Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00801

 

 

 

 

2020 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 210/МА2020/00801

 

 

                            “С Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй

                                                    иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Э.Золзаяа, А.Мөнхзул нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00318 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч “С Ф ББСБ” ХХК-ийн хариуцагч Н.Бд холбогдуулан гаргасан зээлийн гэрээний үүрэгт 25 0001 723.02 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлоор шүүгч А.Мөнхзулын илтгэснээр хянан хэлэлцэв.

 

            Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага болон тайлбарт: Н.Бтай 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр 17110017 тоот зээлийн, 17110017-01 тоот барьцааны гэрээг тус тус байгуулж 12 000 000 төгрөгийг сарын 4.0 хувийн хүүтэй, нэг сарын хугацаатай, барилгын материал авах зориулалтаар зээлдүүлсэн. Н.Б нь зээлийг эргэн төлөлтийн графикийн дагуу төлөлгүй, гэрээний үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрсэн. Иймд үндсэн зээл 12 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10 823 253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 161 969.60 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг,  нийт 25 001 723.02 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгө болох ...улсын бүртгэлийн дугаартай авто зогсоолын зориулалттай үл хөдлөх хөрөнгөөр хангуулж өгнө үү гэжээ.

            Хариуцагчийн тайлбарт: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д зааснаар банк, эрх бүхий хуулийн этгээд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн үйл ажиллагаа явуулсан тохиолдолд хүү, нэмэгдүүлсэн хүүг шаардах эрхтэй байдаг. С Ф ББСБ ХХК нь нэхэмжлэлдээ хуульд заасан үндэслэл журмын дагуу зээлийн үйл ажиллагаа явуулсан мэтээр бичсэнийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлд заавал тусгах зүйлийн талаар хуульчилсан, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлтэй байх талаар заасан. Гэтэл нэхэмжлэгчийн нэхэмжлэл нь үндэслэл хэсгийг тодорхойлон гаргаагүй байна. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-т заасан зарчим алдагдаж, хэтэрсэн хугацааны хүүгийн төлбөрийг шаардаагүй, 3 жил шүүхэд хандаагүй зээлдэгчийн эрх ашгийг хохироож байгаа тул хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү төлөх үндэслэлгүй гэжээ

Шүүх: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Н.Бгаас зээлийн гэрээний үүрэгт 25 001 723.02 төгрөг гаргуулж нэхэмжлэгч “С Ф ББСБ” ХХК-д олгож, Иргэний хуулийн 174 дүгээр зүйлийн 174.1, 175 дугаар зүйлийн 175.1 дэх хэсэгт зааснаар хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн ... дугаар гэрчилгээтэй, ............... 104 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай эд хөрөнгө, Үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн .......... дугаар гэрчилгээтэй, .............. 103 тоот хаягт байршилтай, 8.53 м.кв талбайтай, Авто зогсоолын зориулалттай үл хөдлөх эд хөрөнгөөр үүргийн үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэгч “С Ф ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 353 151.61 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Н.Бгаас 353 151.61 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч “С Ф ББСБ” ХХК-д олгож, хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт зөвшөөрчээ.

            Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Түвшингийн давж заалдах журмаар гаргасан гомдолд:  Шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрөхгүй. Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй. Иргэний хуульд заасан зохицуулалтыг зохих журмын дагуу хэрэглээгүй, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхолыг хохироосон шийдвэр гаргасан. Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээг бичгээр байгуулж, 12 000 000 төгрөгийг нэг сарын 4 хувийн хүүтэйгээр, сарын хугацаатай зээлдэн авахаар тохиролцсон. Иргэний хуульд зааснаар үүрэг хугацаандаа гүйцэтгээгүй бол үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг шаардах эсхүл нэмэлт хугацаа тогтооно. Зээлийн гэрээний уүргийн гүйцэтгэлийг гүйцэтгэвэл зохих хугацаа 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдөр дуусгавар болсон. Гэтэл нэхэмжлэгч нь өөртөө эдийн засгийн хувьд давуу байдал олж авах зорилгоор гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаагүй (хүү, нэмэгдүүлсэн хүүг нэмж авахын нэмж авах зорилгоор шаардаагүй) байдаг. Нэхэмжлэгч хариуцагчтай харилцан тохиролцож нэмэлт хугацаа тогтоогоогүй, зөрчигдсөн эрхээ хамгаалуулахаар шүүхэд хандах байсан. Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.3-т иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ, иргэний эрх зүйн харилцаанд оролцогч эрх, үүргээ хэрэгжүүлэхдээ бусдад гэм хор учруулсан, зах зээлийн харилцааны чөлөөт байдлыг үндэслэлгүйгээр хязгаарласан, хууль ёсны давуу байдлаа хууль бусаар ашигласан үйл ажиллагаа явуулж болохгүй бөгөөд хэрэв зөрчвөл хууль тогтоомжид заасан хариуцлага хүлээнэ гэж заасан. Гэтэл шүүх нэхэмлэгчийн өөртөө илүүтэй ашиг авах зорилгоор хийсэн эс үйлдэхүйд үнэлэлт дүгнэлт өгөөгүйг хүлээн зөвшөөрөхгүй байна. Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гэрээний үүргийн гүйцэтгэлийг шаардаж байсан гэх тайлбарыг гаргадаг боловч бодит байдалд нэхэмжлэгч талаас гэрээний үүргийн шаардаж байгаагүй. Хэрэв шаардаж байсан бол хуульд заасны дагуу нотлох баримтаар нотлох үүрэгтэй. Гэтэл анхан шагны шүүх нь энэ талаар үндэслэлгүй тайлбар хийснийг хүлээн зөвшөөрөхгүй. Гэрээний үүргийн гүйцэтгэлд хариуцагчаас 520 000 төгрөг төлсөн талаар зохигчид маргаагүй. Үндсэн зээл, зээлийн хүү 12 480 000 төгрөгөөс 520 000 төгрөг төлөгдсөн. Иймд шүүхийн шийдвэрт 11 960 000 төгрөг төлөх өөрчлөлтийг оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан тул хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч “С Ф ББСБ” ХХК-ийн зээл 12 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүү 10 823 253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 2 161 969.60 төгрөг, нотариатын зардал 16 500 төгрөг, нийт 25 001 723.02 төгрөг гаргуулах, барьцаа хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэлийн шаардлагаас хариуцагч Н.Б үндсэн зээлийн төлбөрийг зөвшөөрч, бусад хэсгийг эс зөвшөөрч маргажээ.

Зохигчид 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, уг гэрээгээр хариуцагч нь бизнесийн зориулалтаар 12 000 000 төгрөгийг 1 сарын хугацаатай сарын 4 хувийн хүүтэй зээлдэн авч, үүргийн гүйцэтгэлд ................... 103, 104 тоот хаягт байршилтай тус бүр нь 8.53 м.кв талбай бүхий автозогсоолыг барьцаалан, зээлдэгчийн Хаан банкны ........... тоот дансанд гэрээний зүйлийг шилжүүлэн өгсөн байна. /хх8, 12-18/

Талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 156 дугаар зүйлийн 156.1, 156.2, 211 дүгээр зүйлийн 211.1, Банк эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.4 дэх хэсэгтэй нийцжээ.

Хариуцагч нь гэрээний хугацаанд буюу 2017 оны 11 дүгээр сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрийг хүртэл үндсэн зээл 12 000 000 төгрөг, зээлийн хүү 480 000 төгрөг, нийт 12 480 000 төгрөг төлөх үүрэгтэй боловч зээлийн гэрээний хугацаанд болон хугацаа дууссанаас хойш зээлийн хүүд 507 375.34  төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 12 624.66 төгрөг, нийт 520 000 төгрөг төлж, гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь тогтоогдсон тул нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах эрхтэй болно. /хх9/

Зохигчид зээлийн гэрээний 2.1.4, 5.1.1, 7.1-д зээл олголт эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөгдөөгүй нөхцөлд нэмэгдүүлсэн хүү, хэтэрсэн хугацааны хүү төлөхөөр тохиролцсон байна. Иймд үүргийн зөрчил үүссэн 2017 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс хэтэрсэн хугацааны хүү, нэмэгдүүлсэн хүү Иргэний хуулийн 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт зааснаар төлөх үүрэгтэй тул энэ талаар гаргасан хариуцагчийн гомдлыг хангахгүй орхив.

Шүүх зээлийн болон барьцааны гэрээний хүчин төгөлдөр байдал, зээлийн эргэн төлөлтийн талаар хэрэгт авагдсан баримтын хүрээнд үндэслэл бүхий дүгнэлт хийж, үндсэн зээл 12 000 000 төгрөг, хэтэрсэн хугацааны хүүд 10 823 253.42 төгрөг, нэмэгдүүлсэн хүүд 2 161 969.60 төгрөг, шүүхийн зардалд 16 500 төгрөг, нийт 25 001 723.02 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй бол үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулахаар шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасантай нийцсэн байна.

 

Дээрх үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 182/ШШ2020/00318 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 223 160 төгрөгийг улсын орлогод үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд магадлалыг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

                                                  

                 ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ

 

                                             ШҮҮГЧИД                             Э.ЗОЛЗАЯА

 

                                                                                           А.МӨНХЗУЛ