Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2025 оны 12 сарын 02 өдөр

Дугаар 2025/ДШМ/1353

 

2025          12             02                                                                             2025/ДШМ/1353

 

Э.А-, Б.Г- нарт холбогдох

эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Мөнхтулга даргалж, шүүгч С.Болортуяа, шүүгч Н.Баасанбат нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

прокурор М.Бамбадорж,

цагаатгагдсан этгээд Э.А-гийн өмгөөлөгч Д.Цолмон,

шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Хишигтөмөр нарыг оролцуулан,

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2080 дугаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч прокурор М.Бамбадоржийн бичсэн эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлоор Э.А-, Б.Г- нарт холбогдох эрүүгийн 2206 05024 1183 дугаар хэргийг 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Н.Баасанбатын илтгэснээр хянан хэлэлцэв.

1. Х- овогт Э-ын А-, .........., /РД:....../.

2. А- адуу овогт Б-гийн Г-, ........., /РД:......./.

 Шүүгдэгч Э.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанаас өөрийн эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа тус газарт ажиллаж байсан Х.С-тай маргалдан эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн өдөр шүүгдэгч Б.Г- нь Э.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Баянзүрх дүүргийн прокурорын газар: Э.А-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт, Б.Г-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх: Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.А- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05024 1183 дугаартай хэргээс шүүгдэгч Х- овогт Э-ын А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.А-г цагаатгаж, шүүгдэгч А- адуу овогт Б-гийн Г-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах" гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Г-д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, шүүгдэгч Б.Г- нь торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд биелүүлэх ба биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 1 ширхэг CD-г хэрэгт хавсаргаж, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, Э.А-, Б.Г- нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.9 дүгээр зүйлийн 2.4 дэх заалтад зааснаар Э.А- нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас өөрт учирсан хохирлоо нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргах эрхтэй болохыг дурдаж, хохирогч Э.А- нь гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаарх нотлох баримтаа хуульд заасны дагуу бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар гэм буруутай этгээдээс жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж,  Э.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг энэ өдрөөс эхлэн хүчингүй болгож тус тус шийдвэрлэжээ.

Прокурор Б.Бамбадорж бичсэн эсэргүүцэл болон тус шүүх хуралдаанд гаргасан хууль зүйн дүгнэлтдээ: “...Баянзүрх дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор би, эрүүгийн 2206050241183 дугаартай, Э.А-, Б.Г- нарт холбогдох хэрэгт 2025 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр 319 дугаартай яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2080 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А-г цагаатгаж, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэнд гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэх тогтоол гаргасан байна. Шүүхийн шийтгэх тогтоолд шүүгдэгч Э.А-г гэмт хэрэг үйлдсэн болохыг нотолсон, хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтыг хэрхэн дүгнэсэнээ дурьдалгүй, шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.А-г цагаатгаж шийдвэрлэжээ. Шийтгэх тогтоолыг 2025 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр хүлээн авч танилцаад, шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй, эрүүгийн хуулийн буруу хэрэглэж шийдвэр гаргасан байх тул дараах үндэслэлээр эс зөвшөөрч байна. Үүнд: Хэрэгт цугларсан: Хохирогч Х.С-ийн “... Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хороонд байрлах журмын хашаанд оператор хийж байхад 12 цагийн орчимд .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай журмын хашаанд буруу байршуулснаас болж ачуулан хүргэгдэн ирж уг тээврийн хэрэгслийн жолооч нь машинаа авахаар ирж, манай хашаанаас өөрийн машинаа төлбөр тооцоо хийлгүй шууд машинаа асаан, хөдөлж, хаалган дээр ирээд хүчээр хашааны хаалга онгойлгож, “Би мөнгө өгөхгүй” гэж машиндаа суух үед нь би машиных нь урд зогсоод “Төлбөрөө төл” гэхэд машинаа хөдөлгөж, миний баруун хөлийн өвдөг, шилбэ орчимд гэмтээсэн. Тэгээд би босож ирээд цагдаад 102 дугаарт дуудлага өгсөн..." гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал); Гэрч Б.Г-гийн "...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны журмын хашаанд орж ирээд үүдний жижүүр эмэгтэйг хэл амаар доромжилж машинаа хашаанаас аваад гарах хаалган дээр очих үед жижүүр эмэгтэй гарч ирээд хаалгаа хааж, зогсоод “Ачилтын төлбөр төл” гэж хэлэхэд нь "Би төлбөрөө төлөхгүй, машинаа авна, наад хаалгаа онгойлго" гэж хэлээд тэр эмэгтэйг түлхэж, хашааны хаалга онгойлгож гарах гэхэд би “Хөөе, чи яагаад байгаа юм, эмэгтэй хүн дээрэлхээд байх юм” гэж цаанаас тэр залуу руу алхаж очтол нөгөө залуу машиндаа суухад нь эмэгтэй урдуур нь хааж зогсож байтал машинаараа өвдөгний ойролцоо мөргөж унагаахад нь би гүйж очоод машиных нь хаалгыг онгойлгосон..." гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал); Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО525/432 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр: "...Х.С-ийн биед тухайн үед арын болон урд чагтан холбоосны суналт, 2 өвдөгний зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.” гэсэн дүгнэлт (хоёрдугаар хавтаст хэргийн 173-178 дугаар тал); болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э-ын А- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанаас өөрийн эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа тус газарт оператораар ажиллаж байсан Х.С-тай тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөхгүй гэж маргалдан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэж, хохирогч Х.С-ийг хашааны урд зогсож байхад нь хашааны хаалгаар гарахаар .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө түүний өвдгийг мөргөсний улмаас баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, няцрал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг “эрхэлж байгаа ажилтай нь холбогдуулан” санаатайгаар учруулсан гэмт хэрэг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон байдаг. Гэтэл шүүхийн тогтоолд хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий сиди зэрэг нотлох баримтад авагдсан гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг яагаад нотлох баримт гэж үзээгүй талаараа хууль зүйн дүгнэлт хийгээгүй, хэргийн бодит байдлыг ямар баримтаар үгүйсгэж, гэмт хэрэг биш гэж үгүйсгэж байгаа талаараа дурьдаагүй, харин хэргийн бодит байдалтай нийцэхгүй гэмт хэрэг гарахаас өөр газар байршил, болсон цаг хугацаанд нөхцөл байдлыг "...шүүгчдэгч Э.А-гийн үйлдэл нь өөртөө туслах үйлдэл байна...” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэг “Гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал”-д байхгүй, Иргэний хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийг удирдлага болгож дүгнэлт хийж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.А-г цагаатгаж, шийдвэрлэсэн байгаа нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Х.С-ийг тээврийн хэрэгслээр мөргөж, санаатайгаар гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь шүүгдэгч Э.А-гийн хувьд өөртөө туслах үйлдэл болж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцэхгүй, эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн илт хууль бус үндэслэлгүй шийдвэр байна. Иймд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2080 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дұгаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 1,3 дахь заалтад тус тус заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив...”,

“...Шүүгдэгч Э.А- “төлбөр төлөхгүй” гэж хэлээд машин гаргах үйлдэл хийхдээ мөргөхөд хохирогч газар унасан. Шүүгдэгч Э.А- тээврийн хэрэгслээс гарч ирээд буцаж суух гэхэд шүүгдэгч Г.Г- хойноос нь гүйж ирээд цохих үйлдэл үзүүлдэг. Дээрх үйлдэл Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал биш учраас цагаатгах үндэслэл байхгүй...” гэв.

 

Шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэг давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2080 дугаар шийтгэх тогтоолоор шүүгдэгч Э.А-г цагаатгаж, шүүгдэгч Б.Г-г Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсаныг, шүүгдэгч Э.А-г хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шүүхийн хэлэлцүүлэгт хэлцэгдсэн хохирогч, гэрчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, бичлэг бүхий зэрэг нотлох баримтаар Э.А- бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдсоор байхад шүүгдэгч Э.А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.А-г цагаатгаж шийдвэрлэснийг мөн эс зөвшөөрч, шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангаагүй, шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцээгүй шүүгч шүүх хурлаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн үндэслэл, шийдвэрийн үндэслэл болсон баримтын талаар үндэслэлээ шийтгэх тогтоолдоо огт тусгаагүй тул хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү. Нэг. Шүүгдэгч Б.Г-гийн тухайд, хохирогч Х.С-ийн ...Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд байрлах журмын хашаанд оператор хийж байхад 12 цагийн орчимд .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай журмын хашаанд буруу байршуулснаас болж ачуулан хүргэгдэн ирж уг тээврийн хэрэгслийн жолооч нь машинаа авахаар ирж, манай хашаанаас өөрийн машинаа төлбөр тооцоо хийлгүй шууд машинаа асаан, хөдөлж, хаалган дээр ирээд хүчээр хашааны хаалга онгойлгож, “Би мөнгө өгөхгүй" гэж машиндаа суух үед нь би машиных нь урд зогсоод “Төлбөрөө төл" гэхэд машинаа хөдөлгөж, миний баруун хөлийн өвдөг, шилбэ орчимд гэмтээсэн, тэгээд би босож ирээд цагдаад 102 дугаарт дуудлага өгсөн... гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 10 дугаар тал); Гэрч Б.Г-гийн "... Би 2022 оны 09 дугээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны журмын хашаанд орж ирээд үүдний жижүүр эмэгтэйг хэл амаар доромжилж машинаа хашаанаас аваад гарах хаалган дээр очих үед жижүүр эмэгтэй гарч ирээд хаалгаа хааж, зогсоод "Ачилтын төлбөр төл” гэж хэлэхэд нь "Би төлбөрөө төлөхгүй, машинаа авна, наад хаалгаа онгойлго" гэж хэлээд тэр эмэгтэйг түлхэж, хашааны хаалга онгойлгож гарах гэхэд би "Хөөе чи яагаад байгаа юм, эмэгтэй хүн дээрэлхээд байх юм" гэж цаанаас тэр залуу руу алхаж очтол нөгөө залуу машиндаа суухад нь эмэгтэй урдуур нь хааж зогсож байтал машинаараа өвдөгний ойролцоо мөргөж унагаахад нь би гүйж очоод машиных нь хаалгыг онгойлгосон..." гэх мэдүүлэг (нэгдүгээр хавтаст хэргийн 11 дүгээр тал); Шүүх шинжилгээний еренхий газрын 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЕГ0525/432 дугаартай бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр: "...Х.С-ийн биед тухайн үед арын болон урд чагтан холбоосны суналт, 2 өвдөгний зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо." гэсэн дүгнэлт (хоёрдугаар хавтаст хэргийн 173-178 дугаар тал); болон бусад бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Э.А- нь 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанаас өөрийн эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа тус газарт оператораар ажиллаж байсан Х.С-тай тээврийн хэрэгслийн төлбөрийг төлөхгүй гэж маргалдан, хохирогч Х.С-ийг хашааны урд зогсож байхад нь хашааны хаалгаар гарахаар .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг хөдөлгөхдөө түүний өвдгийг мөргөсний улмаас баруун өвдөгний гадна жийргэвч мөгөөрсний арын эврийн урагдал, няцрал, өвдөгний үений зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг "эрхэлж байгаа ажилтай нь холбогдуулан" санаатайгаар учруулсан нь үйлдэл тогтоогдсон байдаг. Э.А- машинаа асаагаад Х.С-ийг мөргөх үед уг үйлдлийн таслан зогсоохоор Б.Г-гийн гүйж очин машины хаалга онгойлгох үед Э.А-гийн биед учирсан гэмтэл нь машин цааш хөдөлсөн нөхцөлд хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байхад хийсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 4.2 дах хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэснийг үндэслэн шийтгэх тогтоолд Б.Г-г цагаатгаж өөрчлөлт оруулж өгнө үү. Хоёр. Э.А-гийн үйлдлийн тухайд шүүхийн тогтоолд Э.А- санаатайгаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай үйлдлийг хянан хэлэлцэж байхад хэрэгт хамааралгүй хавтас хэргийн хүрээнд шалгагдаагүй асуудлаар шүүгчдэгч Э.А-гийн үйлдэл нь өөртөө туслах үйлдэл байна..." гэж дүгнэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар "нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй" үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Шүүх хэргийг шийдвэрлэхдээ хавтас хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэгдсэн эсэхэд хууль зүйн дүгнэлтийг нотлох баримтыг үнэлж дүгнэж шийдвэрээ гаргах байсан. Э.А-г цагаатгаж, шийдвэрлэсэн байгаа нь гэмт хэргийн улмаас хохирсон хохирогч Х.С-ийг тээврийн хэрэгслээр мөргөж, санаатайгаар гэмтэл учруулсан гэмт үйлдэл нь шүүгдэгч Э.А-гийн хувьд өөртөө туслах үйлдэл болж байгаа нь хэргийн бодит байдалтай нийцээгүй, харин ч олон нийтийн газар танхайрч төлбөрөө төлөхгүй хэмээн хэрүүл маргаан өдөөн байгууллагын хэвийн үйл ажиллагаа алдагдуулсан, ажил үүргээ гүйцэтгэж байгаа ажилтны биед хөнгөн гэмтэл учруулсан зохих журмын дагуу бүрдүүлсэн нотлох баримтууд байхад цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасангүй...”,

“...Э.А- тээврийн хэрэгслээ асаагаад С-ийг мөргөх үед уг үйлдлийг таслан зогсоохоор Б.Г- гүйж очин машины хаалга онгойлгох үед А-гийн биед учирсан гэмтэл нь машин цааш хөдөлсөн нөхцөлд хүний амь насанд аюултай нөхцөл байдал үүссэн байх үед хийсэн үйлдэл бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт “Өөрийн, эсхүл бусдын амь нас, эрүүл мэндийн эсрэг хууль бус ба тулгарсан довтолгооны эсрэг хийсэн гэмт хэргийн шинжтэй үйлдлийг гэмт хэрэгт тооцохгүй”, 4.2 дахь хэсэгт “Аливаа хүн мэргэжил, тусгай бэлтгэл, албан ажлын байдал, аюултай довтолгооноос зайлсхийх, бусдаас тусламж авахаар хандах боломжтой байсан эсэхээс үл хамааран аргагүй хамгаалалт хийх эрхтэй” гэснийг үндэслэн шийтгэх тогтоолд Б.Г-г цагаатгаж өөрчлөлт оруулж өгнө үү...” гэв.

Цагаатгагдсан этгээд Э.А-гийн өмгөөлөгч Д.Цолмон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокуророос “шүүхийн шийтгэх тогтоол хэргийн бодит байдалтай нийцээгүй, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны үндэслэл бүхий гараагүй” талаар прокурорын эсэргүүцэл, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгээс “Б.Г-гийн үйлдэл гэмт хэргийн шинжгүй, аргагүй хамгаалалт тул цагаатгаж өгнө үү” гэх тайлбарыг тус тус хийж байна. Шүүгдэгч Б.Г- хохирогч Э.А-гийн биед хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь хэрэгт авагдсан хяналтын камерын бичлэг болон бусад нотлох баримтаар тогтоогдсон. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гомдол хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна. Хэрэгт авагдаагүй баримт буюу гэрчээр өгсөн мэдүүлгийг үндэслэж гомдол гаргасан хууль зүйн үндэслэлгүй байна. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны гарсан учир шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү...” гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын эсэргүүцэл болон шүүгдэгч Б.Г-, түүний өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгээс гаргасан давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг хянаж үзлээ.

Прокуророос Э.А-г 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанаас өөрийн эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа тус газарт ажиллаж байсан Х.С-тай маргалдан эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

Б.Г-г 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанд Э.А-тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан түүний эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан хэмээн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцээд, Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Б.Г-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Э.А- нарт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2206 05024 1183 дугаартай хэргээс шүүгдэгч Х- овогт Э-ын А-д холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.9 дэх заалтад зааснаар “нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй” үндэслэлээр хэргийг хэрэгсэхгүй болгож, Э.А-г цагаатгаж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр хууль ёсны ба үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Хавтас хэрэгт Шүүх шинжилгээний ерөнхий газрын бүрэлдэхүүнтэй шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн ЕГО525/432 дугаар: "...Х.С-ийн биед тухайн үед арын болон урд чагтан холбоосны суналт, 2 өвдөгний зулгаралт, баруун өвдөгний зөөлөн эдийн няцрал гэмтэл учирсан байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /2 хх 173-178/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн “02:00 минутын бичлэгийг тоглуулахад хашаанаас жижиг тээврийн хэрэгсэл гарах гэж байх үед нэг эрэгтэй гүйж очих ба машинаас нэг залуу бууж харилцан түлх эн маргасан байдалтай зогссон бичлэг байлаа. Ямар  нэгэн дуу бичигдээгүй, дүрс байлаа. ...02.07 секунтын бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд хоёр эрэгтэй маргалдаж байгаад саарал хувцастай эрэгтэй машиндаа суух үед хойноос нь машин ачсан машинаас нэг залуу бууж ирээд машинд суусан байсан саарал хувцастай залууг татаж буулгах үед дахин нэг залуу ирж харж зогсож байлаа. ...01:36 секутад машинаасаа саарал хувцастай залуу бууж ирээд хар хувцастай залууг түлхэж утсаар ярьсан байдалтай зогссон байснаар бичлэг дуусав...” гэсэн тэмдэглэл /1 хх 80/,

Хохирогч Х.С-ийн “... Би 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хороонд байрлах журмын хашаанд оператор хийж байх үед 12 цагийн орчимд .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгсэл манай журмын хашаанд буруу байршуулснаас болж ачуулан хүргэгдэн ирж уг тээврийн хэрэгслийн жолооч нь машинаа авахаар ирж, манай хашаанаас өөрийн машины төлбөр тооцоо хийлгүй шууд машинаа асаан хөдөлж, хаалган дээр ирээд хүчээр хашааны хаалга онгойлгож, “би мөнгө өгөхгүй” гээд машиндаа суух үед нь би машиных нь урд зогсоод “төлбөрөө төл” гэж хэлэхэд машинаа хөдөлгөж, миний баруун хөлийн өвдөг, шилбэ орчимд гэмтээсэн. Тэгээд би босож ирээд цагдаагийн 102 дугаарт дуудлага өгсөн..." /1 хх 10/,  

Гэрч Я.М-н “...би машиныг гаргахгүй гэхэд намайг мөргөөд унагаачихлаа гэхээр нь машин руу очиход захирлын дүү Г- нь машины зүүн талын хаалгыг онгойлгочихсон жолооч залууг буулгах гээд чадахгүй байхаар нь бид хоёр жолооч залуугийн гадуур хувцаснаас татаж машинаас буулгасан...” гэх мэдүүлгүүд /1 хх 97/ тус тус нотлох баримтууд авагджээ.

Э.А-гийн 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 08 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах тээврийн хэрэгсэл түр саатуулах журмын хашаанаас өөрийн эзэмшлийн .... УБЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг авахдаа тус газарт ажиллаж байсан Х.С-ийн эрүүл мэндэд нь хөнгөн хохирлыг санаатай учруулсан үйлдлийг анхан шатны шүүхээс хэрэгт нэмэлт нотлох баримтыг цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй, түүний үйлдэл нь өөртөө туслах үйлдэл гэж дүгнэн ач холбогдолтой нотлох баримтыг үнэлэхдээ үгүйсгэсэн үндэслэлийг тайлбарлаагүй нь хэргийн бодит байдалтай нийцээгүй байна.

 

Нэмэлт нотлох баримт цуглуулах бүхий л ажиллагааг хийсэн боловч гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдоогүй буюу “...шүүгдэгчид ... ашигтайгаар шийдвэрлэх ...” зорилгоор шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн ерөнхий ангийн 1.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан зохицуулалтын хүрээнд хэрэглэх учиртай.

Хэрэгт авагдсан баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч Э.А- нь хохирогчтой тухайн цаг хугацаанд үүссэн буюу “машин ачсан” үйл ажиллагаанаас үүдэлтэй маргаанаас шалтгаалан .... УБЛ улсын дугаартай автомашинаараа мөргөн шинжээчийн дүгнэлтэд дурдагдсан гэмтлийг учруулсан үйл баримтыг үндэслэлтэй үгүйсгээгүй байна.

Анхан шатны шүүх гэмт хэрэг үйлдсэн болох нь тогтоогдоогүй, “өөртөө туслах” үйлдэл хийсэн гэж 2 өөр агуулгатай дүгнэлт хийж түүнд холбогдох үйлдлийг хэрэгсэхгүй болгосон нь хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлын талаар хуульчилсан бөгөөд анхан шатны шүүхийн дүгнэлтэд дурдагдсан “өөртөө туслах” гэх ойлголт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн Дөрөвдүгээр бүлэгт тодорхойлсон гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдлуудад хамаарахгүй байгааг дурдах нь зүйтэй.

Тодруулбал, шүүхээс дүгнэлт хийхдээ хэргийн бодит байдалтай нийцээгүй, шүүх хэргийн үйл баримт, нөхцөл байдал болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хооронд нь харьцуулан судлахдаа нотлох баримтын агуулга, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримтыг хэрхэн үгүйсгэж байгаа талаар дүгнэлт хийгээгүй болно.

Дээрх нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад “... дүгнэлтэд онцгой ач холбогдол бүхий нотлох баримт харилцан зөрүүтэй байхад аль нэгийг нь авахдаа бусдыг нь үгүйсгэсэн тухай үндэслэлийг заагаагүй бол…” гэж, 1.4 дэх заалтад “...дүгнэлт нь шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэх, ял оногдуулахад нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болох ноцтой зөрүүтэй байвал...” гэж тус тус заасан шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох үндэслэлд хамаарна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд заасан Э.А-гийн үйлдлийн дүгнэлт нь хэргийн бодит байдалтай нийцээгүй гэж үзэхээр байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Прокурорын эсэргүүцлийг бүхэлд нь, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлын “Э.А-г цагаатгасан хэсэг нь үндэслэлгүй” гэх агуулга бүхий хэсгийг хүлээн авч хангаж шийдвэрлэв.

Өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдлын “Б.Г-д холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 4 дүгээр бүлэгт заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгах” агуулга бүхий хэсгийг хэлэлцэхгүй орхисон болно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Прокурорын бичсэн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 41 дүгээр эсэргүүцэл, өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн давж заалдах гомдолын зарим хэсгийг хүлээн авч, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 09 дүгээр сарын 03-ны өдрийн 2025/ШЦТ/2080 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.Г-гийн өмгөөлөгч Ж.Эрдэнэбилэгийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хэлэлцэхгүй орхисугай.

2. Шүүгдэгч Э.А-, Б.Г- нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

ДАРГА-Ч, ШҮҮГЧ                                        Г.МӨНХТУЛГА

 

ШҮҮГЧ                                                                       С.БОЛОРТУЯА

ШҮҮГЧ                                                                       Н.БААСАНБАТ