| Шүүх | Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Содномдаржаагийн Батжаргал |
| Хэргийн индекс | 186/2018/0635/э |
| Дугаар | 670 |
| Огноо | 2018-09-17 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.Агар |
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2018 оны 09 сарын 17 өдөр
Дугаар 670
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Батжаргал даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бүрэнжаргал, улсын яллагч Д.Агар, шүүгдэгч В.Бнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нийслэлийн Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ванчинсүрэнгийн Батсүхэд холбогдох эрүүгийн “1705013600688” дугаартай, 186/2018/0635/э индекстэй хэргийг 2018 оны 08 дугаар сарын сарын 31-ний өдөр хүлээн авч, 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1974 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянхонгор аймагт төрсөн, 44 настай, эмэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, “Амжилтын гүүр сургалтын” төвд багш ажилтай, ам бүл 4, ээж, дүү, хүүгийн хамт Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хороо, Толгойтын 71-02 тоотод оршин суух бүртгэлтэй, Боржигон овогт Ванчинсүрэнгийн Батсүх /РД:ВГ74051722/,
Холбогдсон хэргийн талаар;
В.Бнь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн А.Байгалмаад Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг: Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс мэдүүлсэн мэдүүлэг:
1.1. Шүүгдэгч В.Бшүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:...мөрдөн байцаалтын шатанд мэдүүлгээ үнэн зөвөөр өгсөн, надад нэмж мэдүүлэх зүйл байхгүй, хийсэн хэрэгтээ гэмшиж байна гэв.
Хоёр: Шүүгдэгч мэдүүлэг өгсний дараа талууд шүүх хуралдаанаар хавтаст хэргийн материалаас дараах бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлав.
2.1. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Байгалмаагийн:..2017 оны 7 сард Батсүх гэх эмэгтэйтэй Баянзүрх захын дэргэдэх худалдааны академд Япон хэлний ангид анх танилцсан. Бид хоёр нас ойролцоо, дамжаандаа явахад зүг нэгтэй учир нийлж нөхөрлөдөг байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэнэт надруу утасдаад уулзахаар тохиролцож Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44-43 тоотод байрлах манай гэрт ирж уулзацгаасан. Тухайн үедээ надад хөдөөгүүр Солонгос улсын багш нарт хөтөч орчуулагч хийж байгаад ирлээ, өөрсдөө жуулчдын бааз нээвэл зүгээр юм байна гэх зэрэг яриа өрнүүлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 18-нд надруу би Солонгос явах материал бүрдүүлж өгч байна, нөгөө хүмүүс нь Солонгос авч явъя чи материалаа өгчих гэсэн, чи Солонгос явахаар болвол надад материалаа яаралтай бүрдүүлж өгөөд 5 сая төгрөг бэлнээр бэлдэж бай гэх утгатай мессеж бичсэн байсан. Тухайн /үедээ манай нөхөр талийгаач/-ийн зүрх муу байсан учир эмчилгээний зарим нэг зүйлсийг худалдан авах, эмчилгээнд оруулах мөнгө хэрэгтэй байсан тиймээс бид хоёр ярилцаад би Солонгос явахаар болж 5 сая төгрөг, Солонгосын элчинд шаардагддаг бүх материалыг бүрдүүлээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улсын их дэлгүүрийн зүүн талд өгч байсан. Тэр үед Батсүх нь бүх мөнгө төгрөг, материалуудыг бүртгэж тоолж аваад явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараагаас надтай холбоо барихаа больсон бөгөөд мессежээр л хааяа харицдаг байсан. Үүнээс хойш нэг сарын дараа утасны дугаар, фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх 40-42/,
Гурав: Хавтаст хэрэгт цуглуулж, бэхжүүлэн шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан шүүгдэгчийн хувийн байдлын талаар болон бусад нотлох баримтууд:
3.1. Хавтас хэргээс гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-34/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-16/, шүүгдэгч, хохирогч хоёрын хоорондоо бичсэн мессеж /хх 19-24/, хохирогчийн мэдүүлэг /хх 40-42/, шүүгдэгчийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-52/, иргэний үнэмлэхний лавлагаа /хх-60/, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-61/, хохирогч А.Байгалмаа мөрдөн шалгах ажиллгааны явцад хохирлоо барагдуулсан тул нэхэмжлэх зүйлгүй, санал гомдолгүй гэж бичгээр бичсэн хүсэлт /хх-66/ зэрэг баримт бичгийг шинжлэн судлалаа.
Дээрхи хуульд заасан журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл: Энэ хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны явцад хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн, хэрэг хянан шийдвэрлэх явцад талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудад тулгуурлан дараах үйл баримтыг тогтоов.
Шүүгдэгч В.Бнь 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Чингэлтэй дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Улсын их дэлгүүрийн орчим иргэн А.Байгальмаад Солонгос улсын виз гаргаж өгнө хэмээн хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож 5.000.000 төгрөгийг залилсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч А.Байгалмаагийн:.... 2017 оны 7 сард Батсүх гэх эмэгтэйтэй Баянзүрх захын дэргэдэх худалдааны академд Япон хэлний ангид анх танилцсан. Бид хоёр нас ойролцоо, дамжаандаа явахад зүг нэгтэй учир нийлж нөхөрлөдөг байсан. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдөр гэнэт надруу утасдаад уулзахаар тохиролцож Баянгол дүүргийн 18 дугаар хороо 44 дүгээр байрны 43 тоотод байрлах манай гэрт ирж уулзацгаасан. Тухайн үедээ надад хөдөөгүүр Солонгос улсын багш нарт хөтөч орчуулагч хийж байгаад ирлээ, өөрсдөө жуулчдын бааз нээвэл зүгээр юм байна гэх зэрэг яриа өрнүүлсэн. Тэгээд 2017 оны 10 дугаар сарын 18-нд надруу “би Солонгос явах материал бүрдүүлж өгч байна, нөгөө хүмүүс нь Солонгос авч явъя чи материалаа өгчих гэсэн, чи Солонгос явахаар болвол надад материалаа яаралтай бүрдүүлж өгөөд 5 сая төгрөг бэлнээр бэлдэж бай” гэх утгатай мессеж бичсэн байсан. Тухайн /үедээ манай нөхөр талийгаач/-ийн зүрх муу байсан учир эмчилгээний зарим нэг зүйлсийг худалдан авах, эмчилгээнд оруулах мөнгө хэрэгтэй байсан тиймээс бид хоёр ярилцаад би Солонгос явахаар болж 5 сая төгрөг, Солонгосын элчинд шаардагддаг бүх материалыг бүрдүүлээд 2018 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улсын их дэлгүүрийн зүүн талд өгч байсан. Тэр үед Батсүх нь бүх мөнгө төгрөг, материалуудыг бүртгэж тоолж аваад явсан. Түүнээс хойш 2 хоногийн дараагаас надтай холбоо барихаа больсон бөгөөд мессежээр л хааяа харицдаг байсан. Үүнээс хойш нэг сарын дараа утасны дугаар, фэйсбүүк хаягийг блок хийсэн байсан гэх мэдүүлэг. /хх 40-42/, хохирогч А.Байгалмаа 5.000.000 /таван сая/ төгрөгний хохирлоо бүрэн барагдуулсан тул шүүгдэгчээс нэхэмжлэх зүйлгүй санал гомдолгүй гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад бичгээр өгсөн хүсэлт /хх-66/, шүүгдэгч В.Батсүх, хохирогч А.Байгалмаа нарын хооронд бичсэн мессэжүүд зэрэг хавтаст хэрэгт цуглуулж бэхжүүлэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд хангалттай, хэргийн бүрдэл хангагдсан, шүүгдэгчийн үйлдэлд Чингэлтэй дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч В.Батсүхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмуудыг баримтлан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүх шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял оногдуулахдаа үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хор уршиг болон хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялын нэг нэгжийг мөн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэг мянган төгрөгтэй тэнцүү байхаар тооцлоо.
Шүүх шүүгдэгчийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломж, мөн шүүгчдэгчийн шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэг зэргийг харгалзан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурьдаж шийдвэрлэв.
Шүүхээс шүүгдэгч В.Батсүхийг өмгөөлүүлэх эрхээр нь хангасан боловч өмгөөлөгч аваагүй, шүүх хуралдаанд өөрөө өөрийгөө өмгөөлж оролцох хүсэлтээ бичгээр гаргаж өгсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 1-д заасан заавал өмгөөлөгчтэй оролцох хуулийн заалтанд хамаарахгүй тул түүний хүсэлтийг хүлээн авч өмгөөлөгч оролцуулалгүй шийдвэрлэсэн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1, 38.1 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овогт Ванчинсүрэнгийн Батсүхийг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож бусдын эд хөрөнгийг залилсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч В.Батсүхийг 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч В.Батсүхэд оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч В.Бнь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг сануулсугай.
5. Шүүгдэгч В.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримт ирүүлээгүй, эд хөрөнгө битүүмжлээгүй, бусад төлөх хохиролгүй болохыг тус тус дурдсугай.
6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч В.Батсүхэд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гардан авснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.БАТЖАРГАЛ