр хэллээ гэх шалтгаанаар амь хохирогч О.Б-г цохиж амь насыг нь хөнөөсөн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүнийг алах” гэмт хэргийн шинжийг хангасан талаар хийсэн анхан шатны шүүхийн дүгнэлт хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэсэн гэж үзнэ.
Шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нар “...шинжээчийн дүгнэлтүүд нь хоорондоо зөрүүтэй... гэмт хэрэг үйлдсэн болох эргэлзээгүй байдлаар тогтоогдоогүй...шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалд нийцээгүй тул анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдлыг хамтран гаргажээ.
Эрүүгийн хэрэгт цугларсан бүхий л нотлох баримтыг тал бүрээс нь бүрэн бодитой, нягт нямбай шалгаж, эрх тэгш талуудын мэтгэлцээн, шүүхийн хэлэлцүүлгийн үр дүнгээр тогтоогдсон хэргийн үйл баримт, түүнд шууд болон шууд бус ач холбогдолтой бүхий л нотлох баримтын эх сурвалж, хүрэлцээт байдлыг хангалттай нэг бүрчлэн шалгаж, тэдгээрт дүн шинжилгээ хийсэн боловч шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг тогтоох үйл баримтад тодорхой бус нөхцөл байдал гарсны улмаас шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн эсэхэд эргэлзэхүйц буюу шүүгчид бүрэн дүүрэн итгэл төрөхгүй бол үндэслэл бүхий эргэлзээ үүслээ гэж шүүх үзэн “шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх” зарчмыг баримтална.
Тодруулбал, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдал, түүнд шууд болон шууд бусаар ач холбогдолтой, хамааралтай, мөн хуулийн 16.1 дүгээр зүйлийн 2, 3 дахь хэсэгт тус тус заасан нотлох баримтын эх сурвалж болсон баримтат мэдээллийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн эсэх, хүрэлцээт байдлыг хангасан эсэхийг нэг бүрчлэн шалгаж тогтоосны эцэст шүүгдэгчийн үйлдлийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр болон гэмт хэргийг хэзээ, хаана, яаж үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг тогтоон тодорхойлоход эргэлзээ үүсвэл “...шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх...” зарчмыг баримтлан хэргийг шийдвэрлэх үндэслэл бүрдэнэ.
Амь хохирогчийн үхлийн шалтгаан болсон гэмтэл нь гэмт хэрэг гарсан цаг хугацаанд бий болсон талаар тусгасан 5 шинжээчийн бүрэлдэхүүнтэй гаргасан ЕГ0525/295 дугаартай дүгнэлт нь урьд нь гарсан шинжээчийн дүгнэлтүүдийг илүү нарийвчлан тодорхойлсон тул шинжээчийн дүгнэлтүүдээс шалтгаалсан эргэлзээ үүссэн гэж үзэхгүй.
Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч М.У- нь амь хохирогчийг 1 удаа цохиж санаатай алсан үйл баримтыг тогтоож, гэм буруутайд тооцсон анхан шатны шүүхийн дүгнэлтэд ноцтой нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гомдол хууль зүйн үндэслэлгүй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Анхан шатны шүүх шүүгдэгчийн гэм буруу, хувийн байдал, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын болон учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэсэн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцжээ.
Иймд дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээсэн, эсхүл өөрчилсөн тохиолдолд ял шийтгүүлсэн этгээдэд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээний хугацааг ял эдлэх хугацаанд оруулж тооцно” гэж зааснаар шүүгдэгч М.У-ын шийтгэх тогтоол уншиж танилцуулснаас хойш цагдан хоригдсон 84 хоногийг ял эдлэх хугацаанд нь оруулан тооцов.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрийн 2025/ШЦТ/2138 дугаар шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч М.У-ын өмгөөлөгч С.Энхбат, Б.Соёл-Эрдэнэ нарын хамтран гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.У-ын 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдрөөс 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдрийг хүртэл нийт 84 /наян дөрөв/ хоног цагдан хоригдсоныг түүний хорих ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.АЛТАНТУЯА
ШҮҮГЧ Б.АРИУНХИШИГ
ШҮҮГЧ Г.МӨНХТУЛГА